Б.МАРАЛ-ЭРДЭНЭ: ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЗОРИЛГОО УМАРТАХГҮЙ БАЙХ

2016 оны 01 сарын 29

Монголын дугуйн спортын анхны алтан медалийг гурван жилийн өмнө авчирсан Т.Энхжаргалын амжилтын буухиаг үргэлжлүүлж яваа тамирчдын нэг бол Б.Марал-Эрдэнэ.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, залуу тамирчин энэ сарын 18-24-нд Японы Ошима аралд болсон дугуйн спортын Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.

-Дугуйн спортоор хэзээнээс хичээллэсэн бэ?

-Энэ спортод дурлаад есөн жил болж байна. Өмнө нь тэшүүр, цана, сагсан бөмбөг зэрэг олон спортоор хичээллэсэн ч дугуй миний сонирхлыг илүү татсан юм.

-Азийн аварга болохоосоо өмнө ямар тэмцээнд хүч үзэж байв?

-Өнгөрсөн оны аравдугаар сард оюутан залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, багийн төрөлд алт, ганцаарчилсан төрөлд хоёр хүрэл медаль хүртсэн. Дугуйн спортод бөөн буюу багийн, цуваа буюу ганцаарчилсан гэсэн хоёр төрөл байдаг юм.

Саяын тэмцээнд хоёуланд нь оролцсон ч ганцаарчилсан төрөлд амжилт гаргаж, Азийн аварга боллоо. 25 орны тамирчид өрсөлдсөн. Залуучуудын Азийн аваргад 19-23 насныхан оролцдог онцлогтой.

Миний хувьд энэ насны ангилалд дахин оролцох боломжгүй учир бэлтгэлээ сайн базаасан.

-Манай тамирчид аль төрөлд амжилт гаргах магадлал өндөр бол?

-Аль алинд нь амжилт гаргах боломжтой. Гэхдээ бэлтгэлээ бүрэн хангасан тохиолдолд.

-Манайд дугуйн спорт төдийлөн хөгжөөгүй болоод ч тэр үү, бэлтгэл хийх орчин, нөхцөл тааруу. Та хаана бэлтгэлээ хангадаг вэ?

-Дугуйн спортын хөгжилд саад болж буй гол бэрхшээл нь энэ. Бид бэлтгэлээ ихэнхдээ гадаа хийдэг. Гэтэл өвлийн эрс тэс уур амьсгалтай үед зааланд хийхээс өөр аргагүй болно.

Томоохон тэмцээнүүд ихэвчлэн өвлийн улиралд болдог учраас дээрх асуудлаас болоод бэлтгэл дутуу хангагдах нь бий.

Хамгийн сүүлд гэхэд л Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байтал цочир хүйтэрч, Өмнөговьд очиж үргэлжлүүлэх шаардлагатай болсон.

-Дугуйн спортын ач холбогдол, бэрхшээлийг хэлээч?

-Бүх спорт хүнд. Дугуйн спортын хамгийн гол ач холбогдол нь тамирчны бие бялдар тэгш хөгждөг явдал. Хэрэглээ талаас нь авч үзвэл эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм. Хүндрэл нь бусад спортоос илүү их тэсвэр хатуужил шаарддаг.

Нэг уралдаанд л 5-6 цаг зарцуулна. Мөн техникийн спорт учраас дугуй, хувцас хэрэгслээс эхлээд хөрөнгө санхүүгийн бэрхшээл тулгардаг.

Тэмцээнд явахдаа ямар нэгэн компанид ивээн тэтгүүлэх санал тавьж, зардлаа гаргуулдаг.

-Манай тамирчдын ур чадвар хэр түвшинд байна вэ?

-Нэг хэсэг уналтад орсон дугуйн спорт сэргэж байна. Миний хувьд хичээллээд удаагүй ч гадаадын олон оронд очиж тэмцээнд оролцсон. Анх уралдаж байсан үеийг бодоход манай тамирчдын ур чадвар эрс дээшилсэн нь анзаарагддаг.

-Таны амжилтын нууц юу бол?

-Хүн бол сэтгэлийн амьтан. Тийм учраас сэтгэлд багтсан бүхэн биелэх боломжтой юм. Аливааг хийнэ, чадна, бүтээнэ гэсэн эрмэлзлээр сэтгэлдээ багтаах хэрэгтэй болов уу. Хамгийн чухал нь зорилгоо умартахгүй байх.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.26.210 Сайн байна дүү