Д.АРИУНДЭЛГЭР: БҮҮ ХУУЛ, БҮТЭЭЛЧ БАЙ

2016 оны 01 сарын 22

АНУ-ын алдарт дизайнер, олон улсын хувцас судлаач Жеффри Фелнер загвар зохион бүтээгч Д.Ариундэлгэрийн тухай бичжээ.

Тэрбээр “Д.Ариундэлгэрийн уран бүтээл бүрт түүхэн болон орчин үеийн өнгө төрх шингэсэн байдгаас гадна хээнцэр тансаг, өнгөний гайхамшигт хослолтой. Түүний уран бүтээлийг энэ цаг үеийн жинхэнэ эх бүтээл гэж хэлнэ” хэмээжээ.

Монгол хувцасны хэв маяг, тод өнгө, өвөрмөц гоёл чимэглэлтэй авангард загварууд Д.Ариундэлгэрийн илэрхийлэл.

Хийсэн бүтээл бүрээ олон нийтэд дэлгэх дургүй түүнийг хамтран ажиллагсад нь авьяаслаг, хөдөлмөрч, даруу гэсэн үгээр тодорхойлсон. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Цагаан сар дөхөж байна. Сар шинийн гоёл урлаад завгүй байна уу?

-Би захиалгаар хувцас хийдэггүй. Гэр бүлийнхнийхээ л гоёлыг урладаг.

-Энэ жил ямар загварын дээлээр гангарах вэ?

-Энгийн л дээл өмсөнө дөө. Цагаан сараар айл хэсэх дургүй болохоор дээл хувцсанд нэг их ач холбогдол өгдөггүй.

-Хувцсаа өөрөө оёдог уу?

-Ер нь оёж, эсгэнэ. Оёх технологи хөөхөөр загвар зохиохоос хөндийрчих гээд байдаг. Тиймээс загвар зохиоход голлон анхаардаг. Уран хатгамал сайн хийнэ. Оёж урлахад тусалдаг хүмүүс бий.

-“Тэнгэр тамгатай Монгол” тоглолтын тайзны зураачаар ажиллаж байгаа юм уу?

-Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг энэ тоглолт яваандаа монгол туургатны хэмжээний том наадам болж магадгүй. Түүнийг нь бэлгэдэж монгол гэрийн загвар хийцийг тайзны хэлбэрт оруулан, өвөрмөц байдлаар хийхийг зорьж байна.

Ер нь тайзны зураачаар ажиллаж байгаагүй. Харин энэ жил ганц, хоёр тоглолт, жүжгийн тайзны зураачаар ажиллалаа.

-Улсын драмын эрдмийн театрын “Ромео, Жульетта” жүжгийн ерөнхий зураачаар ажилласан.

Тус жүжгийн шүүмжийн уралдаанд тэргүүн байрт шалгарсан СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн багш Я.Баяраа “Жүжгийн тайз чимэглэл гойд гэхээр шинэлэг зүйлээр маруухан байсан. Ерөнхий зураач Д.Ариундэлгэр найруулагчийн гаргахыг хүссэн шинэ эрэлхийллүүдийг дэмжих тайз чимэглэлийг хийгээгүйн улмаас зарим жүжигчид сонгодог театрт ороод ирсэн дэггүй залуус шиг л харагдаж байв” хэмээсэн байна лээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Тайз чимэглэлийн ажилд ерөнхийд нь оролцсон. Миний санааг хүн бүр ойлгох албагүй. Манайд урлагийг утгаар нь судалж шүүмжилдэг хүн байхгүй. Шүүмжлэгч нарыг өөрсдийг нь шүүмжилмээр байдаг юм.

-Харин “Жүжгийн хувцас хэрэглэл шинэлэг байсан. Меркуцио, Тебальт хоёрын шарилын дэргэд улаан, хар хувцсаараа хуваагдан зогссон Капуллети болон Монтекийн гэр бүлийнхний зүг цагаан даашинзтай, эмгэнэлд автсан Жульетта очдог нь жүжгийн хамгийн үзүүштэй үзэгдлүүдийн нэг байсан” хэмээсэн. Дүрүүдийн хувцсаар юуг илэрхийлсэн бэ?

-Уламжлалт сонгодог загвар ирээдүйд ямар байхыг бодож хийсэн. Зөгнөлт загвар гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Улаан, хар, цагаан бол уг жүжигт заавал байх ёстой өнгө.

Арт, фитюр (ирээдүйн зөгнөлт), кутюр (чамин тансаг)- ийг хослуулж хийх санаатай байсан ч үзэгчид ойлгож хүлээн авах эсэхэд эргэлзээд анхны загвараа нэлээд өөрчилсөн. Тус жүжгийг 100 жилийн дараа тавихад бас л өөрөөр сэтгэх байх.

-Таныг гадаадад олон жил байсан гэж сонссон. Хаана ажилласан бэ?

-Урд, хойд хөршид ихэнхдээ байлаа. Би “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” төсөл хэрэгжүүлж байгаа. Уг төслөө гурван жилийн өмнө БНХАУ-д эхэлсэн. Хятадууд санхүүжилт олгоод, миний бүтээлийг Хятадын оюуны өмчөөр бүртгүүлэх болзол тавьсан.

Тэр нь таалагдаагүй болохоор төслөө үргэлжлүүлж чадаагүй, эх орондоо ирсэн. Түүнээс өмнө ОХУ-ын тува үндэстний хувцасны түүхийн тухай ном бүтээхэд хамтарч ажилласан.

Тува улсын Соёлын сайд асан Вячеслав Донгак Д.Ариундэлгэрийн тухай ийнхүү ярьжээ. Тэрбээр “Би тува үндэсний хувцсаар дагнасан дизайнер мэргэжилтэй. 2005 онд Улаан-Үд хотод болсон “Торгоны зам” наадамд Д.Ариундэлгэрийн “Чингис хааны ордныхон” коллекцийг харсан. Миний сонирхлыг ихэд татсан тэдгээр загвар төгс байсан. Түүнээс хойш Д.Ариундэлгэртэй танилцах хүсэл төрж, бид дараа жил нь хамтарч ажиллахаар болсон. Түүний хувцасны гоёл чимэглэлүүд намайг гайхашруулдаг. Түүхэн хувцсыг орчин үеийнхтэй хослуулсан загвар нь хэний ч сэтгэшгүй өвөрмөц бүтээл. Монголчууд түүний бүтээлийг дэмжээсэй гэж хүсэж байна” хэмээжээ.

-Та Дүрслэх урлагийн дунд сургуулийн хувцас загварын ангийн анхны төгсөгч гэл үү?

-Тус сургуульд 1991 онд хувцас загварын анги нээгдэхэд элссэн. Тухайн үед эрэгтэй хүүхдүүд энэ чиглэлээр суралцах нь ховор байсан болохоор эхэндээ хүмүүсээс их санаа зовдог байлаа.

-Хувцас загварыг яагаад сонирхсон юм бэ?

-Манай ээж дээл сайн оёдог байсан. Бага байхад ээж ханандаа ватум цаас наачихаад надаар зураг зуруулдаг байсан. Тэгж л зурах сонирхолтой болсон. Нэг удаа Оросын сэтгүүлээс хүний галбирыг их гоё зурсан байхыг харсан.

Түүнээс хойш хувцас загвар сонирхож эхэлсэн. Уг нь уран зургаар суралцана гэж боддог байлаа.

-Таныг хувцас загварын тэмцээнүүдэд оролцож байхыг хараагүй. Загварын шоугаа ч хийдэггүй. Яагаад бүтээлээ олон нийтэд танилцуулдаггүй юм бэ?

-Тэмцээнд оролцохгүй арав гаруй жил болжээ. Сургуулиа төгссөний дараа цөөнгүй орсон. “Гоёл”-д есөн удаа орж, дөрвөн жил шилдэг болон тусгай байрын шагнал хүртсэн. “Гоёл” бол залуучууд бие биенээсээ туршлага судалж, өөрийгөө нээх боломжтой том тэмцээн. Миний залуу настай салшгүй холбоотой.

Хувцас загварын салбарт 20 орчим жил ажиллачихаад залуучуудтай зэрэгцэж тэмцээнд орж, шагнал булаацалдах нь утгагүй. Өөрийгөө таниулахаас илүү улсдаа оюуны өмчтэй бүтээл үлдээе гэж боддог болсон.

Түүнээс гадна оюуны өмчийн хулгай их байдаг. Шинэ загвар гаргаад олон нийтэд дэлгэхээр тэр дор нь хуулбарладаг. Уран бүтээлчдэд бүү хуул, бүтээлч бай гэж хэлмээр байна. Шоу хийж, зурагтаар олон гардаг хүн бүр сайн дизайнер биш.

 

-Хүмүүст танилцуулаагүй байтал загвар тань хоцрогдохгүй юү?

-Уран бүтээлч хүн нийгмээсээ түрүүлж сэтгэдэг, давтагдашгүй байх шаардлагатай. Би фитюр буюу ирээдүйг зөгнөсөн бүтээл ихэвчлэн хийдэг болохоор тийм амархан хоцрогдохгүй байх.

-Зохиолчид өөрийгөө үгээр, дуучин, хөгжимчид аялгуугаар, зураачид өнгөөр илэрхийлдэг. Харин та өөрийгөө ямар өнгө, загвар, гоёл чимэглэлтэй хувцсаар илэрхийлэх вэ?

-Тод өнгөтэй, элдэв янзын дүрс бүхий гоёл чимэглэлтэй, монгол хувцасны элементүүд оруулсан, авангард загварын хувцас байх болов уу. Хамгийн гол нь ирээдүйн чиг хандлагыг зөгнөсөн.

-Танд олон жил хийхийг хүсэж яваа загвар бий юу?

-Монгол үндэсний түүхэн хувцасны цуглуулга хийх хүсэлтэй. Олон ястны биш, түүхэн улсуудын хаад, хатад, харц ард гээд бүгдийнх нь хувцсыг хийнэ дээ. Мөрөөдлөө бага багаар нь биелүүлж байгаа.

“Монгол костюмс” компанид ажиллаж байхдаа XIII зууны хаан, хатад болон Хүннүгээс орчин үе хүртэл түүхэн хувцасны загвараар коллекц гаргасан.

-Та бүтээлийнхээ судалгааг хэрхэн хийдэг вэ?

-Түүхэн хувцасны судалгааг эртний ном зохиол, хадны сүг зураг судалж хийдэг. Мөн эртний хотуудын туурь судалдаг. ӨМӨЗО, Тувад нэлээд судалгаа хийсэн. БНХАУ-ын Шаньси мужид нэлээд урт үргэлжилсэн хадны сүг зураг бий.

Хүннүгийн үед дээлнээс гадна цамц, юбка өмсдөг байсан. Хүннү гэж Хүн улс шүү дээ. Нү гэдэг нь нохой гэсэн утгатай хятад үг юм билээ.

Хадны сүг зурагт эртний хувцас загвар, гар урлал, багаж хэрэгсэл гээд судлах зүйл их бий. Судалгааны бүтээлээрээ удахгүй шинэ коллекц гаргана.

              “Өрнийн гүнж”

Энэхүү загварт хүч чадал, эрх мэдлийг бэлгэдэн малгайн оройг шонхор шувууны хэлбэртэй зохиомжилж, шувууны аманд хөх мана зуулгажээ.

Хувцасны бүрдэл хэсгүүд болох бугуйвч, бөгж, үсний гоёл зэргийг амьтны араг яснаас санаа авч, оюу, хөх болон хар мана, сувд зэргээр чимэглэсэн байна.

Үсний үзүүрт зүүсэн сумны зэвээр нүүдэлчдийн омог бардам, эзлэн захирагч төрхийг илэрхийлсэн аж. Хүзүүний зүүлт, бүсэнд нь хээг уран сайхнаар зохиомжилж оруулжээ.


-“Эзэнт гүрний эрдэнэсийн сан” төслийнхөө талаар яриач?

-Төслийн хүрээнд Хүннүгээс өнөөг хүртэлх бүх улсуудын гар урлал, хувцас, эдлэл хэрэглэл, хээ чимэглэл зэргийг нарийн судалсны үндсэн дээр Монголын хаан, хатан, гүнж, зарц гээд бүхий л давхаргын хүмүүсийн хувцсыг ирээдүйд ямар байхаар төсөөлөн хийсэн 50 загвар гаргана.

Эх орон, өв соёлоо дэлхийд таниулахын тулд алдартай загвар өмсөгчдөд загвараа өмсүүлэх зорилготой. Европоос санхүүжилт олохоор ажиллаж байна.

Үүнээс гадна “Сэцэн фэйшн” нэртэй брэнд гаргахаар ажиллаж байгаа. Эрэгтэй, эмэгтэй коллекц, гоёл чимэглэл, цүнх гээд бүгд багтсан.

Үндэсний, өдөр тутмын, гоёлын, авангард гээд олон төрлөөр хийнэ. Брэндээ эх орондоо төдийгүй Япон, БНСУ, БНХАУ-д гаргахаар төлөвлөж байгаа.

-Та ирээдүйг зөгнөсөн бүтээл хийх дуртай юм. Зөгнөлд итгэдэг үү?

-Итгэдэг гэх нь хаашаа юм. Байхгүй зүйлийг зөгнөж бүтээж байгаа нь гайхалтай шүү дээ. Зөгнөлт кино үзэх кайфтай л байдаг юм.

-Гадаадын зарим загвар зохион бүтээгчид монгол хувцсыг сүүлийн үед их сонирхож байна. ОХУ-ын нэг дизайнер монгол хувцсыг орчин үеийн загварт оруулж, цаасаар урласан байна лээ.

-Дэлхийн загварын чиг хандлага сүүлийн жилүүдэд Ази руу чиглэж байна. Азидаа монгол хувцас агуу шүү дээ. Хээг нь төрөл бүрээр хувиргаж, өвөрмөц чимэглэл хийж болдог.

Зах, энгэр, товч гээд олон элементтэй. Үндэсний хувцасны онцлог, дэг жаягийг нь эвдэхгүйгээр өөрчилж хийх нь хамгийн чухал.

П.ТУНГАЛАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.211 Гайхалтай бүтээлүүд.
27.123.214.126 Aviyastai mundag zaluu bn.baharhaj bn. Gehdee tsagaan sariig ail heseh bayar bish , ahmad buurluudaaraa orj belegtei saihan eruul helj ter jilee ugtdag bayar gej bodvol zugeer bhaa. ..
103.10.22.46 Маш сайхан зүйл уншлаа. Баяраллаа. Амжилт хүсэе.
162.236.10.95 Ийм хүмүүс Монглын нэрийг дэлхийд авч явж байна даа. Бахархаж байна. Уран бүтээлийн амжилт хүсье!
150.129.140.211 Хөдөлмөрч хүндээ