АГААР БОЛОН ХӨРСНИЙ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭГЧИД

2016 оны 01 сарын 19

Хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд байгаль орчинд халгүй, хүний эрүүл мэндэд хоргүй орчин үеийн дэвшилт техник, технологи зохион бүтээх болсон. Цаг үеийн шаардлага ч ийм юм. Манай улсад агаарын болон хөрсний бохирдол ихсэж, хүн бүрийн санаа зовох гол асуудал болоод буй.

Тиймдээ ч ногоон технологи, эко бүтээгдэхүүнүүд бидний анхаарлын төвд орж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулах ёслолын ажиллагаа зохион байгуулдаг.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон ёслолын арга хэмжээний үеэр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ультрасоник” компани байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч “Green¬preneur 2015” шагнал хүртсэн юм.

Уг компанийг зорьж, сүүлийн үеийн дэвшилт технологи, тоног төхөөрөмжүүдийг нь сонирхлоо. ХБНГУ болон Швейцарь улсаас оруулж ирсэн хэд хэдэн төхөөрөмжөөс эрчим хүчний хэмнэлт бүхий халуун ус үйлдвэрлэдэг хит памп, агаарын бохирдлыг бууруулахаар зохион бүтээсэн дулаан хадгалагч болон ахуйн хэрэглээний бохирыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй цэвэрлэх байгууламжийг нь онцолж байна.


   БОХИР УСЫГ 97 ХУВЬ ХҮРТЭЛ ЦЭВЭРШҮҮЛНЭ

Инженерийн дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллын айл, сургууль, цэцэрлэг, аялал жуулчлалын бааз, уул уурхайн компани болон үйлдвэр үйлчилгээний газрууд шаардлага хангахгүй цэвэрлэх байгууламж ашиглах нь элбэг.

Бохир усыг ямар ч шүүлтүүргүйгээр байгальд хаяснаар хөрс ихээхэн бохирдож буй. Үүнээс болж өвчин эмгэг үүсгэгч нян үржиж, иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулж байна.

Иймээс өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж буй дэвшилт технологи бүхий цэвэрлэх байгууламжийг эх орондоо нутагшуулах, суурилуулах зайлшгүй шаардлага тулгарч буй.

Ахуйн хэрэглээний бохирын асуудлыг шийдвэрлэхийн тулд 1929 онд Бергманн групп (WSB) зарчмыг нээж, шинэчлэн хөгжүүлсээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологи бий болгожээ.

Ахуйн бохир ус цэвэршүүлэх WSB технологи нь микробиологийн аргад суурилж, хөвөгч эргэлдэх биет бүхий биореакторт зарчмаар ажилладаг. Цэвэрлэгч бактери нь хөлддөггүй, паноген буюу өвчин үүсгэгч нянгуудыг микробиологийн аргаар устгадаг аж. 5000 хүртэлх хүн хэрэглэх боломжтой байгууламж юм байна.


Цэвэрлэх байгууламж нь бохир усыг 97 хувь хүртэл цэвэрлэдэг бөгөөд ногоон байгууламжаа усалж болно. Бохирыг хэд хэдэн дамжлагаар цэвэрлэснээр лаг нь доош суух аж.

Ийнхүү цэвэрлэгдсэн ус биологийн цэвэрлэгээний шат руу шилжинэ. Энэ хэсэгт микро биетүүдийн тусламжтайгаар хорт бодисыг 99 хувь хүртэл устгах чадалтай биофилм үүсгэж, хорт бодис устгахад шаардагдах агаар буюу хүчилтөрөгчөөр хангагддаг аж.

Биологийн цэвэрлэгээнээс гарсан хатуу бодисууд шаланд тунаж үлддэг байна. “Монголиан пропертис” компанийхан “Нүхт виллаж” хотхондоо 150 хүний ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэх энэхүү байгууламжийг өнгөрсөн намар амжилттай ашиглалтад оруулсан байна.


   ХЯМД ҮНЭЭР ДУЛААНАА НӨӨЦЛӨХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ

Нүүрс, түлшний хэрэглээнээс үүдэн хүрээлэн буй орчин маш их бохирдож, дэлхий нийтийг түгшээж буй. Агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний хэрэглээг багасгах, шинэ техник, технологи зохион бүтээх, илүү үр дүнтэй арга зам эрэлхийлсээр байгаа билээ.

Эдгээрийн нэг нь дулаан хадгалагч юм. Эрчим хүчний хэрэглээ хоногийн турш жигд байж чаддаггүй бөгөөд цахилгаан станцын хүчин чадлыг үр өгөөжтэй ашиглахын тулд 24 цагийн турш жигд ачаалах шаардлагатай. Ялангуяа шөнийн цагийн илүүдэл эрчим хүчийг хямдаар ашиглах боломж бидэнд бий.

Тодруулбал, шөнийн цагт эрчим хүчийг дулаан хадгалагчид хураан нөөцөлж, өдрийн цахилгааны хэрэглээг бууруулах боломжтой юм байна. Дулаан хадгалагч дотор өндөр багтаамжтай нягтаршуулсан тусгай тоосго бий.

Эдгээр тоосго нь дулаан хуримтлуулах чадвар сайтай бөгөөд 600 градус хүртэл халдаг аж. Дулаан түгээлт нь уг төхөөрөмжид байрлах дуу чимээгүй сэнсний тусламжтайгаар явагддаг ба дулааныг хуримтлуулах, ялгаруулах электрон удирдлагатай аж. Температурыг 10-30 хэм хүртэл тохируулах боломжтой.

Энэ халаалтын системд халаалтын зуух, труба хоолой, түгээх шугам сүлжээ, радиатор шаардлагагүй. Иймд дулаан хадгалагч хамгийн хямд өртөгтэй халаалтын системд тооцогдож буй. Дулаан хадгалагч нь статик, динамик гэсэн хоёр төрөлтэй. Статик нь 220, динамик нь 380 вольтоор ажилладаг байна.

   ХАМГИЙН БАГА ЗАРДЛААР УСАА ХАЛААНА

ХБНГУ-ын “Штиэбэл элтрон” фирмийн хит памп буюу дулааны насос нь сэргээгдэх эрчим хүчний дэвшилт технологи аж. Өөрөөр хэлбэл, агаарын дулааныг ашиглаж хэрэглээний халуун ус үйлдвэрлэдэг шийдэл юм.

Уг төхөөрөмжийг амины орон сууц, аялал жуулчлалын газар, уул уурхайн баазад хэрэглээний халуун ус үйлдвэрлэхэд зориулжээ. Хэрэглэхэд амар, авсаархан тул нэмэлт өрөө тасалгаа, автомашины гараажид ч байрлуулах боломжтой аж.

Тухайн өрөө тасалгааны агаарын температур 10 градусаас багагүй үед 76 градус хүртэл халуун усыг үйлдвэрлэдэг юм байна. Хоногт 1.6 киловатт цахилгаан зарцуулж, 300 литр усыг 76 градус хүртэл халаах чадалтай тус төхөөрөмжийг энергийн зарцуулалтгүй хэмээн “Ультрасоник” компанийнхан онцолсон юм.

Хөргөгчийн эсрэг зарчмаар, агаарын дулааныг ашиглан хэрэглээний халуун ус үйлдвэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, төхөөрөмжид 10 хэмийн агаар ороход нөгөө тал руугаа гурван хэмийг гадагшлуулан, үлдэж буй долоон хэмийг нь ус халаахад зарцуулдаг байна.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД