С.БАТЦЭЦЭГ оны манлай тамирчнаар хоёр дахиа тодров

2015 оны 12 сарын 28

Спортын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно” ёслол өнгөрсөн баасан гаригт боллоо. Монголын үндэсний олимпийн хороо, Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо хамтран зохион байгуулдаг энэ ажиллагаанд тамирчид, дасгалжуулагчид онцгой ач холбогдол өгдөг.

Бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлэн, спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын дүнг эцсийн мөчид зарлаж, оны сод манлай тамирчин, тод магнай дасгалжуулагч, багийг тодруулдаг учраас маш их үнэ цэнэтэй.

Өнгөрсөн жилээс эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин, гурван дасгалжуулагч, нэг багийг сонгох жишиг тогтсон юм.

2015 онд спортын сэтгүүлчдийн хамгийн өндөр саналыг эмэгтэйчүүдээс дэлхийн дэвжээнд хоёр дахиа өнгөлсөн С.Батцэцэг, эрэгтэйчүүдээс ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн, “Алтан гран при” тэмцээний аварга Э.Бэхбаяр нар авсан. Тиймээс тэд оны манлай буюу “Бөртэ чоно”-ын эзнээр шалгарсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Батцэцэгт тэргүүн дээд шагнал гардуулж өгөх үеэрээ “Бразилийн олимпод түрүүлэх боломж чамд бий. Монгол Улсад олимп, дэлхийн аварга цолыг хослуулсан хүн одоохондоо алга.

Энэ орон зайг “Рио-2016”-д нөхнө гэдэгт чинь итгэлтэй байна” хэмээн өгүүлсэн юм. С.Батцэцэг ч төрийн тэргүүний өгсөн даалгаврыг биелүүлэхийг хичээнэ гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Харин эрэгтэйчүүдээс оны манлайгаар тодорсон Э.Бэхбаяр Энэтхэгийн чөлөөт бөхийн лигт барилдаж байгаа учраас түүний өмнөөс шагналыг нь дасгалжуулагч А.Энхээ гавьяат гардан авсан юм.

Жүдоч бүсгүйчүүд 2015 онд тун өнгөлөг байсан. Үүнийг батлах мэт жагсаалтын хоёрдугаарт Д.Сумъяа, гуравдугаарт Ц.Мөнхзаяа нар жагсав. Тэд хоёулаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл эрэгтэйчүүдийн хувьд чөлөөт бөхийнхөн цахиур хагалж П.Өнөрбат хоёр, Д.Номин гуравдугаар байр эзэллээ. Тэд хоёулаа ДАШТ-ээс мөнгөн медалиар энгэрээ мялаасан билээ.

Шилдэг дасгалжуулагчид:

1.З.Дүвчин (Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш)

2.Х.Эрдэнэт-Од (ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш)

3.Ц.Цогтбаяр (Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч)

Cпортын холбоод:

1.Монголын чөлөөт бөхийн холбоо

2.Монголын жүдо бөхийн холбоо

3.Монголын буудлага спортын холбоо

4.Монголын хөлбөмбөгийн холбоо

Холбооны шилдэг ерөнхийлөгч:

Л.Болд (Монголын хөнгөн атлетикийн холбоо)

Холбооны шилдэг ерөнхий нарийн бичгийн дарга:

С.Ган-Эрдэнэ (Монголын тэквондогийн холбоо)

Өсвөрийн шилдэг тамирчин:

М.Анхцэцэг (Хүндийг өргөлт)   

Б.ӨЛЗИЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД