Гишүүд пүрэв гаригаас амарна

2015 оны 12 сарын 28

УИХ-ын чуулганы шинэ долоо хоногийн ажлын хуваарь гарсан байна. Гишүүд энэ сарын 30-ны лхагва гаригт ажиллаад 31-нээс амрах аж. Энэ долоо хоногт хоёр л Байнгын хороо хуралдана.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн, Монгол Улс гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Мөн нууцын зэрэглэлтэй нэг асуудлыг хаалттай хэлэлцэхээр төлөвлөжээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Эрүүл ахуйн тухай, Боловсролын болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэх нь. Чуулган лхагва гаригт хуралдаж, эдгээрийг хэлэлцэх аж.

Энэ сарын 31 хэдийгээр ажлын өдөр боловч эрхэм гишүүд Сонгуулийн хуулиа баталчихсан, гол ажлынхаа ард гарчихсан учраас өөр хийх ажил “ховор” байгаа бололтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД