”МОНГОЛ НЬЮС” компани БНСУ-ын визийн мэдүүлэг хүлээн авдаг боллоо

2016 оны 03 сарын 17

“Монгол ньюс” ХХК ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс БНСУ-ын визийн мэдүүлэг хүлээн авч эхэлнэ. Тус компани 2002-2007 оны хооронд БНСУ-д үйлдвэрийн дадлагажигч илгээж байсан туршлагатай компани юм. БНСУ-ыг зорих монгол иргэдийн виз хүссэн мэдүүлгийг одоо гурван компани хүлээн авч байгаа бол хоёр долоо хоногийн дараа долоо болно.

Учир нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам визийн мэдүүлэг хүлээн авах ажлыг төлөөлөн гүйцэтгэдэг гурван компани дээр нэмж, хэд хэдэн аж ахуйн нэгж сонгон шалгаруулахаар өнгөрсөн хоёрдугаар сард тендер зарласан юм.

Уг тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдээс дөрвөн компани шалгарсны нэг нь “Монгол ньюс” ХХК. Өмнөд Солонгосын визийн мэдүүлэг хүлээн авах компанийн тоо ийн нэмэгдсэн нь тус улсыг хувийн болон албан ажлаар зорих монголчууд илүү хөнгөн шуурхай үйлчлүүлэх боломж нээгдэж байна. Дашрамд дурдахад, БНСУ руу явахаар жилд дунджаар 50 мянга гаруй хүн виз хүсдэг аж.