Дахин боловсруулах нь ангилан ялгахаас эхэлнэ

2015 оны 11 сарын 30

Япон улсад жил бүр “Эко баяр” арга хэмжээ болдог бөгөөд үүнийг өнгөрсөн бямба гаригт Монголд анх удаа зохион байгуулж, “Японы соёл ба эко сэтгэлгээ” сэдвийн хүрээнд өрнүүлсэн юм. Хог хаягдлыг дахин боловсруулж ахуйн хэрэгцээнд ашиглах, түүгээр дамжуулж экологийн тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцох нь арга хэмжээний гол зорилго байсан.

Хаягдал цаас, хуванцар сав, хоол  хүнсний хаягдлыг эргүүлэн ашиглахын тулд хамгийн түрүүнд ангилан, ялгаж хэвшихийн чухлыг “Эко баяр”-т оролцогчид ярьж байлаа. Ингэснээр хогийг дахин боловсруулах эхний алхам болох юм.


Манай улс нэн даруй ийм системд шилжих ёстой, япон мэргэжилтнүүд энэ үеэр зөвлөсөн. Уг нь 2011 онд Монголд Хог хаягдлыг ангилан ялгаж, хаях тухай журам баталж, 2013 онд энгийн, дахин боловсруулах хог хаягдлын  савыг гудамж, талбайд байрлуулсан.

Гэвч энэ ажил дорвитой хэргэжилгүй өдгөө ч хүмүүс хогоо ялгаж хаяж сураагүй байна. Японд хог хаягдлыг шатдаг, шатдаггүй, шил, хуванцар сав, уут зэргээр 34 янзаар төрөлжүүлэ, ангилдаг юм байна.

Ил задгай хаясан хатуу картон цаас, тамхины иш байгальд гурван сар, лааз 10 жил, хуванцар сав 100 жил, шилэн лонх 4000 жил болохдоо агаар, хөрс бохирдуулан, хорт хий ялгаруулсаар байдаг.


Дашрамд дурдахад, Монгол Улсад япон хэлийг албан ёсоор зааж эхэлсний 40 жилийн ойн хүрээнд Монгол улсын их сургуулийн Япон хэл судлалын багш Э.Тогтуун санаачлан манай оронд “Эко баяр”-ыг зохион байгуулжээ.

Монгол Улсад суугаа япон улсын Элчин сайдын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд, Улаанбаатар дээд сургууль, “Монгол КООСЭН” сургууль, “Шинэ Монгол” ахлах сургуулийнхан болон Монголд сурч, амьдарч буй япончууд оролцсон байна.

Өдөрлөгийн үеэр “Янзага” нүүдлийн номын сангийн залуус хүүхдийн ном уншиж, экологийн сэдэвтэй асуулт хариултын тэмцээн, япон үндэсний хоолны амталгаа зохион байгуулжээ.

Мөн япончууд хоёрдогч түүхий эд ашиглан өдөр тутмын ахуйн хэрэгцээнд зориулсан зүйлийг хэрхэн хийдгийг харуулсан оюутнуудын үзэсгэлэн гаргасан байв.

Д.БАДМААРАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД