Технологийн Золиос

2015 оны 12 сарын 06

Газар зүйн гайхалтай нээлтүүдийн үе гэгддэг XIX зуунд Их Британийн Нэгдсэн Вант улс хоёр том зорилт тавиад байлаа. Нэгдүгээрт, Атлантa Баруун-Хойд гарц буй гэдгийг нотлох. Удаах нь, Хойд туйлд хүрэх явдал байлаа.

1845 онд уг зорилгодоо хүрэхэд ердөө 62 бээр газар л судлах үлдээд байв. Хүндтэй, бас хүнд хэцүү эл даалгавар ноён Жон Франклинд ноогджээ. Баруун-Хойд гарцыг олох хайгуулын ажлын оргил болно хэмээн үзсэн Английн усан цэргийн армийн удирдлагын төсөл түүхэнд Арктикийн хамгийн том эмгэнэлд тооцогддог аж.

Кинг-Уильям арлаас Франклины багийнхны мөр өдгөө ч олддог бөгөөд тэдгээрт үндэслэн аймшигт үйл явдлын нэгээхэн хэсгийг сэргээн тогтоожээ. Тус арал бол дэлхийн хамгийн тусгаарлагдмал газруудын нэг.

Байгалийн шохой, намгийг эс тооцвол мөсөн цөл гэж болох Кинг-Уильям арал Канадын Арктикийн ольтригт оршдог бөгөөд Хойд Америк тивийн эрэг орчмоос Симпсоны хоолойгоор тусгаарлагддаг юм.

Ноён Жон Франклинаар удирдуулсан дээд зэргээр бэлтгэгдсэн хайгуулын багийнхан тус газарт сүйрсэн юм. Багийн 129 гишүүн бүгд амиа алдаж, Хатан хааны “Эребус”, “Террор” нэртэй хоёр том усан онгоцор сураггүй болжээ.

ЭХНИЙ ХАЙГУУЛ

Франклины багийнхны төлөө Лондон эхэндээ санаагаа айхтар чилээгээгүй аж. Хэдийгээр 1847 оны сүүлчээр анх харанга дэлдсэн ч, жилийн дараа л 1848 онд Британийн Парламентын Доод танхимаар хэлэлцэж, Франклины багт туслах шийдвэр гаргажээ.

Аврах нэгдүгээр багийг удирдсан ахмад Хенри Келлет Берингийн хоолойд хүрэх даалгавар авлаа. Төлөвлөгөө ёсоор бол Франклины баг тэнд очсон байх учиртай. Ноён Жеймс Кларк Россоор удирдуулсан хоёр дахь баг Франклиныхны аяллаа эхэлсэн Ланкастерын хоолойг чиглэн хөдөлжээ.

Хуурай газраар хайх гурав дахь багийнхан Маккензи голын эргээр уруудан далайд хүрэх ёстой байв. Багийг эрдэмтэн Жон Рей болон ноён Жон Ричардсон нар удирджээ. Харамсалтай нь, эрлийн гурван багийн аль нь ч алга болсон усан онгоцны сургийг гаргаж чадаагүй юм. Франклины багт юу тохиолдов.

“Торонто глов” сонин 1850 оны дөрөвдүгээр сарын 4-ний дугаартаа ноён Жон Франклины хайгуулын ангид тусламж үзүүлсэн аль ч улсын багийнханд 20.000 фунт стерлингийн урамшуулал олгоно гэсэн Хатан хааны шийдвэрийг хэвлэжээ.

Тэрхүү зарлалд Франклины багийнхнаас нэгнийх нь ч болов амийг аварсан, эсвэл тодорхой мэдээлэл өгсөн хүнд, сураггүй болсон хөлөг онгоцыг сүйрснийг баталсан нэгэнд ч тус бүр 10.000 фунт өгнө гэсэн байв.

1850 оны намар хүртэл Франклины багийг хайж Арктикийн сав газрыг бүхэл бүтэн усан цэргийн арми самнасан байдаг. 1850 оны наймдугаар сарын 23-нд ахмад Эразм Омманней “Ассистанс” хөлгийн офицеруудтай Девон арлын Рили хошуунаас Франклины багийн ул мөрийг олжээ. Гэхдээ тэдгээр баримт нь тус арал дээр түр буудаллаад явсныг гэрчлэхээс хэтэрсэнгүй.

Аврах ангиудын дунд Вильям Пеннаар удирдуулсан “Хатагтай Франклин” усан онгоц багтжээ. Наймдугаар сарын 27-нд “Шарилнууд харагдаж байна, ахмад Пенн! Франклины өвөлжөө байна” гэж нэгэн усан цэрэг дуу хадаажээ.

Шарилын хөшөөн дээрх бичгүүдээс үзэхэд мухардалд орсон хайгуулын ангийнхан 1845-1846 оныг Бичи арлын зүүн эргийн жижигхэн тохой газарт өнгөрүүлснийг илтгэж байв. Нөмөргүй, нэвт салхилах задгай арал дээр хэдхэн хонохдоо эрлийн багийнхан цөөнгүй ул мөр илрүүлжээ.

Майхантай бааз, дархны газар, том агуулах зэргийн үлдэгдэл, тэр байтугай ногооны жижигхэн талбай хүртэл олджээ. Ногоо тарьснаас үзэхэд тэд ирээдүйдээ итгэж байжээ. Сураггүй болсон багийнхныг эрж хайх явцад ч золгүй явдал, өвчин эмгэгээр нас барсан хүн цөөнгүй.

Франклины багийнхан яагаад бүгд амиа алдсаныг эрлийнхэн хэлэлцээд эхний дүгнэлтээр хоол хүнсгүй болж, өлсөж үхсэн байх гэсэн хувилбар гаргалаа.

ЭСКИМОСЧУУД ГЭРЧИЛСЭН НЬ

1854 оны аравдугаар сарын 8-нд Жон Франклины хувь заяаны тухай нэгэн мэдээ британичуудын чихэнд хүрчээ. Гуравдугаар багийн ахлагч Жон Рей армийн удирдлагад бичсэн захидалдаа олсон зүйлүүдийнхээ тухай

“...Энэ хавар Бутия хойгийн баруун эргийг шалгах ажлаа дуусгахаар явж байгаад Пелли тохойд бид эскимосчуудтай учирлаа. Тэд “цагаан хүмүүс” хүнс олохоор баруун зүгт явсан гэлээ... Бидний олсон эд зүйлсээс үзэхэд сураггүй болсон Франклины багийнхнаас амьд үлдсэн хэсэг (бүгд биш бол) амь үрэгджээ гэдэг дүгнэлт хийхэд хүрлээ. Тэдний үхэл төсөөлөхийн аргагүй аймшигтай” гэж бичжээ.

Эскимосчууд дохио зангаагаар цагаан хүмүүсийн цогцосны дэргэдээс найм, есөн тамгатай ном олдсон гэж ойлгуулжээ. Номнууд гар бичмэл, эсвэл хэвлэмэл байсныг нутгийн хүмүүс хэлж чадаагүй аж.

Харин “Тэдгээр номыг яасан бэ” гэсэн асуултад эскимосчууд хүүхдүүд ураад хаячихсан гэжээ. Ном гээд байгаа нь хөлгийнхний өдрийн тэмдэглэл байж магадгүй юм.

Жон Рэй эскимосчууд цагаан хүмүүстэй солилцсон эд зүйлсийг нь сонирхоход ихэнхдээ мөнгөн дэвсгэрт үзүүлсний дунд ноён Ж.Франклины “Гавьяаны төлөө” одон байжээ.

ХАТАГТАЙ ФРАНКЛИН НАЙДСААР

Ж.Франклины гэргий Жейн Гриффин нөхрөө эсэн мэнд олдоно гэсэн найдвар тээсээр, эд хөрөнгөө бүгдийг эрлийн ажилд зориулахад бэлэн байлаа. 1858 онд тэрбээр “Фокс” усан онгоц худалдан авч, Бичи аралд хүрчээ. Дараа жилийнх нь хавар аврах эрлийн ангийн ахлагч МакКлинтон хоёр эскимос гэр бүлийн хүмүүстэй таарчээ.

Тэдний гэрээс Франклины эд зүйл олдсон байна. Эскимосчууд хоёр усан онгоцны тухай ярьжээ. Нэг нь усанд живж, нөгөө нь эргийн хад мөргөсөн байсныг харсан гэнэ. Тэгээд цагаан хүмүүс жижиг завинд суугаад том голын зүг явсан, дараа өвөл нь тэдний яс олдсон тухай ч ярьжээ.

Хожим нь ахмад МакКлинтон 30-40 хүнтэй эскимос овогтой таарсан бөгөөд тэднээс мөн л Франклин болон багийн офицер Крозьегийн мөнгөн эдлэлүүд гарч иржээ. “Том гол хүрэх замд олон цагаан хүн нас барсан” гэж овгийнхон өгүүлжээ.

МакКлинтон эрлээ Монреаль арал хүртэл үргэлжлүүлэхдээ сураг тасарсан хайгуулын ангийнхантай холбоотой хэд хэдэн зүйл олсон аж.

1859 онд МакКлинтоны баг Кинг-Уильямын арал руу буцсан бөгөөд Пеффер голын эргээс Франклины усан онгоцны няравын хувцастай араг яс олжээ.

1847 оны зун Франклины удирдсан хоёр усан онгоц Берингийн хоолойн баруун хэсэгт хүрэх ёстой байв. Гэтэл битүү цас мөсөөр хучигдсан зам урагшлуулахгүй байсаар хоёр дахь өвлөө Кинг-Уильям аралд өнгөрөөхөд хүрчээ.

Энэ нь сүйрэлд хүргэсэн нь мэдээж. 1848 оны дөрөвдүгээр сарын 22-нд амьд үлдсэн 105 хүн урагшаа Бака гол руу аяллаа үргэжлүүлэхээр арлын баруун хойд хэсэгт баазаа босгожээ. Тэд 2210 км алсад байрлах Гудзоны бааз руу дөхөх зорилготой байв.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Франклины багийнхан арлын зүүн эргийн дагуу хөдөлж. Бүгд нэг олсоор холбогдон, араасаа том том чарга чирч явсан байна. Туйлдаж тамирдсан хүмүүс хүнд зам туулахад амаргүй байсан нь ойлгомжтой.

Тэдний явсан замаар орсон МакКлинтоны эрлийн ангийнхан Франклиныхны босгосон хээрийн эмнэлгийг хүртэл олсон байдаг. Эмнэлэг нь арлаас 100 гаруй км зайд байв. Хүмүүс бам өвчин туссан байх магадлалтай гэж МакКлинтон таамаглажээ.

Учир нь тэр үед багийнханд лаазалсан хүнснээс өөр зүйл байгаагүй. Эскимосчууд үлдсэн тэр лаазтай хүнсийг идээд өвчилж, зарим нь бүр үхсэн тухай ярьсан байдаг. Ийм шалтгаанаар Франклины багийн олонх Кинг-Уильям арлын баруун эрэгт үүрд нойрссон аж.

ТЕХНОЛОГИЙН ДААЖИГНАЛ

Жон Франклины хайгуулын багийнхан бол маш сайн бэлтгэгдсэн, хүмүүс байжээ. Тэд тухайн үеийн шинжлэх ухааны бүхий л дэвшилт зүйлээр хангагдсан байв.

МакКлинтон эрлийн явцад цуглуулсан бүх нотолгоо, баримтаа 1881 онд нэгтгэсний эцэст нэгэн дүгнэлтэд хүрчээ. Түүний дүгнэлтэд,

“Франклины багийнхнаас амьд үлдсэн хэсэг хүн Кинг-Уильям арал дээр буухаас өмнө бам өвчинд нэрвэгдсэн байна. Усан онгоцны доод давхрын давчуу орчин болон хөдөлгөөн багатай амьдрал нь Хойд туйлын хүйтэн агаар, гэнэтийн хүнд хүчир ажлаар солигдсон нь хурц хэлбэрийн бамаар өвчлөхөд их нөлөөлсөн. Тэд аяллын эхэн үедээ л хээрийн эмнэлэг байгуулсан нь ийм дүгнэлтэд хүргэв” гэж бичжээ.

Мөн түүний хийсэн судалгаа Франклины багт чухам юу тохиолдсныг ерөнхийд нь харуулж чадсан гэж үздэг аж. Амьд үлдсэн 30-40 хүн их газарт хүрэх гэсэн сүүлчийн найдвар тээсээр аймшигт арлыг орхин явсан ч, замдаа амь үрэгджээ.

Хэдийгээр усан онгоц нь, мөн багийнхны тэмдэглэл, дэвтэр нь олдоогүй ч судлаачид Жон Франклинаар ахлуулсан усан онгоцны 129 гишүүний хувь заяа хэрхсэний учрыг тайлж чадсан гэж дуу нэгтэй санал нэгддэг аж.

САНААНД ОРОМГҮЙ ХУВИЛБАР

Бараг зуун жил өнгөрсний дараа Альбертын их сургуулийн антропологич, эрдэмтэн Оуэн Битти Ж.Франклины багийнхантай холбоотой газруудыг судалсны үндсэн дээр Арктик руу явахаар шийджээ.

1981 онд замд гарсан Биттийн баг эхний жилдээ “Эребус”, “Террор” усан онгоцыг орхин явсан 105 цэрэг, офицероос ганцхан л хүний араг ясыг олжээ. Ясны ялтсанд хийсэн бичил биетийн шинжилгээгээр тухайн хүний биед хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс маш өндөр гарчээ.

Гэтэл тэр нутгийн хүний цогцсонд хийсэн шинжилгээгээр хар тугалгын хэмжээ хэвийн гарсан байна. Хэрэв Ж.Франклины багийнхны биед ийм хэмжээний тугалга аяллын туршид байсан бол тэд хордож үхсэн нь гарцаагүй.

Хар тугалга бол хүний биед төдийгүй сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг. Хоолны дуршил буурах, ядрах, сульдах, уцаартай болох, цус багадах, солиорох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Тэгэхээр сураггүй болсон багийнхны төв мэдрэлийн систем гэмтсэнээс үхэлд хүргэсэн байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлжээ. Байгаль орчны ширүүн уур амьсгал, тав тухгүй хүнд нөхцөлд хар тугалгын өчүүхэн тун ч маш хүчтэй нөлөөлтэй байдаг аж.

Энэ нь багийн гишүүдийг зөв шийдвэр гаргахад муугаар нөлөөлсөн байж болох юм. Үүгээр Франклины багийн сүйрлийн шалтгаан хязгаарлагдаагүй. Мэдээж, хэрэв хордсон бол эх үүсвэр нь юу байв гэсэн асуулт ургана.

1845 оны үед лаазалсан хүнс нь шинжлэх ухааны шинэ ололт гэж шагшигдаж байжээ. Өөрөөр хэлбэл, лаазалж, нөөшлөх технологи хөгжөөгүй, дөнгөж л эхний алхмаа хийсэн үе. Тэгэхээр бүрэн дүүрэн баталгаатай хүнс болж чадах, эсэхийг хэн ч мэдээгүй.

Ж.Франклины багийнхны гол хүнс лаазалсан хэлбэртэй байсан. Тухайн үеийн шинжлэх ухаан технологийн дэвшил болсон лаазалсан хүнсэнд гол аюул нуугдаж байсныг багийн 129 гишүүн яахин мэдэх билээ.

“Хэдийгээр бүх нийтээр мэдлэг олох гэсэн эрмэлзэлтэй ч бидний сэтгэл зүрх Жон Франклин болон түүний багийнхны шинжлэх ухааны төлөө гаргасан золиосыг нь мэдээд гашуудагүй байж чадахгүй нь.

Төлөөсөнд нь хүний амь авч оддог судалгаануудад хүний ёсноос гадуур зүйл нуугдаж байх шиг.

Цөлд, эсвэл мөсөн далайд шинжлэх ухааны төлөө зовж шаналсан нэгнийг дурсах болгонд бид хувь хүний бус хөгжлийн тулд амиараа дэнчин тавьсан зоригтнуудын тухай бодож эхэлдэг” гэж аймшигт нээлт хийхээс өмнө хэлсэн ахмад МакКлинтоны үг эрдэмтэн багш Биттийн нээлтэд хариулах мэт.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД