Даши Намдаков: Чингис хааны хөшөө босгох нь миний хувь тавилан байсан юм болов уу

2015 оны 12 сарын 10

Лондонд дэлгэсэн “Чингис хаан” бүтээлээрээ хэдийнэ танил болсон уран барималч, зураач Даши Намдаков (Намдагийн Дашням)-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээлээ. Түүнд шагналыг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигд өр гардуулсан юм. Ерөнхийлөгч зарлигтаа “Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж, хүн төрөлхтний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа Даши Намдаков-Намдагийн Дашнямд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээс үгэй” гэжээ. “Би үндэс угсаа, унаган байгалиасаа тасрах аргагүй” хэмээдэг эл буриад эрхмийг “Тайлбарлаж үл болом хүч агуулсан уран бүтээлч, дэлхийн хэмжээний уран барималч”, “Түүний уран бүтээлд орон зай, цаг хугацааны хязгаар гэж үгүй” хэмээн урлаг судлаачид үнэлсэн нь бий. Түүний бүтээлүүдээс “Чингис хаан”, “Тэнгэр, газрын дундах нүүдэлчин”, “Бөө”, “Анчин”, “Морьтон”, “Бөмбөртэй лам”, “Харваач”, “Чингисийн удам”, “Шонхор шувуутай цэрэг” зэргийг нь нүүдэлчдийн соёл, гүн ухаан, монгол угсаатнуудын түүх уламжлалыг илтгэсэн төгс бүтээл гэж тодотгодог. Даши Намдаковын бүтээлүүд одоогоор дэлхийн 25 орны урлагийн музейд буй аж. Шагналаа авсны дараа түүнээс сэтгэгдлийг нь сонсож, цөөн хором ярилцлаа.

-Танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач

-Их баяртай байна. Монголын Ерөнхийл өгч намайг уриад, ийм шагнал гардуулсанд зүрх минь их догдолж байна.

-Таны урласан Чингис хааны хөш өөний талаар тодруулмаар байна. Чухам яагаад Лондоныг сонгож бүтээлээ байрлуулсан юм бэ?

-Чингис хаан бол ганц үндэстний бус, дэлхийн хүн. Монголчууд бид домог болсон ийм агуу өвөг дээдсээ дэлхий дахинд сурталчлах ёстой. Энэ утгаараа би их хааны хөшөөг Лондоны төвд сүндэрлүүлэхийг хүссэн. Домогт баатар Чингис хаан маань далайн захад хүрээд буцсан түүх бий. Тэгвэл би бүтээлдээ Чингис хаан найман зууны дараа тэнгэрээс өнөө цагт бууж ирж буйгаар бэлгэдэн дүрсэлсэн. Гэхдээ одоо бол тэр бурхан. Тиймээс ч гартаа зэвсэггүй, мэргэн ухаантны дүрээр бууж ирлээ гэсэн санааг агуулсан.

-Чингисийн хөшөөг урлахад хүргэсэн хүчин зүйл юу байв. Тэнгэрийн зарлиг байсан уу, эсвэл ээлжит уран бүтээл тань байв уу?

-Чингис хааны хөшөө босгох нь миний хувь тавилан байсан юм болов уу. Магадгүй би Чингис хааныг Лондонд “буулгахаар” төрсөн ч байж мэднэ. Лондон бол дэлхийн соёлын төв болсон газар шүү дээ. Тэнд Чингис хааны хөшөөг харсан хүмүүс тэр хүний талаар улам сонирхон, мэдэхийг эрмэлзэх нь гарцаагүй гэж боддог. Лондонд сүндэрлэсэн хөшөө манай агуу өвөг дээдсийг сурталчлахад чухал алхам байсан нь гарцаагүй.

-Өдгөө таны урласан хөшөөг Улаанбаатарт байрлуулах болсон. Ингэснээр “Чингис хаан” зөв газартаа ирлээ гэж бодож байна уу?

-Мэдээж, миний хувьд тийм мөр өөдөл байсан. Хөшөөгөө байрлуулах газраа зөв сонгох нь чухал гэж бодож байна. Миний бүтээсэн хөшөөний талаар дэлхийн хэвлэл үүдээр мэдээлж, үзүүлж, хүн төрөлхт өнд танигдсан. “Чингис хаан” өөрийн гэсэн түүхтэй болсон. Тэгэхээр одоо монголчууд үүнийг зөв, зохистой газарт байрлуулахад анхаарах л үлдлээ. Миний хувьд энэ хөшөөнд Чингис хаан буугаад ирсэн. Тиймээс ч надад буруу газарт байрлуулаад хааны сүнсийг гомдоох вий гэсэн айдас байна. Энэ ч утгаараа чухам хаана байрлуулах талаар Ерөнхийлөгчтэй санал солилцоно.

Б.Номин

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
70.29.38.16 Энэ буриад залуу Даши монголын улс төрчидөөс илүү гавъяатай хүн, энэ бүтээл аль хэдийн дэлхийд алдартай болсондоо !!!
103.57.95.174 za ene Buriad Chinggis gej aimshgiin l hoshoo bna le mongol shinjgui holhon shig l baij baig