Б.Ангирмаа: Боловсрол бол ЗОЧИН, хүмүүжил бол ЭЗЭН

2016 оны 02 сарын 01

“Төмөр хатагтай” Б.Ангирмааг “Хүмүүс” булангийнхаа зочноор урилаа. Хэнээс ч, юунаас ч хамааралгүй өөрөөрөө байж чаддаг энэ эмэгтэй дотроо юу бодож явдгийг сонирхсон юм.

Ая зохиогч, дуучин, продюсер гээд Б.Ангирмааг тодорхойлох үг олон. Харин тэрбээр өөрийгөө ”Урлаг шүтчихсэн хүн” гэж тодорхойлов.

-Та “Монгол дуу дэлхийд” төслийн шүүгчээр ажиллаж байгаа. Энэ төслийн ач холбогдлын тухай яриач?

-БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн санаачилгаар хэрэгжиж буй төсөл л дөө. БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгионы “Doly’s production” хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ төслийн шүүгчээр ажиллах саналыг Б.Долгион ах тавьсан.

Дэлхий дахинд биднийг арай өөрөөр таниулж, сурталчилж болохуйц төсөл юм. Монголчууд бид хөгжимлөг, аялгуулаг хүмүүс. Монгол дууны ая, шүлэг нь уран тансаг. Бид түүнийг гадаадад таниулахыг хүсэж байгаа юм.

Ахынхаа зохион байгуулж буй төсөлд хамтран оролцож байгаадаа баяртай байна. Төслийн шүүгч Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог, дуучин К.Номинжин нартай ажиллаж байгаа. “Universe best songs” уралдаанд оролцогчид хүн төрөлхтний сайн мэддэг дууг дуулж өрсөлддөг.

Харин “Монгол дуу дэлхийд” уралдаанд Монголынхоо хит дууг гадаад хэлээр дуулан өрсөлдөж буй юм. Уралдаан дөрвөн үе шаттай явагдаж, төгсгөлийн гала тоглолтын үеэр шилдэг оролцогчид тодорно.

-Монгол хэл үгийн баялаг сантай. Дууны шүлгийг гадаад хэл рүү хөрвүүлэхэд хүндрэл гарч байна уу. Оролцогчдын гадаад хэлний мэдлэгийг давхар шалгах уу?

-Эхний шатанд оролцогчид өөрсдөө дууныхаа үгийг орчуулж өрсөлдсөн. Харин хоёрдугаар шатанд оролцогчдын сонгосон дууны үгийг дуучин К.Номинжин орчуулж эхэлсэн.

Өөрөө дуучин хүн учраас шүлгийг хөгжмийн нугалаа, авиатай зохицуулан орчуулж байна. Дууг аль болох хүмүүсийн чихэнд сонсголонтой байлгах шаардлагыг бид тавьж байгаа юм. Дуунуудыг хэт эвдэж болохгүй шүү дээ.

-Оролцогчдын сонгосон ихэнх дуу алтан болоод дунд үеийн уран бүтээлчдийнх байсан. Тэр үеийн дуунууд өнөөгийнхөөс аялгуу сайтай болохоор тэр байх, тийм үү?

-Нэг ёсондоо тийм. Дууг продюсер Б.Долгион ах сонгосон. Тэр үеийн дуунууд тансаг аялгуутай, хүмүүсийн чихэнд сонсголонтой байдаг. Дагаад аялахад ч сайхан. Одоогийнх шиг хэлбэр хөөгөөгүй, агуулга сайтай шүү дээ.

-Уралдааны явцад шүүгчид оролцогчдоо хуваан авч, продюсерлэнэ гэж байсан. Тэгэхээр шүүгчид бас хоорондоо өрсөлдөнө гэсэн үг үү?

-Хоёрдугаар шатанд оролцогчдоо хуваан авч, ажилласан. Амжилттай болсон.

-Цаашид хамтран ажиллах боломжтой, таны шалгуурыг давж чадахаар оролцогч байна уу?

-Тоож байгаа нэг оролцогч байгаа. Гэхдээ одоо хэлмээргүй байна. Уралдааны дүн гараагүй энэ үед хэлэх хэрэггүй байх. Биеэ тоочихно.

-“Киви” хамтлагаас гадна дуучин С.Хишигжаргалтай ажиллаж байгаа. Шавь нараар нь сонин юутай вэ?

-Өнгөрсөн намар Ц.Намууны “One moment” цомгийг гаргасан. Арваннэгдүгээр сард Д.Уламбаярын “11/06” цомгийг сонсогчдод хүргэлээ. Эдгээр цомгийг сурталчлах ажил хийгдэж байна.

Удахгүй “Киви”-гийнхэн ажлаар Солонгос руу явах байх. Мөн С.Хишигжаргалын “I’m Khishgee” цомгийг бас гаргасан.

-Нэг үеэ бодвол “Киви”-тэй ажиллахад амар болчихсон уу. 12 жил урлагийн тогоонд чанагдчихсан хүмүүс шүү дээ.

-Тийм шүү. Амар байна. Сүүлийн үед “Өөрсдөө учраа олоорой” л гэдэг болсон. Маш их зүйл заасан. Манай гурав маш сайн сурсан. Одоо бол биеэ даачихсан. Намайг ядраахгүй байхыг хичээдэг болсон байна билээ.

Жижиг сажиг асуудлыг надгүйгээр шийдчихдэг. Адаглаад л амралтын өдөр ажиллахгүй, сэтгэл санаа зовоохгүй байхаа мэддэг болчихсон.

-“Киви”-гээ овоо боловсруулчихаад, одоо “Кактус” ургуулаад байна уу?

-Ундармаа, Дулмаа, Отгонжаргал гэж гурван охинтой ажиллаж байна. Оюутнууд л даа. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийж байна. Олны өмнө гаргах болоогүй. Бэлтгэл маш их хийх хэрэгтэй.

Туршлага хуримтлуулах хэрэгтэй. Ёс зүй, харилцаа, хөгжмийн мэдлэгт суралцах ёстой. Нэг үгээр одоохондоо бэлэн болоогүй хүүхдүүд. Яарах хэрэг байхгүй.

-2004 онд “Киви” хамтлагтай ажиллаж эхэлсэн үетэй харьцуулахад “Кактус”-ын охидод арай зөөлөн хандаж байх шиг байна.

-Яг үнэн. Хамаагүй зөөлөн хандаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хэт их зүтгэжээ. Одоо ажил, амралтаа хослуулах хэрэгтэй юм шиг байна. 12 жил уйгагүй хөдөлмөрлөлөө. “Киви”-гийн гурав ч тэр. Одоо тайван, алгуур ажиллахыг хүсэж байна.

“Кактус”-ын охидын нас ч залуу байна. Хоёр жил дарж байгаад гаргасан ч болохоор. Тэгээд ч би өөрөө их тайван болчихож. Жаахан залхуу ч болоод байх шиг. Өөртөө цаг зав гаргахыг хичээж байна.

Эрүүл мэнддээ анхаарч, сайн амарч байхгүй бол болохгүй юм байна. Би ямар дээрээс тушаал авсан цэрэг биш дээ. Жаахан алгуур, тааваараа ажиллахад буруудахгүй биз дээ. Гэхдээ яаж ч алгуурласан үр дүн чанартай, даацтай л байх ёстой.

-Нэг хэсэг “Банана” гээд хөвгүүдийн хамтлаг гаргахаар ажилласан. Яагаад үргэлжлүүлж ажиллаагүй юм бэ?

-“Банана”-тай гэрээ байгуулаад ажиллах боломжтой байсан. Б.Наранзун тэдний хөгжмийн продюсерээр ажиллаж байлаа. Би ч “Киви”-тэй нэлээд ачаалалтай ажиллаж байсан үе таарсан. Тэгээд л Б.Наранзунд тэр хамтлагийг даатгасан.

Хамтлагийн нэрээ “Hotspot” болгон өөрчилж, эхний цомгоо гаргасан шүү дээ. Боловсролтой, дажгүй залуус. Би нэг юмаа л барьж авч, түүнийгээ тууштай хийхийг хүсдэг хүн. Олон тийшээ самгардахаар үр дүн муутай санагддаг.

Нэг их шавьтай болчихоод, тэднийх нь хэн нь ч өөдөө гарахгүй бол хэрэггүй шүү дээ.

-Та “Миний дуулаад хүмүүст хүргэж чадаагүй дуунуудыг С.Хишигжаргал дуулахаар хит болчих юм” гэсэн дээ. Таны хэчнээн дууг дуулчихав?

-Харин тийм. Нийгэм нь арай өөр юм байлгүй. Би ямар сүйдтэй сайн дуулдаг байсан ч биш дээ. Продюсер хийх л сонирхолтой байсан. Мэдрэмжиндээ их тулгуурладаг, бусдын стиль, имиж тодорхойлох дуртай байлаа. Миний мэдрэмж ч алдаж байгаагүй.

“1968 он” цомгийн ихэнх дууг хүүхдүүдээрээ дуулуулаад дуусчихлаа. “Чиний харцанд” дууг “Киви”, “Хайрын совин”-г С.Хишигжаргал дуулчихсан. Одоо “Кактус” бас нэг дууг маань дуулах гээд бэлдэж байна.

Тэр нь ч хүмүүст илүү хүрч байх шиг. Миний эвлэгхэн дуулчихдаг байсныг эд илүү донжтой дуулж байх шиг байна. Одоо өөрт дуулах хүсэл байхгүйгээс хойш өөр хүнээр дуулуулахад юу нь буруу байх вэ дээ.

-Тэгэхээр таны дуунууд цагаасаа өмнө төрчихсөн юм биш үү?

-Ганц хоёр хүмүүсээс ийм үг сонсож л байсан. “Хэтэрхий эрт зохиочихсон юм биш үү” гэж. Дуунуудынхаа үгийг харахад хаа байсан 1995 онд “Blue jeans”, “68 он” гээд л этгээд үгтэй дуунууд биччихсэн.

Тийм ч болохоор шүүмжлэлд их өртсөн. Хүмүүс ойлгоогүй. Тэгээд л урам хугарсан. Гэхдээ гуниагүй, харин ч хурцлагдсан. “Тэр үед зохиосон дуунуудаа одоо зохиосон бол хит болох байсан шүү” гэж хэлдэг хүмүүс бий.

-Та яагаад тоглолтоо хийдэггүй юм бэ?

-2002 онд Бөхийн өргөөнд “Ах дүү ая зохиогчид” гээд тоглолт хийсэн. Тэрнээс хойш тоглолт хийгээгүй 15 жил болох гэж байна. Хоёр жилийн өмнө тоглолт хийе гэсэн давилуун сэтгэл төрсөн. Найз нөхөд ч дэмжээд л. Гэхдээ бас л зориглоогүй.

Нуугаад яах вэ, эдийн засгийн энэ хямрал бас нөлөөлсөн. Хүмүүс хямарч байхад би тоглолтоо хийх нь хаашаа ч юм. 15, 20 мянгаар тоглолтой биш. Өөрийнхөө хийсэн, бүтээснийг тэгж үнэлмээргүй байна шүү дээ.

Тоглолт хийвэл дорвитой, суурьтай, гаргууд хийх хэрэгтэй. Зүгээр нэг урсгаад өнгөрөх биш, давалгаалуулах хэрэгтэй. Бодсон зүйлс бий л дээ. Одоо хийе гэсэн бодол минь оргилсон хэвээрээ л байгаа. Хямралыг ажиглаж байна.

Харамсалтай нь, улам л хүндрээд байх шиг. Дээр нь уржнан тоглоё гээд зориглож байтал Д.Өлзий-Орших тоглоно гэхээр нь больсон. Энэ жил тоглох гэсэн чинь Н.Халиуныг тоглолтоо хийнэ гэхээр бас л больчихсон.

Би өөрийнхөө төлөө гүйж чаддаггүй хүн шиг байгаа юм. Хүний төлөө болохоор ичиж зовохоо ч мэдэхгүй гүйчихнэ. Тэгсэн хэрнээ өөрийнхөө төлөө болохоор чадахгүй, хулмагначихдаг. Яах вэ, яарах юм байхгүй. Хөгширчихөөгүй байна.

Уран бүтээл нь байгаа, би өөрөө намагт живчихээгүй байгаа л юм чинь тоглолтыг хэзээ ч хийсэн болно.

-“Төмөр хатагтай” гэж цоллуулаад удчихжээ. Энэ нэрэнд эмзэглэж байв уу?

-Энэ нэр нэг талаар зүгээр санагддаг юм. Би ажилдаа хариуцлагатай ханддаг, шаардлага өндөртэй, дээр нь зарчимч. Тийм болохоор ингэж нэрлэсэн байх. Намайг амжилтад хөтөлсөн хоч, хаяг шүү.

Энэ бол яагаад ч худлаа ярих хүн биш гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн хоч юм даа. Хүмүүс энэ нэрийг сонсоод айж эмээхээс илүү, итгэлтэй хүн гэж боддог.

-Ийм зарчимч хүн болоход гэр бүл, өссөн орчны тань нөлөө их байв уу?

-Манайх их нямбай айл байсан. Их цэмцгэр. Эцэг эхийн маань нөлөө асар их байсан. Б.Долгион ахын биеэ авч яваа байдлыг хар л даа. Яг л манай ээж ааваас улбаалсан хүмүүжил.

-“Хамгийн анх зохиосон дуугаа нэрлээч” гэсэн асуултад дандаа өөр өөр дуу нэрлэсэн байдаг юм билээ. Анхны дуугаа санадаггүй юм уу?

-Дээр үед өдөрт нэг битгий хэл дуу зохиодог байлаа. “Сэтгэл догдлуулсан орой”, “Бороо”, “Тал нутаг” гээд аль ч нь яг анхных юм мэдэхгүй. Сэтгүүлчид асуудаг л юм, алийг нь түрүүлж зохиосон бэ гээд. Би ч яг алийг нь гэхээ мэдэхгүй тэр гээд л нэг нэр хэлчихдэг юм.

-Ямар үед таны онгод орж, сайхан аялгуу төрдөг бол?

-Онгодоо олж мэддэггүй юм. Нэг их сонин мэдрэмж төрдөг. Би байхгүй юмыг их хүсдэг. Цастай үед бороог хүснэ, өвөл болохоор зуныг хүсдэг, овлигогүй, сониучхан зантай. Ер нь их саваагүй.

Яг л тийм байхгүй зүйлийг өөрөөсөө нэхэхэд онгод ордог. Ямар сайндаа л “Бороо” дуугаа өвөл зохиох вэ дээ.

-Таны дотоод сэтгэл гаднах байдлаасаа тэр өөр юм шиг. Энэ нь таны дуунуудаас харагддаг?

-Миний дотоод сэтгэлийн илэрхийлэл бол дуу. Би уг нь их уяхан шүү дээ. Тэгж харагддаггүй л байх. Залуудаа их романтик хүн байлаа. Одоо бол консерватив үзэлтэй, прагматик хүн. “Киви” бол миний залуу нас. Миний найзууд андахгүй дээ. Миний доторх ертөнц “Киви”-гээр ил гарсан.

-Тэгвэл “Кактус” хамтлаг Б.Ангирмаагийн юуг илэрхийлэх юм бэ?

-Одоо шалгаж л байна. Юу ч байж болно. Хүүхдүүдийг таньж мэдэхэд, хамтран ажиллахад цаг хугацаа хэрэгтэй. Өөрийгөө олоогүй, өөртөө итгэх итгэлгүй хүүхдүүдийг хүч чадалтай болгох, яахаа ч мэдэхгүй байхад нь өөрийгөө хөгжүүлэх боломж олгож байна.

Бусдын төлөө сэтгэл гаргаж ажиллачихаад тэрнийхээ үр дүнг харж, сэтгэлийн таашаал авах сайхан. Би тийм л хүн юм шиг байгаа юм.

-Одоогийн стиль, имижээсээ уйдахгүй байна уу?

-Залуудаа их загварлаг байлаа. Хаана л шинэ содон юм гарна, тэрийг олоод л өмсчихдөг байлаа. Урлагт хөл тавьснаасаа хойш биеэ цэнэдэг болчихсон. Энэ стилиэ өөрчлөхгүй их л удаж байна даа.

Намайг зөвхөн миний хувцаслалт илэрхийлэхгүй. Намайг миний дуунууд л илэрхийлнэ. Сахилгагүй зан чанар маань тэндээс харагдана.

-Та цаг цуглуулах хообийтой хэвээрээ юү. Цуглуулга тань хэр арвижиж байна вэ?

-Хэвээрээ. Зүүдэг нь долоо, найм. Хадгалдаг гучаад юм бий.

-Бас чулуун гоёл сонирхдог байх аа?

-Тийм ээ. Байгалийн чулуу л зүүдэг. Миний үйлчлүүлдэг газар ч бий. Хиймэл юманд дургүй.

-Та ганцаараа амьдарч байгаа юу?

-Тийм.

-Ганцаарддаг уу?

-Заримдаа.

-Ямар үед?

-Эртний дурсамж бодогдох үед. Би 220 мянгатад өссөн. Тэр үеийн 220 мянгатын орчин, сагсны шийд, гадаа талбай, ээж маань цонхон дээрээ намайг харуулдаад зогсож байгааг, аав нүдний шилээ зүүгээд ном уншин сууж байгааг, гадаа найзууд маань тоглож байгаа нь санагдахад их ганцаарддаг.

Бусад үед ганцаардах зав гардаггүй. Олон ангит кино үзчихнэ, фэйсбүүкээр аялаад зугаацчихна. Бас хөгжим сонсох их дуртай. Харин ном уншихаа больсон. Их залхуу болж байгаагийн шинж байх.

Номын эхэн, дунд, сүүл хэсгийг нь уншаад л нэг иймэрхүү ном байна гээд ойлгочихно. Сүүлд “Үзэхийн хязгаар”-ыг ч тэгж л уншсан. Ном уншихаас илүү интернэтээр аялах нь зугаатай санагддаг болчихож.

-Ганц бие амьдралаас залхахгүй байна уу?

-Их зүгээр санагддаг. Би их эрт хүнтэй суух байсан юм. 16 настайдаа юм уу даа. Манай гэр бүлийнхэн зөвшөөрөөгүй. Тэгээд л дахиж хүнтэй сууя гэсэн бодол төрөөгүй. Залуустай зугаалаад л, наргиж явсан хөдөлгөөнтэй үе надад бий.

Улаан-Үд рүү оюутан болж яваад л энэ бүх зүйлээс холдчихсон. Удалгүй урлаг руу өөрийн мэдэлгүй орчихсон. Боловсрол бол зочин, хүмүүжил бол эзэн гэдэг үнэн.

Бас ганц бие байх нь ажилтай холбоотой. Би урлаг шүтчихсэн. Урлагийг л нэгдүгээрт, өөрийгөө хоёрдугаарт тавьж ирсэн. Одоо ч тийм.

-Таныг тамирчин болох гэж байгаад урлагт уруу татагдсан гэдэг юм билээ. Тэр тухай яриач?

-Тамирчин болох бодлыг минь аав маань өөрчилж, урлагийн хүн болгосон. Анхны төгөлдөр хуурыг аав минь авч өгч байлаа. Ингээд л дуу зохиож эхэлсэн. Төгөлдөр хуур, гитарыг өөрөө оролдож байгаад л сурсан. Өөрөө л сонирхож шүлэг бичиж, ая зохиосон. Дуулах гэж ч ядсан. Хувь тавилан ийм л байсан гэж боддог.

-“100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв” гэж үг бий. Найз чанартай, цөөхөн байх ёстой ч гэдэг. Харин та юу гэж боддог вэ?

-Цөөхөн, чанартай найзтай байсан нь дээр. Завсрын хүмүүс нэг л мэдэхэд амьдралаас яваад өгчихдөг. Багаасаа нөхөрлөсөн найзууд үлдчихсэн л байдаг. Бүх зүйл үргэлж сайхан, дардан байна гэж байхгүй.

Муудаж, сайдах үе бишгүй. Нэгэндээ гомдоно, тунина, уйлна, тэврэлдэнэ, бас нэгнээ хамгаална, хайрлана. Нөхөрлөл тиймдээ л сайхан.

-Таны дотно найзууд тантай адил зан чанартай хүмүүс байдаг уу?

-Ер нь тийм шүү. Мундаг бүсгүйчүүд байдаг.

-Та их хатуу үгтэй. Цаад хүнээ гомдоочихно гэж боддоггүй юу?

-Нялганаад байж чадахгүй. Дургүй хүрээд байгаа бол хэлэхгүй л бол тайван сууж чаддаггүй. Тэгээд их ширүүн үгээр хэлчихнэ. Хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь энүүхэнд. Аргадаж хэлэх нь их ховор.

Тэр нь намайг “Төмөр хатагтай” болгодог. Гэхдээ надад хамаагүй. Би худал хэлээгүй. Өөрт нь л хэрэгтэй шүү дээ.

-Продюсер мэргэжлээр гарын шавь бэлдэхгүй юм уу?

-Д.Уламбаярт тийм санал тавьсан. Багшлах хэрэгтэй, продюсерийн ажил хийх хэрэгтэй ч гэж хэлээд л байгаа. Нөгөө хоёроо бодвол хүмүүстэй харилцаа сайтай, бусдыг зохион байгуулж ажиллах чадвартай.

Хамтлагийнхаа, өөрийнхөө уран бүтээлийг хүмүүст хүргэж чадаж байна гэдэг чинь продюсерийн ажил хийж байна л гэсэн үг шүү дээ. Ука маань чадна.

-Д.Уламбаярын хүү таныг эмээ гэж дууддаг юм билээ. Эвгүй байна уу?

-Ука төрөнгүүтээ утсаар ярьсан юм. Их догдолсон. Хүүд нь би үнэхээр хайртай. Одоо би чинь “Ангираа эмээ” болсон шүү дээ.

Би ч өөрөө дуртай. Зүгээр дээ. Хүүхэд намайг эмээ гэж дуудлаа гээд би биш болчихгүй. Миний сэтгэл санаа, оюун ухаан залуугаараа байна. Нас бол тоо шүү дээ.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.242.59 Ангирмаа мундаг эмэгтэй байна,харин ”Монгол дуу дэлхийд”шоуг Киви -ийн хар нь нэг залуутай хөтөлж байгаа харагдсан.Тэр эмэгтэй шоу-г үзэгчдэд хүргэж байгаа гэдгээ огт ойлгоогүй ямарч бэлтгэлгүй ,үзэгчдийг үл хүндэтгэсэн харагдах нь өөрийг нь”хөөрхий дөө”гэж бодоход хүргэсэн.Ухаан муутай эмэгтэй байна даа гэж бодогдсоноо нуух юун.
202.179.25.7 ЭМЭЭ ГЭЖ ДЭЭ . ӨВӨӨ БОЛЦО БАЙЛГҮЙ
202.179.25.7 Таны хариулт ...ug ni huntei suuhgui bgaad huuhedtei bolvol zugeer uurt n hani bolood
  • 2016 оны 02 сарын 04
202.179.25.7 Ajild n amjilt husie tanii zan zugeer uuriinhuuruu bh n saihan.
  • 2016 оны 02 сарын 04
202.179.25.7 Archaagui amitan bitgii tenegt chi bolovsrolgui baagii ve chi
  • 2016 оны 02 сарын 02
67.225.110.105 MUNDAG EMEGTEI ... Hundeldeg .
67.225.110.105 Tiim shuu mundag
  • 2016 оны 02 сарын 02