1620 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ НЭЭЛТ БОЛОВ

2015 оны 12 сарын 27

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын 30 орон сууцны нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо.

Бор шаргал өнгөтэй, есөн давхар барилгуудын дунд зассан тайзнаа УИХ-ын дарга З.Энхболд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан тууз хайчилж, эхний таван айлд түлхүүрийг нь гардуулав.

УИХ-ын дарга З.Энхболд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг зогсооход хүрээд байна. Цэцийн шийдвэрийг удахгүй хүчингүй болгож, ипотекийн зээлийг сэргээнэ гэдгээ УИХ-ын даргын хувьд мэдэгдэж байна” гэсэн.

Үүгээр зогсохгүй найман хувийн хүүг ч бууруулах боломжтой гэж тэрбээр амлалаа.

Эхний ээлжийн 30 орон сууцанд 1200 гаруй айл орох захиалгатай аж. Захиалагчид байрандаа орохыг нэлээд удаан хүлээж буй. Гэтэл Цэцийн шийдвэрээр найман хувийн зээлийг зогсоосон тул 120 орчим айл гэрээгээ цуцалсан байна.

Харин саяхан БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ “Голомт” банктай 10 хувийн урьдчилгаатай зээл олгох санамж бичиг байгуулсан учир гэрээгээ цуцлах явдал цөөрсөн гэнэ.

Мөн ТОСК-ынхан “Голомт” болон Төрийн банктай гэрээ байгуулж, 10 хувийн урьдчилгаа төлсөн иргэдийг байртай болгохоор зэхэж буй юм байна.

Тус байранд орж буй С.Гантамир “Оны босгон дээр шинэ байрныхаа түлхүүрийг авсандаа баяртай байна. Нэг ч гэсэн айл гал голомтоо бадраалаа” гэв.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД