Б.Тамир: “Монголчууд ийм кино хийж чаддаг юм уу” гэж гадаад үзэгчид гайхсан

2016 оны 01 сарын 26

“Фантастик” продакшны уран бүтээлчид “18 нас” киноныхоо зургийг авч эхэлжээ. Энэ талаар тус продакшны найруулагч, жүжигчин Б.Тамираас тодрууллаа.

-“Фантастик” продакшн шинэ уран бүтээл хийж эхэлсэн гэж сонслоо?

-Бид дэлгэцийн дөрөв дэх уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. “Фантастик” продакшн, “F” студийн хамтын уран бүтээл “18 нас” киноны зохиолыг Р.Эрхэмбүрэн, Э.Алдар нар хамтран бичлээ.

Ерөнхий найруулагчаар би, зураглаачаар “F” студийн захирал Г.Амартүвшин ажиллаж байна. Хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлэх уянгын кино.

-Залуусын тухай кино учраас гол дүрүүдэд ямар уран бүтээлч тоглож байгаа нь сонин байна?

-“Маш нууц” киноны гол дүрд тоглосон, “Шинэ үе” продакшны жүжигчин Э.Одбаяр, “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат, залуу жүжигчин Ч.Сэлэнгэ нар тоглож байна.

-Та өмнө нь инээдмийн “Аз жаргалын шок”, адал явдалт “Миний ах атаман”-ыг найруулсан. Уянгын кино найруулахад хэр хүнд байна вэ?

-Мэдээж ялгаа байлгүй яах вэ. Гэхдээ энэ удаа хэмнэл, адал явдал хөөхөөс илүү хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндсөн уран бүтээл хийхээр зорьж байна.

-Та хамгийн сүүлд “Маш нууц” кинонд мэргэжлээрээ ажилласан. Дахиад кинонд тоглох уу. Санал ирж байгаа юу?

-“Маш нууц” кинонд тоглосноос гадна нэгдүгээр найруулагчаар ажилласан. Санаанд нийцсэн сайхан зохиол, гоё дүрийн санал ирвэл тоглолгүй яах вэ. Гол нь зохиол шүү дээ.

-Кинонд жүжигчин, найруулагчаар ажиллахын аль нь танд илүү дөхөм байдаг вэ?

-Аль аль нь хэцүү шүү дээ. Эзэмшсэн мэргэжил учраас жүжигчнээр ажиллах нь арай ойр. Найруулагчийн ажил хэцүү. Олон уран бүтээлчийг базаж, нэгтгэж ажиллах хэцүү шүү.

-УДЭТ-аас хоёр жилийн хугацаатай чөлөө авна гэж сонссон. Тус театрын шинэ уран бүтээлүүдэд тоглож харагдсангүй. Үнэхээр чөлөө авчихсан юм уу?

-Хоёр жилийн хугацаатай чөлөө хүссэн нь үнэн. Гэхдээ театраас чөлөө олгох боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Тиймээс өргөдлөө өгөөд театраасаа гарсан.

-“Маш нууц” киног үзэгчдэд хүргэснийхээ дараахан хэсэг гадагшаа явсан. Хаагуур, ямар ажлаар яваад ирэв?

-Монголын киног гадаад зах зээлд гаргах ямар боломж байгааг судалсан юм. Хэд хэдэн газартай гэрээ хийхээр тохиролцсон.

-“Миний ах атаман” киног Орос, Казахстаны кино театруудад гаргалаа. Тэндэхийнхэн манай кинод ямар үнэлгээ өгч байна вэ?

-Их сайхан хүлээн авч байна. “Монголчууд ийм кино хийж чаддаг юм уу” гэж гайхсан хандлагатай байна. Удахгүй “Маш нууц” киногоо ч гадаадын кино театруудад гаргана.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.9.90.98 эх орон дуудаж байна кино үзсэн киногоо үзэх гэсээр байтал дуусчихсан. Оросын Ирээдүйгээс ирсэн гэдэг кино яг хуулсан байна лээ. гэхдээ дордуулж хуулсан байсан шүү
103.9.90.98 ус үзээгүй байж өмд шуугаад, уул үзээгүй байж хормой шуугаад..., Монголд ганцхан урлагийнхан л ажиллаад байнаа даа
76.245.193.126 Huuhed iim deeree huurhun.Amidralgui solongosiin c huulbar, Amerikiin duuraimal
202.70.46.221 Tenegtene biz. Mongolchuud term dundaa ed nar kino hiin3 gej yu bhuu. Uzeheer ichij uhmeer hachin yum hiideg bj. Erguu teneguud uursdiguu huurguud