ТӨВИЙГ САХИХ БАЙР СУУРЬ БОЛ ГАДААДЫН ЦЭРГИЙН БААЗААС ЗАЙЛСХИЙХ БОЛОМЖ

2016 оны 03 сарын 17

Манай улс гадаад бодлогодоо төвийг сахих чиг баримжаа баримтлахаар 2015 оны есдүгээр сард олон улсад зарласан билээ. Түүнээс хойш төр засгийн дээд, дунд түвшинд 19 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан байдаг. Үүнээс үзэхэд төвийг сахих байр суурь гэдэг маань холын гайг дуудахгүй, ойрын нөмрийг зайлуулахгүй явахад тус нэмэртэй бодлого гэдгийг төрийн түшээд аль аль талдаа ойлгож буйн илрэл.

Судлаач Ж.Амгалан “Дэлхийн улс орнууд цэргийн эвсэл, холбоонд нэгдэн орохоос гадна гадаадын цэргийн баазыг өөрийн нутагт байрлуулж аюулгүй байдлаа хангах арга хэрэглэдэг нь үнэн. Гэтэл зарим орон гадаадын цэргийн бааз байрлуулснаар ямар сөрөг асуудал үүсдэгийг нь мэдэрсэн байдаг.

Манай хойд хөрш ОХУ гэхэд Армен, Белорусс зэрэг 16 оронд Агаараас эсэргүүцэн хамгаалах, далайн хамгаалалт, радиолокац, хилийн бүс нутаг хамгаалах чиглэлээр дагнасан болон хамтарсан цэргийн бааз байгуулж, тэр нь багагүй хардлага үүсгэснийг анхааран үзсэн байдаг юм.

Тиймдээ ч зургаан оронд байсан цэргийн баазаа 1995 онд татан буулгасан. АНУ-ын цэргийн бааз 38 оронд байдаг гэх тоон олон үзүүлэлтийг Стокгольм дахь Олон улсын энх тайвны асуудлын судалгааны хүрээлэн (SIPRI)-гээс гаргасан байна лээ. Гадаад орны цэргийн бааз амралт зугаалгын газраас эхлээд олон төрөл, хэлбэр, агуулгатай байдаг бололтой.

АНУ-ын цэргийн командлал 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа терроризмтой тэмцэхээр Афганистаны нутагт холбоотны ажиллагаа явуулах болсон. Ингээд Бишкек дэх “Манас” олон улсын нисэх буудлыг түшиглэн төвлөрсөн хангалтын зориулалтаар цэргийн бааз байгуулах саналыг Кыргыз улсад тавьж, гэрээ байгуулжээ.

“Манас” дахь цэргийн бааз нь жилд 4700 нислэгийг түлшээр хангах хүчин чадалтай, 1200 цэргийн байр, 300 гаруй үйлчилгээний ажилтантай АНУ-ын Төв Ази дахь томоохон цэргийн бааз болж өргөжсөнөөс гадна баазын түрээсийн төлбөрөөс Кыргыз улс зөвхөн 2011 онд гэхэд 150.6 сая доллар олж байж.

Гэтэл гадаад орны цэргийн бааз байрласнаар дотоодод нь нийгэм-улс төрийн тогтворгүй байдал үүсэх, хөрш орнуудын объектууд агаарын болон радио тагнуулын бүсэд өртөх, хяналтгүй бараа материал, мансууруулах бодис зөөвөрлөх, зэр зэвсэг түгээх гээд бааз доторх асуудлыг тухайн орон хянахад хүндрэлтэй болж, улс дотор, хөрш зэргэлдээ орнуудад, холбоотнуудад ч адилхан хардалт үүсэж, итгэл алдрах нь нэмэгдсэн учир тус баазыг 2010 онд татан буулгаж асуудлыг намжаасан гэдэг.

Энэ бол захын жишээ. Белорусст одоо ч ОХУ-ын цэргийн баазын талаарх маргаан байсаар. Тус улсын Ерөнхийлөгч А.Лукашенко 2015 оны аравдугаар сарын 06-нд “Манай улсад ОХУ-ын агаарын цэргийн хүчний бааз хэрэггүй, харин орчин үеийн агаараас хамгаалах зэвсэглэл хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнийг хэвлэлийнхэн нь өлгөн авч, ер нь манай улс төвийг сахиж энх тайвнаар орших нь зөв гэсэн санал гаргах болсон” талаар судалгаандаа үндэслэн ярилаа.

Манай улс гадаад бодлогодоо төвийг сахих байр суурь баримтлахаар зарлахдаа аюулгүй байдал, хамтын ажиллагааны олон талын асуудлууд дунд болон урт хугацаандаа хэрхэн өөрчлөгдөх, түүнтэй хэрхэн зохицож амьдрах талаар сайтар судалсан нь мэдээж хэрэг.

Олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ чанд биелүүлж чаддаг, итгэл даадаг орон байхын мөн чанар нь төвийг сахих байр суурь гэдгийг Швейцарь улс жишээ болгон харуулсан.

Тэгэхээр бид төвийг сахих байр суурь баримтлахдаа олон улсын өмнө илүү өргөн хүрээнд, тэр тусмаа батлан хамгаалах салбарт хариуцлагатай байж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо тууштай хадгалах замаа засан, ОХУ, АНУ гээд хэнтэй нь ч адилхан олон улсын улс төр-дипломатын хэлээр тэгш харилцаж, олон улсын хамтын ажиллагааны тоглоомын дүрмээр ажиллах нь чухал.

Нутаг дэвсгэртээ гадаадын цэргийн бааз байгуулж, олон улсын хардалт сэрдэлт, хэл амны бай болохгүй байх нөхцөлийг дотоодын хууль, тогтоомжоороо тодорхой зохицуулсан орны нэг бол Монгол. Харин үүнийгээ олон улсад ойлгуулах арга нь Төвийг сахих байр суурь юм гэж судлаач Ж.Амгалан ярилаа.

Манай хоёр хөрш 1989 оны хоёрдугаар сарын 4-нд улсын хил дээрх цэргийн тоог хорогдуулахаар зөвшилцөн гарын үсэг зурж, ЗХУ-ын удирдлага Забайкальскийн цэргийн тойргийн 39 дүгээр армийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргахаа зарласан гэдэг.

ЗХУ-ын цэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарах ажиллагаа 1992 оны есдүгээр сарын 25 хүртэл буюу 28 сар үргэлжилж, 50 мянган цэрэг, 1816 танк, 2531 хуягт техник, 1461 артиллерийн систем, 190 онгоц, 130 нисдэг тэрэг нутаг буцсан гэх тойм мэдээ байдаг. Энэ үеэс л бидний гуравдагч хөрш гэж нэрлээд байгаа орнууд манай улсад нааштай хандах үүд хаалга нээгдэж эхэлсэн байх.

Харин бид ЗХУ-ын цэргийн бааз байсан олон барилга байгууламжийг нураалгүй, зөв ашигласан бол дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжихөд тус нэмэр болох л байсан. ЗХУ-ын цэргийн анги, салбар байсан газруудад дурсгалын самбар байрлуулах зэрэг түүх дурсгал болчих ямар нэг зүйл хийгээд олонд үзүүлж байвал наанадаж орон нутагт нэг үзмэр нэмэгдэх, улмаар хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд бага боловч тус нэмэр болно гэдгийг Зэвсэгт хүчний 95 жилийн ойн босгон дээр хэлэхэд буруудахгүй болов уу.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.87 buu mart martval sonono gehdee judagtai bai
59.153.112.87 Orosiig martaj bolohgvi ah nar hamgaalsan ni vnen tiimees buu mart
59.153.112.87 Tiim l dee manai uls ch gesen tsergiin baaztai baij vzsen, gadaaduudad ooriin nutagtaa deerelhuulehguin tuld touiig sahih ni deer yom baina. Ene bodvol mergejliin sudlaachiin ug bailgui dee