“АЛДАР” ГЭХЭЭР НҮД НЬ СЭРГЭДЭГ Д.ЦОГ-ЭРДЭНЭ ХУРАНДАА, АР ТАЛЫГ НЬ НАЙДВАРТАЙ “МАНАДАГ” ХӨНГӨН АТЛЕТИКЧ БҮСГҮЙ

2015 оны 12 сарын 07

“Алдар” СХ-ны орлогч дарга, хурандаа Довчингийн Цог-Эрдэнэ ахыг гаднаас нь харахад хатуу, тушаангуй хүн шиг санагдах.

Гэтэл тэр “Алдар”-ынхаа тамирчдыг олимп, дэлхий, тивийн дэвжээнд өндөр амжилт гаргахад нь хүүхэд шиг баярлаж, 13-хан настай хүүгээ ОХУ-ын Суворовын сургуульд суралцуулахаар явуулахдаа нулимс унаган хайлж байсан өрөвч сэтгэлтэй нэгэн.

Бас хүүхдүүддээ ганган гацуур засахдаа, ханийнхаа урласан сайхан дээлийг өмсөхдөө, тамирчид нь цол нэмэхэд хачин их догдолно. Тэгсэн мөртлөө тэр өөртөө дэ¬дүү хатуу шаардлага тавьдаг.

Эр хүн учраас би үүнийг даваад л гарах ёстой хэмээн тушаадаг. Зах зээлийн ороо бусгаа үед армийг орхимоор, “Алдар”-аас гарчихмаар үе олон удаа тохиолдсон. Найз нөхөд нь наймаанд явъя хэмээн санал тавихад нь “чихгүй толгой” мэт дуугүй өнгөрсөн удаа ч бий. “Би армийн хүн. “Алдар” нийгэмлэгийг өөдлөн дэвжээх ёстой” хэмээн өөртөө хатуу ам гараад тэндээ үлдсэн аж.

Өнөөдрийн талхны төлөө ирээдүйгээ золиослоогүйдээ тэр баяртай явдаг. Түүний хүсэл мөрөөдөлд хань нь саад хийж байсангүй. Хар нялхаасаа спортын амт шимтийг мэдэрч өссөн Доржийн Одгэрэл хэмээх энэ бүсгүй “Алдар”-т данстай тамирчин байхдаа нөхөртэйгөө танилцжээ.

Дэслэгч цолтой хүдэр чийрэг залууг анх хараад “Эхнэртэй болов уу” гэсэн бодол төрснөө тэр инээмсэглэн өгүүлсэн юм.

-Спорттой нөхөрлөсөн сайхан дурсамжаар ярилцлагаа эхэлье...

Д.О: Бага насны амьдрал минь спорттой салшгүй холбоотой. Аав маань дугуйн шигшээ багийн дасгалжуулагч Дорж багш гэхээр спортынхон андахгүй. Зарим нь “шар” Дорж хэмээн авгайлдаг байсан.

Намайг хоёр ой хүрч байхад аав “Хоршоолол” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилладаг байлаа. Сүүлд нь шигшээ багийг хариуцаж авсан юм. Би ааваасаа огт салдаггүй хүүхэд байлаа.

Гурван дугуйтынхаа шаахайн дотор надад гудас дэвсээд ор засаж өгнө. Би дугуйн тэмцээн, эсвэл тамирчдын бэлтгэлийг сонирхож байгаад хүссэн үедээ шаахайн дотроо унтдагсан. Спортын амт шимтийг энэ мэтчилэн багаасаа мэдэрсэн.

Д.Ц: Ах нь Хэнтийн Өмнөдэлгэр суманд төрж өссөн хүн. Манай сумын ард түмэн спортод дуртай, залуучууд нь бие бялдар сайтай. Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлээд олон шилдгүүд төрж гарсан нутаг.

Бага ангид байхдаа би спортоор нөхдөө хошуучилдаг байлаа. 60 м-ийн гүйлтэд түрүүлээд хөх диплом авснаа мартдаггүй. Тухайн үед томоогүй ч байж. Баагий аварга манай дээд ангийнх. Миний хувьд спортын бүх төрлөөр оролддог хүүхэд байсан.

Д.О: Таван нас хүрээд З.Давааням гэж гимнастикийн багшийн шавь болж, спортын цагаан толгойгоор хичээллэж билээ. Гэхдээ нэг их удаан хугацаанд биш ээ. Гурван жил хэртэй хичээллэсэн байх. Сургуулийн сурагч болсноос хойш секц дугуйланд явахад намайг хүргэж өгөх хүн байхгүй учраас гимнастикаа орхисон.

Тэгээд сургуулийнхаа бүжгийн дугуйланд явдаг боллоо. Тавдугаар ангид орсон жилээ Базарсад багшийн удирдлагад волейболын секцэнд хичээллэсэн.

Харамсалтай нь багш маань төдөлгүй нас барсан болохоор дээд сургуулиа дөнгөж төгсөж ирсэн Т.Энхтуяа багшийнхаа ууган шавь нарын нэг болж билээ.Үүнээс хойш хөнгөн атлетикаар хичээллэж, үнэнчээр зүтгэсэн дээ.

-Цогоо ахыг Ленинградын Цэрэг, Биеийн тамирын дээд сургуулийг онц төгссөн гэж сонссон юм байна. Энэ бол нэр төрийн хэрэг шүү.

Бүх шалгуурыг амжилттай давахад спортод авьяастай байсан тань нөлөөлсөн болов уу?

Д.Ц: Тухайн үед Цэргийн дээд сургуульд 10 төгссөн хүүхдүүдийг элсүүлдэг байлаа. Жилийн хугацаанд ЗХУ-д суралцах сонсогчоор бэлтгэгдэн, бүх шалгуурыг давсан. Энэ нь 1983 он.

Цэргийн болон спортын хүн болох зам эндээс тавигдсан гэж боддог. БТДС-д судлах ёстой хичээлүүдээс гадна цэрэгжилтийн цогц хичээл үзнэ. 1983-1988 онд тус сургуулийг онц дүнтэй төгссөн. Их сургуульд суралцаж байх үедээ би ихийг сурч авсан.

Онолын болоод шинжлэх ухаан, сургалт дасгалжуулалтын цогц мэдлэг эзэмшсэн гэж хэлж болно. Тухайн үед ийм чиглэлийн сургууль ЗХУ-аас гадна АНУ-ын Сан Диего хотод л байсан юм билээ.

-Д.Одгэрэл эгчийн хувьд хөнгөн атлетикийн аль төрөлд түлхүү амжилт гаргадаг байв?

Д.О: 400, 800 мт гүйдэг байлаа. Пионер сурагчдын спартакиад, Монголын Бүх ард түмний спартакиадад амжилт гаргаж байсан. Намайг наймдугаар анги төгсөхөд Х.Рэнцэндорж багш шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Одоо бодоход намайг их тоож дээ, өсвөрийн шигшээ багт авч билээ.

Дөрвөн төрөлтийн тэмцээнд бөмбөг шидэлтээс бусдад нь дээгүүр байр эзэлнэ. Өсвөрийн шигшээ багийн тамирчин болоод сарын 100 төгрөгийн цалинтай золгов оо. Тэр үеийн 100 төгрөг их мөнгө шүү. Тамирчин ах, эгч нараасаа их үлгэр дуурайлал авна.

“Хүч” нийгэмлэгийн тамирчин Сараа эгч шиг мундаг гүйгч болохыг мөрөөддөг байлаа. Арван жилийн сургуулиа төгсөөд “Алдар” нийгэмлэгийн тамирчин болсон юм. Их сургуулийн физик, математикийн ангид шалгалт өгөөд тэнцээгүй болохоор спортоор үргэлжлүүлэн хичээллэхээр шийдсэн.

Техникумийн хуваарь авч болох байсан ч дээд сургуульд л заавал орно гээд хоёр жил хүлээж байж элсэлтийн шалгалт өгч билээ. Бидний үед улаан шугам татдаг байсан юм. Ээж минь эдийн засагч болохоор тооны талын хүн болохыг мөрөөдөж явлаа.

БТДС-ийн захирал Га.Цэрэндорж багш “Чи спортод дуртай. Спортын удамтай. Манай сургуулийн оюутан болооч” гэхэд нь би сонголтоо хийчихсэн гэж гүрийсэн удаатай. Мөрөөдлөө биелүүлж, эдийн засагч болсон шүү.

-Ленинградын Цэрэг, Биеийн тамирын дээд сургуулийг онц төгссөн залуу эх орондоо ирээд хамгийн түрүүнд юунаас ажлаа эхлэхийг мөрөөдсөн нь сонин байна...

Д.Ц: Дэврүүн мөрөөдөлтэй ирсэн дээ. Доод тал нь Улаанбаатарт цэргийн ангид биеийн тамирын даргаар үлдэх,эсвэл цэргийн нэгдсэн сургуульд багш, “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллаж магадгүй гэж бодсон.

Сайдын зөвлөлийн хурлаар ороход надад дэслэгч цол олгож, мөнгөн шагналаар шагнаад Ардын армийн 131-р ангийн Биеийн тамирын даргаар томиллоо гэдэг юм. Би ч баярласан гэж жигтэйхэн, 131 дүгээр анги нь хаана байдаг юм бэ гэж асуухад Зүүнбаянд гэв.

Зүүнбаян явахын тулд би сургуулиа онц төгсөж, таван жил сурсан юм уу гэж шаралхаад нутагтаа очиж ажлаа хэд хоногоор тасалсан. Тэр үед аав, ээж хоёр “Миний хүү эх орныхоо дуудлагаар хаана л ажилла гэнэ, тэнд байх ёстой” гэж ухааруулсан. Тэгээд Зүүнбаянд очсон доо.

Офицеруудын амьдралын их сургуульд ингэж л орсон.Тэнд өөрийгөө таниулдаг нь амжилтад хүрдэг бичигдээгүй хуультай. Гэхдээ ингэж чадна гэдэг шандас сорьсон ажил шүү. Хичээлийн жилийн төгсгөлөөр сайдын нэрэмжит шалгалт авдаг юм.

Уг шалгалтад манай анги онц гарсан. Төдөлгүй Батлан хамгаалахын их сургуульд дөрвөн багшийн орон тоонд 36 залуу өрсөлдөхөд би нэгээр тэнцсэн. Харин Батлан хамгаалах яамнаас намайг байлдааны бэлтгэл хэлтэст мэргэжилтнээр авсан юм.

-Ингэхэд та хоёр хэрхэн танилцсан талаараа уншигчдад маань хуучилна уу?

Д.О: Хандгайт руу явж байхдаа л бие биенээ олж харсан.1990 он л доо. “Алдар”-ын тамирчид армийн цанын АШТ-д оролцохоор явж байсан юм.Манай нөхөр БХЯ-ны мэргэжилтэн болоод удаагүй байсан үе.

Нөхрөө анх хараад “Ямар сайхан залуу вэ, эхнэртэй болов уу” гэсэн бодол хамгийн түрүүнд төрж билээ. Цогоо надаас хэдэн насаар ах. “Алдар”-ын багш нар бүгд хошууч цолтой байхад нөхөр маань дэслэгч.

Манай хүн бидэнд зохих шаардлагаа тавина. Тэгэхэд нь “Энэ дэслэгч ямар аймаар загнадаг юм бэ” гэж тоглоом шоглоомоор анх үг сольж байлаа.

Д.Ц: Эхнэрийн минь гэр бүл спортыг дээдэлсэн хүмүүс. Тухайн үед “Алдар”-ын тамирчин, онигор шар охин нүдэнд дулаахан харагдсан. Нэг үгээр хэлбэл эршүүд зантай, нөгөөтэйгүүр хайр татсан бүсгүй байлаа.

-Та нөхрөөсөө анх ямар бэлэг авч байв?

Д.О: Бид хоёр нэг анги, нэгтгэлд харьяалалтай. Би 238-ын өмнөөс цанын тэмцээнд ордог байлаа. Нэг удаа Хандгайтад байрлаж байхдаа ангийнхан маань бууз хийх гэтэл сонгино байдаггүй. Хүмүүс тал тал тийшээ л сонгинын эрэлд гарсан.

Би ч Цогоог дагаад явдаг юм байна. Бид хоёр хайсан зүйлээ олсон л доо. Тэр үеэр нөхөр маань надад маш том алим өгсөн. Хоёр гараараа барихад л дүүргэж байсан юм. Хүрэмнийхээ халаасанд хийх гэтэл багтдаггүй.

-Таны хувьд “Алдар” нийгэмлэгийн орлогч даргаар 1998 оноос өнөө хүртэл ажиллаж байна. Зах зээлийн шуурга “Алдар”-ыг тойроогүй нь мэдээж...

Д.Ц: Би спортын байгууллагад ажиллах юмсан, дасгалжуулагч болохсон гэж хүсэж явсан. 1993 онд мөрөөдөл минь биелж “Алдар” нийгэмлэгт спорт тоглоомын дасгалжуулагчаар ирлээ. Тухайн үед манай байгууллага сагс, волейбол, хөлбөмбөгийн мундаг багуудтай байсан.

Гэвч нийгмийн шилжилтээр тэр бүхэн үгүй болсон. Миний хувьд сагсан бөмбөгийг хариуцдаг байлаа. ОУХМ Түвшинбаяр, Батпүрэв, Ганболд Баярхүү нарын залуусыг нэгтгэж, баг байгуулаад 1992 онд түрүүлсэн.

Анхны сагсан бөмбөгийн лиг бий болоход “Угалзын цөөврүүд” багийг дасгалжуулан оролцуулж байлаа. Дараа нь “Моносоник”-ийн дасгалжуулагч болсон. Ц.Цэвэрбал, Гантөмөр, Баттулга, Ариунболд, Уртнасан зэрэг багш нарынхаа хамт лигийн тулгын чулууг тавилцсанаараа бахархаж явдаг.

Тэгээд 1998 онд “Алдар”-ын орлогч боллоо. О.Балжинням аваргатайгаа гар нийлэн ажилласан. Өөрөөр хэлбэл, Балжинням даргатай 11 жил хагас, Өсөхбаяр аваргатай дөрвөн жил гаруй ажиллаж байна. Миний талаар нэг сонинд “Нэг аваргын нутаг, хоёр аваргын орлогч дарга” гэж бичсэн байсныг олж уншсан.

“Алдар”-ын орлогч даргын томилгоонд би зочирдоогүй юм шүү. Чиний хэлдгээр тухайн үед “Алдар” маань зах зээлийн шуурганд уруудсан, хүнтэй зүйрлэвэл хоол муутай тийм л дүр зурагтай байлаа.

Ганц манайх ч гэлтгүй спортын байгууллагууд ганхсан үе. Намайг орлогч даргаар ирэхэд бөхчүүд нь БХЯ-ны “Зэв” концеринд харьяалагддаг, дөрөв, таван дасгалжуулагч, албан хаагчтай. Ганцхан тамирчинтай, тэр нь хөнгөн атлетикийн Уянга. Уянга маань жирэмсэн байсан учраас үлдсэн юм билээ.

Ийм газар ирээд “Алдар” шиг “Алдар”-ыг бий болгох хүсэл унтраагүй. Энэ түүхэн үүрэг надад оногдсон гэж л ойлгосон.

Харин одоо бол чи тэр үеийнхээс тэс өөр “Алдар”-ыг харж байна. Бид өөрийн гэсэн ордонтой, олон тамирчинтай, тив, дэлхийд алдраа цуурайтуулсан байгууллага болж чадсан.

-Тухайн үед цалин мөнгө амьдралд хүрэлцдэг байсан гэж үү? Хоёрын хоёр хүүхэдтэй залуу гэр бүлд их зүйл хэрэг болно доо?

Д.О: 1992 оны зургадугаар сарын 1-нд охин минь, 1995 оны цагаан сараар хүү минь мэндэлсэн. Бид хоёр өөрийн гэсэн байртай болоод удаагүй байна. Аав, ээж хоёр маань Нэгдүгээр хороололд гурван өрөө байртай.

Бид нэг өрөөнд нь арав гаруй жил амьдарсан. Зах зээлийн үед цэрэг шиг хэрэггүй юм байхгүй мэтээр бараг хүн бүхэн армиас гарч байхад нөхөр минь тэндээ үлдсэн.

Хадам аав маань “Миний хүү төрийн хишгийг дааж амьдарна шүү. Төрийн хувцсаа тайлж болохгүй” гэж захисан нь нөлөөлсөн байх. Цогоо дэд хурандаа цолыг 10 гаруй жил зүүсэн. Армид тийм хүн ховор гэж би ам бардам хэлнэ.

Тухайн үед шинэ боомт олноор нээгдэж байлаа. Ховдын Булганд өндөр цалинтай ажиллах санал ирэхэд нь бид хүлээж аваагүй. Сарын эхний, сүүлийн цалингаа ялгахгүй тийм үед шүү дээ.

Хоёр хүүхдэдээ хүмүүсийн өгсөн мөнгөнөөс нь авч, эсвэл хариулт мөнгөө цуглуулан, автобусны мөнгөө гаргаж ч үзсэн. Тэр бүхэн хэцүү л байсан ч бид шантраагүй.

Д.Ц: Тухайн үед өдөр ч, орой ч, зүүдэндээ ч “Алдар”-ыг л боддог байлаа. Миний хань өөрөө спортын хүн учраас намайг их ойлгоно. Хоёр хүүхдээ тэр минь л өсгөж бойжуулсан. Миний хувьд амралтын өдөр гэртээ өнжсөн нь цөөхөн.

“Алдар”-ын нэг онцлог нь спортын хэдэн төрлийг хөгжүүлээд зогсохгүй, Зэвсэгт хүчин, армийн хэмжээний уралдаан тэмцээнийг явуулж, удирдан зохион байгуулдаг. Армийн АШТ 20 гаруй төрлөөр болдог.

Бид “Биеийн тамирын бэлтгэл бол байлдааны бэлтгэлийн үндэс” гэсэн уриатай ажилладаг.

-Асуухгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Тэгвэл “Алдар” чухам хэзээ эрийн цээнд хүрч, гарын ая даахтай болсон юм бэ?

-1998 оноос хойш 2004 оныг хүртэл. Бид энэ хугацаанд МБАТС-ын сүүлийн тавыг авсан байх юм. 20 жил гэж тооц доо. Сүүлийн таван удаагийн спартакиадад манайхан түрүүлсэн. Тиймээс эрийн цээнд хүрсэний нэгээхэн баталгаа.

Спартакиадын түүхийг сөхвөл 1961 оноос орчин үеийн хэлбэрт шилжиж, Монголын олимпийн хэмжээнд зохиогддог болсон 13 удаагийн спартакиадад ихэнхэд нь “Алдар” тэргүүлсэн байдаг юм.

Тодруулбал, 11 удаа торгон жолоо өргүүлсэн. “Алдар”-ын 70 жилийн ой ирэх жил болно. Эрийн цээнд хүрсэн үе, 70 жил гэж хоёр өөр тоо шүү. 1946 онд энэ нийгэмлэг тухайн үеийн төв хорооны тогтоолоор “Цэрэг” нэртэй байгуулагдсан.

1945 оны наймдугаар сард япончууд манайд бууж өгсөн байдаг. Үүнээс зургаан сарын дараа спортын нийгэмлэг байгуулна гэдэг тухайн үеийн удирдлагууд спорт, биеийн тамир ард түмэнд ямар их хэрэгтэйг олж харсны илрэл.

Харин зах зээлд шилжих үед хөл алдаад, эргээд хөл дээрээ боссон нь 1998 оноос эхтэй. Хувь хүний хувьд 70 бол өндөр нас, харин байгууллага, улс орны хувьд идэр нас.

-Цалин бага, амьдрал тарчиг байсан тухайн жилүүдэд гэр бүлээ тэжээх нь эр хүний үүрэг. Танд армиас гарах бодол огт төрөөгүй гэж үү?

Д.Ц: Эр хүн холыг бодно. Өдрийнхөө талхнаас болж ирээдүйгээ олж харахгүй бол эр хүн байгаад ч яахав. Би холыг харж чадсан. Биеийн амрыг хараад явчихвал болох л байсан. Наймаа хийсэн бол найзуудаас дутахгүй амьдрах байлаа.

Гэхдээ би зөв алхам хийсэндээ баяртай явдаг. Үүнийг хэн нэгэн хүн хийх л ёстой байсан. Энэ армид хэн нэгэн үлдэх ёстой. Тэр нь яагаад би биш гэж. Би ингэж өөрөөсөө нэг бус удаа асууж, “Тэр хүн бол чи” гэж өөртөө хатуу тушаасан.

Магадгүй тухайн үед бүхнийг орхиод явсан явсан бол олимпийн аварга төрөх, сайн тамирчдын залгамж халаа бэлтгэгдэх цаг хугацаа хойшлогдох ч байсан юм бил үү.

-Аав, ээж болсон баяртай үеэ эргэн дурсъя.

Д.О: Охиноо төрүүлэхэд минь Цогоо надад зориулан шүлэг бичиж билээ. Цай хоол авчрахаар явах үедээ 12 мөнгөний дэвтрийн хуудсан дээр бичсэн шүлгээ сувилагчаар дамжуулан өгсөн нь одоо ч манайд бий.

Хүүгээ төрөхөд баярын нулимс унагаж байсан юм шүү, миний хань. Цогоо охиндоо Номин, хүүдээ Билгүүн гэсэн сайхан нэр өгсөн.

-Цогоо ах хэр зөөлөн аав бэ?

Д.О: Наанаа хатуу юм шиг мөртлөө надаас зөөлөн хүн. Хүүхдүүдээ загнаж зандраад байхгүй хэр нь хүү, охин хоёр маань ааваасаа айна. Миний хүү 13-тайдаа Орост Суворовын сургуульд суралцахаар явсан юм.

Үдэж өгөхдөө нөхөр маань уйлчихаж л дээ. Тэр үед армийнхан “Цогоо хурандаа уйлдаг юм байна” гэж гайхаж байсан гэсэн.

Д.Ц: Хүүгээ өөрийнхөө мөрөөр явуулахыг хүсдэггүй эцэг байдаг бил үү? Сайн хүн байгаасай, шилдэг иргэн болж төлөвшөөсэй гэж хамгийн их бодно. Миний амьдрал цэрэг, спорттой нягт холбоотой.

Би өөрийгөө хатуу сахилга батаар барьсан гэж боддог. Харин одоогийн нийгэмд айлын охиныг авч явахаас илүүтэй амиа яая даа гэсэн залуус олширч. Тийм эрчүүд Монголд битгий олон байгаасай гэж боддог юм.

“Алдар” СХ-ны хувьд 14 спортыг бодлогоор хөгжүүлж байна. Эдгээр нь хүүхдийн секцтэй. Би дасгалжуулагчдадаа “Та нар заавал гавьяат тамирчин бэлтгэх албагүй, харин Монголын шилдэг иргэдийг төлөвшүүлэх ёстой.

Энэ нь та нарын хамгийн том гавьяа” гэсэн шаардлага тавьдаг. Багш нар маань ч үүнийг ойлгодог.

-Цэргийн хүн цол нэмээд гэртээ харихаар сэтгэл дүүрээд сайхан санагдана биз?

Д.Ц: Цол нэмэхээр мөр дүүрээд л ирдэг. Аав маань цэргийн хүн мөрөө, энгийн хүн энгэрээ харж явдаг гэж билээ. Бөхөөр бол цол нэмэхээр бяр нэмэгддэгтэй ижил юм. Одоо ах нь хурандаа цолтой.

Цэргийн дээд цол хурандаа, төрийн дээд цол генерал. Цэргийн дээд цолыг зүүгээд явж байгаа минь бахархал, бас хариуцлага.

“Алдар”-т байгаа хоёр хурандаагийн нэг нь би. Найзууд маань “Өөрөө хурандаа болсон юм, эхнэр чинь ямар цол авсан гэсэн үг вэ” гэж асуудаг юм. Тиймээс хөдөлмөрийн минь үр дүн манай гэр бүлийн бахархал юм даа.

-Та нөхрөө цол нэмээд ирэхэд нь хэрхэн угтдаг вэ?

Д.О: Хамгийн ихээр бахархдаг. Анх танилцаж байхдаа би хурандаа нөхөртэй болно гэж бодож байгаагүй. Нөхрийн минь хэлдгээр хөдөлмөрийн үр шим гарч байна.

Миний хувьд гэр бүл, үр хүүхдээрээ бахархдаг. Би амьдралдаа 100 биш, 200 хувь сэтгэл хангалуун явдаг.

Тэд 1991 онд гэрлэсэн. Ирэх жил мөнгөн хуримаа тэмдэглэнэ гэсэн үг. Д.Одгэрэл эгч ярилцлагынхаа төгсгөлд “Сайхан ханьтай учирсандаа хязгааргүй баярлаж явдаг. Чамайгаа насан туршдаа хайрлаж явна” хэмээн өгүүлсэн юм.

Харин Д.Цог-Эрдэнэ ах гэр бүлийн талаарх ярианаасаа ялимгүй хазайж “Алдар”, армийнхаа талаар ярих сонирхолтой. Энэ ч аргагүй юм. “Алдар” түүний амьдралын томоохон хэсэг билээ.

Амралтынхаа өдрөөр тэр гэрийнхнээ амттай хоолоор дайлах дуртай. “Алдар”-ын тамирчид өндөр амжилт гаргахаар маш их баярлана. Цогоо ахыг тус спорт хорооны дэд даргаар ажилласан цагаас хойш Хөдөлмөрийн баатар нэг, ардын багш нэг, гавьяат дасгалжуулагч зургаа, гавьяат тамирчин найм төржээ.

Ингээд бодохоор жил бүр нэг гавьяат “Алдар”-аас төрдөг гэсэн үг. Нэг л өдөр тэр өөрөөсөө юу хийснээ асууна. Дээрх тоо баримтыг хэлэхээс гадна “Алдар” өөрийн гэсэн спортын ордонтой болсон нь хамгийн их баяр.

“Миний хамтран ажилласан удирдлагууд, хамт олны нэгэн үзүүрт сэтгэл, хөдөлмөрийн үр дүн. Өсөхөө аварга бид хоёр ийм ордон байгуулахын төлөө их зүтгэсэн. Үеийн үед байх хөшөө дурсгал юм” гэж тэр бахдан өгүүлж сууна.

Удахгүй шинэ жилийн баяр болно. Гэр бүлийн баяр ч гэж болох. Мэдээж Цогоо ахын гэр бүл оноо сайхан угтана. Бас “Алдар” СХ ажлаа дүгнэж, шилдгүүдээ шалгаруулна.

Хүүхдүүд нь 20 гарчихсан ч аав, ээж хоёр нь гацуур засдаг хэвээрээ. Бага насны гэгээн дурсамжийг сэргээх гэж, бас ганган гацуураа тойрон баярлан гүйх хүү, охин хоёрынхоо балчир үеийг нүдний өмнө буулгах гэж тэд хамтдаа сүлд мод засдаг.

Нэрт жүдоч Х.Цагаанбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа “Хөдөлмөрлөж байгаа хүнийг бурхан үргэлж тэтгэдэг гэдэгт би итгэдэг” хэмээн өгүүлж билээ. “Алдар”-ын орлогч дарга, хурандаагийн хөдөлмөр зүтгэлийг ч цаанаасаа ивээж, төлөвлөсөн бүхэн нь биелж байна.

Тус хорооныхон 2016 оныг шинэ ордондоо угтан авна. Үр хүүхдэдээ байр бэлдсэнээс илүү тамирчдаа будаг нь ханхалсан сайхан ордонтой болгосондоо Цогоо ах хамгийн их баярлаж байгаа.

Бас ирэх оны олимпийн дараахан “Алдар” 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. 70 насны баярын “бялуу хуваах” ёслолд тус нийгэмлэгт ажиллаж байсан, ажиллаж байгаа үе үеийн тамирчин, дасгалжуулагч, ажилчид, уг спорт хороонд данстай хүн бүхнийг хүрэлцэн ирэхийг тэрбээр урьж байна.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.41.24 Odgerel dvv,bas neg veiin tamirchid baisni huvd niitleliig neg bvrchlen unshij vzlee.Saihan snagdav.Ta nartaa sain saihniig hvsei
59.153.114.78 Hvn bolgond taalagdah albagvi yaj hodolmorloj hvnii toloo yvdagiig burhan harj baidag ternees gants neg hvnii archaagvi sanaa ter hvndee l tusdag tiimees zov saihan l baihad bolno amjilt
112.72.11.123 Odoo zailuulah bolson
202.9.40.111 Amjilt husie ZX ene hunig medne shudraga zarchimch hunde
103.9.90.39 Алдарын хар, бор бүх л ажилд буурал Цогоо л явдаг даа.
182.160.34.149 yostoi l Aldriig avch yavdag hvn de Tsogoo hurandaa
202.131.225.2 ah mundag shvv amjilt az jargal hvsiya
103.9.89.234 Миний дүү нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тамирчдынхаа хайр хүндэтгэлийг хүлээж улам сайн ажиллаарай.
202.9.41.23 oo saikhan yariltslaga boljee TSOGOO ahdaa bolon neg bagiin guigch odkoodoo sain saikhaniig husie. turuu
202.9.41.23 Дүү нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тамирчид, дэмжигчдийнхээ итгэл найдварыг хүлээж улам сайн ажиллаарай.
  • 2015 оны 12 сарын 22
202.72.245.122 Миний МЭДЭХ ЦОГ-ЭРДЭНЭ ДАРГЫН ТАЛААР БИЧЛЭЭ
202.72.245.122 Энэ хүнийг танихгүй мэдэхгүй хүн гэж үгүй яагаад гэвэл Алдарыг амжилтыг энэ хүнээр л мэддэг үнэхээр ажлын төлөө төрсөн хүн харин нэр алдрын төлөө үгүй шүү нэр алдар хөөцөлддөг байсан бол аль эрт армийн хамгийн том цол шагналыг хүртсэн байх байсан Үнэхээр залуу хүн гэхэд үнэхээр хөдөлмөрч миний мэдэх Цоггэрэл
212.2.236.136 Алдар нийгэмлэг минь цаанаа л нэг сэтгэлд дулаахан шүү.ажил амьдралын минь эхлэлийн цэг.
220.191.168.20 mundag humuus baina. Huuduud n ih huurhun yum aa,
122.201.21.231 yamar sonin hoorond ni yalgahiin argagui adilhan 4 be..ah duu 4 yum u l gej harlaa sh de..hundleh setgegdel turj bn mongoliin mine negen baharhalt ger bul bololtoi
202.179.25.34 ner aldart durtai hunii tuhai yum uu?