Завхан аймгийн Отгон суманд 55 градус хүрч хүйтэрчээ

2016 оны 02 сарын 05

Энэ өвөл нэлээд хүйтэрч, ойр ойрхон цас хялмаалан, зузаан нь нэмэгдэж буй. Үүнээс болж бөхөн, хар сүүлт болон бусад зэрлэг амьтад идэш тэжээлгүй болж, осгон үхэж байгаа юм.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогтоос хэр хүйтэрч буйг тодруулахад “Энэ онд Завхан аймгийн Отгон суманд 55 градус хүрсэн нь хамгийн хүйтэнд тооцогдож байна.

Өнгөрсөн сарын дундуур болон сүүлчээр хүйтний эрч чангарч, Идэр, Тэсийн сав, Завхан голын эхээр шөнөдөө 43-48, өдөртөө 33-38 градус хүрсэн.

Мөн Увс нуурын сав, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Халх голын сав газарт шөнөдөө 38-43, өдөр 25-30 градус байсан” гэлээ. Өмнө нь Увсын Зүүнговь суманд 56 градус хүрч байсан нь манай оронд хамгийн их хүйтэрсэн тохиолдол болжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн зун нэлээд халан, Баянхонгор аймгийн Эхийн гол орчимд 40 хэм хүрчээ. Харин Дархан-Уул аймагт наймдугаар сарын 18-нд 71 мм хур тунадас орсон нь өнгөрсөн зуны дээд үзүүлэлт байв.

Э.НУМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД