Д.ДАВААНЯМ: АГШНЫГ АЛДАЖ БОЛОХГҮЙ НЬ МИНИЙ ҮҮРЭГ БАЙЛАА

2016 оны 02 сарын 03

Амьдралын бодит үнэн, болсон үйл явдалд тулгуурлан хийсэн богино болон бүрэн хэмжээний бүтээлийг баримтат кино гэдэг. Баримтат киног дотоод, гадаадад болж байгаа түүхэн үйл явдлыг үзэгчдэд шуурхай мэдээлэх зорилготой кино мэдээ болон ямар нэг сэдэв, дүрийг тодруулсан бүрэн хэмжээний баримтат кино гэж хоёр ангилдаг.

Баримтат кино нь жүжигчингүй, тайз засаж чимэглэдэггүй зэргээрээ уран сайхны киноноос онцлог. Манай улсад 1935 оны аравдугаар сарын 11-нд Сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Үндэсний кино үйлдвэрийн газрыг байгуулсан нь кино урлаг хөгжих үндэс болсон.

Тус үйлдвэрийн анхны бүтээл нь Майн нэгний 47 жилийн ойд зориулсан “1936 оны Майн нэгэн” нэг бүлэгт баримтат кино байжээ. Улмаар 1954 оноос кино мэдээ хийж эхэлжээ. Үндэсний кино үйлдвэрийн газар (1957 онд Монгол кино үйлдвэр нэртэй болсон) байгуулагдсан цагаасаа 2000 он хүртэл 700 гаруй бүрэн хэмжээний баримтат кино бүтээсэн байна.

Монголын баримтат киноны түүхэнд тодоор бичигдэх Б.Дашдорж, Б.Дэмбэрэл, Д.Довдон Д.Цэнддорж, М.Болд, Р.Занабазар, С.Баасанхүү, Т.Чимэд Ц.Наваан, Ц.Зандраа, Ч.Гомбо, Ш.Ооёо зэрэг чадварлаг зураглаач, найруулагч олон. Тэдний нэг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Давааням. 90 нас дөхөж яваа тэрбээр амьдралынхаа 60 орчим жилийг баримтат кинонд зориулсан.

Тэрбээр улсынхаа бүх аймаг, сум, нэгдэл, сангийн аж ахуй, үйлдвэрээр явж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, баяр наадам, ган зуд, гамшиг зовлон бүгдийг нь дурандаа буулгажээ.

1974 оноос эрдэмтэн, судлаач, малчин зэрэг төрөл бүрийн хүмүүстэй хамтарч мал аж ахуй, газар тариалан, түүхийн сэдвээр шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино хийсэн нь хойч үеийн залууст чухал гарын авлага болоод зогсохгүй түүхийн үнэт бүтээл ажээ.

Д.Даваанямын кино урлагт оруулсан гавьяаг үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух, Алтан гадас одон болон Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байна. Баримтат киноны талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Баримтатын Давааням гэхээр кино урлагийнхан таныг андахгүй юм билээ. Яагаад баримтат кино хийх болсон юм бэ?

-Би уг нь хуулийн мэргэжилтэй. Зураг гоё зурж, гэрэл зураг авах авьяастай байсан болохоор ажлынхаа шугамаар Батлан хамгаалах яам, Цагдан сэргийлэх газрын тухай баримтат кино хийсэн. Тэр үеэс л баримтат кино хийх гараагаа эхэлсэн.

Би Монгол кино үйлдвэрт 1956 онд ажилд орсон юм. Туслах зураглаачаар ажиллаж байгаад 1974 оноос баримтат киноны ерөнхий найруулагч, зураглаач болсон. Баримтат кино бол улсын амьд түүх шүү дээ.

Тухайн үед төрөөс олон сэдвийн хүрээнд баримтат кино хийх тогтоол гаргаж, улсын төсвөөс санхүүжүүлдэг байлаа.

-Та мал аж ахуйн сэдвээр олон кино хийсэн. Сайн малчнаас дутахааргүй их мэдлэг, туршлагатай болсон биз дээ.

-Олон хүн надаас ингэж асуудаг. Нутаг нутгийн сайн малчидтай уулзаж, их зүйл мэдсэн ч өөрийн биеэр үзэж байж туршлагатай болно. Тиймээс мал маллах арга ухааны талаар сонссоноос цаашгүй.

Кино урлагт хайртай болохоор малчин болох тухай бодож байгаагүй. Мал аж ахуйн сэдвээр “Бэлчээрийн шим”, “Адуучин”, “Яргуйн шим”, “Сүргийн бэлчээрт”, “Өвгөдийн эрдэм”, “Төлийн бэлтгэл, хээл хамгаалалт”, “Малын хамуу”, “Эргүү өвчин”, “Хачиг” гээд 20 гаруй кино хийсэн.


Үүнээс гадна гахай, тахиа, туулай, зөгий, загас үржүүлэх зэрэг туслах аж ахуй, газар тариалан, цаг уурын сэдвийг ч хөндсөн. Мөн “Манай орны нэг өдөр”, “Ю.Цэдэнбал Иранд”, “Гамшиг”, “Өвөл өнжихгүй”, “Гурван Тамирын нутгаар”, “Хорго” зэрэг улс төр, аж үйлдвэр, байгалийн дурсгалт газар, ардын баатруудын талаар 30 гаруй баримтат кино бүтээжээ.

Малчин бүрийн арга туршлага өөр. “Гамшиг” киноны үеэр их цасан дороос өвс олж идэж байгаа хонины зураг авах гэтэл хэдэн хонь өвс иддэггүй. Тэгсэн эзэн нь духан дээр нь хөө түрхтэл өвс идэж байна. Гайхаад учрыг нь асуутал цас орохоор хялман хонины нүд гялбаад юм хардаггүй юм байна.

Хөө түрхчихээр сүүдэртээд юм хардаг гэнэ. Тэр хонины зургийг авахдаа би хөөгөөр хөмсөг зурсан. “Сүргийн бэлчээрт” киног хийж байгаад өвөл нэг малчныд очтол үхрүүдийнхээ эвэрт уут угласан байв. Учир нь үхрийн эвэрт нь мэдрэлийн судаснууд байдаг болохоор их даардаг аж.

Үхрийн сүүл өвөл хөлдөөд хавар дулаарахаар хугардагийг тэр үед л мэдсэн. Увс аймгийнхан өвөл малын хашааг цасаар барьдаг байсан. Цасыг дагтаршуулж хашаа шиг болгоод дотор талыг нь хайлуулж хөлдөөдөг. Модон хашаанаас дутахгүй дулаан юм гэсэн. Хавар нь хайлчихна. Хашаа зөөж ажил болохгүй амар юм билээ.

Нэг хэсэг үхрийн хамар их гууртаж, энэ талаар баримтат кино хийхээр Төв аймгийн нэг малчинтай уулзлаа. Тэдний үхрийн ихэнх нь гуургүй байсан. Туршлагатай малчин болохоор зун салхигүй халуун өдөр үхэртээ хужир идүүлдэг юм байна.

Олон үхрийн хөлөнд хужир бужигнаж хамар руу нь орохоор найтаахад гуур нь сугараад гарчихдаг гэнэ. Тухайн үед мал эмнэлгийнхэн үхрийн хамар руу тариа тарьдаг төхөөрөмж Германаас багагүй үнээр авчирсан.

Туршлагатай малчид энгийн аргаар малаа эмчилж байгаа биз. Би малын хачигны тухай кино хийх хүртлээ хачгийг хаанаас үүсдэгийг мэддэггүй байлаа. Бага байхдаа хачгийг тэнгэрээс унадаг гэж боддог байсан. Киноны зураг авахаар хөдөөний саахалт хоёр айлд очсон. Нэгнийх нь мал хачигтай, нөгөөгийнх нь хачиггүй.

Өвгөн малчин хавар гурав, дөрвөн сард хачиг гарах үеэр малаа салхи сөргүүлж, дэнж газар бэлчээдэг. Нөгөө залуу малчин нь учир мэдэхгүй болохоор малаа өндөр дэрстэй газар хариулдаг юм байна. Хачиг дэрсний ёроолд үрждэг болохоор дэрсээр дамжин малын арьсанд шигддэг. Энэ мэтчилэн янз бүрийн зүйл үзэж, сонслоо.

Сайхан мэргэжлийнхээ ачаар яваагүй аймаг, очоогүй сум байхгүй. 60 орчим жил ажиллахдаа 80 гаруй киноны ерөнхий найруулагч, зураглаачаар ажилласан. Бусад уран бүтээлчтэй хамтарч 400 гаруй кино хийжээ.

Тухайн үед баримтат киноны уран бүтээлчид их нэр хүндтэй байлаа. Кино урлаг хөгжиж, бас унахыг үзлээ. Насаараа хийсэн ажил минь одоо хэнд ч хэрэггүй шахам болжээ. Юм хуучирч хоцрогддог нь цаг хугацааны жам юм даа.

-Тэгж бодож болохгүй шүү дээ. Та түрүүнд баримтат кино бол улсын амьд түүх гэсэн. Түүх хэзээ ч хуучирдаггүй гэдэг биз дээ. Залуу малчид таны кинонуудыг үзвэл их мэдлэг туршлага олж авна. Бүтээлүүдийг тань Архивын ерөнхий газарт хадгалж байгаа биз дээ?

-Уг нь тийм л дээ. Баримтат кино үгүй бол түүх устаж байна гэсэн үг. Олон жилийн өмнөх баримтат киног залуучууд нэг их сонирхдоггүй бололтой. Хэрэгтэй хүмүүс нь үзье гэхээр телевизүүдээр бараг гарахгүй юм. Үзвэл сурах мэдэх зүйл их бий.

Хүмүүсийн туршлага, эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлаж хийсэн үнэн бодитой баримтат бүтээл шүү дээ. Баримтат киног залуучуудад хүргэх талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хэдэн удаа захидал бичсэн. Тоогоогүй.

Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивт миний бүтээлүүд бий. Архивынхан кинонуудаа видеогоор хуулж байгаа. Буриад өтлөхөөрөө хэлмэрч, сайд өтлөхөөрөө Элчинд гэдэг шиг хөгширсөн ч зүгээр суугаагүй.

Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивт зөвлөхөөр ажиллаж байна. Миний кинонд гарч байгаа хүмүүсийг манай залуучууд бараг танихгүй. Тиймээс кинонд гардаг хүмүүсийн овог, нэр, ажил мэргэжил, нутаг, түүх, туршлагыг нь хэлж өгдөг ажилтай.

Камер бариад зураг авч чадахгүй болохоор яая гэх вэ. Ингээд ч болтугай тус нэмэр болж байвал болно доо.

-Таныг дайны тухай баримтат кино хийж яваад шархадсан гэдэг юм билээ. Тэр талаар яриач.

-1968 онд байх аа Вьетнамын дайны тухай “Тэмцэж буй Вьетнам” гэдэг кино хийсэн. Тухайн үед “Үнэн” сонинд ажиллаж байсан Мишигдорж бид хоёр хамт Вьетнам явав. Дайны талбар дээр зураг авч байтал тэсрэх бөмбөг дэлбэрээд би өртсөн. Мишигдоржийг ирэхэд зургийн аппаратаа тэвэрчихсэн ухаангүй хэвтэж байсан гэсэн.

Бөмбөгний хэлтэрхий хөлөнд шигдсэн байж. Азаар гайгүй өнгөрсөн. Бид хоёр Соёлын яамны төлөөлөгч гээд хилээр гарсан юм. Тэгсэн би очоод зураг авч байгаад баригдаж, тэнд таван сар болоод Монголд ирсэн. Мишигдорж миний аппарат хэрэгслийг аваад түрүүлээд буцаж байлаа.

-Баримтат киноны зураглаачийн гол чадвар юу байх шаардлагатай вэ?

-Агшныг алдаж болохгүй нь миний үүрэг байлаа. Ялангуяа түүхэн үйл явдлын тухай баримтат киноны үеэр агшин бүрийг алдаж болдоггүй. Хоёр улсын удирдагчдын чухал уулзалтын талаар кино хийж байгаа бол тэдний гар барих агшныг алдахгүй байх жишээтэй.

П.ТУНГАЛАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
70.194.70.183 Rudolf ovoo
202.179.11.98 халуун тугалганд хайруулаад авчээ өвгөн ах ихийг үзсэн өнгөрүүлсэн сайхан ах байна
182.160.37.54 Хөөрхөн өвгөн байна.
202.21.106.165 Myndag xvn