Б.Отгонтуяа: ЭЦЭГ ЭХИЙН ҮЙЛИЙН ҮР ХҮҮХДҮҮДЭД НЬ ИРДЭГ ГЭДЭГ ДЭЭ. Зөв амьдрахыг л хичээж явна

2016 оны 01 сарын 31

Жижигхэн бие, цангинасан хоолой, эрч хүчтэй төрхөөрөө үзэгчдэд танил болсон “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяатай ярилцлаа.

-Ажил ихтэй байх шиг байна. Тоглолтынхоо бэлтгэлийг хийж байгаа юм уу?

-Шинэ тоглолтын бэлтгэл хийж байна. Бооёо ахаас түр чөлөө аваад гараад ирлээ. Тоглолтынхоо нээлтийг ирэх сарын сүүлчээр хийнэ.

Хажуугаар нь Цагаан сарын бэлтгэл хийгээд ойрд завгүй байна. Гэрийн эзэгтэй нар хамгийн завгүй байдаг үе шүү дээ. Бид аавтайгаа байдаг болохоор Цагаан сар хийдэг юм.  

-Та хө­дөө өссөн юм билээ. Хө­дөө Цагаан са­рыг өргөн тэмдэг­лэдэг. Тэр дур­сам­жаасаа яриач.

-Цагаан сар хамгийн гоё баяр. Ургийн бичиг хөтлөхөө больсон энэ үед төрөл садантайгаа танилцах боломж Цагаан сараар л гардаг. Манай ээж айлын том нь болохоор манайд олон зочин ирдэг байлаа.

“Зил 130” машины тэвшин дээр бөөнөөрөө сууж яваад айл хэсдэг байсан. Нэг их ядарсан хүмүүс тор дүүрэн бэлгээ тэврээд шөнө гэртээ ирдэг. Тухайн үед түвэгтэй санагддаг байсан ч одоо бодоход сайхан дурсамж.

ҮЗЭГЧДИЙН ИНЭЭД БОЛ ШУДАРГА ШҮҮГЧ

-Кинонд тоглож байна уу?

-Хоёр кинонд тоглох санал ирсэн. Зав гарвал тоглоно. Хошин урлагийн хүн болохоор ихэвчлэн инээдмийн кинонд тоглодог. Одоо түүхэн, уянгын төрлийн кинонд тоглох хүсэлтэй болсон.

Үзэгчдэд өөрийгөө өөр өнцгөөс харуулахыг хүсэж байна. Жүжигчин хүн нэг төрлийн биш, олон янзын дүрд хувирдаг байх хэрэгтэй.

Би түүх их сонирхдог. Түүхийн ном зохиол унших зав төдийлэн гардаггүй ч түүхэн зохиолтой цомог худалдаж аваад, жолоо барих үедээ сонсдог. Түүх сонсох нь миний стресс тайлах нэг арга. 

-Зодоонтой киноны гол дүрд тоглохыг хүсдэг гэж ярьсан байна лээ.

-Тийм ээ. Анжелина Жолийг харахаар тийм хүсэл төрдөг юм. Хүслээ биелүүлэх боломж одоохондоо олдоогүй байна. Адал явдалт, зодоон тулаантай киноны төрөл манайд сайн хөгжөөгүй.

Үзэгчид ч ойлгож хүлээж авах болоогүй байх. Манай кино урлаг эрчимтэй хөгжиж, техник хэрэгсэл нь сайжирч байгаа болохоор энэ төрлийн киног удахгүй хийх байх.

-Та аравдугаар ангиа төгсөөд, хэсэг хугацааны дараа СУИС-д орсон юм билээ. Өөр мэргэжлээр сурч байсан юм уу?

-Үгүй ээ. Намайг аравдугаар анги төгсөх үед Архангайд СУИС-ийн хуваарь очдоггүй байсан. Тухайн үед хотод ирээд шалгалт өгөх боломж байгаагүй. Ангийнхан их сургуулиа төгсөөд нутагтаа очиход би сургуульд орж чадаагүй л байлаа. Дөрвөн жилийн хугацаанд олон зүйл тохиолдсон.

Ээж, эмээ хоёр минь бурхны орон руу явсан. Аймгийнхаа театрт ажиллая гэхээр нэг л болдоггүй. Тухайн үеийн нөхцөл байдалтай эвлэрээд тэндээ ажилд орж, гэр бүлтэй болбол болох л байсан.

Багадаа эмээгийнхээ орны хөшгийг нээж гарч ирээд, ташаагаа тулж зогсчихоод жүжигчин Отгонтуяа гэж өөрийгөө танилцуулж тоглодог байлаа.

Жүжигчин болно гэдэг туйлын хүсэл минь байсан болохоор тэр бүгдийг давж гарсан байх. Одоо бодоход амьдралынхаа хамгийн хэцүү цаг хугацааг туулсан юм шиг санагддаг. Хичээж тууштай байвал боломжгүй зүйл байдаггүйг мэдэрсэн.


-Хэзээ ч хувирашгүй хүсэл мөрөөдөлтэй болоход тань юу нөлөөлсөн юм бэ?

-Угаасаа жүжигчин болох хувь тавилантай төрсөн байх. Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Гэхдээ би багаасаа л хаана ч явсан дуулж, бүжиглэдэг байлаа. Аймагт болдог урлагийн бүх наадамд оролцдог бай­сан.

Тэр бүг­дээс мэдэрсэн жи­жиг­хэн амжилт болгон миний хүслийг улам бадраасан байх.

-Мэргэжилдээ тийм дуртай байсан бо­лохоор ажлынхаа амтыг эрт мэ­дэр­чээ. Оюу­тан байхаа­саа “Ши­нэ үе”-д ажилласан биз дээ.

-Хоёрдугаар курст байхдаа “Шинэ үе”-д орсон. Чанга дуутай болохоор Бооёо ахын нүдэнд өртсөн байх. Ер нь “Шинэ үе”-д биш юм гэхэд би хошин урлагийн л жүжигчин болох байсан. Хамтлагт ороод арав гаруй жил болжээ.

Ганбаа бид хоёр хамт орсон. Манай продакшн залуучуудаа их дэмждэг. Одоо 20 гаруй жүжигчинтэй. 

-Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе хэзээ вэ?

-Олны танил болж эхэлсэн үе хамгийн амттай. Гадуур явахаар хүмүүс “Жүжигчин Отгоо мөн үү” гээд л хоорондоо шивнэлддэг. Тэгэхээр нь “Мөн шүү дээ” гэж өөрөө очиж хэлэх шахам баярладаг байлаа (инээв).

Хэлсэн үг бүрээрээ хүмүүсийг инээлгэх хамгийн жаргалтай. Их хөдөлмөр, цаг хугацаа, бэрхшээлийн үр дүнд олдсон ам­жилт болохоор амттай байхаас ч аргагүй. Эхэндээ шантрах үе олон байсан. Урлагийн тайз хатуу.

Түүх сонсох нь миний стресс тайлах нэг арга

Чадлаараа хичээгээд, зориг­той, өөртөө итгэлтэй байсан ч “Чадахгүй байна” гэдэг үг сонсох үнэхээр хэцүү. Загнуулна, уйлна. Шантрах болгондоо олон жил хүлээсний эцэст жүжигчин гэх гуншинтай болсноо бодож зориг ордог байлаа. Уйлж, дуулсаар хэдэн жил ажиллачихвал аяндаа зүгширчихдэг юм.

Зөвхөн би биш, шинэ ажилтан бүр ийм бэрхшээлтэй тулгардаг байх. Туршлагатай болох тусам тайзан дээр гарахаас халгаж, айдаг юм байна. Эхэндээ үг хэлээд үзүүлбэрт орж л байвал болно гээд тайзан дээр гарахын хүслэн болдог байлаа.

-“Шинэ үе”-ийн Отгоо гэхээр таньдаг хүмүүсийнх нь нүдэнд сэргэлэн цовоо, эрч хүчтэй, чанга дуутай, инээсэн төрх тань ихэвчлэн харагддаг болов уу.

Энэ төрхөөрөө тайзан дээр гарч олны танил болсон болоод  тэр байх. Энгийн үед энэ төрхөөсөө хэр өөр вэ?

  -Энэ имижээрээ үзэгчдийн сэтгэлд хүрсэндээ их баярладаг. Жүжигчин хүн өөрийн имижийг бүрдүүлэх хэрэгтэй. Энгийн амьдралд энэ төрхөөсөө нэг их өөр биш ээ.

Багаасаа л сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, чанга дуутай, хурдан баярлаж, гомддог байсан. Дандаа эрч хүчтэй байхгүй. Уйтгарлаж гуниглах үе зөндөө бий.

-Мэргэжлийг нь эзэмшээд тайзан дээр гарахад багын тань төсөөллөөс хэр өөр байсан бэ?

-Яг л төсөөлж байсан шиг. Гоё хувцастай тайзан дээр зогсоод, хөшиг нээгдэхэд үзэгчид алга ташаад л. Их сандарч байсан. Багадаа эмээгийнхээ орны хөшгийг нээж гарч ирээд, ташаагаа тулж зогсчихоод жүжигчин Отгонтуяа гэж өөрийгөө танилцуулж тоглодог байлаа.

Үзэгч нь эмээ, өвөө хоёр. Өхөөрдсөн инээмсэглэл, алга ташилтаар намайг мялаадаг байлаа. Жүжиг эхлээд хөшиг нээгдэхэд тэр дурсамж санагддаг юм. 

-Хошин урлагийн жүжигчдийн чадвар үзэгчдийн инээдээр үнэлэгддэг. Тиймээс жүжигчин бүр тоглолт болгоноос өөрийн чадварыг мэдэрдэг байх.

 -Үзэгчдийн инээд бол шударга шүүгч. Үг хэлээд дуусахад л сонирхолтой, үгүйг нь дүгнэдэг. Сонирхолтой бол инээнэ, үгүй бол дуугарахгүй. Үүгээрээ киноны жүжигчдээс онцлог.

-Жүжгийнхээ зохиомж, санааг хэрхэн олдог вэ?

-Ихэвчлэн өдөр тутмын амьдралд тохиолд­сон, энд тэндээс сонссон зүйлээ  ярилцдаг. Тэндээс янз бүрийн санаа төрдөг юм. Зарим хүн “Та нар ажлаа хийхгүй юу яриад байгаа юм бэ” гэдэг. Ажлаа хийж байгаа нь тэр шүү дээ.

Мэдээж ном зохиол уншиж, судалгаа, эрэл хайгуул хийдэг. Өнгөцхөн харахад хошин урлагийн жүжигчин үгийн баялаг сайтай байвал болчих юм шиг. Гэвч жүжигчнээс их чадвар шаарддаг.

Туршлагатай болох тусам тайзан дээр гарахаас халгаж, айдаг юм байна

Хурдан сэтгэж, ургуулан бодоод зогсохгүй үзүүлбэрийн зохиол бичиж, найруулах шаардлагатай болдог.

Драмын жүжигт жүжигчин үгээ цээжлээд, дүрээ хэрхэн гаргахаа бодож боловсруулдаг.

Гэтэл хошин урлагт жүжигчин бүр зохиолч, найруулагч байдаг юм. Өөрсдийгөө магтчихав уу даа.

-Энэ тухай ярихад танд хэцүү байх ч асуухгүй өнгөрч болохгүй нь. “Шинэ үе”-ийнхэнд өнгөрсөн жил олон зүйл тохиолдлоо. Гэнэтийн явдлууд дараалсан тэр үед танай хамтлагийг юу нэгтгэж байв?

-Жүжигчид маань асуу­дал үүсгэж, өөр нэгнийгээ гэнэт алдахад үнэхээр хэцүү байсан. Шо­конд орчихоод гарч чаддаггүй юм билээ. Хаа нэгтэйгээс гараад ирэх юм шиг са­наг­даж, уран бүтээл хийх бүрт тэр минь байсан бол гэж бодогдоод (санаа алдав). Тэр тухай бодох хэцүү байна.

Удирдагч нь чадварлаг, жүжигчид нь ажилдаа хайртай болохоор бид гар гараасаа чанга атгаад, уйлахдаа уйлж, бие биедээ сэтгэлийн дэм өгсөөр тэр үеийг давсан.

Үхэл хагацал үзэхээр янз бүрийн зүйл бодогдох юм. Хүүхдүүдээ том болохоос өмнө өөд болчих вий гэхээс үнэхээр айдаг. Амьдралд юу ч тохиолдож болно. Маргааш юу болохыг таашгүй.

Эмэгтэй хүний амьдрал ээж болоод эхэлдэг юм байна. Амьдралын ухаан сууна. Өвдөх, үхэх эрхгүй юм шиг санагддаг. Би ийм хүн байсан юм уу гэмээр их тэвчээр, зоригтой, халамж, хариуцлагатай болдог юм байна.

Эцэг, эхийн үйлийн үр хүүхдүүдэд нь ирдэг гэдэг дээ. Зөв амьдрахыг л хичээж явна.

-Та хоёр хүүхэдтэй бил үү?

-Хүү, охинтой. Орчлонг үргэлжлүүлэх гэж охин төрүүлсэн юм, хүслээ биелүүлэх гэж хүү төрүүлсэн юм гэж гоё үг байдаг даа. Манай хүүхдүүд яг над шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй.

Хүүхдээ тээж байхдаа ажлаа хийгээд инээж, уйлж, орилж хашгираад явж байсан болохоор нөлөөлсөн юм уу их адтай, хөдөлгөөнтэй. Үргэлж хамт байж чаддаггүй болохоор өөрийгөө сайн ээж гэж хэлэхгүй.

Гэртээ ирчихээд удалгүй буцаад гардаг. Харин хоол хийх бүртээ өндөр оноо авдаг ээж шүү.

Миний хань найруулагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажилладаггүй, хувиараа бизнес эрхэлдэг. Ханийгаа заримдаа өрөвддөг юм.

Урлагийн хүний нөхөр байх хэцүү. Эхнэр нь зав муутай, ажил нь орой тардаг, хөдөө, гадагшаа олон хоногоор явахаар гэртээ хүүхдээ хараад үлдэж байгаа эр хүнд ямар байх нь ойлгомжтой.

Эцгээс гадна эхийн үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Надад их хайртай, тэвчээртэй хүн болохоор ойлгодог байх. 

-Та ганцаараа байх дуртай юу?

-Гэртээ ганцаараа хөгжим сонсож, кино үзэж, ном уншаад юм бодох сайхан. Харин ганцаардахаас их айдаг. Гэр бүлтэй болохоор ганцаардахгүй байх аа.

П.ТУНГАЛАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.12.19 Vnen zoglog emegtei Uragshaa!!!
202.179.11.98 эгэл даруу сайхан яриа болжээ лифтээр биш өөрөө хүсэж тэмүүлж зүтгэж гарч ирсэн л хүн байнаа
202.179.27.45 Энэ жүжигчинг Отгонтуяа гэдэг,Сөрөлтийн авгай гэж сонссон ХУДАЛ болж,жинхэнэ өөрийнх нь сайхан үнэн сэтгэлийн ярилцлага уншиж танилцлаа.Чадал
103.229.122.24 Aa buzarguriin ohin kkk
122.201.24.102 Сайхам эмэгтэй. Гоё жүжигчин.