Д.Галбаяр, Т.Хулан: Бид нэг зүгт харж чаддаг учраас ӨНӨӨДРИЙН АМЬДРАЛАА БОСГОСОН

2015 оны 12 сарын 28

Монголын урлагийн ертөнцөд сор болон гялалзаж яваа гэр бүл цөөнгүй бий. Тэдний нэг бол нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү, найруулагч Д.Галбаяр, жүжигчин Т.Хулан нар.

Тэд оюутны ширээнээс ажлын хамтрагчид болж, уран бүтээлийн гараагаа эхлэх үедээ нэг нэгнээ амьдралынхаа түшгээр сонгосон. Тэд “Шуугиан таригч” хэмээх шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Д.Галбаяр, Т.Хулан нартай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Та хоёр Соёл урлагийн их сургуулийн нэг анги төгссөн. Ангийн найзууд хэзээнээс нэгнээ шохоорхож, ирээдүйн ханиа гэж харчихав аа?

Д.Г: -Анх ангийн найзууд байлаа. 2004 онд сургуулиа дөнгөж төгсөөд “Их тайз” гэж нэвтрүүлэг хийж эхэлсэн юм. Жүжигчин Т.Бархүү хөтөлдөг байгаад Швед явахаар болж, манай хүн орлосон.

Гэхдээ тохиолдол нь их сонин. Энэ нэвтрүүлгийнхээ үеэр бид хоёр “Ариун сэтгэл” жүжигт хамт тоглосон юм. Тэгэхэд л би дурлачихсан.

Т.Х: -Нэг мэдэхэд л дурлачихсан байсан (инээв). Ханийнхаа хүн чанар, мэдрэмж, авьяасад хамгийн их татагдсан даа.

-Таны эхнэрээ бэр гуйсан түүх их сонирхолтой юм билээ. Тэр тухайгаа яриач?

Д.Г: -Тийм шүү. Аав маань эрт бурхан болсон болохоор бэр гуйх хүн олддоггүй ээ. Нэлээд бодож байгаад ардын жүжигчин Г.Мягмарнаран ахаар гуйлгасан.

Г.Мягмарнаран ах манай хүнтэй маш олон уран бүтээлд аав, охин болж тоглосон байдаг. Бидэнтэй маш дотно харилцаатай.

Барьсан хадгийг нь авалгүй цаг гаран суулгасан юм билээ. Ингэж хөглөж байж ханиа авсан даа. Бид 2011 оны наймдугаар сард гэрлэлтээ батлуулсан.

-Гурван хөөрхөн хүүхдийн ээж, аав болчихлоо. Хүүхдүүдийнхээ нэрийг хэрхэн өгч байв?

Д.Г: -Манай охиныг Г.Энхлэн, дунд хүүг Г.Цэцэнбилэгт, багыг Г.Бэхицэцэн гэдэг.

Т.Х: -Том охины нэрийг аав нь өөрөө өгсөн. Эмэгтэй хүүхэд болохоор энхрийхэн, танхил охин болоосой гэж бэлгэдсэн. Хоёр хүүгийнхээ нэрийг будаанд хийж, шигшсэн дээ.

-Урлагийн гэр бүл байхын жаргал, зовлонгоос хуваалцаач. Шинэ уран бүтээл эхлүүлсэн үед ар гэрийн ажил бараг орхигддог байх даа?

Т.Х: -Тийм шүү. Ачаалал үнэхээр нэмэгддэг. Нөхөр хүн ажлаа хийгээд явдгаараа явна. Эхнэр хүн яалт ч үгүй ар гэрийн ажлаа зохицуулах л ёстой болдог.

Кинонд тоглохын хажуугаар гэрийн ажлаа амжуулахад бэрх шүү. Гэхдээ урлагийн бүх эмэгтэйчүүд ингэж хослуулаад л яваа.

Тийм болохоор би ачаа гэж хүлээж авдаггүй ээ. Миний хийх л ёстой ажил шүү дээ. Яаж, ийгээд болгоно гээд л зүтгэдэг.

Д.Г: -Урлаг өөрөө их сайхан. Олны нүдний өмнө ажиллаж, амьдарч байгаа болохоор аль болох хариуцлагатай байхыг л хичээдэг. Бид хийж байгаа ажлаасаа, урлагаас таашаал авч чадаж байгаа нь жаргал шүү дээ.

Уран бүтээлээ үзэгчдэд хүргэсний дараах мэдрэмж их гоё. Адилхан мэргэжилтэй болохоор нэгнээ ойлгох, дэмжих нь илүү. Бид нэг зүгт харж чаддаг учраас өнөөдрийн энэ амьдралаа босгож чадсан байна.

Яах вэ, жүжигчин, найруулагч хүмүүс гэр бүл болчихоор хүмүүсийн хэл аманд өртөх нь арай их юм шиг. Нөхөр нь кино найруулж, эхнэрээ гол дүрд тоглууллаа гэх мэт.

Яалт ч үгүй гэр бүлээрээ хамтран уран бүтээл хийж байгаа юм чинь хажуудаа бэлэн байгаа мэргэжлийн хүнийг ажиллуулалгүй яах вэ дээ.

Т.Х: -Бид уг нь тусдаа уран бүтээлч. Гэхдээ хамтраад уран бүтээл хийхээр л хэл аманд өртчихдөг. Би нөхрийнхөө найруулсан бүх кинонд тоглодоггүй шүү дээ.

Д.Г: -Түүнээс гадна бас нэг хандлага ажиглагдаад байдаг юм. Бусад найруулагч манай хүнд санал тавихаасаа их халгадаг юм шиг. Т.Хулан гэдэг жүжигчин зөвхөн Д.Галбаярын өмч, хараат юм шиг. Үгүй шүү дээ.

-Хамгийн анх ямар уран бүтээлд хамт ажиллаж байв?

Т.Х: -2009 онд “Хайрын рекорд” кинонд би жүжигчнээр, манай хүн найруулагчаар ажилласан. Яг л бидний нэг гэрт орж байх үе.

-Нэгнийхээ уран бүтээлийн хамгийн анхны үзэгч, сайн шүүмжлэгч болдог байх даа?

Т.Х: -Тэгэлгүй яах вэ. Нэг нэгэндээ мэдэх, чадахынхаа хэрээр зөвлөдөг шүү. Өөр найруулагчийн уран бүтээлд ажиллах үедээ ханьдаа зохиолоо уншуулна, яаж ажиллавал зүгээр вэ гээд л асуудаг.

Д.Г: -Манай хүн Улсын драмын эрдмийн театрт ажилладаг байсан. Шинэ жүжгийг үзэгчдэд хүргэхийн өмнө гадаад, дотоод хяналт гэж хийдэг. Тэр үед Д.Галбаярын хяналт гэж зүйл тусдаа явагддаг байлаа шүү дээ (инээв).

Гадаад, дотоод хяналт явагдаж байхад би үзэгчдийн суудлын хамгийн хойно суугаад л давхар үзчихнэ. Тэнд Д.Галбаярын хяналт давхар явагдаад байгааг урд суугаа хүмүүс мэдэхгүй. Тэгээд л дүрийнх нь тухай ярилцдаг байлаа.

Т.Х: -Манай хүн шинэ жүжиг бүрийг заавал ирж үздэг байсан.

-Танайх удам залгасан урлагийн гэр бүл шүү дээ. Хүүхдүүдэд нь урлагийн авьяас цухалзаж байна уу. Энэ чиглэлийн мэргэжил сонговол хэрхэн хүлээж авах вэ?

Т.Х: -Манай охин жүжигчин болно л гээд байгаа. Гэхдээ би жаахан дурамжхан байгаа юм. Дунд хүү бол болж мэдэхээр хөдөлгөөнтэй.

Д.Г: -Би нэлээд нээлттэй хүн. Хүүхдүүдийнхээ сонголтыг хүндэтгэнэ. Манай хүүхдүүд урлагт их дуртай. Хүү маань цэцэрлэгийнхээ бүх арга хэмжээнд оролцдог сайн дурын уран сайханч шүү дээ.

Миний өссөн орчин, амьдрал тэр чигээрээ л урлаг байсан. Багаасаа л театрт гүйж өссөн. Тийм болохоор хүүхдүүдээ урлагийн хүн болбол баярлана.

Т.Х: -Урлагийн гэр бүлийн уур амьсгал яах аргагүй хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг юм байна. Урлагийн эмэгтэй хүний үүрэх ачаа их байдгийг биеэрээ мэдэрч байгаа болохоор л охиноо хайрлаад харамлаад байгаа юм.

Гэхдээ охин маань үнэхээр авьяастай байгаад, урлагт ухаангүй дурлачихвал хорьж чадахгүй ээ.

-Амьдрал дандаа дардан байдаггүй шүү дээ. Сэтгэл гутарсан, гундсан үед нь ханийгаа хэрхэн урамшуулдаг вэ?

Т.Х: -Болох байлгүй дээ, болгоно шүү хоёулаа гээд л зоригжуулахыг хичээдэг дээ.

Д.Г: -Заримдаа ч уран бүтээлийн ажилд шантармаар зүйл тохиолдоно. Аль болох л урмын үгээр урамшуулахыг хичээдэг.

-Бас ам мурийхгүй амьдарна гэж байхгүй. Маргалдсан үедээ хэн түрүүлж буулт хийдэг вэ. Нэгнээ яаж аргаддаг вэ?

Д.Г: -Хэн хэн нь л буулт хийдэг шүү. Надаас ширүүн авир гарах үе байна. Гэхдээ зөвхөн уран бүтээлийн тухай маргааны үед шүү. Тэр үед манай хүн буулт хийдэг.

Т.Х: -Энэ хүн шинэ уран бүтээл эхлүүлэхээрээ цаг наргүй зүтгэчихдэг, хэт улайрчихдаг. Тэр үед нь юм хэлчихээр маргаан болчих үе байна.

Тийм тохиолдолд яах аргагүй буулт хийнэ. Гэхдээ дараа нь гарах уран бүтээл тэр хэрээрээ чанартай байгаасай гээд л цайруулна шүү дээ.

-Ханийнхаа хийсэн ямар хоолонд хамгийн их дуртай вэ?

Д.Г: -Цуйван. Манай хүний гарын хоол шүү дээ.

-Биенээсээ авч байсан хамгийн сайхан бэлэг юу байв?

Т.Х: -Гэнэтийн бэлэг зөндөө авсан. Гэхдээ ханийгаа хоол хийж өгөхөд тэрнээс илүү баярладаг. Манай хүн их сэтгэлээсээ хоол хийдэг. Гэр бүлдээ анхаардаг халамжид нь дуртай.

-Та хоёрын бодлоор гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог юм бэ?

Д.Г: -Хамгийн гол нь харилцаа.

Т.Х: -Итгэл хамгийн чухал. Ямар ч зүйл тохиолдсон нэгэндээ итгэдэг байх ёстой. Хоёр өөр орчинд өссөн, тэс өөр ертөнцтэй хүмүүс нэг дор амьдрахад тэвчээр, хүндлэл маш их хэрэгтэй.

-Танай гэрт шинэ уран бүтээл, зохиолын тухай яриа байнга өрнөдөг байх даа?

Д.Г: -Зөвхөн гэртээ гэлтгүй ажил дээрээ, машинд хамт явахдаа ч уран бүтээлээ ярьдаг.

-Шинэ оны хамгийн эхний өдөр “Шуугиан таригч” киноныхоо нээлтийг хийхээр товлосон байна. Энэхүү уран бүтээлийнхээ талаар яриач?

Д.Г: -2004 оноос л нэг шоу нэвтрүүлгийн санаа бодож явсан юм. Гэхдээ төсөөлөхөд их хэцүү л дээ. Бас нэлээд хөрөнгө хэрэгтэй. Нэг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлнэ гэдэг хэцүү.

“Тусгай ажиллагаа” киногоо үзэгчдэд хүргэсний дараа шинэ уран бүтээлийн санаа хайж яваад энэ шоуныхаа тухай санасан. Түүнийгээ жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэд хэлтэл “Наадах чинь кино болчихоор юм биш үү. Зохиолоо бичээч” гэсэн юм.

Эндээс л уг киног бүтээх эхлэл тавигдсан. Хань минь ч продюсерээр ажиллалаа.

-Та энэ удаа жүжигчин мэргэжлээрээ биш, продюсерээр ажилласан байна. Хэцүү байв уу?

Т.Х: -Их хэцүү ажил байдаг юм байна. Жүжигчнээрээ ажиллахад амар шүү дээ. Өөрийнхөө тоглох хэсэгт тоглочихоод л амарна. Гэтэл продюсер хүн уран бүтээлчдэд ажиллах нөхцөл бололцоо бүрдүүлж өгөх ёстой.

2004 онд сургуулиа төгссөнөөс хойш л би ханиа жүжигчин мэргэжлээрээ ажиллаасай гэж хүсдэг байсан юм. Манай хүн жүжигчин мэргэжилтэй мөртлөө найруулагчаар л дагначихсан шүү дээ. Гэтэл энэ кинонд өөрөө гол дүрд тоглоно гэхэд нь их баярласан.

Тэгээд л “Би яавал ханьдаа тус дэм болж чадах вэ” гэж бодсоны үндсэн дээр продюсер, зургийн даргаар ажиллахаар шийдсэн юм.

Би ядаж арын албыг нь хариуцаад ажиллачихвал миний хань бусад ажлаа тайван хийж чадах байх гэж бодсон доо. Анх удаа арын албанд зүтгэлээ. Үнэхээр амаргүй ажил байдаг юм байна.

-Бага хүүгээ төрүүлээд удаагүй, нялх биетэй байхдаа киноныхоо ажилд орсон юм байна. Хөхүүл хүүхдээ орхин ажиллахаас авахуулаад олон бэрхшээлийн ард гарчээ.

Т.Х: -Харин тийм ээ. Хүүгээ төрүүлээд гурван сарын дараа л киноныхоо ажилд орсон. Хүү минь аав, ээждээ их тусалсан шүү. Хүүхдүүд минь бидний санааг зовоохгүй, эрүүл саруул өсөж байгаа нь маш том тус.

Эхэндээ ч жаахан самгардсан. Их ажлынхаа ард гарчихаад, нээлтийнхээ товыг зарлаад суухад сайхан л байна.

-Киноны зохиол бичиж, найруулаад, гол дүрд нь тоглосон гэхээр их олон ажлыг зэрэг амжуулжээ. Алдарт найруулагч Сергей Бондарчук шиг л.

Д.Г: -Тэр агуу хүнтэй барьцах нь хаашаа юм. Гэхдээ өөрийгөө сориод үзье гэж бодсон. Зохиолоо өөрөө бичсэн болохоор дүрд хэрхэн тоглохоо бараг төлөвлөөд, өөртөө суулгачихсан байлаа.

Соёл урлагийн их сургуулийг төгссөнөөс хойш 11 жилийн дараа мэргэжлээрээ ажиллалаа. Байнгын бэлтгэл хийгээгүй болохоор жаахан төсөөрсөн байна. Хэрэв минийх биш, өөр хүний зохиол байсан бол бараг чадахгүй байсан.

Өөрөө тоглоод, найруулахад маш их ядардаг юм билээ. Бүх уран бүтээлчдээ зохион байгуулж, найруулмаар байдаг, өөрөө дүрдээ орж тогломоор байдаг.

Нэг жижигхэн саад гарч анхаарал алдахад л бухимдана, эргээд дүрдээ ороход ч хэцүү.

-Дандаа инээдмийн төрлийг сонгож уран бүтээлээ хийж байгаагийн учир юу вэ?

Д.Г: -Яг үнэндээ ашиг хөөцөлдөж энэ төрлөөр кино бүтээгээд байгаа юм биш. Ухаан орохоос эхлээд л миний өссөн орчин инээдмийн ертөнц байсан.

Аав, Л.Жанчивдорж ах хоёрын хийж байсан ёгтлол, егөөдөл дунд өссөн болохоор би өөрөө энэ төрөлд их дуртай. Би аймшгийн кино үнэхээр хийж чадахгүй.

Үзэж ч чаддаггүй. Инээдмийн кино гэхээр л үзэгчид их өнгөц, хямдаар хүлээж аваад байх юм. Уг нь үгүй шүү дээ.

Т.Х: -Бид хоёр аймшгийн байтугай, алаан хядаантай кино үзэж чаддагггүй. Инээдмийн уран бүтээлийг дан цагаан инээд гэж харж болохгүй л дээ.

-Сүүлийн хэдэн жил дандаа л дэлгэцийн уран бүтээлд ажиллачихлаа. Тайзаа үгүйлж байна уу?

Т.Х: -Үгүйлэлгүй яах вэ. Заримдаа тоглолтод орж байгаагаар зүүдэлнэ. Би театрт найман жил ажилласан. Тайзаа санаад уйлах ч үе бий. Ажиллаж байсан дүрүүдээ ч санадаг.

-Нөхөр тань “Миний нууц хүү” жүжгийг найруулж байсан шүү дээ. Дахиад тайзны уран бүтээл хийе гэсэн санал тавьж байгаа юу?

Т.Х: -Хэлээд л байгаа. Хийх байх. Одоохондоо тохироо нь бүрдэж өгөхгүй байх шиг байна.

-Таны хань найруулагчийнхаа хувьд хэр ааштай, чанга вэ. Зургийн талбайд нөхөртөө загнуулж байв уу?

Т.Х: -Тэгэлгүй яах вэ. Их чанга найруулагч. Олон хүн удирдан ажиллуулж байгаа хүн бүгдэд таалагдах албагүй. Бүгдийн ааш аягт тааруулна ч гэж байхгүй. Тийм болохоор аашлахаас аргагүй байдаг юм билээ.

“Хайрын рекорд”-д тоглох үедээ загнуулаад гомдож байлаа. Тэрнээс өмнө хэд хэдэн кинонд тоглочихсон байсан болохоор жаахан мэдэмхийрэх гэж байгаад загнуулж байж билээ.

Д.Г: -Зургийн талбайд би, гэртээ манай хүн ерөнхий найруулагч шүү.  

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.46.222 Ingle gd nohrin burutgah yu yum bi binge oilgojil bwal boloo
103.26.195.172 Er ni ta nart hunii amidral yamar hamaatai yum be 2laa boloj buteed saihan amidaraad yavaj bhad ni bitgii olon yum hutsaad bai da
66.87.77.59 Ene zaluuchdee haaya hun uzuulcheed dald hiichihdeg huurug shig l amidrah hun bna.Yavaandaa muu ehneree ulqm daramtalj medeh yum b na.
103.11.192.34 Хулан бол сайн жүжигчин сайхан хүүхэн. Яах гэж ийм муухай залутай суудаг байнаа. Бас өмнө нь салж саринасан амьдралтай
103.10.22.47 Энэ залуу ч хөөрхий энэ хүүхнийг ч багагүй дарамталдаг бололтой
103.14.36.54 Хулан өнөөгийн нийгэмд ховордсон шударга ариун эмэгтэй шиг санагддаг шүү