Д.ОЮУНЗУЛ: СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХЫГ Л ХҮСДЭГ

2015 оны 12 сарын 10

Францын яруу найрагч, зохиолч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” жүжгийн гол дүрээр Б.Оюунзул “Гэгээн Муза” шагнал хүртсэн.

Тэрбээр энэ сарын 12,13-нд “Black box” театрын тайзнаа уг жүжгээ дахин тоглох гэж буй. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-“Хүний дуу хоолой” жүжгээ дахин тоглохоор болсон байна. Францын зохиолч Жан Коктогийн энэ зохиолыг анх уншаад ямар сэтгэгдэл төрж байв?

-2013 онд ОХУ-ын Буриадын найруулагч Олег Юмов “Black box” театрт “Сандлууд”, “Хирснүүд”, “Хатагтайн айлчлал” жүжгийг найруулан, тавьсан. Тэр үед Олег надад “Энэ зохиолыг уншаарай. Уран бүтээлч хүнийг задална.

Боломж олдвол тоглож үзээрэй” гэсэн юм. Тэр үед би Жан Кокто гэж зохиолч, “Хүний дуу хоолой” зохиол, тэр бүү хэл нэг хүний жүжиг гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. Надад тэр зохиолын орос хэл дээрх хувилбарыг өгсөн юм. Анх уншаад л шууд таалагдсан.

Айхтар хүнд, хэцүү хэллэггүй болохоор ойлгоход ч дөхөм байсан. 2014 онд “Black box” театр бүх жүжигчиндээ нэг хүний жүжигтэй болох шаардлага тавьсан юм. Жүжигчин тус бүрт тохирох жүжгийг сонгож, орчуулж өгсөн л дөө. Бүгд гадаад зохиол, тэр дундаа пост модерн, абсурд чиглэлийн зохиол сонгосон.

Тэгэхэд л энэ зохиол дээр ажиллах санаа төрсөн. Энэ санаагаа театрынхандаа хэлэхэд зөвшөөрч, Ч.Одончимэг эгч надад орчуулж өгсөн. Жүжгээ 2014 оны “Гэгээн Муза” наадамд зориулж тоглох байсан боловч чадаагүй.

Яагаад ч юм тоглохгүй бол болохгүй юм шиг, нэг л дутуу зүйл санагдаад байсан. Ингээд л тэр оныхоо арванхоёрдугаар сарын 13-нд жүжгээ анх тоглосон.

-Хүний дотоод зөрчлийг илэрхийлсэн, сэтгэхүйн бүтээлд ажиллахад хэр хүнд байсан бэ?

-Нэг хүний, дээр нь сэтгэхүйн төрлийнх учраас жүжгийнхээ учрыг олох гэж их удсан. Уг нь би жүжиг, киноны үгийг их хурдан, хэдэн удаа уншихад л цээжилчихдэг. Гэтэл энэ жүжигт ажиллахад их хүнд байсан.

Дотор хүнээ дүрийнхээ хэмжээнд аваачна гэдэг хүнд юм билээ. Миний ажилладаг арга барил ч болж өгөхгүй байсан. Яагаад ч юм бэ, би бодоод л суучихдаг байлаа. Тархи, бие минь нэгдэж өгөхгүй байгаа мэт санагддаг байсан.

Уншихад энгийн, амархан хэрнээ тоглоход их хүнд. Одоо ч би жүжгээ бүрэн ухаж ойлгож чадаагүй л явна. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ жүжгээс шинийг харж, тэр зохиолчийн ертөнцийг өөрөөр ойлгох юм.

-40 минутын турш үзэгчдийн сонирхлыг бууруулахгүй өөрийнхөө урд уях их хэцүү. Жүжиг тоглох үедээ үзэгчдийн ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэрнэ биз?

-Мэдээж жүжигчний хяналт гэж байна л даа. Гэхдээ хамгийн эхний тоглолтын үед үзэгчдээ хянах нь битгий хэл, юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй сандарч байсан. Бие маань тархиндаа захирагдахгүй байна гэдэг асар хүнд.

Сэлж чаддаггүй хэрнээ далай руу үсрээд орчихож буй мэт мэдрэмж төрж байлаа. Нэг талдаа туршлага дутуугийнх л даа. Харин хэд хэд тоглосны дараа өөрөөрөө байж, үзүүлэх гэснээ хийж эхэлсэн шүү.

...Дотор хүнээ дүрийнхээ хэмжээнд аваачна гэдэг хүнд юм билээ. Уншихад энгийн, амархан хэрнээ тоглоход их хүнд. Одоо ч би жүжгээ бүрэн ухаж ойлгож чадаагүй л явна. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ жүжгээс шинийг харж, тэр зохиолчийн ертөнцийг өөрөөр ойлгох юм...

-Жүжигчин Л.Эрдэнэ-Очир “Солиорол” жүжгийн дараа дүрээсээ гарч чадахгүй сууж байхыг харж байсан. Сэтгэхүйн жүжиг болгон жүжигчнээ тэгтэл нь автуулдаг юм уу?

-Тийм шүү. Нойр хүрээд байгаа хэрнээ тархи ажиллаад, унтаж чадахгүй үе байдаг шүү дээ. Яг л тийм болчихдог. Ер нь “Хүний дуу хоолой” жүжгийг тоглох гээд сургуулилалт хийсэн нэг сарын хугацаанд би их сонин болчихсон.

Дүрдээ орох, жүжгээ ойлгох гэж хэт их хичээснээс болсон уу, мэдэхгүй. Гөлийчихсөн л байсан даа.

-Жүжгийн турш хуримын даашинзтай байдаг. Энэ санаа найруулагчийнх уу, таных уу?

-Энэ бол Олегийн шийдэл. Цаг зав байгаад, нөхцөл бололцоо нь бүрдсэн бол тэр хүн энэ жүжгийг найруулах байсан. Тийм ч болохоор би дараагийн найруулагчдаа энэ саналаа хэлж, хуримын даашинзтай тоглосон юм.

Энэ шийдэл ажиллагааг арай дөхөм болгосон. Жүжигчний “тээш”-ийг минь л хувцсаар илэрхийлчихсэн гэсэн үг.

-Жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн бүр УДЭТ-ын босго давахыг хүсдэг. Гэтэл таных абсурд, сонгомол жүжиг тавьдаг, хувийн театр байсан. Яагаад ийм сонголт хийв?

-Би оюутан байхдаа УДЭТ-ын жүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Багш нар, ангийнхан маань ч “Чи бол театрын л жүжигчин” гэдэг байсан. Би өөрөө ч сонгодог жүжгүүд сонирхдог. Тэгсэн хэрнээ УДЭТ-т нэг ч удаа очиж шалгалт өгөөгүй.

Жүжигчин Л.Эрдэнэ-Очир эгч намайг “Black box” театртай холбосон. Бид өмнө нь “Х ТҮЦ” продакшны “Сэрүүн хасын нууц” жүжигт хамт тоглосон, уран бүтээлийн эгч дүүс. Энэ театрыг сонгосондоо би хэзээ ч харамсаж байгаагүй.

СУИС-д сурснаа дахин бататгах, сураагүй дутуугаа ойлгож, төөрөлдөж явсныхаа учрыг зах зухаас нь олж авсан газар юм шүү дээ. Ч.Одончимэг эгч, С.Мягмар найруулагч, Олег Юмов гээд мундаг хүмүүсийн дэргэд суралцахаас ч өөр арга байхгүй.

Гэхдээ хэрэв боломж гарвал би ямар ч сонголт хийхээс буцахгүй. Сонголт хийх эрх надад бий шүү дээ.


-“Black box” театр үзэгчдийнхээ дунд, ганцхан хүнд ч зориулж тоглодог. Энэ нь жүжигчнээс илүү их ур чадвар шаарддаг байх?

-Би том тайзан дээр олон жүжиг тоглочихсон жүжигчин биш учраас нэг их цочир сонин байгаагүй. Нэг бодлын их амар. Чин сэтгэлээсээ тоглоход л болно. Харин нөгөө талаас их хэцүү юм шиг.

Тухайн үед сэтгэл санаагаа цэгцэлж чадаагүй бол тэгээд л дуусна. Үзэгчидтэй ойр, тэднийхээ дунд учраас. Л.Лхасүрэн багш маань “Чи намхан, тарган, царай муутай байж болно.

Гэхдээ чи үнэн л тоглох юм бол хамгийн гоё Жульетта, хамгийн эрэлхэг баатар болно” гэж хэлдэг байлаа. Оюутан байхдаа энэ үгийг ойлгодоггүй байж.

-Жүжигчин л болсон хойно сонгодог жүжгийн гол дүр бүтээхийг хүсэж байгаа биз дээ?

-Хүсэлгүй яах вэ. Аль тайз, ямар ч театр байсан хамаагүй. Би чадах ёстой. Ний нуугүй хэлэхэд том тайзан дээр сонгодог жүжигт тоглож өөрийгөө сорьж үзмээр байна.

-“Ромео, Жульетта” жүжгийг 19 жилийн дараа дахин тавилаа. Жульеттад тоглох жүжигчнийг сонгон шалгаруулалтаар тодруулсан гэсэн. Яагаад шалгуулаагүй юм бэ?

-Шалгалт авбал заавал шалгуулна гэж бодож байлаа. Гэтэл тийм боломж гараагүй л дээ. Болохгүй зүйл цаанаасаа л болдоггүй биз дээ.

-“Ах дүүс”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглосон. Тайз, дэлгэцийн уран бүтээл ялгаатай байна уу?

-Одоо бол би аль алинд нь тоглож чадах дөртэй болж байна. Өмнө нь ялгааг нь ойлгодоггүй байж. СУИС-д дөрвөн жил тайзан дээр, том далайцтай тоглохыг заасан.

Гэтэл кинонд яг л өнөө заалгаснаараа хийхээр найруулагчид их загнуулна. Хэд хэдэн киноны дараа л энэ ялгааг ойлгож байна. Жүжигчин хүн тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулж чаддаг байх ёстой.

-Таны хувьд аль нь илүү дөхөм бэ?

-Театр бол амьд харилцаа. Кино ч гэсэн гайхамшигтай урлаг. Би аль алинд нь л ажиллахыг хүсэж байна. Одоогоор алинд нь ч өөрийнхөө хүч авьяасыг харуулсан дүрд ажиллаж үзээгүй байна шүү дээ.

-Л.Лхасүрэн багшийн шавь юм уу?

-Анх СУИС-д элсэж орохдоо Л.Лхасүрэн багшийнхаа гар дээр очиж байлаа. Л.Дэмидбаатар манай ассент багш байсан. Харин сургуулиа Н.Ганхуяг багшийн удирдлага дор төгссөн.

Б.Даваа, Л.Чаминчулуун гээд олон сайхан багшаар хичээл заалгасан азтай хүн шүү. Л.Лхасүрэн багшийн маань хэлсэн үгс одоо ч санагддаг юм. Тийм үнэтэй сургамж хэлдэг хүн байж дээ.

-Урлаг их хатуу хоол гэдэг. “Чи үнэхээр авьяастай байж чадвал цойлж гарна, үгүй бол тайзны алчуур болж дуусна” гэж багш нар хэлдэг. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

-Анх сонгохдоо ийм хатуу, хэцүү гэдгийг нь мэдэлгүй л сэтгэлийн хөөрлөөрөө шийдсэн. Гэр бүлийнхэн маань ч их дэмжсэн. Тийм болохоор айгаагүй. Багадаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд сурч байсан болохоор өөр сонголт байгаагүй ч юм шиг.

Элссэн цагаас багш нар “Та нар хоёрын хооронд байвал соёлтой үзэгч болоод л дуусна шүү” гэж сануулдаг байлаа. Одоо л тэр үг үнэн болохыг мэдэрч байна. Гэхдээ аз, од гэж зүйл жүжигчин хүнийг ивээж байдаг юм шиг ээ.

-Сонголтдоо харамсаж байв уу?

-Бараг үгүй дээ. Аавыгаа нас барахад л өөрийгөө буруутгаж, их шаналж байлаа. Аялан тоглолтоор явж байхад аав минь тоглолт үзэх гэж яваад осолдсон юм. Яг тэр үед их шаналсан. Гэхдээ хэзээ ч мэргэжлээ орхино гэж бодож байгаагүй.

Одоо давхар ажил хийдэг. Жүжигчнээс өөр юу ч хийж чадахгүй юм шиг бодлоо орхисон. Хүн амьдралд олон зүйл зэрэг амжуулах ёстой юм байна. Өөрийгөө хөгжүүлэх бас нэг боломж юм даа.

-Хүүхэд байхаасаа МҮОНТ-ийн “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгчөөр ажилласан. Хүүхэд насаа дурсаач?

-Их сайхан үе байсан. Гэхдээ надад бусад шиг найзуудтайгаа хөгжилдөх, зугаацах зав байгаагүй. Хичээлээ тараад л нэвтрүүлгээ хөтөлнө, дугуйландаа явна.

Шинэ жилээр “Найрамдал” зусланд Харшийн сүлд модны наадамд оролцдог байлаа.

Сүүлд оюутан болсныхоо дараа МҮОНТ-ийн “Өглөөний одод” нэвтрүүлгийг хөтөлдөг, ер нь их л завгүй охин байсан даа.

-Таны гэр бүлийнхэн дунд урлагийн хүн байдаг уу?

-Миний аав, ээж Дундговь аймгийнх. Би эгч, эрэгтэй дүүтэй. Манайхны дунд урлагийн хүн байхгүй. Бага ангийн багш Д.Оюунчимэг маань намайг анх “Уран жиргээ” уралдаанд бэлдэж, оролцуулсан юм.

Тэр үеэс л аав, ээж минь намайг дугуйланд суралцуулсан. Урлагт дуртай болох эхлэлийг тэгэхэд тавьсан байх. Ээж минь урлагийн их мэдрэмжтэй. Сайхан ч дуулдаг. Ээжийн минь талд сайхан бүжиглэдэг хүмүүс байсан юм билээ.

-Хэнийг үлгэр дуурайл болгодог вэ?

-Аав минь дэргэд байсан ч болоосой гэж их боддог юм. Надад их зүйлийг ухааруулах байсан. Би бүх зүйлийг ээж, эмээтэйгээ зөвлөдөг. Уулзсан хүн болгоноосоо сайн сайхан чанарыг нь олж харахыг хичээдэг. Тэр болгоныг л үнэлж, суралцах хэрэгтэй.

-Гэр бүлийн амьдрал зохиож амжсан уу?

-Амжаагүй ээ. Сүүлийн үед энэ талаар их бодох болсон. Түших ханьтай, хөтлөх үртэй болмоор байна. Гэхдээ болох зүйл жамаараа болох байх.

-Ажил, мэргэжлийнхээ хувьд та тайзан дээр, дэлгэцэнд дүрдээ орж ажилладаг. Харин амьдрал дээр ямар хүн байхыг хүсдэг вэ?

-Сэтгэл хангалуун байхыг л хүсдэг. Сэтгэлдээ ямар нэг дутуу зүйлгүй, өөрөө өөртөө таалагддаг хүн байхыг хичээдэг.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.161.104 Mundag bvsgvi shvv
67.210.66.191 Saihan ohin bn. Iim bertei Bol bi lav bayarlah bolno. Amjilt husie. Ax jargal eruue!
202.131.230.221 Түших хань чинь болох хүсэлтэй залуу олон л байгаа даа. Хөтлөх үр бол дараагийн асуудал . Харин жамаараа болох байх гээл хүлээх хэрэггүй дээ