Эрсдэл дагуулсан ЭМЗЭГ АСУУДАЛ

2016 оны 01 сарын 25

Тээврийн хэрэгслийн улсын дугаар бизнес болчихсон гэдгийг автомашин худалдан авсан хүн бүр мэднэ. Азын, алтан, мөнгөн гээд шинээр дугаар авах гэсэн хүмүүст дугаарын ченжүүд хамгийн багадаа 200 мянган төгрөгийн үнэтэй дугаарыг санал болгодог гэдэг.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж энэ талаар “Баянзүрх дүүрэгт байрлах оношилгооны төвийн дэргэд ченжүүд дугаарыг медаль шиг энгэртээ зүүчихсэн байдаг. Урт пальто өмсчихөөд дотор нь өлгөсөн дугааруудаа шинэ машин авсан хүмүүст харуулдаг юм билээ.

Саяхан нэг танил минь машиндаа дугаар авах гэтэл 1661 эсвэл 1166 зэрэг дугаарыг 200-500 мянган төгрөгөөр ав гэж санал болгосон” гэв. Энэ мэт автомашины улсын дугаартай холбоотой олон асуудал хөндөгдөж буй ч хамгийн ноцтой нь дугаарын давхардал аж.

Тээврийн хэрэгслийн улсын дугаар давхардах гэдэг нь ижил тоо, үсэгтэй дугаар бүхий машинууд замын хөдөлгөөнд оролцож буйг хэлнэ. Азын болон алтан дугаарууд давхардах нь элбэг байдаг.

Өмнө нь ийм зөрчлийг төдийлөн мэддэггүй байсан аж. Замын хөдөлгөөнийг камераар хянадаг болсноор тус зөрчлийг илрүүлж эхэлжээ. Цахим торгуулийн системийг нэвтрүүлж, торгуулийн хуудас хүргэж эхэлтэл ижил улсын дугаартай 2-3 тээврийн хэрэгсэл бүртгэгдэх болж.

Ингээд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох хугацаа сунжрах, зөрчил гаргаагүй тээврийн хэрэгсэл эзэмшигч хохирогч болж үлддэг аж. Энэ талаар Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн ажилтан “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын давхардал олон байх нь бидний ажилд садаа болдог юм.

Манайх зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь шүүж, хариуцлага тооцдог. Гэтэл нэг зөрчил дээр хоёр буюу түүнээс дээш тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байх жишээтэй.

Ингэснээр торгуулийн хуудсыг хаягаар хүргэх ажил удааширч байна. Мөн ижил дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид хохирох явдал мэр сэр гардаг. Нэг тээврийн хэрэгслийн жолооч хүн мөргөж, гэмтээлээ гэж бодъё.

Тэгвэл түүнийхтэй ижил дугаартай бусад машины эзэд хохирогч болох магадлалтай байдаг гэсэн үг. Үүгээр зогсохгүй ашиглалттай холбоотой зөрчил болон татварын асуудал ч хөндөгдөж болзошгүй” гэж ярилаа.

Мөн дугаарын давхардлын зөрчил арилаагүйгээс нэг дугаарыг олон машин дундаа зүүж явах тохиолдол илэрдэг байна. Өнгөрсөн онд гэхэд нэг улсын дугаарыг долоон автомашин зүүж явсан тохиолдол гарчээ.

Ижил улсын дугаар авсан тээврийн хэрэгслүүд ихэндээ 2009 оноос өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг аж. Тухайн үед Замын цагдаагийн газар тээврийн хэрэгсэлд дугаар олгож байсан ба улсын дугаарын архивыг цаасан хэлбэрээр хөтөлдөг байж.

Харин үүний дараа тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгох ажлыг цахим хэлбэрт шилжүүлсэн аж. Гэвч зарим тээврийн хэрэгсэл 2010 оноос хойш улсын дугаараа авсан ч давхардах тохиолдол байгаа.

Үүнийг албаны хүн “2009 оноос өмнө тээврийн хэрэгслийн марк нь өөр бол улсын дугаар ижил байж болно гэдэг байсан аж. Харин бүртгэлүүд цахим хэлбэрт шилжсэнээр давхардах ёсгүй гэх болсон. Гэтэл улсын дугаарыг давхардуулан олгох зөрчил гарсаар байгаа.

Энэ нь олгосон бүх дугаарыг цахим бүртгэлд оруулахдаа заримыг нь дутуу орхисноос үүдэлтэй. Тээврийн хэрэгсэлд дугаар олгохдоо цахим бүртгэлд байхгүй дугаар олгодог. Гэвч тэр дугаарыг нь Замын цагдаагийн газраас тээврийн хэрэгсэлд олгочихсон байдаг юм” гэж тайлбарлав.

Ийнхүү дугаарын давхардал олон эрсдэл дагуулж буй учраас тус зөрчлийг арилгах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлжээ. Тухайлбал, 2012 онд Автотээврийн болон Замын цагдаагийн газар хамтран тээврийн хэрэгслийн дугаарын давхардлыг арилгах ажлыг зохион байгуулсан.

Энэ ажлын дүнд дугаарын 3000 орчим давхардлыг арилгаж байж. Үүнээс хойш салбарын яам болон холбогдох алба зөрчил арилгах ажлыг шат дараатай хийж буй гэнэ.

Гэвч өнөөдрийг хүртэл дугаарын давхардал арилаагүй байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерт бичигдсэнээр 2013 онд ийм зөрчил 144, 2014 онд 189 бүртгэгдэж байв. Харин өнгөрсөн оны аравдугаар сард дугаар нь давхардсан 170 гаруй тээврийн хэрэгсэл байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш ийм 70 гаруй зөрчил илэрчээ.

Ийнхүү тоо нь улам нэмэгдэж буй учир дугаар давхцлын тухай мэдээллийг тус байгууллага Замын цагдаагийн газарт хүргүүлдэг гэнэ. Улмаар Замын цагдаагийн газрынхан Автотээврийн үндэсний төвтэй хамтран зөрчил арилгах ажил зохион байгуулдаг аж.

Зөрчлийг арилгахдаа давхардсан дугаарыг анх авсан хүнд олгож, хоёр болон гуравдагч хүнд өөр дугаар санал болгодог аж. Гэтэл зарим хүн “Би эхэлж уг дугаарыг аваагүй ч тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Тиймээс өгмөөргүй байна” гэх маргаан үүсгэдэг учир дугаар олгож байсан эрх мэдэлтэнтэй холбоотой эмзэг асуудал үүсдэг гэнэ.

Энэ тохиолдолд холбогдох байгууллага уг дугаартай нь дүйцэхүйц дугаар өгдөг аж. Гэтэл тухайн хүний сэтгэлд нийцэхүйц азын, алтан дугаарууд ховор байдаг. Зарим азын дугаар нь ашиглахгүй байгаа автомашинд зүүлттэй байдаг гэнэ.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг эзэмшигчийнх нь хүсэлтээр л бүртгэлээс хасдаг учир хүний нэр дээрх дугаарыг дур мэдэн олгох боломжгүй. Тиймээс энэ төрлийн зөрчил буурахгүй байгаа талаар албаны хүмүүс хэлж байна.

Г.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД