Д.Батмөнх: Антарктидын цэнгэг агаар, усны шидээр бие эрүүлждэг

2016 оны 02 сарын 02

Манай улс Антарктидын гэрээнд өнгөрсөн оны гуравдугаар сард нэгдэж, уг баримт бичгийг хэрэгжүүлэх 53 дахь улс болсон.

Техникийн ухааны доктор, Антарктид судлалын нийгэмлэгийн гишүүн Д.Батмөнх тус тивийг өнгөрсөн арванхоёрдугаар сард зорьсон юм.

Тэрбээр Ливингстоны аралд Монгол Улсын бааз байгуулах газрыг нарийвчлан тогтоож, судлаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Антарктид тивд очсон Монгол Улсын долоо дахь судлаач боллоо. Тэнгэр, газар, далайгаар явж, их урт зам туулсан байна. Зорьсон хэргээ бүтээгээд ирсэн биз дээ?

-Би Кыргыз, Турк, Болгар, Итали, Аргентин, Чили улсыг дамжиж, Антарктидын Ливингстоны аралд хүрсэн. Ази, Европ, Африк зэрэг таван тивээр явахдаа нийт 60 мянга орчим км зам тууллаа.

Ливингстоны аралд очиж, Болгарын олон улсын Антарктид судлалын 24 дүгээр багийнхантай хамт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-28-нд Монгол Улсынхаа бааз байгуулах газрын хил заагийг тодорхойлж, газрын өндөр нам, байрлалын гурван хэмжээсийг тогтоож, зорьсноо биелүүлээд ирлээ.

Үүнээс гадна цаг агаарын болон олон төрлийн судалгаанд оролцсон. Ганц би очоод бүгдийг шийдээд, хийчихсэн хэрэг биш шүү. Өмнө нь энэ аралд судалгаа хийсэн Л.Дүгэржав, А.Батболд, Д.Ганбаатар, Х.Пүрэвбаатар нарын маань нөр их хөдөлмөр шингэсэн.

Мөн Гадаад хэргийн яам, Монгол Улсаас Болгар улсад суугаа Элчин сайд, профессор Л.Дүгэржав, Усны ассоциацын гүйцэтгэх захирал Н.Батсүх, нарийн бичгийн дарга Д.Ганбаатар, Антарктид судлалын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чинбат нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

-Олон хоног урт зам туулахад бэрхшээлтэй зүйл их тохиолдов уу?

-Онгоцоор 10 гаруй цаг нисэж, далайд хонон өнжин, дайвалзаж явахад тийм ч амар биш. Номхон болон Атлантын далайг холбосон Магелланы хоолой, Андын нуруугаар явж, Өмнөд, Атлант, Номхон далайн уулзвар болох Дрейкийн хоолойг давсан.

Усан онгоцны ахмад Дрейкийн хоолойг амжилттай давсны баталгаа болох гэрчилгээ олгодог юм билээ. Энэ хоолойд халуун, хүйтэн урсгалын нөлөөнд үүссэн 10-40 метрийн хүчтэй давалгаанаас болж, усан онгоц маш их дайвалздаг.

Харин биднийг явах үед цаг агаар сайхан байлаа. Дээрх газруудыг 1300 орчим км явж туулсан. Ер нь далайд явахдаа биеэ сул тавьж, тайван байх хэрэгтэй. Ирж, очихдоо далайд долоо хоног явсан.

Буцах замдаа Десепшн арал дээр цөөн хоног цуглардаг хэдэн сая оцон шувуу харахад их сонирхолтой байлаа. Мөн Антарктидад очиход далайд маш том мөсөн уулс тааралддаг. Эдгээр мөсөн уул хаанаас салхилна тэр зүгт шилждэг. Маш хүчтэй салхилдаг гэсэн үг.

Биднийг Ливингстоны арал дээр очиход Болгар болон Испани улсын баазын ойролцоо асар том мөсөн уул байсан юм. Тэр уул хоёр хоногийн дараа алга болсноо буцаад ирсэн. Буцахын өмнөх өдөр тэр уул нураад асар их мөсний хэлтэрхий далайн эргээр тарж, явах аргагүй болсон мэт санагдсан.

Гэтэл маргааш нь юу ч болоогүй мэт бүх мөсний хэлтэрхий алга болсон. Салхи цэвэрлэж, давалгаа хамсан хэрэг. Далайд болон Антарктид тивд эрүүл чийрэг бие, амьсгалын зөв хуваарилалт маш чухал, сэтгэл санаагаа ч тайван байлгах хэрэгтэй.

Салхины нягт их учраас зөв амьсгалахгүй бол хоолойны өвчтэй болох цаашлаад дотор эрхтнүүдээ хөлдөөх, далайн өвчин тусах зэрэг олон аюул тохиолдож болно. Зарим судлаач уушгиа хөлдөөсөн тохиолдол ч бий.


-Тус тивд анх хөл тавихад ямар байсан бэ. Төсөөлснөөс хэр байв?

-Антарктид тивд газардахад хэмжээлшгүй их цас, мөсөн дээр л хөл тавьсан. Ямар ч соёл иргэншил, барилга, байгууламж, чимээ шуугиангүй. Том мөсөн уулс, хязгааргүй цас, далайг харахад үлгэрийн оронд ирсэн мэт санагдсан.

Мэдээж очихоосоо өмнө хэдэн жил энэ тухай судалж, тэнд ажиллаж байсан хүмүүстэй уулзсан болохоор төсөөлснөөс хол зөрөөгүй. Манай улс дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай болохоор монголчууд хаана ч явсан дасан зохицох чадвартай гэдгийг биеэр мэдэрлээ.

Халуун орны хүмүүс тэнд очвол цоо шинэ ертөнцөд хөл тавьсан мэт санагдах байх. Хоёр жилийн өмнө Антарктид тивд хүрэх чиглэлээ бичиж, тэмдэглэж байсан юм. Бичсэн чиглэлийнхээ дагуу яваад ирсэн.

-Антарктидад ямар амьтан, ургамал байдаг вэ. Хүйтэн болохоор ховор байх даа?

-Тэнд оцон шувуу, далайн хав, халим, хоёр, гурван төрлийн шувуу, олон төрлийн загас, сам хорхой бий. Зун болж байсан тул зарим уулын оройд хагд шиг ургамал байсан. Ихэнх уул, өндөр оргилууд нь мөнх цаст болохоор ургамал, амьтан байхгүй.

Ливингстоны арал дээр байрлах Испанийн баазад шинэ барилга барьж буй учраас 60 орчим, Болгарын бааз дээр 20 гаруй хүн байсан. Ойр орчимд өөр хүнгүй. Үнэхээр зэлүүд газар.

-Цаг агаар нь ямар байсан бэ. Таны биед ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Антарктидад XI-II сар хүртэл зуны улирал болдог. Энэ үед шөнө болдоггүй, үргэлж гэгээтэй байдаг. Харин хойд туйлд энэ хугацаанд харанхуй өдрүүд үргэлжилдэг. Антарктидад цаг агаар нь хоногоор байтугай цаг, минутаар өөрчлөгддөг. Нэг удаа цаг орчим маш дулаахан болж, 16 градус хүрсэн нь гайхалтай хэрэг байлаа.

Заримдаа юу ч харагдахгүй болтол шуурна. Тэр үед баазын гадна байвал амиа алдах аюултай. Тэнд очсон хүмүүс сэтгэлзүйгээ л маш тайван, тогтвортой байлгах хэрэгтэй юм билээ. Хязгааргүй орон зайд очиход, сэтгэл санаа ч түүнийг дагадаг байх.

Цэнгэг агаар, цэвэр усны шидээр бие эрүүлжиж, ядрахаа ч больж, идсэн хоол ч маш сайн шингэсэн. Бид буцахдаа Десепшн арал дээр цуглардаг оцон шувуудыг үзэхээр 20 орчим км цас, мөстэй өндөр уул, толгодоор алхаж, 10 орчим цаг хоол, ундгүй явахад огт ядраагүй. Байнга л хүйтэн ус ууна шүү дээ.

Хүн ер нь хатуу ширүүн уур амьсгалд дасаад ирэхээр хөнгөн хувцас өмсөж, даарахаа больдог юм билээ. Цэнгэг агаарт байж, цэвэр ус ууна гэдэг эрүүл байхын гайхамшиг. Тэнд ямар нэгэн вирус байхгүй учраас эрүүл байхаас гадна өмссөн хувцас ч хир тортог болохгүй.

Бидний эрүүл амьдрах гарц бол байгаль орчноо хамгаалах л юм. Буцах үед Аргентинд гурав хоноход 38-40 градуст огт халууцаагүй. Хүний бие эрс тэс зүйлстэй учирч, түүнийг даван туулчихаараа тийм болдог юм шиг. Очсон хүн бүрт мэдрэгддэг нийтлэг өөрчлөлт шүү.

-Дэлхийн дулаарлаас болж Антарктид тивийн цаг агаар өөрчлөгдсөн үү?

Далайн урсгалууд халуун болон хүйтэн усыг дэлхий даяар байнга шилжүүлэн түгээж, дулаан болон хүйтэн агаар, хур тунадасыг эх газарт хүргэдэг юм. Энэхүү шилжилт хөдөлгөөн нь дэлхийн гадаргын уур амьсгалыг зохицуулах үүрэгтэй.

Тиймээс л дэлхийн өмнөд болон хойд туйлыг судлах нь цаг агаарын өөрчлөлтийг хянах ач холбогдолтой байдаг. Сүүлийн жилүүдэд Антарктидад их хэмжээний цас орж буй.

Энэ нь цаг уурын дулааралтай холбоотойг судлаачид тогтоосон бөгөөд дэлхий даяар зуны улиралд хэт халах, өвөл их хэмжээний цас орж, хүйтрэх үзэгдэл ажиглагдах болсон. Дэлхийгээ урт хугацаанд оршин байлгахыг хүсвэл дор бүрнээ байгаль орчноо хайрлан, хамгаалах хэрэгтэй.

-Манай улс Антарктидын гэрээнд нэгдсэнээр ямар эрх эдэлж, үүрэг хүлээх вэ?

-Антарктидад бааз байгуулж, судалгаа хийх, бусад орны эрдэмтэн, судлаачидтай мэдээлэл солилцох эрхтэй болсон. Үүргийн хувьд зөвхөн судалгаа, шинжилгээ хийж, бусад орны эрдэмтдэд мэдээлэх ёстой. Ер нь Антарктид судлалд монголчууд оролцож буй нь нэр төрийн хэрэг.

Энэ тивийг судлах нь дэлхийн үүсэл, хөгжил, цаг агаарын өөрчлөлтийг тогтоох, хүн төрөлхтний ирээдүйн хэрэгцээний ус, байгалийн баялгийн нөөц болон танин мэдэхүйн олон мэдээлэлтэй болох ач холбогдолтой.

Дэлхийн цэвэр усны 80 гаруй хувь тус тивд байхаас гадна идэш тэжээл, байгалийн асар их баялагтай. Бид энэ бүхнээс хуваалцах албан ёсны эрхтэй улс боллоо гэсэн үг.

Жишээлбэл, Өмнөд далайд криль гэдэг сам хорхой шиг амьтан маш их бий. Антарктидийн крилийн био масс нь дэлхийн хүн амын тооноос их гэдгийг эрдэмтэд баталсан. Энэ нь хүнсний асар их нөөц.

-Манайх баазаа Болгар, Испанийн баазын дунд байгуулахаар болсон гэсэн. Хэдий хэмжээний газартай болсон бэ. Цахилгаан, ундны ус, хоол хүнсний асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ?

-Баазаа байгуулаад, чингэлгээ байрлуулахад хангалттай хүрэлцэх газартай болсон. Хүсвэл тэлсэн ч болно. Тэнд танайх газраа томсголоо, багасгалаа гэх хүмүүс байхгүй. Газраа томсголоо гээд түүгээр явах, олон байгууламж барьж, эрчим хүчээр хангах боломжгүй.

Манай бааз байгуулах газар Болгарынхаас нэг, Испанийн баазаас хоёр км орчим зайтай. Бааз байгуулахад судлаачдаас гадна цахилгаан, ус, хоол хүнсний асуудал хариуцсан ажилтан, мэргэжлийн эмч ч хэрэгтэй. Арав орчим хүн ажиллаж, байрлах баазтай болчихвол болох юм.

Болгарын бааз хоногийн 70 хувьд түлшээр, үлдсэн цагт нар, салхины эрчим хүчээр дулаанаа хангаж, хийн зуух хэрэглэдэг юм билээ. Манай бааз байгуулах газарт цэвэр устай нуур бий. Тэндээс усаа татдаг.

Хоол хүнсэндээ аминдэм, илчлэг ихтэй бүтээгдэхүүн идэх хэрэгтэй. Хүнсээ Чили улсаас бэлдэж, савлаад тусгай усан онгоцоор авдаг юм байна.

-Бааз байгуулахад эхний ээлжинд 250 мянган ам.доллар хэрэгтэй гэсэн. Эдийн засаг хүнд үед улсаас энэ хэмжээний хөрөнгө гаргах болов уу. Дотоодод шийдэх шаардлагатай олон асуудал байгаа шүү дээ.

-Юутай ч судлаад, тайлан материалаа бэлдээд ирсэн, Засгийн газарт танилцуулна. Намайг судалгаагаар явахад, Болгарын Засгийн газраас ихэнх зардлыг дааж, багахан хэмжээний зардлыг нь Антарктид судлалын нийгэмлэг, Усны ассоциац, бизнес эрхэлдэг нөхөд маань гаргасан. Улсаас нэг ч төгрөг аваагүй.

Бага зардлаар баазаа байгуулахын тулд боломжит бүх аргыг хайж байгаа. Сая очихдоо Испанийн баазаас чингэлэг авах тухай ч ярьсан. Энэ хэмжээний хөрөнгө, мөнгө гаргаад, Монгол Улсынхаа баазыг тэнд байгуулж, уртын дуугаа эгшиглүүлэхийг хүссэн хүн ч бий.

-Антарктид тивд дэлхийн цэвэр усны ихэнх нөөц бий юм байна. Тэгвэл манай улсын цэвэр усны нөөц хэр байна вэ. Өнгөрсөн онд та “Усны бодлого хөгжлийн нөөц” нэртэй ном гаргасан байсан.

-“Ус чандмань эрдэнэ” гэсэн үг бий. Гэвч амьдрал дээр хүмүүс усаа ариг гамтай хэрэглэж чадахгүй байна. Олон улсад “Ус ба байгаль орчин” гэдэг уриан дор усны асуудлыг авч үздэг. Усны нөөцдөө тулгуурлаж, барилга, байгууламж, үйлдвэр барьж, нарийн төлөвлөгөө гаргадаг.

Манайд ийм бодлого даанч дутагдаж байна. Улсын цэвэр усны нөөцийн хоёр хувийг гүний, үлдсэнийг нь гадаргын ус эзэлдэг. Гэтэл хүн амын олонх нь амьдардаг Улаанбаатар хотын усны хэрэгцээг гүний усаар хангасаар байгаа юм. 2030 он гэхэд нийслэлийн хүн ам 1.7 саяд хүрэх судалгаа бий.

-Нийслэлчүүдийн усны эх үүсвэр болох Туул голын бохирдол дээд цэгтээ хүрч, ширгэх аюул тулгарч буйг судлаачид хэлэх боллоо.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд хамгийн их бохирдсон голуудыг нэрлэхэд Туул эхний тавд багтсан. Туул гол Монгол Улсын гадаргын усны стандарт дахь зөвшөөрөгдөх хэмжээнээс жилд 10-29, өвөл, хаврын улиралд 40-100 дахин илүү бохирдох болсон тухай судалгаа бий.

Хүний зохисгүй үйл ажиллагаанаас болж л унаган төрхөө алдаж буй. Ер нь 2025 он гэхэд усны бохирдлоос болж дэлхийд 3.5 тэрбум хүн усаар дутагдах аюулд орно гэсэн тооцоо байдаг юм. Одоогоор 700 сая хүн бохир уснаас ундаалж байна гэсэн баримт ч бий. Туул голын бохирдол зөвхөн усандаа биш, хөрсөндөө ч байгаа.

Эргэн тойронд нь байрлах арьс, ширний үйлдвэрээс гарсан олон төрлийн химийн бодис тухайн газрын хөрс, усанд шингэсэн байдаг. Тиймээс ус, хөрс хоёуланг нь цэвэрлэх ёстой.

Органик бичил биетүүдээр цэвэрлэх, химийн бодис шахаж хөрсний бохирдлыг бөөгнүүлэн ялгаж авах, цэвэр агаараар үлээлгэж бохирдлыг хөөх зэрэг олон арга байдаг. Мөн гол бохирдуулж буй бүх элементийг судалж, эх үүсвэрүүд дээр нь хаалт тавьж бохирдуулагч бодисыг шүүж болно.

Голын эргэн тойронд байгаа үйлдвэрүүдийг 100 хувь нүүлгэх шаардлагатай. Эрүүл мэндээ хохирооё гэвэл ингээд амьдраад байж болно. Хэчнээн хөрөнгө, мөнгө байгаад эрүүл мэндээ худалдаж авч чадахгүйг төр, засгийнхан ойлгож эртхэн арга хэмжээ авмаар байна.

Өнөө үед асуудал болоод байгаа цэвэрлэх байгууламжийг шинээр барихад доод тал нь 5-6 жил шаардлагатай. Энэ хооронд бохирдол улам ихсэж, АСЕМ болоход өмхий үнэртэйгээр л олон орны Ерөнхийлөгч, зочид төлөөлөгчийг угтах нь.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.204.193 Уншууртай сайхан ярилцлага байна. Тэр дундаа ярилцлагын эзэн Д.Батмөнх доктор үнэхээр мундаг эрдэмтэн байна. Амжилт хүсье.