Дархан-Уул аймгийн ИТХ асуудлаа шийдвэрлэжээ

2015 оны 12 сарын 07

Дархан-Уул аймгийн ИТХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаан болж, маргаантай асуудлаа нэг тийш нь болгожээ. Үүгээр нийт найман асуудал хэлэлцсэн байна.

Хуралдаанд 30 төлөөлөгчөөс 29 нь ирж, ирц 96.6 хувь байжээ. Улмаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох долоо, 13, “Өргөө” багийн нөхөн сонгуулийн дүнг үндэслэн АН-аас нэр дэвшиж сонгогдсон Д.Амарсанаа, Э.Азжаргал, Б.Ганпүрэв нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн аж.

Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны энэ оны гуравдугаар сарын 9-ний тогтоолын дагуу төлөөлөгчөөс эргүүлэн татсан О.Чимидцэрэн, Г.Алтантуяа, Б.Азжаргал нарын бүрэн эрхийг дуусгавар болсонд тооцжээ.

Түүнчлэн аймгийн ИТХ-д АН-аас жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон Г.Тамир, МАН-аас Хонгор суманд нэр дэвшиж сонгогдсон Н.Лхагвасүрэн нарыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлж, Б.Мягмардаш, Н.Мөнхдаш нарын бүрэн эрхийг зөвшөөрчээ.

Үүнээс гадна ИТХ, тэргүүлэгчдийн 2015 оны ажлын тайлан, 2016 оны үйл ажиллагааны зорилтыг хэлэлцэж, “хангалттай” гэж үнэлсэн байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 82.13 хувийн биелэлттэй 4.11 онооны үнэлгээтэй байгаа тул хөтөлбөрийн биелэлтийг “хангалттай” гэж дүгнээд, цаашид эрчимжүүлэн бүрэн хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга А.Энхболдод даалгажээ.

Мөн аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийж, 2016 оны төсвийн орлогыг нийтэд нь 3.1 тэрбум, зарлагыг 2.9 тэрбум төгрөгөөр баталлаа.

Тодруулбал, 2016 оны аймгийн төсвийн орлогыг 15.493.7 сая, зарлагыг 16.784.6 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1.040.4 сая, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, орон нутгийн хөгжлийн санг 3.909.7 сая, сумдаас улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 31769.8 сая төгрөгөөр тус тус баталсан байна.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцээд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 52 дугаар тогтоолоор төлөөлөгчөөс эгүүлэн татсан О.Чимэдцэрэн, Б.Азжаргал болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Г.Батбаяр, Б.Даваасамбуу, Г.Эрдэнэбат нарыг чөлөөлж, ИТХ-ын тэргүүлэгчээр Д.Амгалан, О.Баттулга, Х.Батбаяр, Б.Мягмардаш, Г.Сүхээ нарыг нөхөн сонгож батлав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.94.194 29 hun irsenees 14 hun huraldaj huuli bus hurlaas garsan shuudveruud b.na. Mun neg taldaa garvaa...