Г.УРТНАСАН: МОРИН ХУУР ТОГЛОХОД ТАЛ НУТАГ МИНЬ НҮДЭНД ДУРАЙЖ, СЭТГЭЛ ДҮҮРДЭГ

2016 оны 01 сарын 29

АНУ-ын Сиэтл хотод “Хуурчийнхан” сургалт хичээллүүлдэг морин хуурч Г.Уртнасантай ярилцлаа.

Монгол өв соёлоо тив дэлхийд түгээж яваа тэрбээр Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсны шавь юм билээ.

-Сургалтын төвөө хэзээ байгуулсан бэ. Яагаад гадаадад үндэсний хөгжмийн сургалт явуулах болов?

-Би 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг морин хуурч, хөгжмийн багш, цөөхүүл хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсөж, 2000-2006 онд Морин хуурын чуулгад ажиллаад, 2007 онд АНУ-д анх хөл тавьсан.

Залуу хүн учраас өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрохоор шийдээд бизнесийн чиглэл сонгосон. Морин хуурын сургалтын төвөө найман жилийн өмнө нээж байлаа. Өөр мэргэжлээр сурсан ч хөгжмөө орхихыг хүсээгүй.

Байнга бэлтгэл сургуулилалт хийн, хичээлийнхээ хажуугаар олон газар очиж хөгжим тоглодог байв. Тэр үед морин хуур сонирхдог америкчууд олон байсан нь сургалтын төв байгуулахад нөлөөлсөн юм.

Тэгээд хамгийн түрүүн Ардын жүжигчин, Морин хуурын чуулгын удирдаач агсан Ц.Батчулуун багштайгаа холбогдож, зөвлөж байгаад шийдвэр гаргасан.

-Багш нь юу гэж зөвлөж байв?

-Миний саналыг их дэмжсэн. Тийм учраас Морин хуурын чуулгын дэргэдэх “Хуурчийнхан” хөгжмийн сургалтын төв гэж нэрлэх болсон. Багш “Балчир шавьд минь ийм сайхан санаа төрж, надтай зөвлөж байхад дэмжилгүй яах вэ. Тусламж хэрэгтэй бол хэлээрэй” гэсэн.

Бид одоо ч Морин хуурын чуулгынхантай холбоотой байдаг. Хийх гэж буй ажлынхаа тухай тэдэнтэй зөвшилцөж, шийддэг. Морин хуурын чуулгын салбар гэгдэж байсан ч Вашингтон дахь Монгол соёлын төвийг түшиж ажилласан. Хүний газар шинэ ажил эхлүүлнэ гэдэг хэцүү бас эрсдэлтэй.

Тиймээс нутаг нэгт ах дүүсээ түшиж, холбоотой ажиллавал сургалт үр бүтээлтэй, амжилттай байх болов уу гэж бодсон. Монгол соёлын төв ардын уламжлал, ёс заншил, өв соёл, урлагтай холбоотой олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг.

Хэдий өөр газар үйл ажиллагаа явуулдаг ч бидний эцсийн зорилго нэг л зүйлд төвлөрдөг. Энэ нь монгол өв соёлоо дэлгэрүүлэх, уламжлуулах.


-Анхны шавь нар нь одоо хэр сайн хөгжимчин болсон бэ?

-Анх сургалтаа хичээллүүлэхэд 10-аад сурагчтай байлаа. Манай сургалт хөгжим тоглох арга барилаас гадна онолын мэдлэг олгодог.

Залуус маань одоо морин хуурын талаар тодорхой мэдлэгтэй болж, өөрийн болон бусдын гэрийн жавар үргээх хэмжээнд хүрсэн.

-“Хуурчийнхан” төвд танаас гадна хэчнээн хүн багшилдаг вэ?

-Манай салбарт долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Бүгд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хөгжимчид.

Тухайлбал, соёлын тэргүүний ажилтан морин хуурч Н.Жигжиддорж, Ц.Төмөрчөдөр, Н.Тэлмэн, Б.Отгонбаатар гэсэн чадварлаг залуус бий. Тэд өөр мэргэжлээр сурдаг ч монгол үндэсний соёлоо сурталчлахын төлөө нэгддэг юм.

-Морин хуур тоглож сурах хүсэлтэй монголчууд танай төвд ирдэг үү?

-Ер нь ховор. Олонх нь америкчууд. Анх сургалтаа хичээллүүлэхэд энд тэндхийн хотоос морин хуур сурах хүсэлтэй олон хүн надад хандсан. Тиймээс цахимаар зааж эхэлсэн.

Канад, Өмнөд Америк, Европ болон Австралиас хүмүүс холбогдож, хичээл заалгадаг байлаа. “Галзуу хүний л хийдэг ажил” гэж хүмүүс надад хэлж байсан ч би зогсоогүй, хичээлээ заасаар л байсан.

-Одоо зааж байна уу?

-Цагийн зөрүү, ажлын хуваарь шахуугаас болоод сүүлийн үед завсарлачихсан.

-Таныг Ардын жүжигчин, морин хуурч Ц.Батчулуун агсантай хамтран гадаадын орнуудаар чамгүй олон тоглолт хийсэн гэж дуулсан.

-Би 2010 онд багшийгаа урьж, Америкийн зургаан хот, гурван их сургуулийн танхимд морин хуурын тухай лекц уншиж, тоглолт хийсэн.

Морин хуур хэчнээн төрлийн дуу авиа, хөг аялгуу гаргаж болохыг би тоглон үзүүлж, багш хөгжмийн гарал үүсэл, хувьсал, хөгжил, хэтдээ ямар байх вэ гэдэг асуудлаар илтгэл тавьсан юм.

АНУ дахь сургалтын салбарын тэргүүлэгч бидэнд батламж гардуулахад багш “Хар, цагаан, шар нийлсэн олон улсын морин хуурчдын өмнө зогсоод, удирдах үе удахгүй ирнэ гэж найдлаа шүү” гэж хэлж билээ.

-Сайн багшийн шавь байх нь азтай ч бас тэр хэрээр үүрэг хариуцлага ногддог болов уу. Багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа хүний хувьд таны зорилго юу бол?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн би бус олон сайхан шавь нар нь дэлхийн өнцөг булан бүрт монгол өв соёлоо сурталчилж, морин хуураа уянгалуулж яваа. Бидний өдий зэрэгтэй яваа нь багшийн гавьяа.

Намайг урлагийн тогоонд “чанаж”, хүн болгосон нь талийгаач Ц.Батчулуун багш болон Морин хуурын чуулгынхан. Тэднийхээ нэрийг сэвтээхгүйг хичээж явна. Олон хүнийг сургалтдаа хамруулж, хуур хөгжмөө өвлүүлэх нь бидний зорилго.

-Гадаад хүмүүст хөгжмийн хичээл заахад ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Анх сурч байгаа бол монгол, гадаад ялгаагүй хүндрэлтэй байлгүй яах вэ. Гэхдээ гаргаж буй хөг аялгууны өнгө нь арай өөр байх шиг санагддаг юм. Морин хуур бол нүүдэлчин ахуйгаас урган гарсан гайхамшигт өв.

Тийм болоод ч тэр үү, монгол ахуйг мэдэрч, тал нутгийг үзсэн хүн бусдаас арай өөр тоглоод байгаа юм. Сонин шүү. Бараг монгол хүнээс ялгарахгүй сурамгай тоглодог гадаадууд бий.

-Тэгвэл та хөгжмөө тоглож байхдаа юу мэдэрдэг вэ?

-Өөрийн эрхгүй омогшдог. Монголын тал нутаг нүдэнд дурайж, сэтгэл дүүрдэг. Тэр сайхан мэдрэмжээ бусдад мэдрүүлэх гэж л би морин хуур тоглодог юм.

-Морин хуур, хөөмий сурах гэж ирээд манай оронд уусчихсан, монголд элэгтэй гадаадууд байдаг. Тантай тийм хүн таарч байв уу?

-Олон бий. Монголд ажиллаж, амьдарч байгаад морин хуур аваад ирсэн залуучууд ч бий.

-Сүүлийн үед морин хуурыг өөр хөгжмийн зэмсэгтэй хослуулан уран бүтээл туурвих фолк рок хамтлаг олширсон. Энэ тухай ямар бодолтой явдгаа хуваалцаач?

-Яагаад болохгүй гэж. Би нийгэм, цаг үеийн хөгжил даган шинээр гарч ирж буй бүхнийг дэмждэг.

-Та ширэн болон модон цартай хуурын алинаар нь тоглодог вэ?

-Ширэн цартай хуур бол эл хөгжмийн анхны загвар юм. 1960-аад оны эхэн үед Соёлын яамны урилгаар Зөвлөлтийн хөгжим урлаач Денис Владимирович Яровой модон цартай анхны хуурыг урласан түүхтэй.

Энэ нь морин хуурын хөгжилд дэвшил болж, сонгодог хөгжим рүү нэлээд дөхсөн. Одоогийн хуурчдын олонх нь модон цартай хуураар тоглож байна. Надад модон цартай хуурууд бий.

-Монголд хэзээ ирэх вэ. Эх орныхоо юуг нь хамгийн их үгүйлж байна вэ?

-Энэ жил очих төлөвлөгөөтэй. Монголынхоо бүх зүйлийг санаж байна. Хамт олон, ах дүүс тэр ч бүү хэл адуу малыг нь хүртэл.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.70 Urtaa bagshdaa AMJILT husie !
202.131.234.243 Монголынхоо нэрийг гаргаж явааа мундаг залууустааа амжилт
202.131.234.243 амжилт хүсье
150.129.142.172 aav eej ni l sain bol naashaa yarah hereggui mongol baidgaaraa l bn
123.152.192.39 UNEHEER EH ORNOO IH SANAH YUM DAA.