ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

2016 оны 02 сарын 01

-Бүтээлчээр хариуцлага тооцдог байхыг Ерөнхийлөгч сануулав-

УИХ-ын пүрэв гаригийн чуулган 12.00 цаг өнгөртөл хуралдаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах, эсэхийг хэлэлцсэн билээ. Сандал суудал тойрсон асуудал хэлэлцэх болохоор манай түшээд ажилдаа тун идэвхтэй ирдэг.

Энэ өдөр ирц 100 хувь бүрджээ. Уг парламент байгуулагдсан цагаас ийм ирцтэй хуралдсан түүх бараг үгүй юм. Төсөлтэй холбогдуулж 40 гаруй гишүүн асуулт тавьж, санал хэлсэн учраас хуралдаан нэгдүгээр сарын 29-ний баасан гариг хүргэж сунжрав.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах Г.Уянга нарын санаачилсан тогтоолын төсөлд тусгасан гол үндэслэл Дубайд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсантай холбогдож буй.

Ингэснээр Оюутолгойгоос Монгол Улсын хүртэх ашгийг хойшлуулсан хэмээн буруутгасан билээ. Гишүүд энэ талаар түлхүү тодруулж, МАН болон төсөл санаачлагчид “яллах”, үлдсэн нь “хамгаалах” талын байр суурь илэрхийлсэн юм.

Улстөржилтөөс болж Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогсвол улс орон, ард түмэн хохирно. Ийм байдал нь хөрөнгө оруулагчдыг үргээнэ, уг ордыг ашигласнаар олон мянган хүн ажлын байртай болсон, өгөөжөө өгсөн гэх мэтээр АН-ынхан үг хэлсэн бол МАН-ынхан Ерөнхий сайдын алдааг шүүсэн.

Гишүүд үг хэлсний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн далд уурхайн санхүүжилтээр цаашдаа манай улсад зургаан тэрбум доллар орж ирнэ. Энэ бол ДНБ-ий тэн хагас, улсын хоёр жилийн төсөв.

Оюутолгойн асуудлыг цаашид улс төртэй хутгаж, ард түмний хүлээлт рүү ус цацмааргүй байна. Оюутолгойг цааш хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар цээжний бангаар гаргачихаагүй юм. Монгол Улсын иргэдээсээ асуусан. Нийт 365 мянган иргэний 60 хувь нь Оюутолгойг хөдөлгө гэж саналаа өгсөн” гэлээ.

Уг хуралдаанд оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бас үг хэлсэн. Тэрбээр “Албан тушаалтнаас хариуцлага асуух ёстой. Гэхдээ иж бүрэн байх учиртай. Өнөөдөр гишүүдийн ирц сайн байгаа тул би санаагаа товч хэлье.

Цаашид ийм асуудлыг хэлэлцэх гэж буй бол Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болох нь зүйтэй. Өмнөх Ерөнхий сайдаа унагаад дараагийнхыг хайдгаа зогсооё. Сууж байгаа модоо тайрахын оронд түүнийг ургуулдаг болъё.

Үүнийг бүтээлчээр хариуцлага тооцох гэж хэлдэг. Гишүүд нэгдэн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах санал тавьж байгаа бол дараагийн Ерөнхий сайдын нэрийг мөн оруулах ёстой. Аливаа асуудлыг шийдэхдээ муу жишгийг өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг дэвшил гэдэг. Одоо энэ дэвшлийг бид хийх цаг болжээ” хэмээсэн юм.

Үүний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад огцруулах шаардлагагүй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Ih hurliin gishuud huuli durem heleltseh bolohoor ajildaa irdeggui baij hunii ul shagaih bolohoor 100% tsagtaa irj shibshig boloh yumaa.