Х.Түвшинжаргал: Нохдоо сургах гэж хоёр жил хамт гүйсэн

2015 оны 12 сарын 28

Туул, Тэрэлж голоор нохой чаргаар аялуулдаг Х.Түвшинжаргалыг хүмүүс андахгүй биз. Нохой чаргаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хэмээн итгэж, зүтгэж яваа түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Нохой чарганы спортыг Монголд хөгжүүлж буй ганц хүн нь таныг гэдэг. Хэзээнээс нохойтой нөхөрлөх болов?

-Багадаа зодооны нохой тэжээдэг байлаа. Нохой зодооны тэмцээн зохион байгуулж, мөнгө олдог байсан гэж болно. Тэгж явахдаа найзаасаа Лаки гэдэг охин хаски авсан юм.

Гэвч нэг өдөр зодооны ноход торноос мултарч, Лакийг минь хазаж, алах шахсан харамсалтай явдал болсон. Тухайн үед малын эмч нар түүнийг үхнэ гэж байсан. Би ямар ч байсан нохойгоо эмчүүлнэ гээд 10 гаруй хоног эмнэлэгт хэвтүүлсэн.

Ингэж Лакийгаа хөл дээр босгосон. Лаки ачийг минь хариулж өдий болтол надтай хамт байна даа.

-Зодооны нохой тэжээдэг байсан танд чухам юу нөлөөлж чарганы нохой руу урвуулчихав?

-Аймшигтай зодуулж, хэмлүүлсэн нохойг гэртээ авчирснаасаа хойш нохой уралцуулахаа больсон. Эхэндээ нохойг чарганд хөллөх тухай боддог ч үгүй байлаа.

Нэг өвөл дэлгүүрийн маань жорлон хөлдөж, хайлуулах төхөөрөмж чирэх шаардлага гарсан юм. Ганцаараа дийлдэггүй ээ. Тухайн үед гурван нохойноос өөр тус болчих зүйл байгаагүй юм.

Нохдынхоо хүзүүнд төхөөрөмжийг холбоод “За, гэртээ хариарай” гэтэл чирээд явчихсан. Тэр орой зурагтаар “Алсад үлдсэн найм” гэдэг кино гарч таарлаа.

Тэрийг үзчихээд л нохойг чарганд хөллөх сэдэл төрсөн. Шөнөжин бодож хоноод, маргааш өглөө нь машины эвдэрхий суудалд хоёр банз холбож

найз, дүү хоёроо суулгаад нохойгоороо чирүүлж үзсэн. Нохдоо сургах гэж хоёр жил дагаж, дагуулж гүйсэн дээ. Үр дүнд нь тэд нэг д өдөр гүйдэг замаараа өөрсдөө явж сурсныг нь мэдсэн.

Үүний дараа гэр бүлийнхэн болон найзууд минь нохой чаргаар аялдаг болсон. Энэ тухай сонссон хоёр хүн “Тэрэлж” амралтын газраас ирж үйлчлүүлсэн юм.

Тэр үеэс нохой чарганы аялал зохиож, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм байна гэсэн бодол төрсөн.

Ингээд Лакийнхаа гөлөгнүүдийг үржүүлж, нохойтой чарганы аялал хийдэг боллоо. Одоо манайх 50 нохойтой.

-Нохдоо хэрхэн сургав?

-Хаски үүлдрийн нохой гүйх дуртай. Уяж байгаад гүймээр санагдсан үед нь чарганд хөллөх нь зүйтэй. Нохойг зодож болохгүй. Хэрэв зодчихвол чарганд хөллөхөд гүйдэггүй юм.

Бас гомдоод үүрнээсээ гарахгүй, хоолоо ч идэхгүй, өлсгөлөн зарлана шүү дээ. Ер нь хаски их үнэнч нохой. Эвцэлд оруулахад Лаки нөхрөө л үүрэндээ оруулна. Үүн шигээ чаргандаа ч үнэнч ханддаг.

-Үүр рүү нь хүн дөхөхөөр бүх нохой хөдөлгөөнд орох юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Аялалд явах хүмүүс эхлээд нохдыг үздэг. Түүнээс болоод хүн орж ирэхээр л гүйх нь гэж ойлгоод, баярлаж байгаа юм. Нохдоо сонгоод чарганд хөллөхөөр бүгд чимээгүй болчихно.

-Ийм олон нохой хооллох амаргүй биз?

-Амаргүй л дээ. Ноход маань өдөрт 200 литр хоол иддэг. Ихэвчлэн таван цулаар хоол хийж өгдөг. Харин аялалд явахдаа хиамаар хооллож, урамшуулдаг юм.

-Эхнэр тань дургүйцэхгүй юу?

-Би олон нохой тэжээлдэг байсан учир амьтны эмнэлгээр их явдаг байлаа. Тэр үеэс л эхнэр бид хоёр нохойгоор холбогдож танилцсан.

Миний гэргий нохойнд их хайртай. Эмчилгээ хийлгэх шаардлагатай гөлөгнүүдээ эхнэрийнхээ гэрт орхичихдог байсан. Манай хүн тариаг нь хийж, хооллодог байв. Ингэж танилцсанаас хойш найман жил өнгөрчээ.

Нэг гэрт ороод хоёр жил болж байна. Хүү минь одоо ой зургаан сартай. Биднийг дуурайгаад нохойнд их хайртай. Юм л бол нохой чаргаар явах гэнэ шүү.

-Чаргаа өөрөө хийдэг гэсэн. Таны хийсэн чарга олон улсын стандартад нийцэх үү?

-Таван жилийн өмнө нэг чарга 800 еврогийн үнэтэй байлаа. Тийм өндөр үнээр чарга авч дийлэхгүй учраас өөрөө чарга хийх болсон юм. Эхэндээ хийх учраа олохгүй байсан. Гэтэл тухайн үед “Үүнийг хэрхэн хийх вэ” гэдэг нэвтрүүлгээр нохой чарга хийх тухай гардаг юм байна.

Хийх зааврыг нь бичиж аваад л дагаж хийсэн. Чарганы модыг үйлдвэрийн аргаар хатаадаг юм билээ. Би бол зуухныхаа ард л хатаачихдаг.

Мөн урсгал усанд норгож, уян хатан болгож матна. Хус модоор ингэж хийсэн чарга бөх болдог. Нэг чарга хийхэд сар гаруйн хугацаа зарцуулдаг.

Чарганыхаа бүх тоноглолыг мөн л өөрөө хийнэ шүү дээ. Ер нь миний хийсэн чарга олон улсын стандартад дөхөж байгаа.

-Танай аялалд дотоодын жуулчид хэр явдаг вэ?

-Хотоос чаргаар аялах хүсэлтэй хүмүүс олон ирдэг юм. Гадаадад л хөгжсөн спорт учраас би монголчууддаа хямдралтай үнээр үйлчилдэг.

Харин гадаадын жуулчдад үндсэн тарифаас 20 мянган төгрөгөөр илүү үйлчилдэг. Монголд ирсэн жуулчид зөвхөн морь унадаг байдлыг эвдэх үүднээс ийм ажил хийж байна.

-Аяллын чиглэлтэй биз?

-Цөөн хоногийн аялалд явах бол Тэрэлж голоо өгсчихдөг. Харин олон хоногийн аялал хийхдээ Туул гол өгсдөг. Туул гол өгсөхөөр Хагийн хар нуур, Холбоо гурван нуур гэж бий. Байгаль нь сайхан учраас жуулчдыг тийш нь авч явдаг юм.

-Нохой хэд хоногийн аяллыг ажрахгүй давдаг бол?

-Нохой дөрвөн сар тасралтгүй аялалд явах чадвартай. Нэг өдөрт 55-70 км гүйдэг. Хоолоо идсэний дараа унтаж сэрээд дахиад л энэ хэмжээгээр явна.

Хаски цасны нохой шүү дээ. Бусад үүлдрийн нохой мөсөн дээр халтирч, хөлийнх нь салаан завсраар цас орж хөлддөг. Харин хаскигийн хөл хөлдөнө гэж байхгүй.

-Хамгийн хэцүү болон холын аяллынхаа талаар дурсаач?

-Хөвсгөл далай руу явсан аялал нэлээд хэцүү байсан. Голын мөсийг хүмүүс цоолж, халиа гаргачихсан байсан.

Салхилаад халиа өргөс шиг хөлдчихдөг учраас нохойны хөл гэмтчих гээд хэцүү. Хамгийн холын аялал гэвэл Туул гол өгсөөд 250 км явсан.

-Чарганы нохойг хэрхэн сонгодог юм бэ?

-Манай чарганы ноход бүгд Лакийн гөлөгнүүд. Чарганы нохойг эх нь сонгож авдаг юм. Бүх нохойгоо эхээр сонгуулсан.

-Лаки одоо хэдэн настай вэ. Удирдагч нохойг мөн л түүгээр сонгуулах уу?

-Лаки одоо 11 настай. Нохойн насаараа 22 гэсэн үг. Нохой чарганд 28 нас хүртлээ гүйдэг. Манайх таван удирдагч нохойтой.

Удирдагчид өөрсдөө шалгарч гардаг. Удирдагч ямар ч хөдөлгөөнгүй, зөвхөн урдахаа л хардаг. Манай Лаки тийм л нохой. Түүний гөлөг Болт ээжийнхээ энэ чанарыг сайн сурсан.

-Танай нохдыг кино, клипэнд тоглуулах санал их ирдэг бололтой.

-Саяхан манай ноход “Шанз-3” хамтлагийн шинэ бүтээлийн клипэнд зураг авахуулсан. Шинэ жилийн дуу учраас, удахгүй зурагтаар гарах байх.

Арав гаруй хоногийн өмнө нохдыг минь кинонд тоглуулах санал ирсэн. Би зохиолтой нь танилцаж байгаа.

Г.БАЯРЦЭЦЭГ