УСАЙН БОЛТЫН НУТАГ, МӨНХИЙН НАРЛАГ, БАС ”ГАЖИГТАЙ” ЯМАЙК

2016 оны 01 сарын 21

АНУ-ын баруун өмнөд эргээс 2770 километр зайд орших жижигхэн Ямайк улс. Их Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудын тоонд багтдаг энэ улс мөнх ногоон байгаль, гайхалтай үзэсгэлэнтэй далайн эргийн наран шарлагын газруудаараа алдартай.

Жил бүр олон сая жуулчин зорин очдог тус улсыг дэлхий дахин хөнгөн атлетикийн алдартай тамирчин Усайн Болтоор андахгүй сайн мэддэг бол хөгжим сонирхогчид Регби хөгжмийн хаан гэгддэг Боб Марли болон алдарт “Boney М” хамтлагаар танина. Тус хамтлагийн “Sunny” буюу “Нарлаг” нэртэй дуу олон хүнд яг л Ямайк оронд зориулагдсан мэт санагддаг болов уу.

1494 онд Кристофор Колумб Ямайкийн аралд хөл тавих хүртэл үзэсгэлэнт Ямайк нутаг индианчуудын жаргалын орон байжээ. Гэвч Испанийн колоничлогчид очсон газар бүрийнхээ уугуул иргэдийг хүйс тэмтэрсэн аймшигт тавилан Ямайкийн Аравак омгийн индианчуудыг ч тойрсонгүй.

1655 он хүртэл испаничууд энэ орныг колоничилж байсан, дараа нь англичууд колонио болгосноос хойш өнөөг хүртэл Их Британийн Хамтын нөхөрлөлийн гишүүн орон хэвээр байгаа юм. Тиймээс ч тус улсын төрийн тэргүүн нь албан ёсоор Английн хатан хаан II Элизабетта.

Ерөнхий сайд Портиа Симпсон Миллер, Ерөнхий захирагч Патрик Аллен нар энэ орныг сүүлийн зургаан жил удирдаж байгаа. 2014 оны судалгаагаар гурван сая хүрэхгүй хүн амтай энэ улсын иргэдийн олонх нь Африкаас аваачсан боолуудын үр удам.

Мөн нутгийн уугуул индианчууд болон колоничлолын үр дүнд бий болсон эрлийзүүд багахан хувийг нь эзэлдэг. Нутгийн иргэдийн эрхэлдэг гол бизнес нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал аж. Ямайк бол Канад, Австрали, АНУ-ыг эс тооцвол Английн соёлд хамгийн их автсан улс.

Испани, Америк, Англи болон нутгийн уугуул соёл иргэншил холилдон уусаж, бүрэлдсэн өвөрмөц түүх, соёлтой улс юм . Ингээд адал явдал хайгч, байгалийн сайхныг бишрэгч жуулчид яагаад Ямайкийг зорьдог болон тэдний “гажиг”-ийг сонирхуулъя.

Ямайкийн далайн эрэг юугаараа тийм алдартай юм бэ. Өөр аль ч улсад байхгүй далайн эргийн цагаан элс, түүнээс цааш цэлийх экваторын мөнх ногоон уул толгод, гүн цэнхэр далайн усыг энд дурдахгүй өнгөрч боломгүй.

Эндхийн далайн эргүүдээс хамгийн алдартай, жуулчдын тэмүүлдэг газар нь “Seven miles beach” болон “Сosmos beach” юм. Ямайкад ирсэн гадаадын жуулчид энэ хоёр эргийг заавал очиж үзэж, далайн усанд нь шумбадаг гэх.

Мөн төрөл бүрийн шувуу болон халуун орны өвөрмөц тогтоцтой ургамлаас бүрдсэн ой мод бүхий давтагдашгүй үзэсгэлэнт байгалийг Ямайкад ирсэн жуулчид харах болно.

Түүнчлэн эндхийн далайн ёроолын үзэсгэлэнг шагшихгүй өнгөрч болохгүй. Жюль Верний “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” зохиолд ахмад Немо, жадчин Нед Ленд нар далайн төрөл бүрийн хөхтөн амьтан болон загас, наймаалж зэргийг шумбагч онгоцон дотроосоо шагшин гайхаж буйг санаж байгаа бол тэр гайхамшигт үзэсгэлэнтэй далайн ёроол чинь Ямайкийн эрэг шүү дээ.

Хэрвээ та ном зохиол дээр мөнхрөн үлдсэн далайн ёроолын амьдралыг дүрсжүүлэхийг хүсвэл 15 ам.доллараар усан доор бичлэг хийдэг зориулалтын камер түрээсэлж болох юм.

Мөн тэжээвэр далайн гахайнуудтай тоглож, хамт зургаа татуулсан ч болно. Адал явдалт спортоор хичээллэгсдийн хувьд Ямайкийн далайн эрэг хамгийн тохиромжтой газар гэдгийг хэлмээр байна. Учир нь усны серфингчдэд бол жинхэнэ хорхой гозолзуулж, эр зориг шалгасан газар.

Адал явдал хайгч серфингчид энэ спортод шинээр дурлагсдыг зориуд Ямайкийн эрэгт дагуулан ирж, төлбөртэй хичээл заах нь ч бий. Эндхийн далайн эрэгт өндөр, бас огцом давалгаалдаг хэд хэдэн газар байдаг тул серфингчид азаа үзэж, тэсвэр хатуужлаа шалгахаар ирдэг аж.

Спортын хорхойтнуудыг энэ орны зүг далладаг өөр нэг зүйл нь гольф юм. Ямайк бол хөнгөн атлетикаас гадна гольф өндөр хөгжсөн орон. Дэлхийн стандартад нийцсэн гольфын талбайнуудыг нь жил бүр олон мянган хүн зорин ирдэг аж.

Ямайкад далайн эрэг дагасан жижгэвтэр хот тосгон олон байх бөгөөд хүмүүс нь маш уриалгахан угтдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна жуулчдын цугладаг далайн эрэг бүрт амралтын газар, жуулчны бааз байдаг юм.

Амралтын газруудад өрөө олдохгүй, дуусах тохиолдол хэзээ ч гардаггүйн дээр танд Европ, Америкийн хэр баргийн буудалд байдаггүй хямд үйлчилгээг санал болгоно. Учир нь Ямайк бол амьжиргааны өртөг багатай газар.

Нэг ямайк доллар 0.00328 ам.доллартай тэнцдэг тул та бага мөнгөтэй байсан ч энэ улсад “тансаглаж” болно. Ямайкийг зарим хүн буурай хөгжилтэй гэж боддог бол том эндүүрэл юм.

Магадгүй та их мөнгөтэй бол танд зориулсан дээд зэрэглэлийн зочид буудал ч энд бий. Энэ улс бол эрчимтэй хөгжиж яваа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын орон гэдгийг мартаж болохгүй.

Мөнхийн дулаан энэ аралд өвөл тогтмол 25-30 хэмийн дулаан байдаг. Ямайкийн өөр нэг гайхалтай зүйл нь холоос хөхрөн харагддаг үзэсгэлэнт уулс.

Эдгээр уулс нь далайн түвшнээс дээш өндөрлөгт оршдог бөгөөд оройд нь гарахад сэрүүхэн болдог тул халуун нар ээсэн далайн эрэгт өдрийг өнгөрүүлсэн жуулчид үдэш нь уулсын оройд гарч амардаг. Уулсын оройд ч жуулчдад зориулсан баар, ресторанаас эхлээд хэрэгтэй бүхэн бий.

Жуулчдын анхаарлыг татдаг өөр нэг гайхалтай зүйл нь ямайк үндэсний хоол юм. Шинэ ногоо, жимс, хонины мах, өндөг болон далайн төрөл бүрийн амьтнаас бүрдэх ямайк үндэсний хоолыг нэг амталж үзсэн хүн дахиж заавал зорин ирж иддэг гэнэ.

Юуны түрүүнд та нутгийн хатаасан махтай хоолыг идэж үзэх хэрэгтэй. Энэ нь тахиа болон гахайн махыг халуун ногоотой хольж хатаасан, манайхаар бол нэг төрлийн борц аж.

Салахын аргагүй амттай уг хоолыг Ямайкад ирсэн жуулчид заавал идэж үздэг гэнэ. Зайлшгүй амтлах ёстой үндэсний хоёр дахь хоол нь энэ нутагт ургадаг акий хэмээх ургамлыг давсалсан загастай хольж идэх.

Олон зууны тэртээгээс нутгийн уугуул иргэдийн идэж ирсэн энэ хоёр хоолыг амтлахгүйгээр Ямайкаас буцаж болохгүй. Мөн халуун ногоо болон улаан лоолийн сүмсийг сонгинотой хольж хийсэн өвөрмөц амттай зууш гэхчлэн энэ нутгийн олон төрлийн хоолыг аль ч далайн эргээс авч идэх боломжтой. Ямайк загасчдын барьсан төрөл бүрийн загас болон далайн амьтныг ч бас амтлахгүй өнгөрүүлж болохгүй.

Эндхийн нэг онцлог нь аялал жуулчлалыг дагасан үйлчилгээний салбарт бага насны хүүхдүүд ихээр ажилладаг явдал. Ямайкад ирээд таны хөлсөлж авсан завины жолооч бага насны эрэгтэй хүүхэд байвал гайхах хэрэггүй. Гэхдээ ямайкчуудыг хүүхдийн хөдөлмөрийг мөлжигчид гэж бодож болохгүй.

Эндхийн хүүхдүүд багаасаа сайн дураараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд гадаадын жуулчидтай маш эелдэг харилцдагаараа алдартай.

Зочид буудал, ресторан, хөдөөний тосгон гээд хаа явсан газар найрсгаар инээмсэглэн угтах тэдгээр хүүхэд том болоод хувийн бизнес эхлүүлсэн нь цөөнгүй аж. Жуулчдад таалагддаг өөр нэг зүйл нь тэндхийн зочид буудал, амралтын газар нь бага насны хүүхэд халамжлах тусгай үйлчилгээ нэвтрүүлсэн явдал.

Энэ үйлчилгээгээрээ Ямайкчууд өөр аль ч улсыг дагуулахгүй. Далайн эрэг дагасан хөдөөний жижигхэн тосгонд хүртэл эцэг эхчүүд нь наран шарлагын газар далайн усанд шумбан амарч байхад бага насны хүүхдийг нь саатуулах тусгай үйлчилгээ бий.

Таныг далайн усанд шумбаж, гадуур зугаалж байх үед хүүхдийг чинь өнгийн харандаа, будаг, хүүхдэд зориулсан ном сэлтээр тохижуулсан тусгай өрөөнд туршлагатай асрагч нар халамжилж, саатуулах болно. Ийм үйлчилгээ хэдхэн долларын өртөгтэй байдаг гэнэ.

Ямайк дэлхий дээрх хамгийн олон сүмтэй улс. Нэг хүнд болон нэг километр нутагт ногдох сүмийн тоогоор энэ жижигхэн улс дэлхийд тэргүүлдэг. Зөвхөн тэдгээр сүмийг үзэж, судлах гэж Ямайкийг зорин ирдэг гадаадын жуулчид, судлаачид олон бий. Христийн, католик, методист, лалын, жүүдийн, бахайн, англи маягийн гээд олон төрлийн сүм энд бий.

Англи хэлтний ертөнцийнхөн ямайкчуудыг маш их гайхдаг гэдгээ нуудаггүй. Учир нь багаасаа англиар ярьж хэлд ордог ямайкчууд энэ хэлний утга учрыг жинхэнэ алдагдуулдаг гэнэ.

“Тийм ээ би гэр лүүгээ л явж байна шүү дээ. Тэгээд яачихаад байгаа юм бэ. Явж л байна даа” гэх буюу “Би машиндаа суугаад машинаа жолоодоод машинтайгаа гэр лүүгээ явж байна” хэмээн өөдөөс залхтал уянгалуулж ярьдаг өөр унаган англи хэлтнүүд ямайкчуудаас өөр дэлхийд байхгүй.

Бусад англи хэлтнүүд хоёрхон үгээр ойлгуулчих зүйлийг бүтэн өгүүлбэрээр ярьдаг нь жуулчдыг залхаадаг аж. Та ямайк маягийн түвэгтэй англи хэлийг энэ нутгаас төрсөн алдарт дуучин Боб Марлигийн дуунуудаас сонсож болно.

Яагаад ямайкчууд англиар ингэж түвэгтэй ярьдгийн нарийн учрыг ойлгохын тулд энэ улсын нийгмийн амьдралын хэв маягийг эхлээд сайтар ойлгох хэрэгтэй гэж хэл зүй судлаачид хэлдэг.

Учир нь ямайкчуудын амьдралын хэв маяг нь өөрөө эгэл бус юм. Жишээ нь, та эндхийн дурын дэлгүүрээс хүнсээ цуглуулаад гарахдаа англиар “Худалдагчаа уут авъя” гэж хэлэхэд ойлгохгүй. Харин “Надад тэр хөөрхөн торноосоо нэгийг өгөөч” гэвэл ямайк худалдагч шууд л ойлгоно.

Ерөнхийдөө наанаа эелдэг ч гэсэн цаанаа бага зэрэг “гажигтай” гэж хэлж болохоор ард түмэн. Дэлгүүрт ороод “Өндөг авъя” гэвэл эелдгээр инээмсэглээд “Аан, та тэр гоё өндөгнөөс нэгийг авах гээ юү” хэмээн асууна.

Уурламаар санагдавч нүдэнд дулаахан инээмсэглэл, үйлчилгээний соёлоос нь болж дуугүй өнгөрөхөөс аргагүй. Хэрвээ Европт, эсвэл Америкт иймэрхүү англи хэлээр ярих юм бол хүн доромжилсон хэргээр цагдаад дуудагдахыг ч үгүйсгэхгүй. Харин Ямайкад бол энэ бүхэн хэвийн үзэгдэл.

Жуулчдын дургүйцлийг төрүүлдэг өөр нэг зүйл нь энэ улсад хүнийг хэзээ ч бүтэн нэрээр нь дууддаггүй. Ямар ч тохиолдолд товчилсон, богино нэрээр дуудна.

Жишээ нь, Жонсон гэдэг хүнийг Жо, Саймон гэдэг хүнийг Сайм гэх буюу эсвэл бүр Сэм гэж дуудах бөгөөд та энэ нутагт арав хоног саатлаа гэхэд энэ арав хоногийн хугацаанд өөрийнхөө бүтэн нэрийг олж сонсохгүй гэсэн үг.

Дээр нь Ямайкчууд бүгд мухар сүсэгтэй гэдгийг мартаж болохгүй. Тэд эмээ юм уу, өвөө нь итгэдэг байсан зүйлд чин сэтгэлээсээ заавал итгэдэг. Итгэдэг юмс нь өвчин туссан үедээ газарт ургадаг ердийн нэг өвсийг усанд буцалгаж уувал эрүүл болдог гэх мэтийн аахар шаахар зүйл байдаг нь хачирхалтай.

Мөн хэн нэгэнд газар бүдэрч унах мэтийн зүйл тохиолдвол үүний цаана заавал учир шалтгаан бий гэж ямайкчууд үздэг нь гадаадынханд хэтэрхий түвэгтэй, бас шал утгагүй санагддаг аж. Ерөнхийдөө ямайкчууд их шүтлэгтэй.

Амралтын өдрүүдэд христийн сүмүүд дүүрдэг бол лалын сүмүүдэд өдөрт 2-3 удаа мөргөл үйлдэнэ. Сүм бол ямайкчуудын амьдралын салшгүй хэсэг. Сүмд явдаггүй хүн тун ховор бөгөөд явдаггүй нэгнийг “Яагаад тэр вэ” гэхчлэн асууж шалгаах нь түвэгтэй.

Хэдийгээр ямайкчууд дээр өгүүлсэнчлэн “гажигдуу” гэмээр дутагдалтай ч тун нөхөрсөг, тусархаг, бас цайлган сэтгэлтэй, хүнд буруу санадаггүй ард түмэн. Таныг Ямайкад онгоцноос буухаас чинь эхлээд эелдгээр инээмсэглэсэн хүмүүс тосон авна.

Европ болон америкчуудынх шиг хуурамч биш, чин сэтгэлийн энэ инээмсэглэлийг та энэ улсаас явах хүртэл алхам тутамдаа мэдрэх болно. Бас тэд их тусархуу.

Түрийвчтэй мөнгөө санамсаргүй газар унагачихаад яваад өгөхөд хэн нэгэн хойноос чинь заавал “Ноёнтоон, та түрийвчээ унагаачихлаа” гэж хашгирах болно. Ямайк хүн хэчнээн ядуу байсан ч түрийвчийг чинь авахгүй. Буцаагаад л өгнө.

Нэг иймэрхүү зан ааш, хэл соёлтой. Амьдралын жаахан “гажигдуу” гэмээр хэв маягтай ард түмнийг ямайкчууд гэнэ.

1980-аад оны үед хит болж байсан “Санни” дуунд дуулдагчлан үргэлж мөнх хурц нар ээдэг, мөнх ногоон үзэсгэлэнт байгальтай Ямайк арал Өмнөд Америк тивийн Карибын тэнгисийн гүн цэнхэр усаар хүрээлэгдэн оршсоор л. Тэд таныг хэзээд чин сэтгэлээсээ, найрсгаар инээмсэглэн угтах болно.

Б.ТҮВШИНБАЯР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.160.55 Uneheer ikh bayrlalaa saikhan bichjee mash ikh taalagdlaa
119.46.59.194 End unen ch yum bna hudlaa ch yum ih baina daa. Bi l lav 8 sar amidrahdaa neg ch udaa gantsaaraa garj uzeegui. Er ni bol ayultai gazar. Gudamjaar yavj baihad medegddeg dee yanz bureer duudna. Za dalain ereg deer bol nogoo har tamhia shahah geed amar zaya uzuulehgui shd. Aziudiig bol ihevchlen hyatad gej boddog. Hooy CHIN geed l chin gedeg ni aziudiig duuddag yurunhii ner gej oilgoj bolno. Har tamhi ni cholootei, gadaadiin irgediin huvid bol bas todorhoi horio saad bdag gej sonsson. Hyamdhan bish dee hongor min. Mash ortog ondortei gazar. Za ter helnii huvid bol yag l helsen bna lee. Oilgohod hetsuu dee. Ter huuhed asragchiin tuhaid medehguim bna. Unen bh oo. Hool bol harin yostoi amttai shuu. Minii huvid arhi uusan sogtuu yamaika huniig haraagui. Arhinii orond nogoo har tamhia l heregledeg yum shig bgaam. Humuus ni nairsag, saihan zantai humuus bii. Sum bol hudlaa helsen hund arav alhaad l taardag. Za tovchhondoo bol iimerhuu kk. Uneheer uzesgelentei gazar.
5.71.179.77 Za da barag hudal juulchid mash haruul hamgaalaltai amraltiin gazaruudsd bdag bugd har tamkhichid zalkhuu uls jamaikiin haruud uursdiiguu har buyu afrik gej heluulekh unen durgui za chalchikhiig ch neg uzuulj ugnu du end england-d turj ussun unagan english heltei baij mani metdteigee adilkhan har bor ajil hiideg andashgui us shhireldsen urt datavgar amtai humuus jamaik ulsuud
202.179.26.134 Gou ymaa ochmoor sanagdchihlaa
202.8.75.186 Ochij uzmeer sanagdlaa :)