“БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” КОМПАНИЙНХАН ХӨРСӨНД ДАХИН ЦИАНИТ НАТРИ АСГАЖЭЭ

2016 оны 03 сарын 16

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан химийн хорт бодис ашиглах үйл ажиллагаандаа хяналт тавиагүйн улмаас дахиад л байгаль орчинд хор хохирол учруулжээ.

Өмнө нь тус компанийнхны буруутай үйл ажиллагааны улмаас олон шувуу үхсэн, экологид хор хохирол учирсан хэргийн талаар бид цаг тухайд нь хүргэж байсан. Гэвч тэр хэрэг нь сураггүй болж, чимээ анир нь тэртээд “уусаж” байтал энэ он гарсаар нэг бус удаа химийн хорт бодистой ус хөрсөнд алдсан гэнэ.

1000 ШУВУУ ҮХСЭН НЬ ХОХИРОЛ БИШ ГЭЖ ҮҮ

“Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайн орчимд олон тооны шувуу үхэж, байгаль орчинд хор хохирол учирч байж болзошгүй гэж нутгийн иргэдийн гаргасан өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст 2014 оны аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр шалгаж эхэлсэн юм.

Тус компанийн гадаад, дотоод захирлуудад Эрүүгийн хуулийн 214.3-т зааснаар хэрэг үүсгэж, заримыг нь хилээр гарахыг ч хориглосон байдаг. Тус уурхайн лабораторид хийсэн шинжилгээний урьдчилсан хариугаар цианит натритай ус хөрсөнд шингэж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Нуруулдан уусгах технологи ашиглахдаа хамгаалах тор татаагүйгээс шувууд олноороо үхсэн гэж шинжээчид урьдчилсан дүгнэлт гаргаж байсан юм. Дээрх зүйл заалт дээр нэмээд Эрүүгийн хуулийн 304 дүгээр зүйлд заасан “Амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг бөөнөөр нь гэмтээсэн, устгасан, агаар мандал, усны нөөцийг хордуулсан буюу бусад хэлбэрээр байгалийн тэнцлийг алдагдуулсан” гэсэн үндэслэлээр шалгаж болзошгүй” гэж байсан ч тэгсхийгээд нам жим болсон.

Тухайн үед уурхайд ажиллаж байсан орон нутгийн эх сурвалж “Уурхайн орчимд шувуу үхсэн тохиолдол анх наймдугаар сарын 19-нд бүртгэгдсэн. Тухайн өдөр 500 болжмор, наймдугаар сарын 22-нд 60 болжмор гэх мэтээр нийт 1000 шувуу үхсэнийг харуул хамгаалалтынхан шатааж, устгасан” гэж байв.

Хэдийгээр орон нутгийн иргэд үхсэн 1000 шувууг болжмор гэж мэдээлж байсан ч байгаль орчны мэргэжлийн байгууллагын шинжээчид “Шар хацарт чагнуухай гэдэг бор шувууны нэг төрөл болох нь батлагдсан. Нэг бүрийнх нь экологи, эдийн засгийн үнэлгээ их бага, 500 төгрөгөөр тогтоосон байдаг” гэлээ.

1000 шувууны хохирол нийтдээ таван сая төгрөг болж байж. Харин хөрсөнд цианит натри асгасан, хаягдлын далангийнх нь плёнк цоорч, химийн хорт бодистой ус хөрсөнд шингэсэн зэргээр учруулсан хохирлын хэмжээ нь нэлээд өндөр тоо байсан гэнэ.

Харамсалтай нь, байгаль орчинд хохирол учруулсан энэ хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан аж. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аас хэл амтайхан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд энэ хэргийг хамруулсан юм байна.

Уг нь тус хуулийн 10.7-д “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан.

“Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээд л өршөөгдсөн байх гэж итгэж байна хэмээн орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.

ТӨРИЙН ӨРШӨӨЛ ДААХГҮЙ БАЙГААГ ЯАЛТАЙ БИЛЭЭ

Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан “Баян-Айраг эксплорэйшн” компанийн удирдлага хэрэг нь хэрэгсэхгүй болсон даруйд хил давж явсан сурагтай.

Оронд нь өөр хүмүүс гүйцэтгэх удирдлагаар ирсэн гэх мэдээллийг Дөрвөлжин сумын иргэд бидэнд мэдээлэв. Гэсэн хэдий ч нөхцөл байдал сайжирсангүй, бахь байдгаараа, хөрсөнд химийн хортой ус алдагдах тохиолдол нэг бус удаа гарсан гэнэ.

Энэ талаар Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар “Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” компани энэ он гарсаар хөрсөнд химийн бодистой ус асгасан хэрэг нэг бус удаа гаргалаа.

Энэ оны хоёрдугаар сарын 1-нд химийн хорт бодистой ус дамжуулах хоолой нь чанаргүй байснаас болсон уу хагарч, хөрсөнд цианит натритай ус асгарсан. Уг хэргийг нь МБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байтал мөн сарын дундуур дахиад тийм явдал гаргасан.

Өмнөх жилүүдэд гаргасан эрүүгийн хэргийн шинжтэй үйлдлийг нь тус хэлтэст бас шалгаж байсан. Шинжээчийн дүгнэлт нь гарсан, эсэхийг сайн мэдэхгүй байна. Хөндлөнгийн шинжилгээний байгууллага дүгнэлт гаргадаг. Тэр байгууллага нь 80-аад сая төгрөг нэхсэн гэх мэдээлэл байдаг.

Цагдаагийн байгууллагад байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж төсөвт суулгаж өгдөггүй учраас үүнийг цагдаа төлж чадахгүй шүү дээ” гэлээ. Нээрээ л байцаан шийтгэх ажиллагааны зардлыг улсын төсөвт суулгаагүй учраас сэжигтэн, гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх боломжгүй. Өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй гэдэг заалт хуульд байдаг болохоор сэжигтэн, яллагдагч нар байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргахгүй гэсэн үг.

Төрийн хайр өршөөлийг даахгүй, дахиад л байгаль орчинд хор хохирол учруулж буй энэ компанийхныг эвийлэх хэрэг байна гэж үү.

Уг нь Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, тухайн компанид 20 жилийн хугацаанд дахин олгохгүй” гэсэн заалт байдаг.

Удаа дараа химийн хорт бодис асгаж байгааг хууль хяналтын байгууллагынхан хэлж, тэр нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тус уурхайн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болоод байгаа ч дотроо үймсэн, МХЕГ-ынхан, хэтэрхий улстөржсөн БОНХАЖЯ-ныхан дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа нь харамсалтай.

Д.ДАЙЧИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.25.123 horiig horoor gedeg bhaa buh ajildad in horig in uulga