Д.ГЭРЭЛМАА: Бизнес эрхэлж буй хүнийг шуналд хөтлөгдлөө гэж бодвол нүгэл болно

2016 оны 01 сарын 29

Рашаан, шавар эмчилгээ хийж иргэдэд ихэд үнэлэгдэж яваа “Элма-Хужирт” ХХК-ийн захирал Доржсүрэнгийн Гэрэлмаатай хийсэн ярилцлагаа сонирхуулъя.

-Рашаан сувилал ажиллуулах, ийм бизнес эрхлэх бодол Танд хэдийнээс төрөв?

-Би 1986 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай ажил, амьдралаа холбож ХААДС-ийн Үйлдвэрчний хорооны дарга, МҮЭ-ийн Төв зөвлөлд соёл, шинжлэх ухааны салбар хариуцан ажиллаж байхдаа амралт сувиллын газрын тухай ерөнхий суурь мэдлэгтэй болсон юм.

ХААДС-д байхдаа холын аймгуудаас ирсэн оюутнуудын өвлийн амралтыг тав тухтай өнгөрүүлэх сувиллын газрыг анх удаа ажиллуулсан түүх ч бий.

Харин “Элма-Хужирт” ХХК-иа байгуулж хүн ардынхаа төлөө үйлчилгээ хийж эхэлснээс хойш хамт олон маань 10 жилийнхээ ойг удахгүй тэмдэглэх гэж байна. Ажил хийх, юм бүтээх гэдэг үнэхээр хатуу шалгуур, сайхан түүх байдаг юм байна.

Урьд нь 1998 оноос “Баян-Уул” амралтын газрын даргаар ажиллаж байсан туршлагад минь түшиглэсэн болов уу нэг өдөр л “Хужирт” ХК (төрийн өмчит хувьцаат компани)-ийн захирлаар Эрүүл мэндийн яам, Дэд бүтцийн яам, Төрийн өмчийн хорооны хамтарсан шийдвэрээр томилсон юм.

Энд чадлынхаа хэрээр ажиллаж, хүний гол тулах эрхтэн нуруу, үе мөч зэрэг сүүлийн үед элбэгшсэн өвчтэй иргэдийг байгалийн уламжлалт шавар, рашаан усыг орчин үеийн шинжлэх ухааны эмчилгээтэй хослуулан хэрэглэж чамлахааргүй үр дүнд хүрч байв.

Гэвч улс төрийн салхи шуурга үлээж 2004 оны гуравдугаар сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр намайг ажлаас халж, тамга хурааж авсан нь санаанаас гардаггүй юм.

Хотод өсөж төрсөн хүн халаа сэлгээтэй төрийн албаа өгч, нэг ёсондоо хөдөө нутагт ганцаар хаягдахыг ийн үзэж билээ. Тэнд би муу ажиллаагүй, хийснээ тоочих нь илүүц биз. Хүний эрүүл мэндийн төлөө зүтгэнэ гэдэг амьд явахын буян, хийх ёстой ажлын нэг гэж энэ л үед ойлгосон хэрэг.

Тиймээс би хот бараадаж хялбар амьдрахыг бодсонгүй, энэ чиглэлийн эмчилгээний ачаалал ихийн зовлонг мэдэх учраас шантралгүй зүтгэх бодол төрсөн. Тэгээд амьдарч байсан цахилгаан, ус, халаалтгүй нэг өрөө байраа рашаан сувиллын газар болгох ажилд орсон доо.

Улаанбаатарт байсан үйлдвэрээ бас зарсан. Ингэж л хаврын хөх жавраар гэр барин ганцаар амьдарч, сувиллаа ажиллуулах арга чаргаа эрэлхийлсэн.

Энэ зорилгодоо хүрэхэд сайн найз нөхөд, итгэл буянтай хүмүүсийн ач, сайхан сэтгэлтэй нутгийн ард иргэдийн тусламж, дэмжлэг, газар шороо, уул, усны ивээлээр зорьсоноо хэрэгжүүлсэн юм.

-“Элма-Хужирт” их ээлтэй ач буянтай сувилал гэж хэлэх хүн олон тааралдаж байна шүү…

-Өвчнөөс нь ангижруулж өгвөл хүн баяр талархалтай байлгүй яах вэ. Нэгэнт ийм ажилд зориглосон болохоор бүхнийг давж 2005 оны долдугаар сард сувиллын газраа 22 хүнтэй нээж, жилдээ нийт 1000 гаруйхан хүн амарч байсан бол 2015 онд 3224 хүнд үйлчилж, 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 19.300 хүн сувилуулсан статистик дүн гарч байгаа.

Анх барилгаа аваад гал тогооны газраа өргөтгөж, 2012 онд эмчилгээний хэсэг, 2015 оноос 180 ортой сувилуулагчдын орчин үеийн тохижилттой барилгыг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ойрын үед ашиглалтад өгөх гэж буй амжилтаар 10 жилийнхээ ойг манай хамт олон угтаж байна.

-Таны ярьж буйгаас үзвэл танай сувилал өөрийн бодит хөрөнгө оруулалт сайтай юм байна гэж ойлгож болох уу?

-Сайхан сэтгэл гаргаж ажил үйлчилгээ явуулж байгаа хамт олны маань хүч, нөгөө талаар “Хойд хормойгоор урд хормойгоо нөхнө” гэдэгчлэн банкнаас багагүй зээл авч, анхны өргөтгөлийн зээлээ одоо бүрэн төлөөд байна.

Анх нэгэн банкнаас зээл хүсэж “Өндөр настай хүнд зээл олгодоггүй юм” гэж хэлүүлж, иргэний эрхээ хязгаарлуулж ч үзлээ. Залхалгүй Худалдаа хөгжлийн банкнаас Японы “Жайка”-гийн төсөл авахаар очиход халуун дотно угтаж, 2-3 япон хүн ирж манай орчныг үзээд зохих хэмжээний зээл олгосонд би нэг талаар баярлаж, нөгөө талаар айсаар хугацаандаа төлж л явна.

Бидэнд итгэл үзүүлж хоёр дахь шатны зээл дахин олгосноор энэ том өргөтгөлийг хийж дуусах гэж байна. Сайн хүмүүсийн тусыг тусаар хариулах зорилготой л ажиллаж байна даа.

-Танай сувилал энэ орон нутагт хэр өгөөж, хаялгатай байна вэ?

-Өнөөгийн байдлаар сумын 30 гаруй хүнийг ажлын байраар тогтмол хангаж, хөдөө орон нутагт жилдээ 3200 гаруй хүнд үйлчилдэг харьцангуй боломжийн байгууллага болоод төсөв бүрдүүлэхэд нь чамлахааргүй хувь нэмэр оруулдаг.

2015 онд л гэхэд нийгмийн даатгалын шимтгэлд 52 сая төгрөг, хүн амын орлогын албан татвар, газрын төлбөр, байгалийн баялаг ашигласны гээд нэмээд байвал бүгд 86.2 сая төгрөг төсөвт нь оруулсан, 10 жилээр нь авч үзвэл нэлээд тоо гарах биз ээ. Манайх зээлээ хугацаандаа төлж явааг эс тооцвол улс нийгэмд өргүй байгууллага.

-Үйлчилгээний үнэ хөлсийг тань сонирхож болно биз дээ?

-Манай үйлчилгээ улсын хэмжээний ижил төстэй амралт сувиллынхаас өндөр үнэтэй биш, дунд түвшинд явдаг юм.

Ер нь Хужирт гэдэг энэ ариун дагшин газрын рашаан сувилал, шавар эмчилгээнд олон хүн ирдэг нь эмчилгээ, үйлчилгээний чанар харьцангуй сайн, тав тухтай гэж үздэгтэй нь холбоотой болов уу.

Алслагдсан байдал, хөдөө орон нутагт ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг зэрэг хүндрэл бий. Гэлээ ч 2016 онд ороо 200 орчмоор нэмэгдүүлж, 60 гаруй ажлын байр шинээр бий болгох зорилготой байна.

Нэгэнт үнэ ярьсных үйлчилгээ нь зах зээлээ дагадаг жамтай ч энд хүн “тансаглах” гэж биш, эмчлүүлж өвчнөөс салах гэж ирдэг болохоор үнэ өртгөө нэмээд байх бодол байхгүй.

Харин ч хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргаа хүнд, өнчин хүүхэд зэрэг 60-70 орчим хүнийг жилд үнэ төлбөргүй амрааж, өвлийн их хүйтнээр (10, 12, нэгдүгээр сард) холоос зорьж ирсэн хүмүүсийг 20 хувийн хөнгөлөлттэй амраах бодлого баримталж ирсэн.

Манайх буяны байгууллага биш ч хамт олны маань зүтгэл, төв, орон нутгийн байгууллагууд дэмждэг болохоор болоод л байна.

-Таныг бас өөр сувиллын газартай гэж сонссон, үнэн үү?

-Золгүй байдлаар осолд орсон, дүү Ц.Туяагийн минь байгуулсан сувиллыг хэлж байх шиг байна. Би 2000 онд найман сая төгрөгийн хөрөнгө оруулж, Монгол Улсад Япон улсаас сууж байсан Элчин сайд, ноён Ханада 10 мянган долларын хандив өргөж Төв аймгийн Тахилт хэмээх газарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сувилал нээсэн юм.

Телевиз, сонин хэвлэлээс хүмүүс үүнийг мэдсэн байх. Дүү маань энэ сувиллыг сайн ажиллуулж, олон хүнд тус үзүүлсээр байгаад баяртай явдаг. Бид ингэж л зорилгоо биелүүлж, хэн хэндээ тус дэм болж явах ёстой гэж боддог.

Бизнес эрхэлдэг хүн нэг зорилгоо биелүүлсэн бол гараа хумхиж суухыг тэвчдэггүй, цааш ахихыг зорьдог, өөр зүйлийг шинээр эрэлхийлдэг жамтай юм байна.

Хамгийн энгийн жишээ хэлбэл гэрийнхээ үүдэнд эвтэйхэн амбаар барьчихвал дараа нь байшин босгох бодол төрнө биз дээ.

Бас өөрөө л юмтай болоод байх биш улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, ажлын байр бий болгох гэхчлэн олон юм толгойдоо эргэлдүүлж явдаг хүмүүс бол бизнес эрхлэгчид юм.

Үүнийг шуналд хөтлөгдлөө гэж боддог уншигч байвал та бурхны өмнө нүгэл хийж буй хэрэг.

Бид эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулах зорилгоо биелүүлэхийн тулд их зээл авсан, зорилгоо ч биелүүлж байна. “Элма-Хужирт” сувиллыг анхнаасаа байгаль орчинд ээлтэй цахилгаан бойлерийн системээр өндөр өртөгтэй, их эрсдэлтэй дулаан хангамжаар ажиллуулж байгаа.

Бид бас Хужиртын болон өөрийн амралтын бохир зайлуулах хоёр системийг барьж байгууллаа. Шинэ хоёр давхар байраа энэ маягаар халаана. “Хийвэл бүү ай, айвал бүү хий” гэдэг үг байдаг байх аа.

-Ийм бүтээн байгуулалтын ажил хийхэд Та бүхэнд хэн тусалж, дэмжиж байна вэ?

-Би эдийн засгийн мэргэжилтэй хүн. Урьд нь “Баян-Уул” амралтыг хувьчлан авч цөөхөн жил удирдаж байсан туршлага бий. МУИС-ийн багш байснаа худалдааны байгууллагад олон жил ажиллан, олон хүнтэй танилцаж сайхан нөхөрлөсөн, найз нөхөд маань тус болсоор ирсэн.

Зах зээлийн эхэн үеэр нөхөр маань нас барж, би дөрвөн хүүхэдтэйгээ үлдсэн. Залуу насаа дурсвал айлын эрх танхил охин байж жаргалтай сайхан явсан үе минь амьдралын нэгэн шинэ оргил руу тэмүүлж, нийгэмтэйгээ хөл нийлүүлж явахыг нэг л өдөр шаардсан болохоор бизнесийн хатуу, шулуун биш замыг сонгоход хүрсэн юм.

Хужирт гэдэг том айлын тогоонд чанагдаж, хүн ардын эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулах ёстой юм байна гэсэн бодол нийслэлдээ элбэг хангалуун, бие амар суухаас татгалзахад хүргэсэн.

Энэ сайхан Хужирт нутгийнхан, Шунхлай хайрхан уул маань түшиж бидний ажил амьдралыг ивээдэг гэж залбирч шүтэж явдаг. Та одоо ядарчихна, боль гэж хүүхдүүд маань хэлдэг ч зүгээр сууна гэж толгойд багтдаггүй.

Сайн нөхдөөс гадна мэдлэг боловсрол, хүмүүжил сайтай хүүхдүүд минь татлаа түлхлээгүй байдаг нь энэ бүхнийг гүйцэлдүүлэх урам зориг өгдөг.

Бас би эзгүй байсан ч ажилсаг хамт олны минь сайхан сэтгэлийн ачаар ажил маань хэвийн явж өдий зэрэгт хүрлээ гэж бахархалтайгаар хэлмээр байна.

-Ер нь сувиллын газрын гол ач тусыг Та юу гэж хэлэх вэ?

-Зөвхөн хүндэрсэн суурь өвчтэй ч юм уу, эсвэл өндөр настан биш нийгэмд ихийг бүтээх чадвартай залуу хүмүүс элдэв өвчнөөс болж сувилалд ирдэг.

Тэдний алжаалыг тайлж, эрүүл саруул болгох эх үүсвэрийг бий болгож буй нь мөнгөөр тооцох аргагүй хөрөнгө оруулалт, үл үзэгдэх баялаг юм.

Бие, сэтгэл санаагаа өөдрөг, эрүүл болгосноор бүтээн байгуулалтад оролцох нөхцөлийг нь бүрдүүлж чаддагт бидний эрхэлж буй ажлын гол ач тус нь байдаг.

-Та энд хэр зэрэг нутагшиж, идээшиж байна. Ер нь аль нутгийн хүн бэ?

-Нутагшилгүй яахав. Энэ сумандаа бол би чинь байгууллагын хамгийн өндөр настай удирдах ажилтанд тооцогдоно шүү дээ. Цагаан сарыг энд их өргөн тэмдэглэнэ. Өндөр настай аав минь хол ганцаараа байгаад яахав, чи ирээч гэдэг юм.

Би энд хоргодоод байдаг нь нутагшин дассаны шинж биз дээ. Бизнесийн ажлыг алсаас удирдаад байж болох ч нүдээрээ харж, гараараа барьж хийх нь илүү үр дүнтэй байлгүй яах вэ. Өргөтгөлийн дараа ажил сайхан жигдэрнэ гэж бодож байна.

Аав маань Архангай аймгийн Ихтамир сумынх ч би Улаанбаатарт Үйлдвэр комбинатад ажилчдын хүүхдүүд дунд төрж, тоглож, өсөж өндийсөн хүн.

Тэгээд л нэг ажил эхэлбэл түүнийхээ төлөө эцэж цуцахаа мэдэхгүй зүтгэж явдаг хүн болж төлөвшсөн байх гэж заримдаа боддог юм.

Комбинатын 18 дугаар сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн, Герман, МУИС-д суралцаж эдийн засагч мэргэжилтэй болсон.

-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна. Олон л юм бодож төлөвлөж байж таарна даа?

-Манайх дэд бүтэц гайгүй хөгжсөн газар, тиймээс дотоод, гадаадаас хэн ч ирж сувилуулахад гологдохооргүй ажил үйлчилгээтэй байгууллага болох ёстой.

Үүний тулд ойрын үед сайн хөтөлбөр гаргаж, хүний нөөцтэй болж, зөв удирдлагаар хангах нь чухал гэж үздэг.

Хөдөө орон нутагт мэргэжилтэн дутмаг учраас хүмүүсээ сургах нь чухал байна. Манай монголчуудын хүүхдээ гэх сэтгэл нь давамгайлаад 30, 40 нас хүрсэн хойно нь ч тэднийгээ тэжээгээд, нөгөөдүүл нь бие дааж амьдрах ёстой гэсэн бодол суухгүй, залхуу, муу юманд уруу татагдах нь цөөнгүй байх юм. Энэ нь хувь хүн, нийгэмдээ ч муу нөлөөтэй гэдгийг залуучуудад хэлмээр санагддаг.

Ер нь аливаа хүнийг доройтуулдаг зүйл нь яах аргагүй залхуурал. Манай ардын үгэнд “Унтаж идэх нь уруудахын шинж”, “Эрт босвол нэгийг харж, орой унтвал нэгийг сонсоно” гэж үг бий шүү дээ. Зорилгогүй, ажилдаа сэтгэл зүрхээ зориулж чаддаггүй хүнд би дургүй.

Л.ШАСНААБАДРАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
73.22.95.194 amjilt khusey yamar saikhan oodrog yum ve ?