НАЙМ ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТЫН ЭХНИЙ ШАТНЫ ДҮН ГАРЛАА

2016 оны 01 сарын 04

Жил бүрийн арванхоёрдугаар сар бол Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шалгаруулалтын нэгэн жилийн гарааны зурхай дээр жигдэрдэг их сорилго, сойлгын цаг байдаг.

БАЛДОРЖ шагналын найм дахь удаагийн шалгаруулалтын эхний даваанд чансаагаа сорихоор өдөр тутмын сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 23 сэтгүүлч, бодит амьдрал, үйл явдлын халуун цэгээс хийсэн сурвалжлага, тэмдэглэл, эрэн сурвалжилж асуудал дэвшүүлсэн өгүүлэл, ярилцлага, баримтат нийтлэл, нэвтрүүлгийн нийт 43 бүтээл ирүүлснийг хэвлэл мэдээлэл, нийгэм, соёлын зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчдийн баг нэг бүрчлэн уншиж, үзэж, нягтлан хэлэлцээд дараах байдлаар байр эзлүүлэв.

Эхний шилдэг арав болон удаах арван бүтээлийг уламжлал ёсоор сэтгүүлчийн нэрийн үсгийн дарааллаар танилцуулж байна.

“ШИЛДЭГ АРАВ”-ЫН АРААС ЖАГССАН БҮТЭЭЛҮҮД

1. Д.Байгал Эх орон ТВ “Амьдралын гол дүр” хөрөг нэвтрүүлэг

2. Г.Батзаяа, Г.Уянга МҮОНР “Баримт” Халх голд чөлөөт бүс байгуулах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үү, энэ тогтоолыг батлахдаа хууль зөрчсөн үү? Радиогийн эрэн сурвалжилсан нэвтрүүлэг

3. С.Бэлгүүнзаяа “Намуун-Зэт” продакшн “Төр түмэн нүдтэй” телевизийн баримтат цуврал нэвтрүүлэг

4. У.Бямбаням “Гэрэг” сэтгүүл “Эцэс төгсгөлгүй жүжгийн цорын ганц гол дүр”

5. С.Гандөл “Үндэсний шуудан” сонин “Дэлхийн дээвэрт өрнөсөн операци”

6. Ч.Үл-Олдох “Зууны мэдээ” сонин “Эрдэнэтийн асуудлыг одоо ч шалгаж болно”

7. Г.Цолмон “Өнөөдөр” сонин “Оросууд манай улсад байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрхгүй байлтай”

8. Б.Цолмонбаяр “Эх орон” ТВ “Говь шанх наадам” теле тэмдэглэл

9. Б.Цэцэгдэлгэр. “Өдрийн сонин” “Хуулийнхны хатуурхал буюу Д.Амарсайхан агсны үхлийн шалтгаан” цуврал нийтлэл зэрэг бүтээлийг нэрлэсэн байна.

Нэр дэвшсэн эдгээр бүтээлийг шалгаруулсан шүүгчдийн баг “Сэтгүүлчид нийгэмд тулгамдсан, анхаарал татсан асуудлыг цаг алдалгүй дэвшүүлж, тал талаас хөндөн бичсэн нь эх сурвалж, баримт сайтай, бүтээлийн чанар, төрөл дээшилсэн зэрэг нэлээдгүй ахиц гарсныг үнэлсний дээр сэтгүүл зүйн салбарт олон залуу авьяаслаг сэтгүүлч гарч ирж буй ч бичлэгийн ялгаа төдийлөн ажиглагдахгүй, ерөнхийдөө ижил түвшинд байгаа, эрэл хайгуул хийн, уйгагүй явж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь ажил хэрэг болгох, “Сэтгүүлч хүнийг хөл нь тэжээдэг” зарчим төдийлэн харагдахгүй байна” гэсэн дүгнэлт хийв.

БАЛДОРЖ шагналд сэтгүүл зүйн гэрэл зургийн төрлийг оруулах тухай “Засгийн газрын мэдээ” сонины саналыг “Балдорж” сангийн гишүүд хэлэлцээд найм дахь удаагийн шалгаруулалтаас эхлэхээр шийдвэрлэсэн ч энэ удаа гэрэл зургийн бүтээл ирсэнгүй.

БАЛДОРЖ шагналтнаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар тодорсон долоо дахь удаагийн шалгаруулалтаас хойш Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбар үндсэндээ БАЛДОРЖООР амьсгалсан нэгэн улирлыг үдэв.

СУИС-ийн Сэтгүүл зүйн профессорын багаас “Балдорж” сантай хамтран “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлага” онол практикийн бага хурлыг БАЛДОРЖ шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн жишээн дээр хийж, судлаач, шүүмжлэгчдийн бэлтгэсэн илтгэлээр товхимол хэвлүүлсэн зэрэг нь их сорилгын он оны шилдгүүд төдийгүй сэтгүүлч, судлаач, багш, профессоруудын анхаарлын төвд байлаа.

Монголын сэтгүүл зүйн төлөв байдал, сэтгүүлчийн ур чадварын чансааг тодорхойлдог БАЛДОРЖ шагналт бүтээлийг ийнхүү эрдэмтэн, судлаачид шинжлэн судалж, шүүн хэлэлцэж, үнэлж дүгнэн шинжлэх ухааны эргэлтэд оруулж байгаа нь цаашдаа Монголын сэтгүүл зүйн хөгжилд ихээхэн ач холбогдолтой алхам болсон юм.

Монголын сэтгүүл зүйн дээд шагналын наймдахь удаагийн шалгаруулалтын хоёр дахь шат буюу дараагийн даваа 2016 оны гуравдугаар сард өндөрлөж дөрөвдүгээр сарын эхэнд дүнг зарлах болно.

Сэтгүүлч Та бүхний бүтээлийг baldorj.san@gmail.com хаягаар хүлээн ч байна. Лавлах утас: 99059710

БАЛДОРЖ шагналд нэр дэвшсэн бүтээл, чансаагаа сорьж буй сэтгүүлчдийн лавлах сан бүрдүүлж байгаа тул сэтгүүлчид бүтээлээ ирүүлэхдээ товч намтар, зургаа хавсаргана уу.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.176 Балдорж гэдэг чинь