“Тэмүүжин өрлөг”-ийн сурагчид хар тамхины хэрэгт холбогдов уу

2015 оны 12 сарын 09

Хар тамхи, мансууруулах бодис гэж дэлхий нийтийг айлгасан тахалд манай залуус өртсөөр л байна. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “цагаан тахал”-тай тэмцэх талаар дорвитой ажил хийхээр санаачилга гаргасан ч өнөөдөр цагдаагийнхнаас өөр ажиллаж байгаа хүн алга гэхэд хилсдэхгүй.

Тиймдээ ч байнга л ажиллагаа зохион байгуулж, мансуурагч, донтогч, бэлтгэгч борлуулагчдыг олж саатуулан шалгасаар байгаа.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мансууруулах бодис хэрэглээд байна гэсэн мэдээллийн мөрөөр ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн шалгаад төгсөх ангийн сурагчид каннабис хэмээх олсны төрлийн ургамал хууль бусаар олж аван хэрэглэж байсныг тогтоожээ.

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагч, 17-18 настай Г, Т, Х нарт өдгөө Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд өвсөө хагас зуун мянган төгрөгөөр худалдаж авч байсан талаараа ярьсан сурагтай.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр дээрх гурван сурагч БХИС-ийн харьяа “Тэмүүжин өрлөг” сургуулийнх байсан бөгөөд тус сургуулийн 100 гаруй сурагчид хар тамхины хор хөнөөл, аюулын талаар ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс сургалт зохион байгуулж, сургуулийн захиргаанд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн гэнэ.

Мөн үүнээс гадна өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт хар тамхи борлуулж, худалдан авч байсан гурван хүнийг тус хэлтсийнхэн илрүүлсэн байна.

Манай улсын иргэн С, О, Э нар “ice”, гашиш, экстази гэх хилийн чанадад боловсруулан гаргаж авсан бодисыг ямар нэг аргаар хил давуулан оруулсныг эд мөрийн баримт болгон хураан авсан байна.

Тэдний хоёр нь буюу С, Э нар өмнө нь бас мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгуулж байсан бөгөөд хэрэг нь Нийслэлийн прокурорын газрын хяналтад байхад уг залуус дахин гэмт хэрэгт холбогдоод байгаа аж.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй цагдаагаас өөр тэмцэж чадахгүй байгаа энэ үед эцэг эхчүүд минь үр хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулж, энэ төрлийн хэрэгт холбогдвол ял шийтгүүлдэг, цаашид энэ төрлийн хэрэгт оноох ял шийтгэл нь чангарсан гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй байна.

“Тэмүүжин өрлөг” сургуулийн дээрх гурван сурагчийн нэгийнх нь ээжийг ирж уулзахыг цагдаагаас сануулахад дүүгээ явуулсан нь үр хүүхдэдээ тавих анхаарал халамж ямар байгааг илтгэж буй юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД