ӨЧИГДРИЙН “ӨНӨӨДӨР” ХҮЧТЭЙ, СОНГОДОГ, ЗАГВАРЛАГ СЭТГҮҮЛ ЗҮЙГ АВЧИРСАН

2016 оны 03 сарын 14

До.ЦЭНДЖАВ


 

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч

1996 оны дөрөвдүгээр сарын дундуур Нью-Йоркт Ц.Балдорж, Г.Аким хоёр (Ямар ажлаар очсоныг мэдэхгүй) ирсэн байв. Тэр хоёрыг бид гэртээ урьж хөгжилдөн, энэ тэрийг ярилцацгаахад эх нутгаа санасан биднийг тэд хөгжөөж өглөө. Тэр хоёр бие биеэ цаашлуулж, “Би ч яах вэ, төрийн хэвлэлийн хүн. Надад юу ч хялайлгасангүй.

Манай Аким чөлөөт хэвлэлийн буянаар Америкаас бөөн олзтой явна” гэхэд нөгөөдөх нь тас тас инээж “Үгүй, би энэ төрийн хэвлэлийн буянаар явна. Балдоржгүй бол энд нүд чихгүйтэй адил байх байж” гэлцэж байв.

“Ил товчоо” сонины эрхлэгч байсны хувьд Аким чөлөөт хэвлэлийн дэмжлэгийг багахан ч гэсэн олсон болов уу? Тэгэхэд Бал маань “Чи одоо Монгол руугаа буцсан нь дээр дээ. Наадах зохиолоо хаана ч бичиж болно. Харин Монголдоо очоод хамгийн түрүүнд надтай уулзаарай. “Ардын эрх”-дээ авна, бидэнд өрсөлдөгч байхгүй.

Танай “Засгийн газрын мэдээ“ чамаар дутахгүй байлгүй” гэв. Хэдхэн сарын дараа сонгууль болж, Ардчилсан нам ялалт байгуулан, бараг маргаашнаас нь “Ардын эрх”-ийг Ц.Балдоржоос булаах шахам авсан тухай сураг дуулдав.

“Даравч дардайна, булавч бултайна” гэгчээр тэр бууж өгөх эр биш ээ, “Өнөөдөр” гэдэг хувийн анхны өдөр тутмын сонин байгуулчихжээ. “Ардын эрх”-ээс явахдаа хэнийг ч нэг их онцлоогүй бололтой юм билээ, “Намайг дагах нь дагаарай” л гэж. Үнэхээр “Ардын эрх” сонин хоёр хуваагдан, үлдэх нь үлдэж, түүнийг дагах нь дагажээ.

Монголдоо ирээд эхлээд үүдийг нь татах ёстой учраас “Засгийн газрын мэдээ” сониноор ортол редакцынхан хуу өөрчлөгджээ. М.Энхсайханы Засгийн газрын анхны тушаал нь Х.Цэвлээг “Засгийн газрын мэдээ”-гийн ерөнхий эрхлэгчийн албан тушаалаас халах тухай байж.

Ингээд “Өнөөдөр” сонинд очиход ханаа шийрлээд, тооноо өргөчихсөн ч гэлээ аль аль талаараа шинэхэн байлаа. Шинэ сониныг хүмүүс, уншигчид шохоорхон хүлээж авсан нь Цэрэндоржийн Балдоржийн нэр, нөлөөтэй шууд холбоотой.

Нийтлэлийн бодлогоо зөв гаргаад чадалтай, овсгоотой, дайчин сэтгүүлчдээр редакцаа бүрдүүлж ямар ч сонирхолтой, дуулиантай сонин гаргаж болно. Харин мөнгө санхүү шиг хоолой дээр хутга тавьсан зүйл үгүй, ашиг орлогоо үржүүлж, тогтвортой хуримтлалтай, нөөцтэй байлгана гэдэг маш хэцүү.

Энэ давааг ихэнх нь давж чаддаггүй, сөхөрсөөр иржээ. Ц.Балдорж энэ хоёрыг зэрэг атгаж явсан учраас “Өнөөдөр” маш өвөрмөц төрхтэйгөөр өдрөөс өдөрт хүчээ авч, танигдан, яах аргагүй хоёр дахь том өрсөлдөгч болов.

Хүчтэй багаас л хүчтэй сонин төрдөг. Ганц энэ сониныг биш, ар араас нь хүүхдийн “Би би би”, спортын “Таван цагариг”, англи хэлээр “UB Post” сонин гаргаж, хэвлэлийн зах зээлд бэхжиж байгааг бид хараад баярлаж, сонголтондоо итгэж, улам л хичээж байлаа.

Захиалагчдын нэрсийг нийтэлж, сугалаа явуулан, суудлын машин, бусад томхон шагнал өгч байв. Яг л мөнөөх алдарт Ж.Пулитцер Америкийг бүхэлд нь донсолгосон “The New-York World” сониныг яаж гаргаж, хэрхэн шуугиулж байсан шиг тогтмол сонины сонгодог хэв загвар, дэглэлт, үе, шугам болоод үсгийн фондын зөв шийдэл, гэрэл зургийн чанар, нийтлэлийн бодлогын дайчин шийдэл зэргээр ялгарч байлаа.

Түүн шиг үй зайгүй, хурц дайчин, шударга шулуун, нарийн мэдрэмжтэй, жинхэнэ гялалзсан удирдагчийн хэмжээнд ажиллаж байсан хүчирхэг менежерийг би лав олж хараагүй юм шүү. “Сэтгүүлч хүчтэй байж улс орон хүчтэй байна, чийрэгжинэ. Миний гайгүй яваа нь сонины та нарын маань ач” гэж хэлнэ.

Халуун дотно, бүтээлч эрэлхийлэгч хамт олон байсаан. Шинэ жилийн баярыг сэтгэлд үлдтэл сайхан тэмдэглэнэ, Гүнтэд цэвэр агаарт зугаацуулж, хичээж ажилласан хүмүүсийг үнэлнэ.

Хамгийн чухаг нь цалин цавууг хугацаандаа өгдөг байсан нь 9О-ээд оны тэр хүндхэн үед сурвалжлагч, сэтгүүлчдийн гэр бүлд том шагнал байлаа. Цатгалан элбэг үед биш, өлөндүү буурайхан үед л албан газрын түшиг нөмрийг ажиллагсад мэдэрдэг. Энэ нь надад мэдэгддэг байсан даа.

Шинэлэг, чөлөөт үзэл бодолтой Б.Галаарид анхны ерөнхий эрхлэгчээр ажиллаж, анхны хамт олныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв. Түүний эзэмшсэн боловсрол, нуруутай, эр хүний хэнэггүй ч гэмээр зан чанар нь аятай санагддаг байв. Яагаад ч юм тэр өөр зам сонгоод, сониноос гарлаа. Бодвол бизнесээр оролдмоор санагдсан байх.

Балдорж нэгэн орой ажил тарсны дараа “Улаанбаатар” рестораны зүүн талын VIP өрөөнд Б.Лигдэн гуай, Б.Пүрэвдаш, Б.Монхоон, А.Мягмаржав бид тавыг урив. Цуг хооллонгоо онигоо, хөгжилтэй зүйл ярин, эргэдэг ширээ санаачилсан тухайгаа сонирхуулав.

“Эргүүлээд дуртай ногоо, хоолоо тавган дээрээ авдаг шилэн эргүүлэг одоо хүртэл энэ алдартай ресторанд байгаагүй юм байх даа” гэж дотроо гайхаж суув. Тэр нэлээд сэтгэл сэргэсэн шинжтэй байлаа.

“Өнөөдөр” сониноо шинэ зохион байгуулалтад шилжүүлнэ гээд ерөнхий эрхлэгчээр Б.Пүрэвдашийг, нэгдүгээр орлогч эрхлэгчээр Б.Монхоон, улс төрийн бодлого хариуцсан орлогч эрхлэгчээр Б.Лигдэн, эдийн засгийн бодлого хариуцсан эрхлэгчээр А.Мягмаржав, нийгэм, соёл, урлаг, спорт, боловсрол хариуцсан орлогчоор намайг томилов. Нэг л орой ийм олон эрхлэгч төрөх нь тэр. Ямар олон эрхлэгчтэй болоов, одоо баллаж өгөх нь ээ гэж бусад нь сэмхэн шуугин, гайхаж байлаа.

Бидний таван эрхлэгч өглөө бүр хуралдан (летучка), долоо хоногийн нийтлэлийн төлөвлөгөөг хэлэлцэж, өдөр бүр хэн, юуг, яаж хийхийг нарийн хэлэлцэнэ. Энэ бол бүх том сонины гол ажил боловч бид маш халуун, айхтар ширүүн маргаан дунд хийдэг сэн. Бал өөрөө “мэдээллийн машин” болохоор хаа байгаа газраасаа шинэ санаа шиднэ, сонин яг шилжих гэж байхад заримыг нь шууд өөрчилж, шинээр бичүүлнэ. Сонины дугаарыг шүүмжлэн, дүгнэнэ.

Овоо гайгүй гэж бодсоныг хүртэл хуу шүүмжилнэ. Шагнал хасна. Сайн, саарыг самбарт бичиж мэдээлнэ. Маш сайн болсон нэг жижиг мэдээг ч 5000 төгрөгөөр үнэлнэ. 1997-1998 оны үеийн мөнгөний ханш одоогийнхоос мэдээж чанга.

Манай алба арын нүүр хариуцдаг. Улс төрийн хурц маргаантай зүйл уншиж, уур нь хүрэн, хөмсгөө зангидсан хүмүүс арын нүүрийг уншаад тайвшрах ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан тул аль болохоор сонирхолтой, хачирхалтай зүйл нийтлэхийг чармайна.

“Засгийн газрын мэдээ” сонинд байхдаа би “ЗГМ-Маргааш“ хэмээх маш сонирхолтой, бүр хачирхалтай гэмээр дагавар сонин эрхлэн гаргадаг байсан учир надад туршлага, арга байв. Бидний хэдэн эрхлэгч хурал дээр маргалдаж, бие биеэ заамдах шахан гардаг ч тэрийгээ маргааш нь мартчихаад сониноо улам сайн гаргахаар ханцуй шамлан орно.

Ихэнхдээ болж бүтэхгүй зүйл илрүүлээд шүүмжилдэг Б.Пүрэвдаш төдөлгүй онигоо, марзан юм яриад бусдыгаа инээлгэчихнэ, “Алив тамхи татъя” гээд түүнийгээ амархаан цайруулчихна. Өглөөний яриан дээр Бал хааяа орж ирээд, “түймэр тавина”. Энэ нь үргэлж биш, сонины ажил унаад ирвэл... юу ч гэж хэлж магад. “Та нар ийм сонин гаргахаас ичээч” гэж ч мэднэ.

Бидний хамгийн ахмад нь, углуурга зангарагтай нь Б.Лигдэн гуай. Улс төрийн сэдвээр даацтай, уншууртай, хурц үзэл санаа гаргаж бичнэ, дээр нь баргийн юманд дуугараад байдаггүй ноён нуруутай. Бидэнтэй цуг зэмлүүлээд л инээж байх. Б.Монхоон хурц дайчин, чадварлаг бичнэ.

А.Мягмаржав дүрсхийтэл уурлаад, хаалга хаяад гарчихсан атлаа дорхноо өрөөгөөр дүүрэн чанга хашгирчихсан, инээчихсэн явна, бас сайн бичнэ ээ. Хөөрхий харамсалтайгаар амиа алдсан Лунтангийн Болормаа анх миний хариуцдаг албанд хуваарилагдан ирсэн юм.

Түүний бичсэн нэг өгүүллийг уншаад “Чиний хэллэг, бичлэг манай албанд төдий л таарахааргүй байна” гэхэд нэлээд шазруунаар “Өө тийм байна уу?” гээд дорхноо А.Мягмаржавын хариуцдаг Эдийн засаг, бизнесийн мэдээллийн алба руу гулссан нь зөвдсөн хийгээд эдийн засгийн нийтлэлээрээ алдаршсан юм.

Манай албанд нэг том “боохой” (Өөрөө хүмүүсийг цагаан, хар чоно гэж дуудан, хийморийг нь бадраадаг учраас ингэж хэлэв. До.Цэ) орж ирсэн нь Тангадын Галсан абугай байлаа. “Та заавал энд бидэнтэй суугаад яах вэ, гэртээ юмаа хийчихээд өгч бай. Тан шиг үзсэн сонссон, туулсан юм ихтэй хүн түүнийгээ л бичээд бай.

Энэ залуустай нийлээд, ямар нэг годгор хүүхэд, шодгор охины өмнө суучихаад ярилцлага хийлтэй биш” гэхэд “Үгүй ээ хө, тэр ч бас сонирхолтой шүү” хэмээн наргин инээж байв. Мань эрийг редакцад ороод ирэхэд бараа сүр нь сайхаан. “Галсан ингэж гаванд ороод ирэх гэж...” хэмээн Лигдэн гуай наргина.

Мань эр маргааш нь юу юу бичихээ гарчигтай нь, утга санаатай нь бичээд ирсэн нь “Хуучны эрийн хуйх өөр” гэдгийг харуулсан. Тэрхүү төлөвлөгөөн дотор нь улс төрийн эсэргүү хэмээгдсэн Д.Төмөр-Очирын тухай “Өнгөрсөн цагийн доторх ирээдүй буюу миний мэдэх Дарамын Төмөр-Очир” гэсэн хэзээ ч гандан буурахгүй ховор, сонирхолтой хөрөг дурсамж байв.

“Өөлд өвгөний егөө” гэсэн уран тод чимхлүүр санаатай, утга гүнзгий дөрвөн мөртүүд сонины арын нүүрийг чимж эхэлсний сацуу түүнийг байнга уншдаг төдийгүй хайчлаад бяцхан ном болгочихсон хүмүүс ч тааралдаж байж билээ. Т.Галсан гуайн 2О14 онд гаргасан “Монгол шилдэг нийтлэл” номын хоёр ботид “Өнөөдөр” сонин гэсэн орон зайг чухалчилсан чамгүй нийтлэл, дурсамж хөрөг, ярилцлага гарсан байна лээ.

Үнэт зүйл нь юундаа байна гэхлээр одооны залуус мэдэхээ, танихаа аль хэдийнэ больсон ховор цаг үе, ховор хүмүүсийг “борооны ус арилаад өнгөрдөг, бодсон бодол мартагдаж өнгөрдөг, ярьсан яриа замхарч өнгөрдөг байхад өнөөдрийн мэт үүрд мөнхөрдөг гэрэл зураг” мэт арилшгүйг үлдээсэнд байгаа юм.

Ардын уран зохиолч, өвгөн найрагч дээрх хоёр ботидоо:

Тангадын Галсан гэдэг

Тал бичээчийг даргалж, тамгалж

Эх зохиогчийн цээнд хүргэсэн

Эрхэм багш До.Цэнджавт

Энэ хоёр ботийг өргөв” гэж өчүүхэн манийг егөөтэйхөн өргөмжилсөн нь хөгшдөд ач буян, хүүхдэд урам хайрладаг эртний сайхныг өвлөсөн их буурал бичээчийн оюуны дээдийн дээд бэлэг билээ. Дээр нь миний амьдралд гэрэлт мөрөө, гэгээн дурсамжаа үлдээсэн хурц шударга, дайчин цоглог, оюунлаг гэгээн “Өнөөдөр “сонины маань ач тус билээ.

Манай албанд цаг наргүй зүтгэсэн, ёстой юу л бол юуг шүүрч аваад хийхэд бэлэн, “асаалттай танк” шиг нэг нөхөр байсан, мөн ч урамтай шүү. Тэр сэтгүүлч бол сүүлд хилийн цэргийн хурандаа болж, “Эх орны манаа” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан Д.Баасанжаргал юм.

Билэг танхай яруу найрагч Р.Эмүжин “ногооноороо амьтан” миний гар дээр анх ирж байв. Яруу найрагч Х.Тэргэл ч ялгаагүй. Спортын нэрт сэтгүүлч, бөх судлаач Түвдэндоржоос гадна бурхны оронд заларсан Бундхүү зэрэг том сэтгүүлч байсныг дурсан санаж байна. Би зөвхөн өөрийнхөө албаны зарим хүнийг хэллээ.

Заримдаа алба гэж ялгахгүй, ямар ч сэдвээр бичиж байлаа. Би улс төр ч бичнэ, нэг дугаарт 7-8 материал оруулах ч үе байсан. Хааяа төлөвлөгөө тасрахад хүрэхэд Эмүжингээ зэмлэнэ, авьяаслаг, уран сайхны задгай сэтгэлгээтэй, сэргэлэн тэрээр хэдхэн цагийн дотор баруун, солгойгүй арваад юм бичиж орхиод хэсэг алга болно.

Цаг, наранд баригддаг өдөр тутмын сонинд тууштай ажиллана гэдэг амаргүй ээ. “Өнөөдөр”-т Ц.Хулан манай албанд ирмэр маягтай болсноо тоостой шилэн дээр “Баяртай, би явлаа” гээд биччихсэн байж билээ. “Яруу найрагчийн амьдрал чухам юу руу түүнийг дуудсаныг хэн мэдлээ.

“Өнөөдөр”-ийн олон сэтгүүлчийн алийг нь дурдах билээ. Бүгдээрээ л авьяаслаг, тууштай, сэтгүүл зүйн төлөө төрсөн юм шиг хүмүүс байж дээ. Өнөөдрийн “Өнөөдөр” өчигдрийн “Өнөөдөр”-ийн бүрэн нэр төртэй эзэд болж яваад өчүүхэн бичгийн хүн би бахдаж, баясаж, ололт амжилтад нь баярлаж явдаг юм аа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД