Жанжин малгай, ногттой гутлаа ӨӨРЧЛӨӨГҮЙ МОНГОЛ БӨХ

2016 оны 01 сарын 25

Бөхийн өмсгөл нь эртнээс үүсэлтэй. Эрт үед бөхчүүд амьтны арьсан өмсгөлтэй байжээ. Энэ тухай туульд “...Баригдашгүй хатуу зодгоо өмсөөд...” хэмээн өгүүлсэн байдаг. Амьтны цээжин биеийн арьсыг битүү туламлан өвчиж аваад, хаттал нь биедээ хэвшүүлж өмсдөг байсан аж.

Энэ нь арьс нөмөрвөл амьтны хүч биед нь шингэнэ хэмээн итгэдэг байсантай холбоотой хэмээн судлаачид таамаглажээ. Бөхийн өмсгөл нь гар урлал хөгжихийн хэрээр улам боловсронгуй болсон.

Хатуу ширнээс зөөлөн торго болох хүртэл загварын хувьд ч нэлээд өөрчлөгджээ. Нутаг нутгийн заншлаас хамаарч бөхийн хувцасны материал, загвар өөрчлөгдсөнөөр барьц авахаас эхлээд барилдааны арга барил, мэх улам баялаг болжээ.

Харин бөхийн малгай, гутал төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Монгол бөхийн хувцасны тухай Я.Цэвэл, Ж.Дамдин, Л.Ням-Осор, Б.Батсүх, Б.Цогзолмаа, Б.Буяндэлгэр тэргүүтэй хүмүүс археологийн олдвор, хадны сүг зураг, хүн чулуун хөшөө, аман зохиол зэрэг сурвалжид тулгуурлан судалсан байна.


Засагт ханы арслан Р.Дампилын зодог, шуудаг (1860-1942)

Монгол бөхийн өмсгөл нь малгай, зодог, шуудаг, гуталнаас бүрддэг. Бөхийн малгай хэзээ үүссэн нь тодорхойгүй боловч XIII зууны үед одоогийнх шиг дөрвөн талтай, шовгор оройтой байсан нь тодорхой болжээ. Үүнийг судлаачид Увс аймгийн Сагил сумын нутаг дахь Их сарны хадны зурагнаас баталсан байна.

VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн тэргүүнд заларснаас хойш сахил хүртсэн бөхчүүд наадамд хүч үзэх нь олширчээ. Тэднийг энгийн бөхчүүдээс ялгахын тулд шовгор оройтой, хилэн малгай өмсгөдөг байжээ.

Бөхийн малгайд албан ёсоор тогтоосон загвар байгаагүй ч олон зууны турш хийцээ төдийлөн өөрчлөөгүй байна. Харин бөхчүүд дөрвөн талтай малгай өмсөхийг 1988 онд албан ёсоор заажээ. Монголын бөхийн холбооны санаачилгаар 1994 оноос бөхчүүдийн малгайг цолоор нь ялгадаг болгосон байна.

Эрт үед зодог, шуудгийг буга, бухын зоо, магнайн арьсаар ихэвчлэн хийдэг байсан тухай бөх судлаач, дизайнер Б.Цогзолмаа “Монгол бөх” номондоо бичжээ.

Судлаачдын бичсэнээр Хүннүгийн үед хамаарах гуулин пайзан дээрх зурагт бөхчүүдийн зодогны ханцуй урт, энгэр нь битүү, бүстэйгээс гадна, өмдний шуумаг урт, гутлаа ногтолж хүлсэн байжээ. Харин Хятаны үеийн олдворт зодогний энгэр битүү, өмдний шуумаг богино байгаа аж.

XI-XII зууны үед зодогны энгэр задгай болсон хэмээн судлаачид үзжээ. Үүнийг Хабул хааны үед бөхийн барилдаан нэлээд хөгжсөнтэй холбож тайлбарласан байна.

Зодогны энгэр задгай болсон нь ур хийцийн хувьд энгийн хувцаснаас эрс ялгаатай болоод зогсохгүй бөхийн хөгжилд их хувь нэмэр оруулсан байна.

Тухайлбал, энгэр задгай болсноор элэг бүс бий болсон. Элэг бүс нь барьц өгч, авахаас эхлээд мэхний олон хувилбар гаргахад нөлөөлсөн.

Мөн дохионы хэрэглүүр ч болсон байна. Бөх элэг бүсээ чангалж уяснаар барилдаан эхлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, өвдөг шороодсоны дараа элэг бүсээ тайлбал унаснаа хүлээн зөвшөөрч буйн дохио юм.

Монгол бөхийн зодгийг хэзээнээс даавуу гаар хийдэг болсныг тогтоогоогүй ч 1900 он гэхэд даавуун зодогтой байсан. Үүнийг Засагт ханы нэртэй арслан Р.Дампилын (1860-1942) өмсгөл баталж буй. Энэ нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын музейд бий.

Зодог, шуудаг нь XIX зууны эхэнд аймаг, хошуу, цол хэргэмээрээ ялгаатай байжээ. Тухайлбал, сахил хүртсэн бөхчүүд улаан, дөрвөн аймгийн бөхчүүд цэнхэр, хөх өнгийн зодог шуудагтай.

Харин аварга, арслан, заан цолтнууд хамбан, начин торгон, аймгийн цолтнууд чисчүү, цолгүй бөхчүүд даалимбан зодог, шуудагтай байжээ.

Монгол бөхийн зодог, шуудагны хамгийн чухал оёдол нь ширээс юм. Ширээс хэдий чинээ бат бөх байна, зодог, шуудаг төдий чинээ урагдахгүй чанартай болдог байна.

Угсаатны зүй судлаач Х.Нямбуу “Хүннүгийн үед ээтэн гутлыг хэрэглэж заншсан бөгөөд үүнийг бөхийн гутал хэмээн тусгайлан тэмдэглэсэн баримт үгүй.

Өдөр тутам өмсдөг гутлыг ногтолж хэрэглэдэг байсан бололтой. Гутлаа ногтолж барилддаг байсан тухай “Нэг зуун тавин настай хөгшин луу мэргэн хаан” туульд

...Хонгор хүү үдшийн шөнөөр

Суунги маажиг гутлаа

Сураар баглаад

Сур сармай дээлийг

Шуудан хийгээд... хэмээн бичжээ” гэсэн байна.

Ноосоор хөлөө ороон хэвшүүлж, эсгийрүүлснээр монгол гуталны оймс үүссэн байна. Оймс нь гутлын түрийнээс гурван хуруу өндөр байх бөгөөд дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааны ар талын хоёр үзүүрээс дөрвөн хуруу орчмыг халаа гэдэг. Халаанаас бусад хэсгийг хээ угалзаар чимэглэдэг.

  • ШАЛБУУРТАЙ БУХ НООЛДООН

Чингис хааны үед бух ноолдоон нэлээд дэлгэрсэн түүхтэй. Бух ноолдооноор 1960-аад он хүртэл дөрвөн Ойрадын эрчүүд хүч чадлаа шалгадаг байсан. Тиймээс дөрвөн Ойрадын бух ноолдоон гэдэг болжээ.

Дөрвөдийн 16, Баядын 10, Ховдын хязгаарын 27 хошуунаас гадна Урианхай, Хотгойдын хошуудаас шалгарсан хүчтнүүд жилд нэг удаа бух ноолдооноор хүчээ сорьдог байжээ. Бух ноолдооноор барилдах бөхчүүдийг бяр чадал, биеийн том, жижгийг харгалзан гурван аравт хуваадаг байна.

Адаг аравт хүч чадал багатай, залуу бөхчүүд барилдана. Дунд аравт адаг арваас шалгарсан бөхчүүд дэвшиж барилдахаас гадна тэднээс арай хүчтэй бөхчүүд ордог. Дээд аравт хамгийн хүчтэй бөхчүүд хүч үздэг байна. Бух ноолдооны бөхчүүдийн өмсгөл нь юүдэн, шалбуур, туухуу, хүлээ, нөмрөг юм.

Юүдэн нь улаан өнгөтэй, гурвалжин хэлбэртэй, хоёр тал нь хар өнгөтэй. Оройд нь шар өнгөөр сампин зангиддаг. Буга болон бухын ширийг элдэж шалбуур буюу шуудаг хийдэг. Зарим тохиолдолд тэхийн арьсаар хийдэг байна.

Шалбуурын хийц нь манай шуудагтай адилхан. Урагдахаас хамгаалж шөрмөсөн утсаар ширдэг. Цолны эрэмбээс шалтгаалж хар, улаан өнгийн савхиар хангарьд, бүргэд зэрэг жигүүртний дүрс хайчлан оёдог аж.

Туухуу буюу өвдгөвч нь өвдөг хамгаалах зориулалттай. Хүлээ нь гарын булчин, гуяыг ороох зориулалттай хоёр метр орчим урт сур. Энэ нь булчингийн задралаас хамгаалдаг.

Бух ноолдоонд бэлтгэлээ гүйцэд хангасан бөхчүүдийг ариун гэж үздэг байна. Тиймээс муу зүйлээс хамгаалж барилдахаар гарахдаа нөмрөг нөмөрдөг уламжлалтай.

Дэвэх үед нөмрөг хийсч, муу зүйлийг хөөдөг хэмээн итгэдэг байна. Нөмрөгийг нимгэн цагаан шаргал өнгийн торгоор хийдэг.

  • ЭСГИЙ ЗОДОГТОЙ ОРДОС БӨХ

Ордос бөхчүүд зодгоо нимгэн эсгий болон хэдэн давхар бөс даавуугаар хийдэг. Зодогний ирмэгийг төрөл бүрийн хээгээр чимэглэн, ширж оёдог.

Бөх судлаач, дизайнер Б.Цогзолмаа “Ордос бөхийн зодгийг хошуу вангийн ордон буюу сүм хийдээс цөөн тоогоор бэлтгэдэг байжээ. Бөхчүүдийг барилдах үед нь өмсгөөд буцаагаад авчихдаг. Хувь хүн өөрөө хийдэггүй уламжлалтай” хэмээсэн байна.

  • ШУВУУН ЗОДОГТОЙ БӨХ

Хөлөнбуйр аймгийн бөхчүүд савхи болон торгон утсан гаадаатай (энэ нь зангидсан сампинтай төстэй) зодог өмсдөг аж. Үүнийг баргын шувуун зодог гэдэг. Бие барихгүй сул загвартай торгон өмд өмсдөг.

Гутландаа ширэн жийрэг хийж, түрийнээс дээш гарсан хэсгийг бух, арслан, бар, луу зэрэг амьтны зураг, хээгээр чимэглэдэг.

  • ЗАНГИАТ БӨХ

ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн зангиат бөхийн барилдаан нь тусгай дүрэм журам, өв уламжлал, өмсгөлтэй. Зангиа нь бөхийн цол эрэмбийг илэрхийлдэг. Зангиаг хараас бусад өнгийн даавууг хошуулдан нарийн зүсэж хийдэг.

128 бөхийн барилдаанд дөрөв, 256 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлсэн, 512 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт, 1024 бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдсэн хүнд зангиа олгодог дүрэмтэй.

Бөхийн өмсгөл нь зангиа, зодог, туухуу, өмд, гуталнаас бүрдэнэ. Зангиат бөхийн зодгийг товруут зодог гэдэг. Үхрийн зооны арьсаар хийж, мөнгө, зэсээр товруу хаддаг. Ойролцоогоор таван килограмм жинтэй. Зодогны арын толиор аль нутгийн, ямар цолтой бөх гэдгийг нь таньдаг.

Бөхийн өмдийг даавуугаар хийдэг. Өмдний шурхнаг нь өргөн тул хуниаслан уяж, гутлын түрүүн дээгүүр гаргадаг байна.

Лавир буюу хормойвчийг улаан, шар, ногоон, хөх өнгийн даавуугаар хийдэг ба гоёлын зориулалттай. Туухуу буюу өвдгөвчийг төрөл бүрийн хээгээр чимэглэдэг. Гутлаа ногтолж барилддаг.

  • БҮРХҮҮЛТЭЙ ШАЛБАРУУД

Торгуудын шалбар бөхийн барилдаанд мөр, нуруу, ташаа нь газар хүрвэл унасанд тооцдог. Харин өвдөг сөхрөх, суувал унасанд тооцдоггүй дүрэмтэй. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд алт, мөнгөн бүс бүслүүлдэг.

512 бөхийн барилдаанд нэг, 256 бөхийн барилдаанд хоёр, 128 бөхийн барилдаанд гурван удаа түрүүлсэн бөхөд алт, үзүүрлэвэл мөнгөн бүс бүслүүлдэг байна. Бөхчүүд эсгий болон арьсан шалбуур өмсдөг. Энэ нь богино өмд юм.

Буур, тэмээ, бух, шар, бугын арьс эсвэл найман давхар даавууг давхарлан ширж хийдэг аж. Цээжмэгийг зөөлөн арьс болон торгоор урладаг.

Мөр гарсан ханцуй, товч шилбэтэй. Бөхчүүд барилдахаар гарах үедээ даалимба, торгоор хийсэн алчуураар толгойгоо бүтээдэг юм байна. Үүнийг бүрхүүл гэдэг аж.

П.ТУНГАЛАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.243.85 Мэдээлэл бичсэнд баярлалаа.Яланг