Аав минь ээ

2016 оны 03 сарын 17

Р.ЧУЛУУН


 

ТООНОТ ДЭЭРХ СУРГААЛ

Цаст богд Ихэс нуурыг нэгэн цэгээс харж болдог намаржаа миний тоонот. Харгана түрүүний эхний сайхан хөдөөд эцэг минь хэдэн жил ч намаржсаныг хэн мэдэх билээ. Лавтайяа XVI жарны цагаагчин могой жилийн намар намайг эхээс унахад тэнд байсныг тодотгох баримт цөөнгүй. Гомбожавын Рагчаагийнд ууган охиных нь дараа хүү гарсан нь айл гэрийн баяр болжээ.

Бидний отгон дүүгийн даахийг 1951 оны намар Харгана түрүүний эхэнд авч байснаас хойш тэнд олон намаржсан юм даг, манайх. Үл мартагдах дурсамж гэвэл цагаан бөгстэй бор лонхон доторх, ээжийн гурван усаар авсан архинаас эцгээрээ аягалуулан, хахаж цацан балгасан өдөр.

Бага сургуульд арван нэгтэйдээ орсон болоод хорь дөхсөн насандаа Тонхилын дунд сургуулийн долдугаар ангийг дүүргээд Архангай аймгийн багшийн сургуульд хуваарилагдан сурахаар Хүрээгээс аавтайгаа хөдөлж, замдаа төрсөн буурин дээрээ тэгж эцгийн гараас архи уусан минь олон жилийн өмнөх явдал юм даа.

Түүнээс хойш хэдэн арван жил өнгөрсөн ч тэнд эцгээс сонссон сургаалыг яахин мартах билээ. Тухайн намраас хойш 80 настайдаа бурхан болтлоо цуг аж төрсөн аав минь тэр өдрийнх шиг сургаал зөвлөгөөг ахин дахин хэлээд байгаагүй л дээ. Аавын сургаал юу байсан гэж үү.

Тийм ээ. Тодхон санаж сууна.

“За, миний хүү эрийн цээнд бараг хүрлээ. Эрдэм ном сурахаар хүний нутаг, гүний холд очих нь. Төрсөн газар дээр чинь суугаад хүүдээ аминчлан захих, хэдэн зүйл байна.

Миний хүү хулгай битгий хийгээрэй, өлсөж ядарсан ч хичээгээрэй. Худал хэлэх муухай л даа. Гэхдээ хулгай хийхээс өөр шүү. Өлсөж ядарвал миний эцгийн бие муудсан энэ тэр гээд хүрээд ир. Түүнд нүгэлгүй. Тамхи татаж суруузай. Өдөр бүр хорддог болно. Тэрнээс хол яв. Архи ч сайн нөхөр биш. Эр хүнд балгах өдөр, цаг таарна шүү.

Амсаж л бай. Залгилах муу. Архи уусны маргааш битгий уу. Харин сайхан хүндрээд хорыг нь гадагшлуулаад дадчих. Аав нь хулгай, худал, тамхи, архи гэсэн дөрвөн зүйлийн тухай хүүдээ хэллээ шүү. Хоёроос нь тун хол явахыг хичээ, хоёрынх нь хэмжээг тааруул.

 

...Хорвоод амьдрах насаа эртнээс мэдэж, буцах өдрөө ядарч зүдрэлгүй бурхан болсон хайрт эцэг минь байнга хэлдэг хэдэн атигар юмныхаа (хүүхдүүд, ач зээ нар Р.Ч) төлөө хэчнээн их залбирсан бол доо, хөөрхий. Таны буян хишиг, энэрэл хайр, үг сургаал, үлгэр дууриал бидэндээ мөнхийн түшиг тулгуур, нөмөр нөөлөг болсоор байна, аав минь ээ...

 

Ам нээвэл уушиг нээ гэдэг дээ. Ахиад нэг зүйл хэлнэ ээ, зэнтгэр хүүдээ. Эр өсч, эсгий сунадаг. Миний хүү олон аавын хүүхдүүдтэй танилцана. Хань ижилтэй болох нь хүний ёс. Заяаны хань зам дээр л гэцгээдэг. За, тэр ч юу л бол, чадвал Завханаас битгий гэрлээрэй. Эр хүн яаран гэрлэхийн оронд шамдан сурч боловсрохыг эрхэмлэвэл зүгээр дээ.

Одоо хоёулаа сөнгөө чилээчихье. Маргааш гэхэд чи мориор биш, машинаар давхих нь. Олонтой газар үгээ цэнэж, ганцаар явахдаа өөрийгөө цэгнэж сураарай. Хүүдээ хэдхэн зүйл захилаа хичээгээрэй гээд духан дээр минь үнэрлэхэд, яагаад ч юм хамар шархирч, мориныхоо цулбуурыг хурдан авмаар болж байсансан.

Миний тоонот Харгана түрүүний эх ээ.

ОЧИЖ ҮЗЭЭГҮЙ ЗАВХАН

Хожуухан сэтгүүлчийн албанд орсон хэдий ч ажил албаны шугамаар эх орныхоо дөрвөн зүг найман зовхист хөл тавих боломж гарч, чамлалтгүй “тэнэсэн” толгой өдий хүртэл ганцхан Завхан аймагт очоогүй юм аа. Учир нь аавын захиастай холбоотой.

Тэр жил тоонот дээр аавын хэлсэн үг яаж мартагдах билээ. “Үнэн” сонинд ажиллаж байхад хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч М.Чойжил өрөөндөө дуудаад.

“За чамд нэг сайхан томилолт өгье. Чи Завхан яваад хэдэн сайхан зураг авч Отгонтэнгэр хайрханд бараалхаад ир” гээд инээсээр угтав.

Тэр үед илэн далангүй ярих биш дээ, бид. “Баярлалаа танд. Гэхдээ би Завхан явмааргүй байна. Өөр аль ч аймагт очоод ирж болно, дарга аа” гэхэд тэр эрхэм нүдээ сүрхий цавчилснаа намайг нэлээд сонжсон байдлаар хараад, “Чамайг олимпийн наадамд явуулж чадаагүй.

Тэгээд “О”-гоор эхэлсэн нэртэй Отгонтэнгэрийг үзүүлье гэж бодсон юм. Дургүй ламд яана гэдэг билээ. Манай Архангай руу бол явна биз дээ. Томилолтыг чинь өвөл болтол хойшлууллаа” гэсэн удаа бий.

“Ардын эрх” сонинд ажиллаж байхад 1998 оны намрын нэгэн өдөр Ж.Мягмарсүрэн эрхлэгч “Чулуун гуай та “Үнэн” сонинд олон жил ажиллахдаа бүх аймгаар явсан байлгүй” гээд инээмсэглэхэд.

“Ер нь дөхүүлсэн шүү. Завхан, Сүхбаатар хоёр л үлдсэн” гэтэл “Та тэгвэл Завханд очиж уншигчидтай уулзалт зохион байгуулаад, сониныхоо захиалгыг хөөцөлдөөд ирээч” гэлээ шүү.

Тэр үед элдэв юмыг нууж хаалгүй ярьж, хэлж болдог цаг ирчихсэн байсан тул аавын захиасыг дурсаад Сүхбаатар аймагт анх очсон намтартай. Сүхбаатарт яруу найрагч, өнөөгийн гавьяат Ай.Төмөр-Очир, зураач Ё.Бадарч, нэгэн компанийн захирал Ц.Хүрэлбор нартай зам нийлэн, Онгон, Дарьганга, Асгат сумаар орж, Алтан овоо, Шилийн богд, Талын агуйг сонирхон, “Дарьгангын намар”, “Сөл тасрах болоогүй байна” тэмдэглэл бичиж хэдэн сайхан зураг татсаныхаа заримыг хэвлүүлж билээ.

“Завханд битгий очоорой” гэсний учрыг тоглоом, шоглоомын далимаар бүр хожуу ааваасаа сонссон л доо. Гуч орчим настайд “Миний хүү, одоо нас чинь тогтлоо. Хань ижилтэй болох болоогүй байна уу” гэхэд нь

-“Та намайг Завханаас битгий гэрлээрэй гэснээс болоод өдий хүрлээ” гэхэд аав бүр үнэмшсэн байдалтай хэсэгхэн бодлогоширсноо “Уг нь тэр нутгийн хүүхэд, хүүхнүүдийг муу гэсэн санаагаар аав нь чамд хэлээгүй ээ. Миний ганц ах, чиний авга гавжийг Зүйлийн хүрээнээс баривчлаад, Завхан аймагт аваачиж, цааш харуулсан юм л даа. Завханы хүргэн болчихвол тэр нутагт очиж л таараа.

Авга ахынхаа сүйд болсон газарт санамсаргүй очоод, ан гөрөө хийдэг юм уу, аль эс юм болохыг таахын аргагүй. Тэгээд тээр жил аав нь чамд сануулсан ухаантай л даа” гэхлээр нь “Ойлголоо, аав аа. Ээжийг эмнэлэгт сахиж байх үед” “Дүү нараа өсөж, өндийсний дараа л миний хүү гэрлэхийг бодоорой. Эр хүн оройтох нь гайгүй” гэж гэрээсэлсэн юм шүү дээ. Одоо нэг юм бодно оо” гэсхийгээд санааг нь амраасан удаатай. Эцэг, эхийн захиа даалгаврыг сонсож, бас хэрэгжүүлэх амаргүй. Гол нь үл мартахад орших биз ээ.

БУРХАН БОЛОХ НАС

Үнэн бүхний туйл нь төрөх, орших, үхэх гурав хэмээн Ноён хутагт Данзанравжаа айлдсан бөлгөө. Сар, нарны орчлонд 80 жил насалсан эцэг минь хэд хүрэхээ мэдэж байсан нь гайхамшиг.

Намайг Тонхилын дунд сургуульд сурагч ахуйд чөлөөгөөр явсан хүүхэд Дарвиас ирэхдээ “Аавын чинь бие тааруухан байгаа гэнэ, чөлөө олдвол миний ирсэн унаагаар хариач” гэсний дагуу ангийн багш Я. Магсаржанцанд учраа хэлж, сумынхаа төвөөс унаагаа сэлгэж гэртээ ирэхэд эцэг хэвтэрт байгаа бололтой, нөмөглөн өндийгөөд

“Миний хүү хүрээд ирэв үү? Болж болж, хэд хоног ядарлаа. Одоо гайгүй болно. Нутаг сэлгэе. Цахиртолгойнхоо өвөлжөөнд хүрье. Манай хэдэн тэмээ голд бий. Доржготовыг ингэсхийгээд мордуулчих. Цаадах чинь дор нь хөөгөөд ирнэ. Чи өдөржин жонжуулаа байлгүй. Суурин хүн агсагдаж байгаа. Ээж нь сайхан мах чаналаа. Дотуур байранд бүхэл мах өгөх үү?

-Хааяа өгнө.

-Би захисан даа, өлсвөл сургуулийн тогооч Лэгцэгт миний нэрийг хэлээд хааяа гэдэс гарч бай гэж.

-Танилцалгүй яах вэ. Надад сайн байдаг юм аа, Лэгцэг гуай. Улаан сахалтынхан энэ тэр гээд. Ийнхүү ярилцах зуур,

-Миний хүү дээлээ яасан гамгүй өмсөж байгаа юм. Одоохон тайлаад өг хэмээгээд ээж өөр дээл нөмрүүлэв.

-Дотуур байрны хүүхдүүдийг хэн үргэлж л харж байхав. Барилдмар болдог юм байна. Дэвэлгүй бөх дээлийн гарз гэсэн үгтэй юм шүү дээ. Бэртэж гэмтэхгүй бол дээл ч дуусч. Хоёр талаараа ноцолдож сурвал гэмгүй дээ. Ноднин та нарт Намдаг хоёр гурван мэх заасан, өөр мэх сурч байгаа юу?

-Гар ачих санаатай...

-Хурдтай хийхгүй бол нөгөөгийнхөө өмнө сунаад хэвтэж байх талтай л мэх дээ.

-Хөгшөөн хажуул, хажуул. Удаан суулаа, бас их ярилаа хэмээн ээж яриаг завсарлуулж байв.

Маргааш нь манайх өвөлжөөндөө буулаа. Цахиртолгойн энэ өвөлжөөн дээр миний дүү Мялхаа төрснийг би тодхон санадаг юм. Гэртээ хэд өнжөөд ботготой ингэ хөлөглөн сургуульдаа ирээд, аавын хэлснээр бурантгийг нь аваад тавьчихав.

Цахиртолгойгоос мордоход

“Аав нь үхэх болоогүй. Миний хүү санаа зоволтгүй. Хичээлээ л хичээ” гээд духан дээр үнэрлэн үдсэн. Түүнээс олон жилийн хойно юм даа. Би нийслэлийн 28 дугаар сургуульд пионерийн ахлах удирдагчийн албатай. Аав дал нэлээд гарчихсан үе. Манайх одоогийн Баянгол дүүргийн VI бичил хорооллын хамгийн зүүн үзүүр хавьд, тэр үеийн Ард Аюушийн 12 дугаар гудамжны зүүн талын хашаанд аж төрж байв. Аав жаахан тэнхээрхүү.

МХЗЭ-ийн Төв хороо, Пионерийн төв зөвлөлийн эрх мэдэлтнүүд гадаадын пионерийн зусланд хүүхэд авч явуулахаар дууджээ. Тэр хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлээд аавын тухай хэлж, “Ааваас асуугаад шийдээ хэлж болох уу” гэхэд зарим нь зэмлэж, зарим нь учирлан, “Хариугаа маргаашаас хэтрүүлэлгүй өгөөрэй” гээд тэр хурлаас гаргав. Гэртээ ирээд болсон явдлын тухай аавд хэлэхэд,

“Миний хүү хол явж, нүд тайлаад ир. Аав нь алзахгүй. Намайг 80 хүрнэ гэж бодож бай. Ер нь тэгээд эцсийн эцэст миний толгойг түших ёсгүй бол гадаад оронд очих нь битгий хэл гадаах жорлонд ороод ирэхийн хооронд юм дуусна. Толгой түших хувьтай бол түшиж таарна. Яваад ир” гэлээ.

Маргааш нь манаргаж хүрлээ, нөгөө газраа. Учир байдлаа ч ярилаа. БНСЧУ-ын олон улсын зусланд 10 хүүхэд аваад, Д.Мөнх-Очиртой хамт явах хуваарь гарчээ. Хувцас хунар энэ тэр гээд бага сага бэлтгэл хийх хэрэгтэй, бас 10 рубль, хэдэн крон солиулж авах ажил гарлаа.

Хүүхдийнхээ нэр устай танилцлаа. Яг явахын даваан дээр Говь-Алтайн В.Алзахгүй, Дорнодын Н.Ганболд хоёр ирсэнгүй. Бүр хожим учрыг мэдэхэд В.Алзахгүй сурагч биш дарга болохоор шинэ ажлаа хүлээн авсан бол Н.Ганболд нь эсэргүү Нямбуугийн хүүхэд гээд үлдсэн юм билээ.

Цагийн төрх тийм байж. Бид Чехэд сайхан амарч, чамлалтгүй юм үзээд ирэхэд аавын хөл чангарчихсан, Тээхийн дэлгүүрээс хүнсээ цуглуулдаг ажилдаа орчихсон байв.

Пионерийн удирдагч НДС-ийн сэтгүүлчийн ангид орж, дөрвөн жил Дөнгөтийн Цоодол даргын захиргаанд номхорсоор 1976 онд “Үнэн” сонинд спортын тоймчоор томилогдон очоод, Соёлын хэлтэст Г.Жамсранжавын цэрэг болоод төдийлөн удаагүй байхдаа, нэг гарчихаад иртэл хэлтсийн дарга “Аавын чинь бие муудлаа гэж утсаар ярьж байна. Чи явахаас даа” гэлээ. Дорхноо харилаа.

Надаас бусад хүүхэд, ач, зээ нар нь цугларчээ. Аав ч сүрхий дордсон юм ажиглагдсангүй. Хэдхэн өдрийн өмнө дүү Доржготовынх биднийг цай уу гэхэд,

-Хүүгийнхээ идээ будааг сэвтүүлж, сандаргаж магадгүй. Аав нь үлдье. Чи яваад эртхэн ирэхийг бод. Айлын лонхны ёроол хараад суугаад байвуузай

-За, за. Би удахгүй ирнэ. Аав та 80 хүрлээ, намар үхнэ гэх. Бие чинь гайгүй байхад юундаа одоо үхэх гээд байгаа юм. Дахиад хэдэн жил наслахыг бодооч. Бидэндээ түшигтэй, сайхан.

-Одоо боллоо. Сайхан насаллаа. Өвлөөс өмнө үхэж үзье. Та нараар хөлдүү газар малтуулж ядраагаад яахав. Хойтон 81-тэй болно. 81-тэй өнгөрөхийг тусгүй гэлцдэг. Газар гэснээс чамд хэлэх юм бас байна, хө. Эцгийнхээ газраас гэмтэх тохиолдол гардаг талтай. Тиймээс миний хүү аавыгаа засгийн бэлэн нүхэнд хийхийг бодоорой. Өөрсдөө газар хайж сонгосноос тэр нь өлзийтэй. Ер нь тэгээд айлд очиж байгаа юм шиг эцгийнхээ газарт ойрхон ойрхон очдоггүй номтой. Үхэх амаргүй л байлгүй. Намайг өвдөөд юм уу, ухаан алдаад сандаргавал эмнэлэгт битгий хэвтүүлээрэй. Зарим хүн үхэхийн өмнө орилж хашгираад юм юм болсон дуулддаг. Миний хүү чадахгүй биш, аавыгаа сайн барьж байгаад үхүүлчихнэ шүү. Сүүлчийн амьсгаагаа авсан, үхсэн хүнээс айх юм огт байхгүй гэхчлэн захисныг бодоод өрөвдөж л суулаа. Эгчийг дуудаад жаахан сүү ууя гээд хэд балгалаа. Бидэнтэй хэвийн ярьж хөөрөөд үхмээр янзгүй. Нар жаргалаа. Дүү Доржготовынх харьцангуй хол. Тэд олуулаа ирсэн.

-Аав гайгүй юм шиг байна. Манайхан явдаг юм уу гэж надаас асуухаар нь аавд дамжуулахад “тэгвэл тэгэг” хэмээн зөвшөөрлөө.

Хэсэг байж байгаад нэрээр минь дуудаж “Аавыгаа өндийлгөөд, түшиж бай” гэв. Дэргэд буйгийнх дор нь өндийлгөв. Зүүн гар дээрээ түшээд хэсэг сууж байтал,

-Миний хоёр муу хөл бадайраад, Лхамыг дууд гэхтэй зэрэгцээд эгч, хоёр эмэгтэй дүүтэйгээ галын өрөөнөөс годхийн хүрч ирэв. Гэтэл аав,

-Гурвуул гурвуулаа яах нь вэ. Цаад хэдэн атигар юман дээрээ зарим нь очооч хэмээв.

Энэ өгүүлбэр эцгийн сүүлчийн үг шүү!

Оюун, Бужиг хоёр хөлийг нь илээд байж байтал аав минь сүүлчийн амьсгаагаа аваад гаргалаа. Цоргоны ус тасарч байгаа юм шиг чимээг нөгөө хоёр анзаарсангүй. Би бас дуугарч чаддаггүй, нэг хэсэгтээ.

Хорвоод амьдрах насаа эртнээс мэдэж, буцах өдрөө ядарч зүдрэлгүй бурхан болсон хайрт эцэг минь байнга хэлдэг хэдэн атигар юмныхаа (хүүхдүүд, ач зээ нар Р.Ч) төлөө хэчнээн их залбирсан бол доо, хөөрхий.

Таны буян хишиг, энэрэл хайр, үг сургаал, үлгэр дууриал бидэндээ мөнхийн түшиг тулгуур, нөмөр нөөлөг болсоор байна, аав минь ээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.55.191.130 Миний аав бас ингэж л захиасаа үлдээж, 73-ныхаа жил дээр бурхан болсон юм. Сайхан бичжээ. Өөрийн эрхгүй нулимс унагалаа. Би ч гэсэн аав шигээ энэ хорвоогоос явах юм шүү гэж дотроо боддог. Одоо 50 настай юм чинь хийх бүтээх ажил их байна. Гэхдээ л үнэнд гүйцэгдэхээс хойш бодох л ёстой.
103.57.93.105 Чууяа ахад баярлалаа. Их сайхан бичжээ. Өвгөд ийм мундаг байсан. Үхлээ хүртэл удирдана.
150.129.143.74 Ай сайхан аав минь дээ
202.179.11.186 маш сайхан нийтлэл байна нутгийн ч хөгшин байж миний эцэгтэй адил санагдлаа миний эцэг ч мөн хэлдэглдээ насандаа сайхан бурхан болсондоо
103.26.193.132 Nomtoi hun baijdee,lam ovoo mini ingej burhan bolson yum .
202.131.234.243 Үнэхээр гайхалтай бичжээ.