Ш.Төмөрбаатар: Абдул Карим сангуудаас дэмжлэг авах гэж байсан гэсэн

2015 оны 12 сарын 08

Абдул Карим 24 тэрбум төгрөгийн үнэд хүргэсэн газраа авахгүй болсон нь олны анхаарлыг татлаа. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодруулав.

-Абдул Карим хэвлэх үйлдвэрийн газрыг авахаас татгалзсан нь ямар учиртай вэ. Өөрөө юу гэж тайлбарласан бол?

-Арваннэгдүгээр сарын 30-нд болсон дуудлага худалдааны ялагч Абдул Карим өнөөдөр (өчигдөр) өөрийн бие төлөөлөгч Өнөржаргалаар дамжуулан ялагчийнхаа эрхээс албан ёсоор татгалзлаа.

Өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн, янз бүрийн байдлаар олон дарамт ирсэн учраас татгалзсан талаараа бидэнтэй ярилцах үедээ хэлсэн.

Хэвлэлээр ташаа мэдээлэл олон гарч, тайван байх боломжгүй болсон учраас эхнэр, хүүхэдтэйгээ зөвлөж уг шийдвэрийг гаргажээ.

-Цагдаагийн байгууллагаас түүнийг ямар мөнгөөр тэр объектыг худалдан авах гэж байсныг шалгаж эхэлсэн. Танд энэ талаарх мэдээлэл бий юү?

-Нээлттэй дуудлага худалдаанд орж байгаа хүн бохир мөнгө хэрэглэнэ гэж үгүй л болов уу. Тийм магадлалтай бол холбогдох байгууллага нь шалгах байх.

Миний сонссоноор, Абдул Карим олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сангуудаас дэмжлэг авах гэж байсан юм билээ. Гэтэл харамсалтай явдал боллоо.

-Харамсах болсон шалтгаанаа тодруулна уу. Чухам юу нь харамсалтай гэж?

-Манай иргэд гадаадын улсад очоод газар, байшин худалдаж авч болдог. Гэвч бид үүн шиг үйл явдлыг зогсоочихлоо. Олон оронд уг мэдээллийг авч л байгаа. Үүнээс үүдээд бидний талаар таагүй мэдээлэл гарна.

Ер нь дуудлага худалдаанд гадаадын иргэн ч орж болдог. Бид газрыг нь өмчлүүлээгүй. Эзэмших, эсвэл ашиглах эрхээр л өгч байгаа шүү дээ. Энэ таагүй мэдээллээс болоод тэр хүн 710 сая төгрөгөө хаяснаас өөрцгүй л боллоо.

-Өмнө нь дуудлага худалдаанд ялалт байгуулсан хүн энэ мэтээр эрхээсээ татгалзсан тохиолдол бий юү?

-Байхгүй. Ер нь энэ удаагийн дуудлага худалдаа нэлээд онцлогтой болсон. Хэвлэх үйлдвэрийнх шиг хуучин барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж байсан түүх манайд байхгүй.

Бид уг барилгыг 10 тэрбум төгрөгийн үнэд хүрэх байх гэж таамагласан. Гэтэл Сингапурын газар шиг нэг ам метр нь 10 орчим сая төгрөгөөр зарагдлаа.

-“Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханд дуудлага худалдаанд хэлсэн үнээрээ уг барилгыг өмчилж авах саналаа хэзээ явуулах вэ?

-14 хоногийн хүчинтэй худалдан авах, худалдах гэрээ хийх санал явуулсан. Хэрэв Ц.Баатарсайхан гэрээ хийхгүй гэвэл 14 хоногийн дотор дахин дуудлага худалдааны тов зарлана.

-Түүнийг уг саналаас татгалзвал эд хөрөнгө үнэгүйдэх талтай гэсэн яриа байна. Энэ хэр ортой вэ?

-Магадлалтай. Ц.Баатарсайхан уг саналаас татгалзвал дахин зарлах дуудлага худалдаанд оролцох боломжгүй. Гэхдээ бид түүнийг авна гэж найдаж байгаа.

Г.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
106.120.152.220 gadniihan hurungu oruulalt ingeed zogsloo harj baigaarai. manaid yu bolj bgaag gadni biznes hiideg humuus bidnees iluutei medeeleltei baidag hohi ni ee uursduu chadahgui baij. ter muu talh Gankhuyag har ehneree husaal huuhedee tsuvuulaad baij bai chamd uur chadah yum baihgui