Би дахиж хэнд ч муу юм хиймээргүй байна

2016 оны 01 сарын 17

Нью-Йорк мужид байдаг Салливан хэмээх хатуу чанга дэглэмтэй шоронд Америкийн хамгийн хэрцгий, балмад гэмт хэрэгтнүүдийг хорьдог. Тэдэн дунд 11 эмэгтэйг алж, 250 жил хоригдох ял авсан Артур Шоукросс гэх хижээл эр бий.

Түүний үйлдсэн хэргүүд “Чухам юу хүнийг ийм хэрцгий хэрэг хийхэд хүргэдэг юм бол. Ер нь хорон муу санаа гэдэг юу юм бэ” гэсэн асуулт тавихад өөрийн эрхгүй хүргэдэг аж. Америкийн “Shadow” сэтгүүлийн сурвалжлагч энэ асуултад хариулт авах зорилгоор Артур Шоукросстай ярилцлага хийжээ.

-Та яаж яваад ийм аймшигтай алуурчин болчихдог байна аа?

-Хорон муу зүйлд буртаглагдаагүй хүн үүнийг мэдэхгүй л дээ.

-Тэгвэл та мэдэх үү?

-Тэгэлгүй яах вэ.

-Та хорон муу хүн үү?

-Зарим төрлөөрөө тийм.

Рочестер хот бол Канадын хилээс холгүй оршдог, ердөө сая орчим хүн амтай жирийн л нэг жижигхэн хот. Гэхдээ эл хот өөрийн бараан талтай аж.

Лаел өргөн чөлөө гэсэн нэртэй, хоёр км үргэлжлэх нэгэн гудамж Рочестер хотын хамгийн ядуу, дорой дүүрэгт оршдог. Ийм газар улаан дэнлүүний хороолол гэдэг нь ойлгомжтой.

1988 оны гуравдугаар сараас эхлээд эл гудамжнаас эмэгтэй хүмүүс алга болж эхлэв. 27 настай Д.Блакберн биеэ үнэлэгч байж. Гурван хүүхдийн ээж байсан түүний цогцсыг хотын дундуур урсдаг Женнеси голын ёроолоос олжээ.

Түүнийг хүчиндээд хоолойг нь боож алсан байв. Зургадугаар сард 27 настай хар тамхичин Э.Стэффани гэгч ор сураггүй алга болов. Түүний ялзарч муудсан цогцос мөн л дээрх голын эргээс олджээ.

-Та Э.Стэффанитэй яаж учирснаа санаж байна уу?

-Лаел өргөн чөлөөн дэх дэлгүүрийн үүдэнд уулзсан шиг санагдаж байна.

-Яаж алснаа санаж байна уу?

-Санаж байна аа. Гэхдээ дэлгэрэнгүй яриад хэрэггүй биз.

-Тийм ээ. Гэхдээ та түүнийг яаж алсан юм?

-Багалзуурдаж алсан байх.

-Хохирогч нар чинь үхсэн гэдгийг та яаж тодорхойлдог байсан юм бэ?

-Мэдэхгүй ээ. Зүгээр л мэдэрдэг байсан. Бие нь сулраад эсэргүүцэхээ болиод ирэхэд нь...дөрөв, таван минут л болдог юм даа. Заримдаа түүнээс ч бага.

Артур Шоукроссыг эргэн тойрныхон нь жирийн л нэг хүн гэж боддог байж. Тэрбээр Александрын гудамжин дахь байрандаа дөрөв дэх эхнэртэйгээ хамт амьдардаг байв. Цагаан идээний үйлдвэрт шөнийн ээлжинд ажиллаж, өдөр нь чөлөөт цагаараа загасчлах дуртай энэ хүн эхнэртэй хэрнээ нууц амрагтай байв.

Түүгээр ч зогсохгүй Лаел өргөн чөлөөний улаан дэнлүүний гудамжаар байнга зочилдог байжээ.

-Та нууц амрагтай, бас биеэ үнэлэгчидтэй байнга уулздаг байсан.

-Би өөрийнхөө хүссэнээр л амьдарч байсан.

Шоукросс бараг бүтэн жил аллага үйлдээгүй аж. Гэсэн ч 1989 оны долдугаар сард цагдаагийнхан Д.Хиллер гэдэг орон гэргүй хижээл насны эмэгтэйн цогцсыг олжээ. Цогцос ч гэж дээ, хэлхээтэй хэдэн яс л үлдэж. Тиймээс хохирогч хэдийд нас барсныг тодорхой тогтоох боломгүй байсан аж.

-Хиллер миний байранд амьдардаг байсан юм.

-Тэр таны найз байсан юм уу?

-Миний эд зүйлийг хулгайлах хүртлээ найз байсан. “Чи яагаад хулгай хийгээд байгаа юм бэ” гэж асуухад тэр “Мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Хиллерт би уг нь гэр цэвэрлэсний хөлс гэж өдөрт 4.25 ам.доллар өгдөг байсан шүү дээ.

-Таныг шулж байсан байх нь ээ.

-Тийм.

-Гэхдээ энэ нь түүнийг алах шалтгаан мөн гэж үү?

-Миний хувьд бол мөн.

Д.Хиллерийг А.Шоукросс зүгээр нэг алчихсангүй. Тэрбээр аймшигт аллагаа үйлдсэний дараа амьгүй болсон биеийг харах гэж хэргийн газарт дахин дахин эргэн ирж байжээ. Хамгийн сүүлд ирэхдээ цогцосноос толгойг нь салгаад ус руу чулуудчихсан аж.

-Та хүн алчихаад дараа нь цогцос дээр нь эргэж очиж байсан.

-Ул мөрөө баллах гэж л очсон юм.

-Гэхдээ Хиллерийн толгой нь байхгүй байсан шүү дээ. Яагаад толгой нь алга болчихсон юм?

-Би зүгээр л сугалаад авчихсан юм. Тэртээ тэргүй толгой нь өөрөө салчихсан шахуу байсан даа.

Аравдугаар сарын сүүлчээр П.Аирс гэдэг бүсгүй боож алуулсан байдалтай олджээ. Үүнээс дөрвөн долоо хоногийн дараа өөр нэг аймшигт аллага болов. Мөрдөгч нар олон жил тэр бүсгүйн цогцосны байр байдлыг мартаж чадаагүй гэдэг.

Ж.Сто биеэ үнэлэгч ч биш, хар тамхичин ч байгаагүй. Зүгээр л оюун ухааны бага зэрэг сааталттай хүн байжээ. Түрүүлгээ харан хэвтэх түүний цогцсыг дээш харуулахад бүсгүйн гэдсийг хүүлж орхисон байв. Гэмт этгээд хохирогчийг алсан хойноо эргэн ирж, гэдсийг нь хүүлсэн байна гэсэн дүгнэлт гарчээ.

Хотын иргэд айдаст автсан байлаа. Мөрдөгчдөд ямар нэгэн сэжүүр, олигтой нотлох баримт олдохгүй байв. Рочестер хотод цуврал алуурчин бий болсон нь ойлгомжтой байлаа. Тэр алуурчин идэвхжин, үйлдэл нь улам бүр харгис болж байгаа нь илт.

Хохирогчдын ихэнх нь биеэ үнэлэгч байсан тул Лаел өргөн чөлөөнд зогсож, өөрийгөө зардаг бүсгүйчүүд бүгд айдаст автсан байлаа. Гэсэн хэдий ч алуурчин тэднийг ганц ганцаар нь онилж чадаад байв.

Тэгэхээр гэмт этгээд биеэ үнэлэгчдийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд бүгд түүнийг таньдаг байх нь. Энгийн хувцас өмссөн цагдаа нар биеэ үнэлэгчдийн зуучлагч, эсвэл шөнийн цэнгээний газрын хамгаалагч нарын дүрд хувиран, Лаел өргөн чөлөөнд байнга жижүүрлэж эхлэв.

Харамсалтай нь тэдний хамар дороос эмэгтэйчүүд алга болсоор байлаа. Энэ талаар алуурчин А.Шоукросс шоронд орсон хойноо сурвалжлагчид “Гялалзтал тосолсон гуталтай, сайхан хувцасласан миний хажууд нэг залуу ирж суугаад эргэн тойрны нөхцөл байдлын тухай ярьж, бүх урхийг дэлгэж орхидог юм байна. Миний инээд хүрсэн гэж яана. Тэр залуу намайг хэн гэдгийг мэдэхгүй, өөртэйгээ адил цагдаа байна л гэж бодсон” гэж ярьжээ. Цагдаа нарын цугларч, ажил байдлаа хэлэлцэнгээ цайлдаг байсан түргэн хоолны газарт гэмт этгээд санаандгүй явж орсон нь хожим мэдэгдэх болно.

Харин А.Шоукросс хэвийн амьдралаараа амьдарсаар байв. Түүнийг ажлаа хийж, гэртээ эхнэртэйгээ амрахын хажуугаар бүсгүйчүүд алга болсоор. Арванхоёрдугаар сард Лаел өргөн чөлөөний хамгийн алдартай, царайлаг биеэ үнэлэгч Ж.Цицеро алга болжээ. Гудамжны хатан хаан гэгдэх түүнийг бүгд мэддэг байв.

-Ж.Цицеро яаж нас барсан бэ?

-Би түүнийг зүүн гараараа багалзуурдаж алсан.

-Бурхан минь, та бүгдийг нь нэг гараараа боож алдаг байсан юм уу?

-Яг энэ төвөнх дээр нь дардаг юм (өөр дээрээ үзүүлэв)

Цагдаа нар өөр нэгэн сураггүй болсон эмэгтэйг хайн, ойг нисдэг тэргээр самнаж байхдаа Цицерогийн цогцсыг санаандгүй олсон байдаг. Хөөрхий эмэгтэйн цогцос голын мөстэй цуг барьцалдан хөлдсөн байжээ.

Харин гүүрэн дээр нэг сэжиг бүхий машин зогсож байв. Нисдэг тэрэг ойртоход тэр машин байрнаасаа хөдлөн, хотын зүг хурдалсан байна. Мөрдөгч нар машиныг дагахаар шийдэж.

-Би Спэнсерфорд руу явж байсан юм. Нисдэг тэрэг миний дээгүүр л нисээд байсан. Юу болоод байгааг би сайн ойлгоогүй л дээ.

-Таны машин Цицерогийн цогцосноос холгүй зогсож байсан гэдэг.

-Яг миний доор байсан гэнэ лээ. Би хийсэн зүйлийнхээ тухай тэмдэглэл хөтөлдөггүй байсан болохоор түүнийг тэнд байгаа гэдгийг бүр мартчихсан байсан.

Ж.Цицерогийн цогцсыг мөснөөс салгаж байх хооронд сэжигтэй машины жолоочийг Цагдаагийн хэлтэст аваачин байцаажээ. Цагдаа нар түүний овог нэрийг бүртгэлийн системд оруулахад 20 жилийн өмнө хоёр ч аллагад холбогдсон гайхалтай намтар гарч ирэх нь тэр.

1972 оны тавдугаар сард Шоукроссын төрж өссөн Уртэртаун хотод найман настай К.Хилл охин сураггүй алга болжээ. Охиныг усанд живсэн байж магадгүй гэж үзсэн цагдаагийнхан голын эрэг орчмоор хайгуул хийтэл бяцхан охины цогцсыг чулуугаар даруулан нуусан байхыг олжээ.

Хөөрхий охины аманд дүүрэн шороо чихсэн байв. Мөрч нохой хэргийн газраас үнэр аван, Кловер гудамжны нэгэн байшингийн үүдэнд иртэл 27 настай Артур Шоукроссынх байв.

Байцаалтын гурав дахь өдөр сэжигтэн “Би үүнийг хийсэн байж магадгүй” гэж хэргээ хагас дутуу хүлээжээ.

-Бяцхан Хиллийг та яасан бэ?

-Энэ тухай би ярихгүй гэж урьдчилан сануулсан учир ахиж надад энэ асуултыг битгий тавиарай.

К.Хилээс гадна Уотэртаунд 10 настай Д.Блэк гэдэг хүү алга болоод удсан байв. Шоукросс тэр хүүтэй цуг хэд хэдэн удаа загасанд явсан байдаг. Мөрдөгч эл хэрэгт Шоукроссыг сэжиглэж байжээ. Д.Блэкийг хөнөөснөө Шоукросс огт хүлээхгүй байсан тул цагдаагийнхан түүнтэй наймаалцахаар шийдэв.

Д.Блэкийн талаар үнэнээ хэлсэн тохиолдолд К.Хилл охиныг алсан ялыг хөнгөрүүлж өгнө гэсэн наймаа байж. Маргааш нь гэхэд хүүгийн цогцос байгаа газрыг алуурчны зааж өгснөөр төмөр замын дагуух ойн суулгацаас олжээ.

Хэлэлцсэний дагуу гэмт этгээдийг Д.Блэкийг хөнөөсөн хэрэгт буруутгалгүй, зөвхөн К.Хилл охиныг алсан хэрэгт нь л ял тулгажээ. Түүнийг чанга дэглэмтэй шоронд 25 жил хорих шийдвэр шүүхээс гарсан ч 15 жилийн дараа сулласан байна.

Хугацаанаас нь өмнө сулласан үндэслэл нь гэмт этгээд ахиж хүн алахгүй гэсэн амлалт өгсөнд байлаа. Хэрэв Шоукросс эдлэх ёстой ялаа бүрэн эдэлсэн бол Рочестер хотод ийм эмгэнэлтэй хэрэг гарахгүй байсан нь ойлгомжтой.

Тиймээс мөрдөгч зөв хүнээ барьсан гэдэгт итгэлтэй байв. Харин яаж хэргийг нь хүлээлгэх вэ гэдэг асуудал үлдлээ. Гэтэл Шоукросс хэргээ нэг өдрийн дараа л хүлээсэн байна.

-Та яагаад бүх хэргийг хүлээсэн юм бэ?

-15, 16 цаг үргэлжилсэн байцаалтын дараа би зүгээр л ядарсан. Дээрээс нь бүх зүйлийг дотроо тээж явах чадал үгүй болсон гэх үү дээ.

Артур Шоукросс 11 эмэгтэйг алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд хэн ч эргэлзээгүй аж. Харин яагаад алсан юм бэ гэдэг асуулт хариултгүй хэвээр үлджээ. А.Шоукроссыг өмгөөлсөн баг түүний сэтгэц эрүүл биш гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлж байлаа.

Нэрд гарсан мэдрэлийн эмч Ж.Пикус олон цуврал алуурчны тархийг судалж үзээд хэт хэрцгий авирлах, харгис хэрэг хийх нь тархины тодорхой хэсэг гэмтсэнтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хүсэн аж. Шоукроссын тархи ч ялгаагүй бусад цуврал алуурчныхтай адил яг нэг тодорхой хэсэгтээ гэмтэл авсан байлаа.

Тархины гэмтэл нь дангаараа шийдвэрлэх шалтгаан болж чадахгүй тул Шоукроссыг Елийн их сургуулийн профессор, сэтгэл судлаач Д.Люис үзсэн байна. “Судалгааны явцад бид Шоукросс бага насандаа бэлгийн аймшигтай хүчирхийлэлд автсаныг олж тогтоосон. Тэрбээр энэ тухайгаа ховсдуулсан үедээ ярьсан. Түүнийг төрсөн эх нь хүчирхийлдэг байж” гэж тэр эрдэмтэн ярьсан байдаг.

-Таныг ээж чинь яадаг байсан юм бэ?

-Надтай аман секс хийдэг байсан. Намайг 14 нас хүрэхэд надтай бэлгийн харьцаанд орсон. Түүний дараа би гэрээсээ зугтсан. Дэрэн дээрээ “Канад явлаа” гэж бичээд зугтчихсан. Би гэртээ буцаж очмооргүй байсан.

Шоукроссыг өмгөөлсөн баг түүнийг хэрэг хүлээх чадваргүй гэж үзэж байсан бол цагдаагийнхан эсрэгээрээ түүнийг хийсэн үйлдэл болгоноо ухамсарлаж байсан гэж дүгнэж байлаа.

Энэ хэргийг шалгаж байх үед ээж нь “Би хүүгээ гүйцэд хайрлаж чадаагүй байх. Гэхдээ түүний ярьж байгаа зүйлийг хийх нүгэлтэн би биш. Тэр яагаад ингэж яриад байгаа юм бол” гэжээ.

“Ээж миний шулуун гэдэс рүү өргөст хэмх чихдэг байсан” гэсэн түүний мэдүүлгийн эсрэг мөрдөгч “Ийм үйлдэл хүүхдийн биед ямар нэгэн ул мөр үлдээх ёстой. Гэтэл түүний эрүүл мэндийн түүхэнд энэ тухай ямар нэгэн тэмдэглэл байхгүй байна” гэжээ.

-Танай ээж мэдүүлгийг чинь худлаа гэсэн байдаг?

-Хэн ч үнэн гэхгүй шүү дээ. Ийм балиар хэргээ хүлээн зөвшөөрсөн эмэгтэйг хүмүүс яахыг та ойлгож байгаа биз дээ.

-Мөрдөгч эрүүл мэндийн түүхийг чинь шалгасан байсан?

-Тэр үед эрүүл мэндийн ямар ч түүх хөтөлдөггүй байсан. Намайг хүчиндчихээд дараа нь эмч рүү дагуулаад явна гэж байх уу.

Хэргийг шүүж байх явцад өмгөөлөгч нь Шоукроссын сэтгэцэд Вьетнамын дайн их нөлөөлсөн гэж зүтгэжээ.

-Вьетнамд юу болсон юм бэ?

-Юм юм л болсон. Би тийшээ зэвсгийн мэргэжилтнээр явсан юм. Би дайсны талаар мэдээлэл олохоор ширэнгэ рүү ганцаараа явдаг байсан. Нэг удаа уулнаас дөрвөн буу үүрсэн эмэгтэй уруудаж явахтай таарсан юм. Би сэмхэн түүний араас гэтэж очоод сэлмээрээ хоёр цавчаад толгойг нь тасадсан.

Их биенээс нь цус олгойдох дүр зураг одоо ч миний нүдэнд үзэгдсэн хэвээр. Нэг удаа хоёр амьд хэл барьчихаад мэдээлэл авахын тулд нэгийг нь нөгөөгийнх нь нүдэн дээр алсан юм. Эхлээд биеийг нь дундуур нь хуваагаад Т-4 тэсрэх бөмбөг энд тэнд нь зоон, бялуу шиг асаасан юм.

Дараа нь цогцосны болсон махнаас таслан амандаа хийгээд нөгөө олзлогдсон нөхөр лүү хартал тэрбээр өтгөн шингэндээ хутгалдчихсан байсан...

Шоукроссын энэ яриа их эргэлзээтэй аж. Мөрдөгч түүний алба хааж байсан ангийн захирагчтай уулзтал Шоукросс хангамжийн мэргэжилтэн байсан бөгөөд дайны ямар ч даалгаварт явж байгаагүй гэж хэлжээ.

Гурван долоо хоног үргэлжилсэн шүүх хурлаар өмгөөллийн баг нь Шоукроссыг хэргээ хүлээх чадваргүй гэж шүүгч нарт итгүүлж чадаагүй аж. 11 эмэгтэйг бүрэлгэсэн хэргийнх нь төлөө Артур Шоукроссыг 250 жил шоронд хорих ял оноожээ.

Тэрбээр 18 жилийг онцгой чанга дэглэмтэй шоронд өнгөрөөгөөд одоо дээд зэргийн чанга дэглэмтэй шоронд хоригдож байгаа юм.

2001 онд түүний амьдралд нэгэн цочирдом зүйл болжээ. Тэрбээр 1960-аад онд Хавайн арлын нэгэн бүсгүйтэй дотносоод удалгүй салжээ. Харин энэ харилцаанаас нэгэн охин мэндэлснийг Шоукросс мэдээгүй аж.

Түүний охин болох М.Даунвилд эцгийгээ хэн болох, хаана байгааг мэдээд уулзахаар шийджээ. Нөхөр нь түүнийг эцэгтэй нь уулзуулахгүй гээд чадаагүй аж. Тэдний уулзалт сэтгэл догдлом болж өнгөрсөн гэдэг.

-Та охиныхоо тухай юу гэж хэлэх вэ?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Тэр дөнгөж саяхан бас ирээд явсан.

-Та зээ нартаа хайртай юу?

-Хачин их. Би тэдэнд байнга захиа бичдэг. Надад тэд хичээл дээрээ хийсэн зүйлүүдээ, бас өөрсдийнхөө гэрэл зургуудийг явуулдаг. Тэрийг нь хараад би цаасан дээр зээ нараа зурдаг даа.

-Миний асуулт балмад сонсогдож магадгүй. Гэхдээ хэрэв таны зээ нарыг хэн нэгэн хүчирхийлээд алсан бол та гэмт этгээдийг яах вэ?

-Тэр бол хуулийн байгууллагын асуудал.

-Хүүхдүүдийнхээ тухайд бол?

-Миний дотор тэр чигтээ хоосорно. Үнэн шүү.

-Охин чинь таны хийсэн хэргийг мэдэх үү?

-Тэр бүхнийг мэдэж байгаа. Том болсон ач нар маань ч мэдэж байгаа. Харин арай багуудад нь хэлээд хэрэггүй гэж би сануулсан. Би охиндоо таны хэзээ ч олж мэдэхгүй зүйлийн тухай ч ярьсан.

-Жишээ нь?

-Рочестерээс өөр газар болсон зүйлийн тухай ч юм уу.

-Уотэртаунд уу?

-Тийм ээ.

-Та алсан хүмүүсийнхээ гэр бүлд аймшигтай уй гашуу авчирсан гэдгээ ухамсарладаг уу?

-Би гэмшдэггүй. Учир нь тэгэх шалтгаан бий.

-Тэгсэн мөртлөө та охиндоо их хайртай юм.

-Тийм ээ. Их сонин. Та миний ярианаас ойлгосон үгүйг би мэдэхгүй. Миний дотор гэгээтэй бас харанхуй хоёр тал байдаг. Ер нь миний дотоод сэтгэл нэг л биш гэдгийг би өөрөө ч мэднэ. Миний дотор үргэлж нэг муу хүн байдаг.

Түүнээс салах ямар ч аргагүй. Гэхдээ одоо би түүнийг нэг цоожны цаана барьдаг болоод байгаа. Би дахиж хэнд ч муу юм хиймээргүй байна.

-Энэ үнэн үү?

-Тийм ээ.

-Сүүлчийн асуулт. Та яагаад тэр хоёр бяцхан хүүхдийн талаар ярих дургүй байдаг юм бэ?

-Гүйцээ. Би танд сануулсан. Наад дуу хураагчаа унтраа.

-Та ичээд ярихгүй байгаа юм биш үү?

-Гүйцээ. Би явлаа.

Сурвалжлагч хожим нь Шоукроссын охиноос Уотертаунд болсон хэргийн талаар асуухад “Энэ хэргийг би бурхантай л хэлэлцэнэ” гэж аав минь хэлсэн. Тэрүүгээр нь болог” хэмээн хариулжээ.

Н.ЭНХТҮВШИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД