“Баруун бүс нутагт шатахууны үнийг төвийнхтэй ойролцоо түвшинд хүртэл буулгаж чадлаа”

2015 оны 12 сарын 07

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрөгч амралтын өдрүүдэд Увс аймагт ажиллав. Тэрбээр Улаангом суманд “Гудамж” төслийн санхүүжилтээр тавьсан замыг нээж, баруун бүс нутгийн шатахууны үнэ бууруулах болон “Увс аймаг дахь ардчилсан засаглалын 1000 өдөр” арга хэмжээнд оролцсон юм.

УИХ-ын даргын хамт гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүн ажиллав.

Увс аймгийн Улаангом хотод “Гудамж” төслөөс хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын хүрээнд 10.5 км авто зам, нийт 2.1 км урттай найман тойрог, 14.5 км явган зам, 2.1 км дугуйн зам, 8.2 км гэрэлтүүлэг, гэрлэн дохио, инженерийн шугам сүлжээг хүчитгэсэн лотки, гүүр хоолой, ногоон байгууламжийн хамт хүлээлгэн өгсөн нь энэ.

Энэ үеэр УИХ-ын дарга “Уг төслийг хэрэгжүүлэхэд амар байгаагүй. Улсын нийслэлд ч, аймгийн төвүүдэд ч хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, замбараагүй газар олгосны уршгаар зам тавих газрыг чөлөөлөх ажил багагүй бэрхшээлтэй тулгарсан” гээд “Гудамж” төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр алслагдсан бүс нутгуудад шатахууны үнийг бууруулж, төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлын нээлтэд оролцох үеэр эдийн засаг тэлэхийн хэрээр сүүлийн арван жилийн дотор шатахууны хэрэглээ 2.2 дахин өссөнийг дурдаад, “Энэ их өсөлт бүс нутгийн хүн амын амьжиргаа, эдийн засгийн хөгжилд харилцан адилгүй нөлөөлж ирсэн.

Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь алслагдсан баруун бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүртэл буулгаж чадлаа” хэмээсэн юм.

УИХ-аас олгосон эрхийн дагуу Засгийн газар нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоосноор дээрх үр дүнд хүрч буй юм. УИХ-ын дарга З.Энхболд томилолтынхоо төгсгөлд “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр” арга хэмжээнд оролцсон.

Тус аймгийн удирдлагууд дээрх арга хэмжээний хүрээнд 2013-2015 онд дэвшүүлсэн бодлого, зорилтынхоо хэрэгжилтийг өрх бүрт тайлагнасан байна. Энэ нь Монгол Улсад жишиг болохоор ажил болсныг УИХ-ын дарга онцолж байлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД