“Таван цагариг”-аас спортын сэтгүүлчид торнисоор...

2014 оны 08 сарын 26


Нэг. Түүх өгүүлэх  цөөн баримт
Монголын Үндэсний олимпийн хороо, “Ардын эрх” сонины хамтарсан хэвлэл “Таван цагариг” сонины анхны дугаарыг олны хүртээл болсны дараахан “Таван цагариг” дагуулах нь гарчигтай бэсрэгхэн бичвэр тэрлэн “Ардын эрх” сонины 1995 оны тавдугаар сарын 6-ны №89-д нийтлүүлснээс үүдэн хэдэн баримт өгүүлье.
Шинэ сонин гарахаас бараг хагас жилийн өмнө намайг Гэсэр сүмийн үүдээр алхаж явтал машины дохишо дугараад нэгэн тэрэг зогсов. Балдорж,
-За суучих. Эрүүл мэндээ бэхжүүлээд алхаж явна уу?
-Архи амсахаа больсон гэл үү, манайд очно оо гээд асуултаар булж эхлэв. Тэргэнд суусныхаа дараа мэндийн хариу хэлж зарим асуултын сэдвээр хэлцсээр гэрт нь очиж билээ.
Уулзалгүй харьцангуй  удсанаа дурсаж, Шүр бид гурав буу халах зуур бас ажил хэрэгч яриа өрнүүлээд эхлэв.
-Би спортын сонин гаргамаар байна. Та голловол чадах уу, бие чинь гайгүй л болсон байна шүү дээ гээд тулгалаа шүү. Ахын нь бие хуучинтайгаа адилгүй. Шинэ ажлыг чинь унагаавал муухай. Танай сонинд спортын дөртэй залуучууд зөндөө байгаа байлгүй. Би идэвхтэй бичигч нь болъёо гэж үнэнээ хэлэхэд минь нгад руу том харснаа. “Ажлыг минь дэмжихгүй байх шив дээ. Олимпийн наадмыг сурвалжилж явсны хувьд Монгол улс спортын сонингүй болчихоод байхад нүдэн балай чихэн дүлий суултай биш. Спортын сонин гаргана аа. Танд хэллээ шүү” гэсээр албан яриа өндөрлөсөн санагдана.
Тэгсхийгээд шинэ он гарсан. Нэг мэдсэн хавар болжээ. 1995 оны дөрөвдүгээр сарын 22-нд “Таван цагариг” нэртэй шинэ сонины анхны дугаар гараад ирлээ.  Ерөнхий эрхлэгч Ц.Балдорж, Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Батбаатар гэхчлэн анхны дугаарыг бүтээлцсэн хүмүүсийн нэр одоо ч хуучин сонины хуудсанд дурайж бий.
Шинэ сонин гарсан даруйд сэтгэгдлээ бичих нэг биш учиг надад байсан юм.
Спортын нийтлэл унших шинэ сонин гарсанд баярласан. Бас Балдоржийн саналыг хүлээн авч чадаагүй ч санаа нь ажил хэрэг болсонд хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлэх үүднээс өөрийн ажиллаж байсан “Үнэн” –дээ биш, шинэ сониныг санаачлагчийн том сонинд санал бодлоо нийтлүүлсэн түүхтэй.
Аливаа зүйлийг он цаг бүдгэрүүлж, мартуулдаг ч “Таван цагариг” сониныг санаачлан гаргагч нь Цэрэндоржийн Балдорж гэдгийг энэ дэвтрийн эхэнд өөрийн мэдэх баримтаар эхлээд тодотголоо. Өөрт ч баримт бий л дээ.
“Өнөөдөр” сонины 10 жилийн ойг тэмдэглэх үеэр эрхлэгч минь надад хэд хэдэн үүрэг өгсөн юмдаг. Сониныхоо ойн үеэр өнгөрсөн 10 жилийн түүх, нийтлэлийн гол гол чиглэлийг илэрхийлэх танилцуулга хэлбэрийн жижиг ном бэлтгээч, яг танилцуулга хэлбэрээр биш шүү гэж билээ. Арван оны сонины дугаар эргүүлж эрхлэгчийн тушаал шийдвэрийн заримыг харж үзсээр “Өнөөдөр” гарчигтай 10 жилийн түүхэн товъёог зэхээд өгсөн чинь хэд хоногийн дараа дуудлаа.
-Болчихож. Чуяа хэдэн хувь хэвлүүлэх вэ. Хорин жилийн ой хүртэл хүмүүст гарын авлага болж таарах биз гэлээ. Ингэж 1000 хувь, зургаан хэвлэлийн хуудас “Өнөөдөр” гарсан юмдаа, 2006 онд.
Тэр товъёог зөвхөн “Өнөөдөр” сонины үүх түүхийг багтаахыг зориогүй “Таван цагариг”, “The UB post”, “Ням гариг” сонины түүхэн баримтыг ч оруулж хэвлүүлсэн. “Таван цагариг” гэсэн хэсгийг тухайн үед өгүүлж буй сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан сэтгүүлч Б.Цагаанбаатарын бэлтгэж өгснөөр хэвлэлд оруулсан.  Хариуцлагатай нарийн бичгийн даргын бэлтгэсэн эхээс хэдэн мөрийг энд сийрүүлье.
“Сард хоёр дугаар гарах, 70 төгрөгийн үнэтэй, “Таван цагариг” сонины анхны дугаар 1995 оны дөрөвдүгээр саоын 22-нд уншигчдын гар дээр очжээ. Тэр үед сонины минь улирлын захиалгын үнэ 300 төгрөг байлаа.
Анхны дугаарт Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч, МҮОХ-ны Ерөнхийлөгч Ш.Отгонбилэг, МСБХ-ны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарын ярилцлага, гурван зуун килограмм жинтэй Э.Ярброуг ялсан Б.Бат-Эрдэнэ аварга, 2002 оны өвлийн олимпийн наадамд нэр дэвшсэн хотууд зэрэг материал нийтэлжээ.
Анхны дугаарыг эх барьсан хүмүүст Ерөнхий эрхлэгч Ц.Балдорж, Сонины зөвлөл С.Жамц (МҮОХ-ны дэд ерөнхийлөгч), Ж.Отгонцагаан (МҮОХ-ны пресс атташе), Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Батбаатар, сурвалжлагч Ш.Батмөнх, Ж.Баяржаргал, Д.Дашмөнх, Н.Сэсээр, Б.Энхбат, С.Энхжаргал, зураач С.Толя, макетчин Н.Батдэлгэр” гэхчлэн үргэлжлүүлсэн бий.
“Таван цагариг” сонины 15 жилийн ойг тэмдэглэх үеэр “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч бөгөөд “Таван цагариг” сонины ерөнхий эрхлэгч С.Батбаатар
 “Хаан асар, аав ууландаа сүслэх үг” дурсамж тэмдэглэлдээ “...1995 оны гуравдугаар сарын 20-доор тухайн үеийн “Ардын эрх”-ийн Ерөнхий эрхлэгч Ц.Балдорж намайг өрөөндөө дуудав.
Би “Ардын эрх”-д Орон нутгийн сурвалжлагч олон нийтийн мэдээллийн алба хэмээх айхтар урт нэртэй албаны дарга байлаа.
Ямар хэрэг хийчихсэн юм бол гэж бодоод жаахан хулгасаар ортол “Наашаа суу” гээд нэлээд найртай байна аа.
-Чи чинь спорт энэ тэр гээд баахан юм яриад байдаг бил үү. Сонин гаргана даа хө
-Ямар сонин бэ эрхлэгч ээ? Спортын сонин юм уу?
-Тийм ээ. Олимпийн хорооны Отгонцагаан та хоёр найз биз дээ? Та хоёроор энэ сонинг гаргуулахаар Отгонбилэг бид хоёр тохирсон
-Ямар нэртэй байх вэ?
-Таван цагариг...гэхчлэн 15 настай сонины үүсэл хөгжил, хамт ажиллагсдын тухай гэгээн сайхан дурсамжийг 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Таван цагариг”-т хэвлүүлжээ.
Өгүүлж буй гурван баримт “Таван цагариг” сониныг санаачлан гаргагчийг үеийн үед тодорхойлох нь эргэлзээгүй.
Хоёр. “ТЦ”-аас торнисон олон сэтгүүлч
Ирэх жилийн өдийд “Таван цагариг” сонины, сониныхны 20 жилийн ойн баяр тохионо. Нарийндаа өгүүлэн буй сонины 20 дахь жилийн түүх эхэлж байна. Хүмүүний амьдралын хэмнэлээр ч, сонины түүхийн баримтаар ч эргэцүүлэн бодвол бүтэн хоёр арван гэдэг багахан хугацаа биш ээ. Өнгөрсөн жилүүдэд “ТЦ” сонин олон хүнийг сэтгүүлч болгожээ. Болгожээ гэдэг үгийг сонгохдоо энэ сонин дандаа түүхий хүүхдүүдийг хүлээн авч сэтгүүлч болгосон гэдэг өрөөсгөл санааг агуулсангүй ээ.
Тухайлбал анхны дугаарыг гаргасан Ц.Балдорж, С.Батбаатар, Ж.Отгонцагаан, Ш.Батмөнх, Жамсрангийн Баяржаргал, Н.Сэсээр, Д.Дашмөнх, Б.Энхбат, С.Энхжаргал нарын олонх нь хэзээний сэтгүүлч болсон, цөөн хэд нь бичих дөрөө олсон  байж. Шинэ сонин бий болсон нь сэтгүүлч нарт, тэгэх тусмаа спортын “булчирхай”-тай залууст шинэ айл үүд хаалгаа нээсэнтэй адил сайхан боломж. “ТЦ” уншигч нартайгаа танил болоод төдийлөн удаагүй байтал спортынхны андахгүй Чойндонгийн Сүхбаатар сэтгэлийн дуудлагаараа шинэ хамт олны өнөр бүлд ирж нийлсэн юмдаг. “ТЦ” мэндлээд 100 хонож байхад Ц.Энхтүвшин хэмээх  хөөрхөн хүү шинэ айлд орж ирэнгүүт 1995 оны наймдугаар сарын отгон дугаараас сурвалжлагч болсноо зарлуулсан санагдана.      Хавар анхны дугаараа гаргасан “ТЦ” зун нь Ч.Сүхбаатар, намар Ц.Энхтүвшин, А.Баасандорж, Н.Пагма гурваар өвөл М.Сугар-Эрдэнээр (XI сар) бүлээ сэлбэн шинэчлээд лут сонин болох төрхөө жил хүрэхгүй хугацаанд олоод авсан билээ.
Шинэ айл 1995 оны төгсгөлөөр нийтийн жишгээр шилдгүүдээ тодруулан С.Энхжаргал, Ц.Энхтүвшин хоёрт шагнал гардуулснаа зарласан.
За тэгээд 1996 оны эхнээс “ТЦ” Монголын спортын салбарын гол хэвлэл болсныг спортын хүрээнийхэн төдийгүй, уншигч нар хүлээн зөвшөөрсөн цаг тоолол эхэлсэн дээ. Түүний хамгийн тод  илэрхийлэл нь “Атланта-1996” олимпийн наадмыг сурвалжлахаар нэг настай сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Батбаатар, сонины зөвлөлийн гишүүн  Ж.Отгонцагаан, сурвалжлагч Ц.Энхтүвшин хоёртойгоо цуг ниссэнээр нотлогдоно. Тийм баг ажлаа яаж муу гүйцэтгэх билээ. Ул мөр нь сонины хуудаснаа одоо ч бий. Олимпийн наадмын онд буюу 1996 оны сонины №26 дугаараас эхлэн Бямбаагийн Цагаанбаатар гэдэг залуухан сэтгүүлч “ТЦ”-т сурвалжлагчаар ажилд орж байсныг энд тэмдэглээд торнигчдын зах зухаас өгүүлье.
“ТЦ” сонины түүхэн хориод жилд энд урт богино хугацаагаар ажилласан бүх хүний тухай бичвэл цаг, цаас талийна. Ер нь сэтгүүлчдийг, нарийвчилбал спортын сэтгүүлчдийг өсөж торнин олны танил болоход “ТЦ” өлзийгөө хайрласаар өдий хүрлээ. Анхны дугаар гаргагчдаас Ш.Батмөнх “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж байлаа. Жам.Баяржаргал уран бүтээлээрээ өсөж, “Болор цомын эзэн” болсон хийгээд энэ өдрүүдэд зохиолчдын сонинг толгойлон ажиллаж, “ТЦ”-аа мартаагүй яваа.
Анхдагчийн араас залгасан Ц.Энхтүвшин сониноо сонин шиг байлгахад биеэрээ ч үлгэрлэж, “шинэчүүлийг”  зөөлөн, хатуу аргаар сургасаар олон жил сайн ажилласан. Сайн гэдгээ цөөн баримтаар илэрхийлье. 1995 оноос эхлээд шилдэг бичлэгийн оны шагналыг нэг биш удаа авч байснаа сониныхоо хариуцлагатай нарийн бичгийн дарга болсноос хойш шагнал авах биш өгөх эзэн болж хувирсан. Эр хүний замын хүзүү урт гэгчээр тэр сүүлийн жилүүдэд алс хол америк тивд аж төрж суугаа ч “ТЦ” сонинтойгоо байнгын холбоотой байж, мэдээ сурвалжлагаа илгээсээр байгаа жудагтай, үлгэр дууриалалтай эр хүн дээ. Хамгийн шинэ баримт нь АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо өндөрлөсөн чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээний сурвалжлагыг “ТЦ” сонины 2014.03.20-ны дугаарт нийтлүүлээд байна. Нийтлүүлэх яах вэ. Бичсэн арга, хэлбэр, санал бодол нь аргагүй л эрийн цээнд хүртэл торнисон, спортын сэтгүүлч гэдгээ харуулжээ.  Эл ялдамд бичихэд спортын сэтгүүлч болох санаатай оюутнууд, залуу сэтгүүлчид Энхтүвшингийн бичлэг, ер нь “ТЦ”-ийг уншиж байгаасай.
Уул нь М.Сугар-Эрдэнэ нэртэй ч Сүмо-Эрдэнэ болтлоо “ТЦ”-аас торнисон бас нэг эрхэм байна. М.Сугар-Эрдэнэ Монголдоо сууна уу, Японд байна уу, “ТЦ”-т байна уу, “Өнөөдөр”-т ажиллана уу, аль эсвэл унацтайхан бизнест хүчээ сорьж явна уу ялгаагүй ээ. Зүрх сэтгэлд нь сүмо, сүмочдын сонин сайхныг “ТЦ” сониныхоо уншигч нарт хүргэх үүргээ өөрөө сонгож, тасралтгүй үргэлжлүүлсээр яваа үнэнч уран бүтээлч.  Уран бүтээлчийг түүний 2012 онд хэвлүүлсэн “Сүмод шингэсэн монгол хөлс” ном батлах нь мэдээж. М.Сугар-Эрдэнэ номынхоо эхний нүүрт “Монгол хөвгүүд сүмог донсолгосоны 20 жилийн ойд зориулав” гэж тодоос тод хэвлүүлсэн бий.  Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас “Таван цагариг”-т, эндээсээ Токиогийн гадаад судлалын их сургуульд, зэрэгцүүлээд “ТЦ” сонины Токио дахь сурвалжлагч, Улаанбаатартаа хуучин ажлаа сольж, “Өнөөдөр” сонины тоймч, “Эм И Ар” ХХК-ийн цахим сэтгүүлийн албат гэхчилэн торнин, томорсоор аж төрөхдөө оюутын ширээнээс тосож авсан сониноо, спортоо, сүмогоо эрхэмлэн гүйж яваад нь баярлаж, бахархаж явдаг олон хүний нэг нь үүнийг тэрлэж сууна.
Бурханы орноос түүнд Ц.Балдрж, А.Баасандорж,  Ч.Сүхбаатар... гээд үзэг нэгтнүүд талархдагийг үгүйсгэх аргагүй.
Бямбаагийн ЦАГААНБААТАРЫН нэрийг дээр зөвхөн дурдаад өнгөрсөн минь учиртай. “ТЦ” сонины халуун бүлд торнин тодорсон сэтгүүлч ээ тэр. Үеийнхэндээ ЦАБА хэмээн хүндлэгдэж яваа эл эрхэм “Өнөөдөр” сонин, “ТЦ” сонин, МҮОХ-ны нөмөр нөөлөг, өөрийн хэрсүү ухаан, авьяас чадвар, хичээнгүй хөдөлмөр зүтгэлээр олны танил болж амжжээ. Түүнийг спортын сэтгүүлч гэхээсээ спортын зүтгэлтэн гэх нь оновчтой болж ч магадгүй, хойшид. ЦАБА дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэг биш удаа, бас олимпийн их наадам сурвалжилж явсны дээр   Монгол Улсдаа Триатлоны спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлст зүтгэсээр хөл дээр нь босгоод авав. “ТЦ” сонины сурвалжлагчаас хариуцлагатай нарийн бичгийн дарга хүртэл ажилласан Б.Цагаанбаатарыг Монголын спортын сэтгүүлчид холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар хэсэг ажиллуулаад өнгөрсөн онд ахин дэвшүүлж дэд ерөнхийлөгч болгосон байна лээ. Спортын сэтгүүлчдийн зовлон жаргалыг хамгийн сайн мэдэхийн хувьд манай холбооноос гаргасан, гаргах шийдвэрт түүний санал, санаачлага жин дарах болсон нь бахархал юм даа.
Анхдагчдын нэг Ж.Баяржаргалыг шилжсний дараахан бас нэг Ж.Баяржаргал “ТЦ”-т алба хашихаар ирсэн. Жалсрайн БАЯРЖАРГАЛ МУИС-ийг мөн л спортын сэтгүүлч мэргэжлээр төгсөөд хөдөлмөрийн гараагаа дуртай ажлаараа эхэлсэн хүүхэд. Түүний бичсэн хөлбөмбөг, хоккей, бөхийн мэдээ нь амттай. Азийн хүүхдийн наадам, АНУ-ын Солт-Лейк-ийн цагаан олимпийн наадмын бичлэг нь хөөрхөн. Тэр юм үзэж нүд тайлахаар АНУ-д хэсэг аж төрөөд сониноо санан санасаар эргэж ирсэн. Орос, англи хэлтэй бараг бүх спортыг гадарладаг Баяраа хүүг спортын хэвлэл мэдээлэл эрхэлдэг олон сонин, телевиз, сайтууд оролдсоор байрнаас нь хөдөлгөсөн. Хүн хэрэгтэй газраа байх нь зөв байлгүй. Тэр хаана ч явсан спортоос, “ТЦ”-аас холдох нэгэн биш гэдгээ харуулж бичсээр яваа ухаантай, шударга “гар”.
Жал.Баяржаргал нэгэн дурсамжиндаа “ТЦ” сонины дунд үеийнхэн нь Н.Энхбаяр, Р.Манлай, Э.Харцага, Б.Өлзийтогтох, Г.Эрдэнэтуяа гэж бичсэн бий. Тэгвэл өөрөө аль үеийнх вэ гээд нөхөд нь шордоход,
-Ах нь аль 1998 онд энд ирсэн хэмээн шинэ зууны эхээр нөгөөдүүлдээ бяцхан томорхон дуулдсан. За, аль наргиа, доргиог бичих билээ. Н.ЭНХБАЯР гэдэг өндөр хүү хэл иргэншлийн дээд сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгслөө гээд 1999 онд “ТЦ”-т бүл нэмж байлаа. Тэр залуу сониндоо харьцангуй цөөн жил ажиллаад шилжсэн ч чамлалтгүй их юм хийсэн санагдана. Алдарт сагсан бөмбөгч Аллен Айверсоны “Хэнээс ч бүү ай” ном үүний нэг гэрч. Сонины газраар хааяа очиход түүний сураг гардаг л юм. Тэр бас сэтгүүлчийн хувьд торнисон өлгий “ТЦ”-таа, спортдоо ч элэгтэй. 
Р.МАНЛАЙГИЙН тухай 2012 онд “Өнөөдөр” сонинд (№132) дэлгэрэнгүй бичсэн тул тэдгээрийг давтаад яах вэ. Тэр “Өнөөдөр”, “ТЦ”-ийн нөөлгөөр Солонгост хэсэг хугацаанд аж төрж үзсэн, олимпийн өвөл зуны наадам сурвалжилсан, гэр орон, гэргийгээ хүртэл “Өнөөдөр”-т эргэлдэж байхдаа олж авсан. Дэлхийд данстай даамчин, Монголд нэртэй сэтгүүлч ээ. Түүнийг тал бүрийн нийтлэл эрхэлдэг шинэ сонин “Жанжин штаб”-ынхаа даргаар дэвшүүлээд аваад явчихжээ, саяхан. Даамны хөлөг дээр хэдэн арван нүүдлийг, урьдчилаад алдалгүй тоолдог Р.Манлай энэ нүүдлээ ч нарийвчлан тооцоолсон нь эргэлзээгүй.
Жалсрайн Баяржаргалын мөн нэгэнтээ тодорхойлсноор “ТЦ” сонины бацаан үеийнхэнд нэрлүүлсэн Ж.Батмөнх, Г.Баярсайхан, А.Түмэнбаяр гурав гэхэд л хэзээний туршлагажаад олимпийн наадам сурвалжилж олны танил болцгоолоо. “ТЦ”-аас спортын сэтгүүлчид торнисоор байгаагийн бэлээхэн баримт энэчлэн хөвөрнө. Нэгэн сонины хүүхдүүд төдийгүй нэг айлын багачууд өсөж торниод өрх өсгөн, сум сунгаад явдгийн адил “ТЦ”-т торнигчид энд тэндээс уригдан залагдаж, улам л алдар нэр, албан тушаал нь ахисаар байгааг жам ёсны нүүдэл суудал гэвэл зохилтой биз дээ.
Эдгээр мөрийг тэрлэх агшинд “ТЦ” сонины голомтыг манан суугаа С.Батбаатар, Д.Тунгалаг, Б.Өлзийтогтох, Э.Харцага, Г.Эрдэнэтуяа хэд хуучин шинийг холбож, сониныхоо 20 дахь жилийн нийтлэлийг жолоодон тэрлүүлэх танил атлаа амаргүй ачааг үүрэлцэх нь.
С.Батбаатар эрхлэгчийн хувьд “ТЦ” сонины амьд түүх. Шилдэг сэтгүүлч, тонгорог шиг редактор. Сэтгүүлчийн хувьд шилэгдэн, нийслэлийн захиргаа, бас Монгол Улсын Засгийн газрын нэг биш тэргүүнтэй гар, ганзага нийлэн ажиллаж яваад боломж гарангуут “Өнөөдөр”, “ТЦ”-таа ирж дадсан нэгэн. Миний мунхаглан бодоход тэр сонины жинхэнэ хүн. Бичнэ, найруулан засна, бодно, төлөвлөнө, гүйцэтгэнэ, зохион байгуулна. Өөр яах ёстой билээ, тэр бүхнийг андахгүй амжуулна.
Д.Тунгалаг “ТЦ” сонинд тасралтгүй 20 дахь жилдээ зүтгэж яваа цорын ганц төлөөлөл. Компьютерийн операторч мэргэжлээрээ голлон ажилладаг ч тэр заримдаа  ажлын шаардлага, цагийн байдлаас болоод сэтгүүлч, редактор, өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч,  цөөн удаа цагдаа ч болж үзсэн толгой. Сонирхолтой нь бүр 2006 онд хамт олны хурлаас түүнийг “Алтан гадас” одонгоор шагнуулах тодорхойлолт гаргаж байсныг бид мэдэх ч үр дүн дуулдаагүй өдий хүрсэн нь гайхмаар.
Б.Өлзийтогтох сургуулиа төгсөөд “ТЦ” ирж байлаа. Түүнийг спортын өнөр бүлийнхэн андахгүй болжээ. Спортын нэг биш төрлөөр маш сайн бичиж дадсан даа. Дадсан гэдгийг сонинд дөрөвхөн жил ажиллаад хэвлүүлсэн түүний “Олимп өртөөлсөн он жилүүд” ном нь тодотгоно. Тэр бас дахиад ном бичсээн. “Олимп сурвалжилсан минь”  ном туурвих хүсэл нь мөдхөн биелэх биз ээ.  Сониноо бичлэгээр дүүргэдэг төлөөллөөс түүвэрлэн өгүүллээ. Харин сониноо гэрэл зургаар хангадаг төлөөллөөс одоогоор асаатай танк шиг  Э.Харцага, Г.Эрдэнэтуяа нь байж байхад фотогийн талаар “ТЦ” гал алдах вий гэж хэн бодох билээ. Тэд хоёр сандарвал Ц.Батбаатар, С.Энхжаргал нараасаа эхлээд түргэн авахуулж тусламж хүсэх учигтай найдвартай ар талтай уран бүтээлчид. Түргэн тусламж аль ч сониныхонд дэм болдог. Сонинд ажиллагчид түүний өгөөж хишгийг мэддэг учраас нүүрээ цагаан гаргасан тохиол гараагүй.
“ТЦ” сонины өнөр бүлээс тодрон тодрон алдаршсаар яваа Жүгдэрийн Отгонцагааны талаар энд цөөн мөр хавчуулъя. Зүй нь түүний тухай жичид дэлгэрэнгүй бичих түүхий эд бэлээхэн байгаа л даа. Ж.Отгонцагаан Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулсан анхдагчийн нэг нь. Бас өгүүлэн буй “ТЦ” сонины ууган дугаарыг гаргасан багийн гишүүн. Спортын жирийн сэтгүүлчээс МҮОХ-ны пресс атташе, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон эл эрхэм дэлхийд ч нэр төртэй яваа нь сайхан.
“Сочи-2014” өвлийн олимпийн үеэр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос өвлийн олимпийг зургаагаас дээш удаа  сурвалжилсан хэдхэн ховор хүнд хүндэтгэл илэрхийлэхэд Монголын ОТО багтсан нь содон мэдээ байлаа. Ж.Отгонцагаан буюу ОТО “Миллехаммер-1994”, “Нагано-1998”, “Солт-Лейк-2002”, “Турин-2006”, “Ванкувер-2010”, “Сочи-2014” гээд өвлийн олимпиуд сурвалжлаад байна. Зуны их наадмын томилолтыг нь нэмбэл аль хэдий арван хэдэн олимпийн  сурвалжлагч. Түүний гадаадын уралдаан тэмцээн, хурал чуулганд явсныг тоочих гэвэл урт тайлан болно. Эх орондоо ажиллах үеэрээ “Өнөөдөр”, “ТЦ”-ийнхантайгаа уулзаж заримд нь урам, нэгд зэм, нөгөөд нь санаа өгөөд байдгаас спортын сэтгүүлч торниход тэр чамлалтгүй түшигтэй нөлөөтэй халамжлан хүмүүжүүлэгч ээ.
“ТЦ” сонины 20 дахь жилийн нийтлэлүүд үргэлжилж эхэллээ. Хол ойроос хууччуул дурсамж, тэмдэглэлээ, содон шинэ мэдээтэй тасралтгүй илгээх цаг туллаа. Тэтгэвэрийн өвөө хүртэл тэсч чадалгүй сэтгэлийн хөөрлөөр үүнийг тэрлэв.
                            Р.ЧУЛУУН   
Нэг. Түүх өгүүлэх цөөн баримт

Хоёр. “ТЦ”-аас торнисон олон сэтгүүлч
Ирэх жилийн өдийд “Таван цагариг” сонины, сониныхны 20 жилийн ойн баяр тохионо. Нарийндаа өгүүлэн буй сонины 20 жилийн түүх эхэлж байна. Хүмүүний амьдралын хэмнэлээр ч сонины түүхийн баримтаар ч эргэцүүлэн бодвол бүтэн хоёр арван гэдэг багахан хугацаа бишээ.
Өнгөрсөн жилүүдэд 



 <script src='//my.visme.co/visme.js'></script><div class='visme_d' data-url='naadam-e81e84' data-w='800' data-h='460'></div>

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Р.Чулуун

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сэтгүүлч