Шинэ оны сонор мялаасан анхны үйл явдал

2016 оны 01 сарын 04

Цав цагаахан, 365 хуудастай 2016 он хэмээх номын эхний хуудсыг бид сөхлөө. Эл номынхоо хуудас бүрт инээд хөөр, аз жаргал, амжилт бүтээл, хайр энэрлийн гэгээн түүх бичиж үлдээхийг хүн бүр хүсэж буй биз ээ.

Хотгор газрыг хорголоороо дүүргэдэг хонь жил улирч, үзсэн бүхнээ элэглээд байдаг илбэчин эрдэмтэй бичин жил гарах нь. 2016 он гарах мөчид эх оронд минь тохиосон гэгээн, сайхан, амжилттай үйл явдлаас “Өнөөдөр” онцолж байна.

Мөн дэлхий дахинд шинэ он гарах үед байгалийн ямар өвөрмөц үзэгдэл тохиосныг тольдлоо. Улирах оноо ухаарлаар үдэж, шинэ жилээ дэврүүн хүсэл, мөрөөдлөөр угтсан уншигч та бүхэндээ 2016 онд эрүүл энх, элэг бүтэн байж, санасан бүхнээ сэтгэлчлэн бүтээхийг ерөөе. Энэ онд төр түвшин, түмэн олон амгалан байг ээ.

Шинэ оны анхны нар 08.43 цагт мандаж, улаанбаатарчууд найм дахь жилдээ нар харах ёслолд оролцов. Мандах нарнаас эрч хүч авч эхлүүлсэн ондоо ажил үйлс бүхэн нь бүтдэг учраас тэр биз ээ.

Шинэ оны анхны хүүхэд 00.03 цагт ЭХЭМҮТ-д мэндлэв. Бяцхан иргэн маань 3450 гр жинтэй, охин аж.

Энэ өдөр нийслэлчүүд 29 хүү, 18 охиноор бүл нэмж, Монгол Улсын хүн ам 3.060.000-д хүрлээ.

“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн биржид энэ сарын 1-нд буюу оны анхны арилжаагаар 0.3 хувиар дээшлэн 3.51 канад доллартай тэнцлээ. Тэгвэл өмн өх жилийн мөн үед тус компанийн нэгж хувьцаа 3.76 канад доллараар үнэлэгдэж байжээ.

Хоёр он солигдох мөчид солирын бороо “асгарч”, энэ жилийн “хөшгийг” нээснийг ертөнцийн хойд хагасынхан харах боломжтой байв. Мөн өчигдөр шөнөжин (энэ сарын 3-нөөс 4-нд шилжих шөнө) тэнгэр солироор “бөөлсөн” бол ирэх бямба гаригт Сугар болон Санчир гариг “нэгдэж, уулзах” үзэгдэл болохыг судлаачид сануулжээ.

Үүнээс долоо хоногийн дараа солируудын “наадаан” дахин болно.

Энэ оны эхний улирлын хамгийн сонирхолтой нэг үзэгдэл ирэх сарын 3-нд тохионо. Тэр өдөр нар гэнэт “өсөх” буюу бүтэн хиртэх үзэгдэл болох аж.

Нарны голч буюу диаметр ердийнхөөсөө “томрох” учир нь дэлхий түүнд 0.983 одон орны нэгжээр ойртох юм байна. Одон орны нэгж гэдэг нь нарны аймгийн гариг хоорондын зайг хэмжихэд хэрэглэдэг хэмжигдэхүүн юм. Нар ба дэлхий хоорондын зайг нэг нэгж гэж тооцдог. Нэг одон орны нэгж нь ойролцоогоор 149.6 сая км-тэй тэнцдэг аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД