ОЮУНЫ ХӨГЖЛИЙН ОНЬСОН ТҮЛХҮҮРИЙН ЭЗЭН

2016 оны 01 сарын 25

До.ЦЭНДЖАВ


 

“Чинжүү гэдэг халуун ногоо, толь гэдэг хэцүү ажил” хэмээн билгүүн номч Ц.Дамдинсүрэн абугай айлдсан нь үнэн юм байна гэдгийг “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газраас санаачилсан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” хийх гэж яс таван жил ажиллахдаа бид мэдрэв, ажлынхаа хажуугаар шүү.

Долоо хоногийн хэдэн өдөр цуглаж, нүдээ хөхөртлөө уншиж, маргалдаж, бас инээлдэж хөгжилдсөөр гурван ботийг дуусгав. Өмнөх нийгэмд ганцхан нэвтэрхий толь байсан нь энэхүү “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь”.

Нэвтэрхий толь хийнэ гэдэг хариуцлага, чанар, үнэн мэдээлэл юм. Л.Түдэв абугайн ерөнхий редактороор ажилласан тэрхүү толь энэ шаардлагуудыг хангаснаараа, Монголынхоо нэвтэрхий толийн өвөг болсноороо маргашгүй ач холбогдолтой.

Ямар сайндаа П.Бадарч “Би Худалдааны техникумд суралцсан, хаясан, бас бус сургуулийг хаясан. Гул эр байгаа биз. Харин би нэгэн дээд сургууль төгссөн минь үнэн юм шүү, тэр бол Түдэв нарын “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гэж хэлнэ лээ. Гэвч цаг хугацаа гэдэг хатуу шалгуур.

Он цагийн хувьслаар нийгмийн цоо шинэ хувьсгал өмнөх ойлголтыг тэр чигээр нь өөрчлөв. Улс орны нэр, газар нутаг хэвээр байж болох ч Крым гэхэд Украинаас салан тусгаарлав. Зарим гол мөрөн ширгэн, газрын зургаас алга болно. Манайд устсан тахь дахин эх орондоо ирэв.

“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн сайхан уламжлал, хэрсүү ухаан, оюуны өгөөж, сэтгэмж нь үлдсэн ч мэдээлэл нь хуучирч, цоо шинээр харахаас өөр аргагүй боллоо.

Өмнөх “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь”-д архитекторчийн үүрэг гүйцэтгэсэн тользүйч С.Жамбалдорж агсан, Г.Гонгоржав, Г.Ловор гээд толь зүйн мэргэжлийн болтлоо гэгээрсэн сэхээтнүүдийн ачийг санаж явах ёстой.

Толь хийнэ гэдэг тамын ажилд энэ гурав л анх хамаг чадлаа шавхаж оролцсон. Гэхдээ “Шадар гурван цэргийн” дотор нэг нь л дуу чимээгүй, анзаарагддаггүй, яригддаггүй даруухан явдаг нь Галсанбалдангийн Ловор юм.

Сүүлийн үеийн бидний хариуцлагатай редактороор ажилласан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийг гаргахад тэр хүмүүн туршлага зааж, чиглүүлсэн. Г.Ловор хариуцлага, хөдөлмөрч чанар, мэдлэг туршлага, мэдээгүй, сонсоогүй, уншаагүй зүйлгүй сүрхий сэхээтэн гэдгийг тэр бүр хүн мэддэггүй байх.

Зарим хүн “Аа, нөгөө хүүхдийн зохиолч уу?” гэсхийгээд өнгөрдөг юм билээ. Даруу явна гэдэг дарагдахын цондон болжээ. Уг нь “Их мөрөн дөлгөөн, эрдэмтэн хүн даруу” гэж дээдэлдэг зүйр цэцэн үг байдаг ч утгагүй болж дээ.

Дээр нь Ардын багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн Ч.Авдай, Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Зандраабайдий, технологийн инженер Д.Дамдинсүрэн, “Сэлэнгэ пресс”-ийн хэвлэх үйдвэрийн захирал М.Болд нар үнэхээр өдрийн нар, шөнийн оддын дор оюун тархиа хөвчлөн, үнэн сэтгэлээсээ шаргуу зүтгэсэн.

Толь гаргах нэгдсэн редакцад эхний үед олон эрдэмтэн байсан ч дундаасаа орхисоор бид хэд л үлдсэн, халшраа биз ээ.

“Нэвтэрхий толь” хэмээх хөлөг онгоцны ахмад Ч.Авдай цухалдуу догшин, хоосон мэдэмхийрэгч, чалчихаас өөр юмгүй амьтан байсан бол энэ толь бүтээхээргүй юм байна лээ.

Нас дагаж туршлага байдаг хойно толь хийхэд бас мэдлэгийн цар хүрээнээс гадна оймс элээсэн нас, чанагдаж чангарсан туршлага чухал юм байна.

Академич Ч.Авдайн өмөг түшиг, шинжлэх ухаанч чанар, уур уцааргүй уужуу сэтгэл, тулх нуруу, сүүлийн үед цолгорон гарч ирсэн түүхч С.Чулууны түүхийн гүнзгий мэдлэг, орчин үелэг сэтгэлгээ, зохиолч Х.Зандраабайдийн хуучин монгол бичгийн чадвар, гэрэл зургийн ховор цуглуулга, монгол хэлний найруулах чадвар, техникч редактор Д.Дамдинсүрэнгийн геодези, газрын зургаас аваад техник сэтгэлгээг онцлох хэрэгтэй.

Бусад редакторыг дурдмаар байв ч боломжгүй тул туршлагатай тольчзүйч Г.Ловорын тухай өгүүлье.

1979 оны үед юм юманд овсгоотой, үргэлж шинийг эрж явдаг, зоримог омголон нийтлэлч, сэтгүүлч С.Жамбалдорж яльгүй асуудлаас болоод Өмнөговьд “Үнэн” сонины сурвалжлагчаар ажилласныг мэдэх юм.

Хүн гээч амьтан өөртэйгээ адилхан ааш араншин, хүсэл санаа нэг хүнээ олдог. Тэгээд юм юманд сортоотой, танин мэдэхүйн чиглэлд бүхнийг зориулсан анд, нэг нутаг усны Г.Ловорт захидал ирүүлжээ.

Ловорт ном, марк, дугтуй, тэмдэг гээд цуглуулаагүй зүйл ховор. Хоёр өрөө жижигхэн гэрт нь цуглуулга нь багтахаа больжээ. Бүр 1800, 1900 оны гадаадын эрдэмтдийн, тэр газар нь байхааргүй ном ч байна.

Филателийн холбооны идэвхтэй гишүүний хувиар дэлхий болоод Азийн марк сонирхогчдын уралдаанаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн гээд бодчих.

Жамбалдорж эхлээд “Чи арвин цуглуулгатай хүн. Хоёулаа хүүхдийн тэмдгийн цуглуулгаар гоё ном хийе, хүүхдүүдэд” гэсэн санал гаргажээ. Нэг л олигтой явж өгсөнгүй.

Дахин ярилцаад тэгвэл “Хүүхдийн нэвтэрхий толь” хийе гэж санал нэгджээ. Тоо, физик, хими зэрэг тодорхой шинжлэх ухаанаас гадна хүмүүнлэгийн шинжлэх ухааны гүнзгий мэдлэгтэй Г.Гонгоржавтай ярьж, саналаа нэгтгэжээ.

“МАХН-ын Төв хороогоор хөөцөлдвөл томдоно, Л.Түдэв л янз бүрийн юм сэддэг, шинэлэг сэтгэлгээтэй, санаачилгыг дэмждэг хүн, “Хүүхдүүдэд тайлбар толь бичиг хэрэгтэй” гэж бичсэн.

Тэр л дэмжвэл дэмжинэ, үгүй бол унтарна” гэцгээгээд Эвлэлийн төв хороон дээр гурвуулаа тавиад буучихжээ. Тэр гурвыг хүлээж аваад “Гэхдээ та гурав ганцхан “Хүүхдийн толь” хийхгүй ээ, дээр нь залуучуудыг нэмнэ.

“Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” хийнэ. Би дээгүүр хөөцөлдье. Дээд дарга нараар батлуулахгүй бол дийлэхгүй, наадах чинь нүсэр ажил” гэжээ. Үнэхээр удалгүй МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр оруулж “Хүүхэд, залуучуудын толь” хийх нь зүйтэй гэсэн тогтоол гарчээ.

Дээрээс нь А.Минис, Ш.Бира, Ц.Чүлтэм, Э.Оюун, Г.Жамьяндорж нарын томчууд ч нэмэгдэж. Зураач Д.Пушкины зүтгэлийг нэмэх хэрэгтэй. Тэд өдөр бүрийн “тулаанд” оролцохгүй, бодлого, засвар дээр ажиллана. Ингээд дээд газрын шийдвэрээр тусгай редакц байгуулагдаж, шуурхайлан оржээ.

Тэд эхлээд толийн толгой үгийн цэц гаргав. Толь хийхэд энэ маш чухал юм билээ. Аль салбараас юуг оруулах вэ? гэсэн редакцын бодлого гэсэн үг. 3000 үгтэй цэцээс хасагдсаар байгаад 500 болгоод 250 дээр тогтжээ. 09.00-21.00 цаг хүртэл тасралтгүй маргаж мэтгэлцэж, шинийг гарган ирж байв.

Сайхан санаа нурах ч энүүхэнд. Нэг удаа 16.00 цаг болоход “Ерөөсөө энэ тархи толгой авах юмгүй боллоо, ядарлаа, сульдлаа. Нэг удаа ч болох нь ээ жаахан амаръя” гэж Жамбалсүрэн бусдыгаа уруу татжээ.

“Чоно борооноор” гэгчээр яг тэр үеэр ерөнхий редактор Л.Түдэв орж ирэв. Толийн редакцад хэн ч байсангүй. Эгдүүцжээ. Тэгээд жижүүрт “Ийм байдлаар суувал толь хийж чадахгүй улс байна” гэж биччихээд яваад өгсөнд “Үгүй ээ, мөн баларсан юм боллоо. Ингэж ажиллачихаад ганц удаа эрт тарахад ийм гай таардаг байжээ. Ээлжийн амралтгүй, хагас бүтэн сайнд ч завсарлалгүй, өдөр бүр 10-15 цаг ажиллаж байсныг минь нэг өдрийн гай ингээд арчаад хаячих гэж...” гэж хоорондоо ярилцан, балмагдсан гэдэг.

Тэдний бичиж, зохиосон эх материалыг МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн 10 хүн гар дамжуулан нэг бүрчлэн уншина. Нэг өдөр хэлтсийн орлогч Ч.Даваадаш улаан хуйтайгаа буужээ.

Төв хороонд саяхан ажилд орсон нэг нөхөр том алдаа илрүүлсэн болж, нэр хүнд олохоор “Толийн I боть дотор шавьж гээд алдаатай биччихжээ. Энэ чинь шавах гэдгээс гаралтай. Шавж гэж бичих ёстой“ гээд матчихжээ.

Даваадаш бол маш их эрч хүчтэй, мэдлэг боловсролтой, шаардлага, үг хэл хурц, тэр үеийн дарга нарын төлөөлөл юм. Фейербах, Гегель зэргийг орос хэлээр нь судалсан түүнтэй зэрэгцэх эрдэмтэн байхгүй гэдэг.

“Та нар Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толийг ашигласангүй, дураараа бичлээ гэж загнаад тэр дороо Дамдинсүрэн гуай, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал А.Лувсандэндэв нарыг дуудуулжээ. Хоёр эрдэмтэн ч хоорондоо ганц нэг үгээр өөг тээг хийн жаахан маргаж... Маргаан өрнөснөөр дараа нь Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Ч.Түмэндэлгэр дээр оржээ.

Тэр ер тоосонгүй, ботийн зургийг харъя гээд зарим зураг арай муу юм уу даа, өөрсдөө мэдээд ажлаа хий, бичих дээрээ, нэр томъёо дээрээ алдав гэсэн хоёрхон зүйл анхааруулжээ. Нэг үгийн гай их. Нөгөө айхтар дүрэлзсэн түймэр ингээд намджээ.

Дараа нь толио өнгөтөөр Зөвлөлтөд хэвлэхээр болжээ. “Прогресс” хэвлэлийн газар хэвлэх болтол тэр нь өнгө, газрын зураг, диаграмм, эх бэлтгэл тусдаа, өөр өөр газар хэвлэдэг нь бас нэгэн бэрхшээл болжээ.

Ловор тэд хэд хэдэн удаа тусгай томилолтоор “Прогресс” хэвлэлийн газарт сар ажиллаж, гайгүй цэгцэрч байтал хүмүүсийн намтраас эхлээд нурав. Үнэндээ Брежнев, Черненко, Андропов гээд том удирдагч ойр ойрхон нас барсан.

Тэр тоолонгоор удирдагчдын намтар бичлэг өөрчлөгдөнө. “Прогресс” Москвагийн баруун захад, хол оршдог, “Юго Западная” метроны буудалд буугаад цаашаа автобусаар гурван буудал явж байж редакц дээрээ ирдэг байсан аж. Монгол хэлтэй, Зөвлөлтийн мэргэжилтэн М. П.Дубровина ихэд тус болж байжээ.

Г.Ловор сүүлд 2011-2015 онд “Монголын хүүхэд, залуучуудын толь”-ийн I, II, III ботийн хариуцлагатай редактороор ажилласан юм. Хариуцлагатай редакторт оролцохгүй, уншихгүй, чиглүүлэхгүй, хамааралгүй ажил байхгүй, гол гал тогоог баригч бөгөөд гол хөдөлгөгч хүч, оюун сэтгэлгээний зүтгүүр гэсэн үг.

Нэвтэрхий толь зохионо гэдэг өөрийн гэсэн бичиг соёлын уламжлалтай, хөгжингүй шинжлэх ухаантай, сайн бэлтгэлтэй мэргэжилтнүүд бүхий ард түмний хийх ажил юм” гэж Чингиз Айтматов хэлжээ.

Дурдагдсан эл бүх чанар энэхүү ахмад тользүйч, үндэсний хэмжээний сэхээтэн, судлаач буурал эрдэмтэнд бий.

Г.Ловор бол мэргэжлийн хэмжээний тользүйч, Монголын нэвтэрхий толийг санаачлагчийн нэг, эрдэмтэн, ардын аман зохиол судлаачаас гадна эрдэм мэдлэг, оюун санааны оньсыг тайлагч, хүүхдийн танин мэдэхүйн зохиолын эцэг гэхэд болно.

Энэ бүхнийг “Хүүхдийн оюун ухааныг нээх аман билэг”, “Хэн болгоны унших ном”, “Байгалийг таних түлхүүр”, “Миний цагаан толгой”, “Математикийн гараа”, “Аж төрөх ухаан” 1О цуврал, ”Монгол оньсогоны уран сайхны учир, утга зүй” гээд түүний хүүхдийн зохиол бол сурах бичгийн дайтай үнэ цэнэтэй, мэргэд гарахын үүд болсон хэдэн арван ном бүтээл, туурвил зүйд байдаг юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД