Ажилч хичээнгүй байгаад саар бүхнээ хорьж чадвал мичин жил бидэнд ач ивээлээ үзүүлнэ

2016 оны 02 сарын 04

“Манба дацан” хийдийн тэргүүн, билгүүн номч хамба лам Д.Нацагдоржтой айлчлан ирж буй “муу нүүрт” хэмээх гал мичин жилийн өнгө хийгээд зурхайн ёсны талаар ярилцсанаа хүргэе.

-Монголчууд эртнээс тухайн жилийнхээ өнгийг тандаж, ирээдүйн ажил амьдралаа тодорхойлсоор ирсэн. Гал мичин жил зурхайн зурлагад хэрхэн бууж байна вэ. Жилийн өнгө, ноён нуруу ямар байх бол?

-Зурхайчид жилийн өнгийг шороон үхэр, боовны үр, цасан чихрийн амт зэрэг зурлагуудыг үндэслэн тодорхойлж, ерөнхий төлөв байдлыг нь гаргадаг. Айлчлан ирж буй гал мичин жилд хаврын сарын дунд, сүүл үеэр салхи шуурга ихтэй, хуурайшилтай байх нь. Зундаа хур бороо бага, гандуу байх төлөвтэй ч зарим нутгаар хүчтэй мөндөр орно гэж зурлагад бууж байна.

Үр тариа, ургамал ногооны хувьд ургац сайнгүй байх тул тариаланч, малчин ард хадлан тэжээлээ бэлтгэж, тариа буудайгаа тарихдаа цаг агаараа шинжиж, зохицуулж ажиллахаас гадна газар нутаг, лус савдгаа тахиулах хэрэгтэй. Мөн энэ жил малын халдварт өвчин дэлгэрэх магадлал буй.

Дээд зиндааны хүмүүсийн хувьд тэмцэл, бухимдал, хямралдааны нигууртай бол дунд болон доод тушаалтан, ард иргэдэд ээлтэй, амгалан жил болох шинжтэй. Жилийн өнгө, ноён нурууг сайжруулдаг ганц зүйл нь засал.

Тиймээс монгол түмэн маань шинийн нэгний өглөө улс эх орон хөгжөөсэй, ард иргэд нь амар амгалан байж, төр, засаг нь олон сайхан үйлсийг барцад саадгүй бүтээгээсэй гэж хүсэн, жилийн ямар нэгэн сөрөг үр дагавар байвал бүгд ариусах болтугай, дэлхий ертөнц амар амгалан байгаасай хэмээн ерөөл тавьж, засал номоо хийлгэвэл саар зүйлсээс ангижирна.

Бид засал ном хийлгэдэггүй, гариг эрхсийн нөлөөг ойшоодоггүйгээс бэрхшээл, тотгортой учирдаг. Үүнийг сайн тунгаан бодож, хүн бүр гүрэм заслаа хийлгэх хэрэгтэй. Хувь хүн эрүүл саруул, энх тунх байж гэмээнэ улс үндэстэн эрүүл оршин тогтноно шүү дээ. Бар жилтнүүд дүнсэрийн (их харш жилтний) засал заавал хийлгэх хэрэгтэй.

Гахай, туулай жилтэй хүмүүст шишид (бага харш жил) таарч буй. Дүнсэр таарч буй нь Жанцанзэнмүбүнжин, шишид таарч буй нь Ногоон дарь эхийг уншуулах хэрэгтэй. Мэнгэ голлож буй хүмүүс мэнгэний заслаа сайн хийлгээрэй.

Энэ жил хоёр хар мэнгэтэй хүмүүсийн мэнгэ нь голлож буй. Төмөр суудалд суусан хүмүүс хэл ам, аваар осол, хэрүүл тэмцэлд өртөж, бэртэж гэмтэх аюултай учраас Цагааншүхэрт, Дорждэрэм, Ханчиннагва, Чойжоо дүгжү уншуулна.

Ес, 21, 33, 45, 57, 69, 81 настай хулгана жилтнүүд гүймэгийн засал хийлгэж, Нанжид, Жанаггагдог, Дашзэгвэ зэрэг ном уншуулаарай. Шинэ төрж буй хүүхдэд заавал ном уншуулдаг уламжлалтай.

Энэ ёсоороо Банзрагч, Цэнд Аюуш, Загджү-сүм, Бумчин номыг уншуулбал зохино. Бөөр, нуруу, сав, хэвлийн өвчтэй хүмүүс энэ жил онцгойлон анхаарал, сэрэмжтэй байх ёстой. Учир нь сэдрэх, хүндрэх магадлал өндөр.

-Шороон үхрийн зурлагыг тайлбарлахгүй юу?

-Зурхайн зурлага маш нарийн онолын үндсэн дээр бий болдог. Онолыг зургаар илэрхийлэн тайлбарлаж байна гэж ойлговол зохилтой. Шороон үхрийн зурлагаар үхэр тууж буй буй хүний дүр зураг гардаг.

Үхэрчний шилбүүр нь хаашаа чиглэсэн, ямар өнгөтэй, сүүлнийх нь хэлбэр ямар байна вэ зэрэг олон зүйлийг нь шинжиж, тухайн жилийн өнгийг тодорхойлдог .

 

... 10 хар нүглийг тэвчвээс, улс үндэстэн амар амгалан болж, хөгжин дэвжинэ. Нүгэл үйлдээд буй учраас хувь хүний болоод улс үндэстний амьдрал доройтож буй юм.

Хүмүүс нэгнээ хөнөөж, хулгай дээрэм хийдэггүй бол шорон, цагдаагийн сургууль ямар хэрэгтэй юм бэ.

Дээр үед байдаггүй байсан шүү дээ. Бурхны шашин Монгол Улсад ид хөгжиж байх үед монголчууд хулгай хийдэггүй байсан. Хошуу нутагт хоёрхон хулгайч байсан учраас шорон гяндангийн хэрэг ч байгаагүй.

Энэ бүгдээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүний ухамсарт буй муу үйлдлүүдийг засахын төлөө төр ч, ард иргэд нь ч хичээх хэрэгтэй ...

 

-Өнгөрөн одох гэж буй “галзууруулагч” хэмээх хонь жилд олон хүн галд өртөж, амь насаа алдсан тохиолдол гарсан. Саяхан нэгэн иргэн өөрийгөө шатаахыг завдсан шүү дээ.

Үүний учир шалтгааныг тухайн жилийн “галзууруулагч” хэмээх тодотголтой нь холбон үзэх хүмүүс байна. Ингэж үзэх үндэс бий юү. Мичин жилийг “муу нүүрт” хэмээн тодотгоод буйн учир юу вэ?

-Жаран жил бүр өөрийн гэсэн нэршилтэй. Нэгэнт “муу нүүрт” хэмээн тодотгож, оноочихсон учир иргэд онцгой анхаарч, сайн засал хийлгэх учиртай юм. Гал мичин жилд юу ч тохиолдох магадтай шүү гэдгийг бидэнд сануулж буй хэрэг.

Үүнээс айгаад байх зүйлгүй. Жаран бүрийн өнгө байдлыг илтгэсэн тодотгол бүхий оноосон нэр нь тохиох магадтай үр нөлөөг гарцаагүй илэрхийлсэн байдаг. Тухайн жилийн өнгө хүн бүрийн амьдралд өөрөөр нөлөө үзүүлдэг.

Тиймээс тохирсон заслаа хийлгэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, буян үйлдэж, 10 хар нүглийг тэвч гэсэн үг. Амьтны амь хороох, хулгай хийх, чалчаа муу үг хэлэх, худал ярих нүглээс хол байж, хэлний дөрвөн гэмийг хорьж, хорлолтой сэтгэл үүсгэхгүй байх хэрэгтэй.

Жилийн өнгийг үл ойшоож, гариг эрхсийн нөлөөллийг хамаагүй мэтээр харж, тоомжиргүй бүү ханд. 10 хар нүглийг тэвчвээс, улс үндэстэн амар амгалан болж, хөгжин дэвжинэ. Нүгэл үйлдээд буй учраас хувь хүний болоод улс үндэстний амьдрал доройтож буй юм.

Хүмүүс нэгнээ хөнөөж, хулгай дээрэм хийдэггүй бол шорон, цагдаагийн сургууль ямар хэрэгтэй юм бэ. Дээр үед байдаггүй л байсан шүү дээ. Бурхны шашин Монгол Улсад ид хөгжиж байх үед монголчууд хулгай хийдэггүй байсан. Хошуу нутагт хоёрхон хулгайч байсан учраас шорон гяндангийн хэрэг байгаагүй.

Энэ бүгдээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүний ухамсарт буй муу үйлдлүүдийг засахын төлөө төр ч, ард иргэд нь ч хичээх хэрэгтэй. Манай улс тусгаар тогтнолоо зарлаад байх тэртээ цаг үед Гэгээрлийн яам байгуулсан.

Ард түмнээ гэгээрүүлж, оюун санааг нь эрүүлжүүлэх хэрэгтэйг ойлгосон, мэдэрсэн ном чадалтай хүмүүс яамныхаа нэрийг өгөхдөө хүртэл ач холбогдол өгч, гэгээрлийн гэж тодотгосон байдаг. Одоо бид өөрсдийгөө гэгээрүүлэх хэрэгтэй. Гэгээрнэ гэдэг нь бие, хэл, сэтгэлээр үйлддэг нүглүүдээ хорихыг хэлж буй хэрэг.

Хорьж, хазаарлаж чадсан цагт бид хэрүүл тэмцэлгүй, үзэн ядах сэтгэлгүй, ёс зүйтэй болно. Үүнийг дагаад нийгэм амар амгалан болж, өвчнөөс ангижирна. Өвдөөд буйн шалтгаан нь нисванисийн мунхаг сэтгэл, гурван хор шүү дээ.

Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Улс үндэстнээ амар амгалан байлгаж, хөгжин дэвжье гэвэл бие, хэл, сэтгэлийн муу үйлийг тэвчиж, сайн үйлийг дэлгэрүүлэх хэрэгтэйг дахин дахин хэлмээр байна.


-Жилийн ерөнхий төлвийг агуулж буй тэдгээр хоч нэршлийг хэн, хэрхэн, ямар аргаар оноодог юм бэ?

-Гэгээрэлд хүрсэн хүмүүс жилүүдийн өнгө байдлыг шинжээд гаргачихсан байдаг юм. Нэг үгээр бол тухайн жилд ямар нөлөө байна гэдгийг урьдчилж мэдээд жаран жилийн өнгийг зурахад бүх жил өөр өөрийн онцлогтой гардаг байна.

-Мичин жилд нар идэвхжиж. хууч өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрнэ. Мөн мичин жил зуд турхан дагуулдаг гэх билиггүй үзэл иргэдийн дунд бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Муу үйлийг зөв үйлдэл, сэтгэлээр дардаг. Бид аливааг муугаар харж, итгээд байвал биелэх магадтай. Тиймээс би муу зүйл яримааргүй байна. Ярих аваас олон зүйлийг өгүүлж чадна. Ард түмнийхээ сэтгэлийг үймүүлэх хэрэггүй болов уу.

Сэтгэлдээ бодоод, залбираад явбал болно. Монголчууд сайн сайхан явья гэж бодож байвал айлчлан ирж буй мичин жилээ сайнаар бодож, хүлээж авах хэрэгтэй.

Ажилч хичээнгүй байгаад саар бүхнээ хорьж чадвал мичин жил бидэнд ач ивээлээ үзүүлнэ.

-Мич нь бар жилтнүүдийн хувьд харш жил байдаг. Тэгэхээр бар жилтэй хүн бүхэнд халтай гэсэн үг үү?

-Тийм. Тэгэхээр бар жилтнүүд гүрэм заслаа хийлгэж, ном уншуулаарай.

-Төр амгалан бол түмэн олон амгалан гэдэг. Гал мичин жил төрийн түшээд болоод улс эх оронд ямар нөлөө үзүүлэх бол?

-Улс орноо амгалан байлгая гэвэл төрийн түшээд бодьсадвагийн явдлаар явах хэрэгтэй. Энэ нь амин хувийн эрх ашгийг огоорч, зөвхөн бусдын төлөө эрдэм ном, хүч чадлаа зориулах ёстойг хэлж байна. Мөн л 10 хар нүглээ хорих хэрэгтэй болно.

Энэ жилийн сонгуульд оролцох нөхдүүд бодьсадвагийн явдлаар явна гэдгээ ард түмэнд зарлачихвал Монголын төр ариусч, цэвэршинэ. Бодьсадвагийн зам мөрөөр явж буй хүн хэзээ ч худал хэлж, хулгай хийн, хүнд суртал гаргадаггүй. Хүний төлөө урсаж, хайлж, уйлж, яс мах нь шархирч зүтгэдэг юм.

Би лам хүнийхээ хувьд тэдгээр нүглийг тэвчиж яваа. Энэ төрөлдөө болоод бурханы хутгийг олох хүртлээ амьтны амь таслахгүй, хороохгүй гэдэг ерөөл тавьсан. Монгол Улсын эрүүгийн хууль, хүний амь настай холбоотой заалтуудыг би мэдэхгүй. Нүгэл үйлдэхгүй, хийхгүй учраас надад унших шаардлага байхгүй.

Би зөвхөн үйлийн үрийн хууль буюу гэм нүглийн уршгийг мэддэг учраас амар амгалан амьдарч байна. Би урт насална, удаан жаргана, хариу нь тэгж ирнэ. Монголын төрд зүтгэх гэж буй хүмүүс 10 хар нүглийг сайн судалчихаад, суудлын төлөө өрсөлдөх хэрэгтэй.

Бодьсадва гэдэг ойлголтыг лам нар болоод сүжигтэй хүнд хамаатай асуудал гэж битгий том эндүүрээрэй. Энэ нь нийгмийг ариусгадаг хамгийн гол зүйл юм. Бодьсадва нарын сэтгэл, үйлдэл нь маш даруухан ч үйлс агуу том байдаг юм.

Олон бодьсадва хоорондоо тэмцэлддэггүй, хийх зүйлээ хийгээд, хамгийн хүнд хэцүү зүйл рүү ч ханцуй шамлан зүтгэдэг юм. Сэтгэлээ гэгээрүүл, оюун санаагаа цэвэршүүл, бодьсадвагийн ариун явдлыг унш гэж зөвлөе.

-Манай ард түмэн шинийн 15-нд багтаж засал номоо уншуулбал жирийн өдрүүдэд гурван сарын хугацаанд ном уншуулсантай тэнцдэг хэмээн чухалчилдаг. Энэ хугацаанд амжиж хийлгэж чадаагүй тохиолдолд яах ёстой вэ?

-Бурхан багшийн их дүйчин өдөр хийсэн буян арвижиж, нэг ном уншуулахад 100 үржсэнтэй тэнцэх буян хураадаг гэдэг үүднээс сүсэгтэн олон шинийн 15-нд амжиж заслаа хийлгэхийг хичээдэг. Гэхдээ хэдийд ч заслаа хийлгэж болно.

Би ном судар уншсаар нэг чухал зүйлийг олж мэдсэн. Юу гэхээр, монголчууд арванхоёр болон зургадугаар сарын 22-ны өдөр буян үйлдэж, гүрэм заслаа сайн хийлгэх хэрэгтэй юм билээ.

Тэр өдрүүдэд олон гариг эрхсийн нөлөөлөл, ад болон гэг тотгор, муу ёрын үзэгдлүүд, лус савдгийн хорлолуудын хуваарилалт бий болж байдаг юм. Сайн нь сайнаараа, муу нь муугаараа биднийг чиглэн ирдэг.

Сайныг тосож аваад, мууг нь хариулах үйлийг тэр үед хийх боломжтой юм. Засал бол аливаа саад бэрхшээл, муу муухай бүхнийг арилгадаг код юм. Кодтой юмыг ойлгохгүй байж таамаглаж, муулж болохгүй. Шинжлэх ухаан гариг эрхсүүдийн байрлалыг тогтоогоод, судалж байна.

Гэтэл бурхны шашин түүнийг аль хэдийнэ тогтоогоод, судалчихсан. Тэдгээрээс нэг зүйлийг онцгойлон авч үзсэн нь гариг эрхсийн сайн, муу нөлөөг тогтоосон явдал. Гариг эрхэс нь хүнийг өвчлөхөд нөлөөлдөг гэдгийг хүртэл тогтоочихсон. Түүнээс хэрхэн аврагдахыг ч хэлээд өгчихсөн байна шүү дээ.

Бид түүнийг нь зөрчөөд яах билээ. Мууг нь л хүртэнэ шүү дээ. Одоогийн хүүхдүүд засал хийлгэх хэрэггүй юм шиг ойлгодог нь буруу. Коммунист, социалист, ардчилсан ямар ч тогтолцоотой нийгэмд байх хамаагүй, хүмүүн заяат хэн бүхэнд гариг эрхэс нөлөөгөө үзүүлдэг.

Тэдгээрийг нь өөртөө шингээн авч, өвдөж зовох уу, аль эсвэл урьдчилан сэргийлээд амар амгалан байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй.

-Шинийн нэгний өглөө хүн бүр зам мөрөө гаргах учиртай юу. Үүнийг зөвхөн гэрийн эзэнд хамаатай мэт ойлголт түгээмэл байдаг.

-Нутаг нутгийн онцлог байдаг юм шиг байна лээ. Хэрвээ гэрийнхээ бүх гишүүдийн ноён нурууг даачихаар номтой чадалтай хүн байвал тэднийхээ өмнөөс зам мөрийг нь гаргачихаж болно л доо.

Бүгдийг нь даана гэсэн үг шүү дээ. Эрдэм чадалтай бол өмнөөс нь мөрийг нь гаргачих, чадахгүй бол бусдад битгий гай садаа болоорой гэж захья.

-Үхрийн мах идэж, газар шороо хөндөж болохгүй гээд зурхайд биччихсэн байлаа гэж бодъё. Тэгтэл аж амьдралын онцлогоос шалтгаалаад үүнийг зөрчих тохиолдол гарвал яах вэ. Хэрхэн зохицуулах ёстой бол?

-Гариг эрхэс, лус савдгийн хувьд нөлөөтэй байгаа үед л газар хөндөхийг тэвчих хэрэгтэй. Гэтэл газар хөндөж, ганц ч мод хугалаагүй байтал лус савдгийн хорлол бидэнд ирэх магадлалтай. Тэр хорлолоос болгоомжилж, лус савдгийнхаа номыг уншуулаарай гээд байгаа юм.

Бид тэр хорлолыг хүлээж авахад амар амгалан байдал үгүй болдог. Хорлогдчихоод, эсвэл хорлохоос нь өмнө гүрэм засал хийлгэчихвэл өгсөн өргөдлөө буцаан авч буйтай адил номын хүчээр хорлолыг үгүй болгочихож байгаа юм.

Бид зөвхөн үхрийн бус ямар нэгэн амьтны махыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг. Мах иддэг хүн бүр амьтны амь бодож буян үйлдэх хэрэгтэй. Бид түүнийг хийдэггүй, мэддэггүй. Ном эрдэмтэй, сүжигтэй хүмүүс бол амьтны амь таслан байж мах идэж буйдаа харамсан маани тарни уншиж, хариуг нь барьдаг.

Гэтэл тэр амьтны маханд амиа нэхсэн, нүдэнд үзэгдэхгүй үйлийн үр явж байдаг. Тэр нь биднээс үйлээ нэхдэг. Чи намайг идэж байгаа учраас одоо надад буян хий, үгүй бол би чамаас амиа нэхнэ гэж ханддаг юм.

Бид амьтны амь хөнөөхөд үр төлөөсөө ямар нэгэн байдлаар өгдөг. Зарим нь үүнийгээ ч мэддэггүй. Тухайлбал, амьтны амь хөнөөснөөр нас богиносож эрт нас барна, өвдөж шанална. Тиймээс буянаар хариу барьж, идэж ууж буй хоол идээндээ хүндэтгэлтэй хандан, буян үйлдэж, маани унших хэрэгтэй.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.42.93 Ямар маань унших вэ махан хоол идэхдээ хэлж өгөөч