Абдул Карим хувьчлалаас татгалзвал Ц.Баатарсайхан өмчийн эзэн болох магадлалтай

2015 оны 12 сарын 07

“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим өмчөө авахаас татгалзаж буйгаа өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ.

Энэ талаар тэрбээр “Миний болон гэр бүлийн минь талаар ор үндэсгүй, худал мэдээллийг хэвлэлээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон дуудлага худалдаагаар “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр гадаадын хөрөнгө оруулалттайгаар худалдаж авах байсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан, Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж энэхүүг гэрээг цуцлах болно” гэжээ.

Хэвлэх үйлдвэрийн барилгыг Абдул Карим худалдан авах болсонтой холбогдуулан “Ард” группийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг зэрэг хүмүүс түүний мөнгө цэвэр эсэхийг шалгах хэрэгтэй гэж байв.

Мөн тагнуулын байгууллага ч шонхрын наймаа зэрэг түүнтэй холбоотой асуудлыг судалж эхэлсэн. Тиймээс түүнийг “бохир” мөнгөөр худалдан авах гэж байсан бөгөөд хуулийн байгууллага шалгаж эхэлсэн учраас өмчөө хувьчилж авахаас татгалзлаа гэх яриа олны дунд байна.

Хэрэв Абдул Карим хэвлэх үйлдвэрийн барилгыг авахаас татгалзвал “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан уг барилгыг авах магадлалтай аж.

Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодруулахад “Абдул Карим албан ёсоор манайд хандаж, учир шалтгаанаа тайлбарлах байх. Өмч хувьчлалын гэрээг цуцлана гэсэн асуудал байхгүй. Дуудлага худалдааны дараах 14 хоногийн хугацаанд эд хөрөнгийн үнийг төлж, хувьчлах гэрээ байгуулдаг. Тэр хүн одоогоор эд хөрөнгийн үнээ төлж, гэрээ байгуулаагүй. Хэрэв өмч худалдан авахаас татгалзах юм бол бид дуудлага худалдаанд оролцсон, дээд үнэ амласан дараагийн хүнд барилга худалдан авах санал тавина. Нарийн асуудлыг Өмч хувьчлалын комисс хуралдаж шийднэ” гэлээ.

Г.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.90 Талаар нэг тарчихсан торийн яамдыг нэг газар болгох ,Засгийн газрын орготгол барих газар болгох нь дээр байсан. Газар доогуур холбож аюулгуй байдлыг хангах гээд л . Баахан ор зээлэнд баригдаад монго л олж байвал юу ч бодохоо больжээ.