ДЭЛХИЙН МОНГОЛ АВАРГА

2015 оны 12 сарын 01

Энэ сарын 29-нд Тайландын нийслэл Бангкок хотод Дэлхийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн VII тэмцээн болсон. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физик ангилалд “Улаанбаатар фитнесс”- ийн тамирчин Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Мөн эмэгтэйчүүдийн атлетик физик ангилалд Г.Гансаруул хүрэл медаль, модель бие бялдар ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр, эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчид нөгөөдөр эх орондоо ирнэ.

Г.Угалзцэцэг 2014 болон энэ онд Хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, өнгөрсөн есдүгээр сард Узбекстан улсын Ташкент хотод болсон Азийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн тэмцээнээс хүрэл медаль авч байсан юм.

Эл спортоор дэлхийн аваргын титмийг бүсгүйчүүдээс Монголдоо анх авчирсан түүнтэй цахимаар холбогдож, ярилцлаа.

-Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэнд баяр хүргэе. Шагнал аваад зогсож байх мөчид юу бодогдов?

-Маш сайхан байлаа. Олон улсын тэмцээний дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулсандаа баяртай байсан. Би тэр мөчид маш их жаргалтай байлаа. Манай тамирчид бүгд амжилттай оролцлоо.

-Таны хувьд өмнө үзүүлсэн амжилтаа ахиуллаа. Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцлоо шүү дээ. Өөртөө хэр итгэлтэй байв?

-Тэглээ. Өнгөрсөн есдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан юм. Тэр амжилтаа ахиулсандаа үнэхээр баярлаж байна. Эхний таван байрт багтана, тэр дундаа хүрэл медаль авчих болов уу гэсэн итгэлтэй байсан.

Яагаад ч юм тэмцээндээ түрүүлчихээд, шагналаа авч байхдаа өөртөө итгэж чадахгүй байсан шүү. Их догдолж байв.

-Энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд хэр хугацаанд бэлтгэлээ базаасан бэ?

-Зөвхөн энэ тэмцээнд оролцохын тулд нэг жил бэлдсэн. Бүтэн жилийн турш хоолны дэглэм барьж, өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байлаа.

-Таны тус тэмцээнд оролцсон ангилал тамирчны юуг голчлон үзүүлдэг төрөл юм бол?

-Атлетик физик буюу спортлог биеийн төрөл. Энэ төрөлд тамирчны биеийн галбирыг илүү хардаг.

-Хэдэн оноос бодибилдингээр хичээллэсэн бэ. Анхны багш, клубийнхээ талаар яриач?

-Сүүлийн гурван жил тасралтгүй энэ спортоор уйгагүй хичээллэж байна. Гурван жилийн өмнө “California” фитнесс клубт очиж байлаа. Үнэнийг хэлэхэд, надад нэрийг нь цохоод хэлчих багш байхгүй.

Интернэтээс бичлэг үзэж, өөрийгөө хөгжүүлэхээр хичээж ирсэн. Одоо “Улаанбаатар фитнесс”- т бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа.

-Энэ спортын юунд татагдсан юм бэ. Эмэгтэй хүн битгий хэл эрчүүд ч халширдаг “хатуу самар” шүү дээ?

-Хүнийг өв тэгш бие бялдартай болгодог спорт. Тэр хэрээрээ тэсвэр тэвчээр суулгана. Эмэгтэй хүн хичээллэхэд хүнд санагддаг байж болох л юм. Ер нь л их тэвчээр шаарддаг л даа.

-Хоолны дэглэм, байнгын бэлтгэл гээд анхаарах зүйл их байдаг уу?

-Дуртай зүйлээ хийж байгаа болохоор ядарснаа мэддэггүй. Хамгийн гол нь өдөр тутмын дэглэмээ алдахгүй байх нь л чухал. Бас өдөрт хоёр удаа бэлтгэл хийх хэрэгтэй. Бэлтгэлээ нэг ч удаа таслахгүй байх нь чухал.

-Та “Улаанбаатар фитнесс”- т багшилж байгаа. Танаар багшлуулна гээд зориод ирсэн шавь нартаа юу захиж, зөвлөдөг вэ?

-Одоохондоо зорьж хүн бэлтгэж амжаагүй л байна. Гэхдээ манай төвд хичээллэхээр сонгож ирсэн хүмүүст өөрийн мэдэх зүйлээр зөвлөгөө өгч, туслахыг хичээдэг.

-Ер нь аливаа амжилтын ард гэр бүлийнхний хүчин зүтгэл байдаг. Хань тань таныг хэр ойлгож, дэмждэг вэ?

-Миний хань намайг хамгийн их ойлгодог. Үргэлж дэмждэг. Байнгын бэлтгэл сургуулилалтын үед гэр бүлдээ тавих анхаарал суларна. Тэр үед намайг дэмжиж, зоригжуулан, урам хайрладаг ханьдаа баярлалаа гэж хэлье.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардлыг тамирчид өөрсдөө гаргасан уу?

-Манай тамирчид тэмцээнд оролцох зардлаа хувиасаа л гаргаж явдаг. Хүндрэл гардаг ч, өөрийн хүссэн зүйлээ, эх орныхоо нэрийг гаргахаар явж байгаа болохоор болгодог л юм.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Энэ шагнал миний амжилтаас гадна гэр бүл, найз нөхөд, баг тамирчид, Монголын бодибилдинг, фитнессийн холбооныхны амжилт юм шүү. Мэдээж алтан медаль авсан амжилтаа дахин батална.

Өөрийнхөө сул талыг илүү хөгжүүлж, хичээж ажиллах болно. Араасаа олон сайн тамирчин дагуулж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж явахыг л хичээнэ дээ.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.26.210 haha ene ch dee sport geheesee iluu urlag ym daa
122.201.26.210 Их буруу бодолтой явдаг хүн байна. Биеэ ингэж хөгжүүлэхийн тулд асар их хөдөлмөрлөж, их тэсвэр тэвчээр гаргаж байгаа шүү дээ.
  • 2015 оны 12 сарын 02
122.201.31.4 bayar hurgeye ushuu iluu
202.70.36.242 толгойг нь фотошопоор залгацан юм шиг харагдаж байна.
202.70.36.242 Нүүрээ бараг кремдээгүй, биеэ маш их кремдсэн болохоор тэгэж харагддаг юмаа.
  • 2015 оны 12 сарын 01