ГАДААДАД АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛЧУУД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ ЦАХИМААР ТӨЛДӨГ БОЛЛОО

2015 оны 12 сарын 07

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх боломжтой болов. Тус үйлчилгээ нэвтэрснээр дэлхийн 38 улсад амьдарч буй 100 мянга гаруй монгол иргэний нийгмийн баталгааг хангаж буйн илрэл аж.

Нийгмийн даатгалын ерөнхий газар Төрийн банктай хамтарч, гадаадад оршин суугаа иргэдийг сайн дурын нийгмийн даатгалд хамруулах зорилго бүхий төслийг өнгөрсөн ням гаригт албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна.

НДЕГ-ын дарга Ц.Уртнасан “Өнөөдрийн байдлаар нэг сая 50 мянган иргэнийг албан болон сайн дурын нийгмийн даатгалд хамруулсан. Нийгмийн даатгалын сангаас 400 мянга гаруй иргэн тэтгэвэр, тэтгэмж авдаг.

Түүнчлэн нийгмийн даатгалд хамрагдаагүй 600 мянга гаруй иргэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улсын 160 мянган иргэд гадаадад оршин суудаг. Албан бус тоо баримтаар 200 мянга гаруй иргэн гадаад улсад амьдарч байгаа” гэв.

Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд жилд нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Хэрэв 160 мянган иргэнийг нийгмийн даатгалд бүрэн хамруулж чадвал жилд арван сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн урсгал дотоодод орж ирэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн гадаадад байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллын баталгааг хангах боломжтой гэдгийг онцолж байлаа.

Нийгмийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх боломж бүрдсэн улсуудыг дурдвал, БНХАУ, ОХУ, АНУ, Их Британи, Швейцарь, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг орон багтаж байгаа.

Түүнчлэн иргэд цахимаар нийгмийн даатгалд бүртгүүлэхдээ app.ndaatgal.mn сайтад хандах шаардлагатай. Мөн Төрийн банкинд данстай бол тус үйлчилгээг авах боломжтой аж.

А.ТҮМЭННОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД