ГАЗАР НЬ ҮНЭТЭЙ УЧИР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХГҮЙ

2015 оны 12 сарын 09

Сүүлийн үед баригдсан хотхон, хорооллууд сургууль, цэцэрлэггүй, энэ нь хуучны хэдэн цэцэрлэг, сургуульд ачаалал үүсгэж байгаа талаар албаны хүмүүс хэлдэг.

Тухайлбал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Нарны зам дагуух “Баянмонгол”, “Жаргалан” зэрэг хотхон, хороолол сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдээгүй. Тэр хавьд хувийн хэдхэн цэцэрлэг бий.

Үүнээс болоод Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим сургууль, цэцэрлэг ачаалал өндөртэй ажилладаг” гэж ярьсан.

Тиймээс хотын удирдлагууд шинээр барилга барихдаа ногоон байгууламж, авто зогсоол, сургууль, цэцэрлэгийн асуудлыг цогцоор нь шийдэж байх ёстой гэсэн чиглэл барьж, барилгын зөвшөөрөл олгох журмаа ч шинэчилсэн.

Гэтэл анх хорооллынхоо зураг төслийг сургууль, цэцэрлэгийн цогцолбортой гэж батлуулчихаад, түүнийгээ сольсон явдал гарчээ.

Хятадын барилгын компанийн барьсан “Богд-Ар” хороололд 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барина хэмээн иргэдээс анх байрны захиалга авсан байдаг. Гэвч одоо хүртэл түүнийгээ бариагүй бөгөөд энэ намраас цогцолборын газар дээр орон сууц барихаар суурь ухаж эхэлсэн гэнэ.

Тус хорооллын “Тэнгэрийн гэгээ” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Нямдаржаагаас тодрууллаа.

-Таныг тус хороололд байрны захиалга өгөх үед зураг төслөө хэрхэн хийсэн байв?

-Энэ хорооллыг 2000 оны эхээр барьж эхэлсэн. Тухайн үед 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсэг, сургалтын төв, автомашины зогсоол гэсэн цогц төлөвлөлттэй хороолол болно гэж байв.

Гэтэл өнөөдөр авто зогсоол, ногоон байгууламж нь тийм ч хангалттай бус. Орон сууц нэмж барьсаар 1500 өрхтэй болчихсон. Анх 3000 орчим ам метр газарт сургууль, цэцэрлэг барина гэж байсан ч энэ газрын тал нь л үлдлээ.

-Оршин суугчид нь энэ талаар холбогдох хүмүүст нь уламжилдаггүй юм уу?

-Нийслэл, дүүргийн удирдлагуудад хандсан боловч арга хэмжээ авалгүй өдийг хүргэлээ. Өнгөрсөн аравдугаар сард барилгын хашаа бариад, газар ухах техникээ оруулчихсан.

Газар гэсэхээр барилгын ажлаа эхлүүлэх байх. Бид сургууль, цэцэрлэгийн цогцолборыг бариулна гэж дөрвөн жил тэмцэж байна.

-Тэгээд энэ хорооллын хүүхдүүд аль сургуульд явдаг юм бэ?

-Манай хүүхэд 20 дугаар сургуульд явдаг. Ер нь хорооллын оршин суугчдын хүүхдүүдийн дийлэнх нь уг сургуульд хамрагдаж байгаа. Тус сургууль ачааллаа дийлэхгүй байсан тул өргөтгөл барьсан. Цаашид энэ чигээрээ байвал мөн л ачааллаа дийлэхгүй болно гэв.

Түүний хэлж буйгаар “Богда холдинг” ХХК батлуулсан төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийдэггүй бөгөөд дээрх хорооллын ерөнхий төлөвлөгөөг хэд хэдэн удаа сольсон аж.

Тухайлбал, уг хороололд төлөвлөгөөгүй өрхийн тоо нэмэгдсэн учраас 2008 онд хорооллын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ цэцэрлэгийн багтаамжийг багасган 160 хүүхдийнх болгож, 930 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар болсон аж.

Гэвч 2011 онд ерөнхий төлөвлөгөөндөө сургууль, цэцэрлэг барих талбай дээр 18, 19 дүгээр барилга барих өөрчлөлт оруулж, түүнийгээ тухайн үеийн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Х.Хүрэлбаатараар бат луулсан гэнэ.

Ингээд барилгын ажлаа эхлүүлэхээр өнгөрсөн долдугаар сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан аж. Харин тус газраас нормд нийцүүл гэсэн шаардлага тавьж хүсэлтийг нь буцаасан байна.

Энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн архетиктор Д.Хан-Уулаас тодрууллаа.

-“Богд-Ар” хорооллын ерөнхий төлөвлөгөөг өөрчилж, сургууль, цэцэрлэгийн цогцолборын газарт орон сууц барих болсон гэнэ. Яагаад ингэх болов?

-Тус хорооллын анхны зураг батлагдах үед сургууль, цэцэрлэг төлөвлөгдсөн байсан. Гэвч 2011 онд хороолол доторх хэсэг газрыг өндөр үнээр худалдаж авсан гэдэг шалтгаанаар төлөвлөлтөд өөрчлөлт оруулсан байдаг.

Ингэхдээ тухайн газар хувийн цэцэрлэг, орон сууцны барилга барих төлөвлөлт хийсэн юм билээ. Харин бид норм хангуулах үүднээс тус газарт зөвхөн цэцэрлэг бариулах асуудлыг дэвшүүлсэн.

Гэвч тухайн компани батлагдсан зургийн дагуу ажлаа эхлүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Манай байгууллага газар эзэмшигчийн хүсэлтийг хэрэгжүүлэх бус, ойр орчмынх нь газар эзэмшигчийн эрх ашгийг бас хамгаалах үүрэгтэй. Тэр утгаараа 2011 онд батлагдсан зургийг шинэчлүүлэх шаардлага тавьсан.

-Газраа үнэтэй авсан гэдэг нь юу гэсэн үг вэ. “Богда холдинг” анхнаасаа худалдаж аваагүй газартаа төлөвлөлт хийн зураг гаргаж хүн хуурсан хэрэг үү?

-Хорооллоо барьж эхлэхдээ тухайн хэсэгтээ нэгдсэн төлөвлөлт хийгээд зургаа батлуулчихсан байж. Гэхдээ тухайн үед сургууль, цэцэрлэг барих газраа аваагүй байсан гэсэн.

2011 онд тус газраа өндөр үнээр авсан учраас ашгаа бодож орон сууц барих төлөвлөлт хийж, батлуулсан юм билээ.

-Зураг нь батлагдчихсан гээд барилга барьчихвал хэрхэх вэ?

-Зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад оруулж, дэд бүтцээр хангахгүй. Мөн банк, санхүүгийн байгууллагын зээлээр худалдах боломжийг нь хаана гэв.

Хэдийгээр норм, дүрэмд нийцүүлсэн тус газарт сургууль барих боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэллээ. Харин хуучин ЦТП-ийн газар дээр жижиг цэцэрлэг барих боломжтой гэнэ. Газраас нь “хумсалж” сургууль барих боломжгүй учраас цэцэрлэгийг нь улсын төсвийн хөрөнгөөр барих ажлыг судалж байгаа юм байна.

Г.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.5.205.16 угаасаа шинэ хорооллын сургууль, цэцэрлэгийн талаар сурвалжлах цаг болсон шүү. болох ч юу байхав оройтчоод байна. Шинэ хорооллууд сургууль, цэцэрлэг шийдэхгүй, ял нь хөөрхий боловсролыхонд ирдэг. Механик эрэлтийг шинэ хорооллууд л бий болгодог