Донтой ДОЦЕНТ

2015 оны 11 сарын 29

Хойд хөршийн эртний нийслэл Санкт-Петербург хотод Усан цэргийн флотын өдрийг өргөн тэмдэглэдэг. Хойд болон Балтын флотын бүх усан онгоцныхон бүрэлдэхүүнээрээ жагсдаг аж. 2006 онд ч уламжлал ёсоор энэ өдрийг тэмдэглэн, усан цэргүүдийн сүрт жагсаалыг хотын иргэд сонирхож байлаа.

Харин Морозовынхон тэр жагсаалыг үзэж амжсангүй. Тэд ах дүүсээрээ зусландаа баяр тэмдэглэжээ. Хотод оройтож ирсэн тэд унтахаар хэвттэл дээд давхрынх нь хөршийн нохой хуцаад байв. Тэсвэр алдсан гэрийн эзэн тэр айлд орохоор гартал давхрын хоорондох шатан дээр нэгэн залуу эмэгтэй хэвтэж байх нь тэр. Есөн давхрын айлын хамаатан охин амьгүй болсон байлаа.

Яна Шукина-Койвисто Финланд улсын иргэн бөгөөд Санкт-Петербург хотод нагац эгчийндээ ирсэн байж. Тэрбээр тус хотод төрж, өссөн ч, арван настайдаа ээжийгээ дагаж Хельсинк явжээ. Эх нь фин хүнтэй суусан байна.

Орцны оршин суугчид нэгнийгээ төдийгүй хамаатан садан, ирж очдог найз нөхдийг нь ч андахгүй, нийтэч улс. Баярын өдрүүдэд цагдаагийнхан илүү ачаалалтай байдаг нь хаа газарт адил. Мөрдөгчид бүсгүй амиа алдсан шалтгаанд гурван хувилбар тавьжээ. Хүчин, дээрэм, хар тамхины тун хэтрүүлсэн гэсэн хувилбараас аль нь ч шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсонгүй.

Хохирогчийн хэтэвчин дэх хэдэн зуун ам.долларыг аваагүйгээс үзэхэд дээрмийн хэрэг биш. Бүсгүй бэлгийн хүчирхийлэлд автаагүйгээс гадна цусны шинжилгээнд хар тамхи битгий хэл спирт ч илэрсэнгүй.

Хэргийн газарт ирсэн сэргийлэхийн нохой дөрвөн давхрын хоёр хаалга орчим хэсэг эргэлджээ. Хонхыг нь дарахад хоёуланд нь хүн алга бололтой хариулсангүй. Гэтэл нохой гэнэт уруудаад, орцны хаалган дээр очлоо.

Тэндээс усан цэргийн малгай олоод, дээш гарч цогцсын дэргэд очив. Энэ нь малгай хохирогчийн биед, эсвэл гарт байсан гэсэн үг аж. Усан цэргийн баярын өдрүүдэд ийм малгайг гудамжнаас худалдаж авах боломжтой тул Янагийнх ч байж болох юм.

12 цагийн дараа Санкт-Петербург хотод суух Финландын Консулын газраас ОХУ-ын Гадаад яаманд бичиг ирүүлжээ. Финланд улсын иргэний амийг хөнөөсөн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэхийг хүссэний зэрэгцээ Санкт-Петербургийг аялахад аюултай хотын жагсаалтад оруулах магадлалтайг анхаарулсан байв.

Төсвийн багагүй хэсэг нь аялал жуулчлалаас бүрддэг хотын хувьд ийм анхааруулга таагүй байх нь мэдээж. Олон улсад шуугиан дэгдэж магадгүй болов. Гэтэл мөрдөгчдөд усан цэргийн малгайнаас өөр баримт байхгүй байлаа.

Хэрэг гарсан орцонд, ойролцоох байруудад флотод алба хааж буй, хашиж байсан хүн байгаа, эсэхийг шалгав. Тийм хүн олдсонгүй. Харин шинжээчид малгайн дотор талд “Яков”, эсвэл “Якоб” гэж бичсэн байхыг илрүүлжээ. Овог, нэрийн хэсэг байх нь гарцаагүй.

Баярын өдрүүдээр жагсаалд оролцсон, чөлөөгөөр явсан, эсвэл анги салаагаа дураар орхин сэлгүүцэх албан хаагчдыг шалгах хэрэгтэй байгааг Санкт-Петербург хот дахь Усан цэргийн флотын баазын удирдлагад тавилаа.

Гурав хоногийн дараа. Хойд болон Балтын флотын бүх бүрэлдэхүүний хувцас малгай бүрэн, чөлөөгөөр явсан, дураараа анги нэгтгэл орхисон цэрэг үгүй гэсэн хариу ирэв.

Үүний зэрэгцээ аллага болсон орцны айлуудыг судалж байлаа. Бүгд л юу ч хараагүй, сонсоогүй гэв. Хаа газрын эмээ нар хамгийн их мэдээлэлтэй байдаг даа. Мөрдөгч тиймээс Катя эмээтэй уулзлаа. Тэрбээр нойр муутай аж. Хэрэг гардаг шөнө ч нойр нь хулжаад, гадаа салхилжээ.

Цахилгаан шатаар доош буух гэтэл бариулаар онгойдог хаалгыг нь дийлээгүй гэнэ. Бас хэн нэгэн дотор нь уухилаад байх шиг байж. Согтуу хүн байх гээд нэг их юм бодсонгүй явчихжээ.

Мөрч нохой эргэлдээд байсан хоёр айлыг шалгахад 259 тоотод Санкт-Петербург хотын нэгэн дээд сургуулийн Математикийн тэнхэмийн багш, доцент Вадим Дронин суудаг аж. Хэрэг гардаг орой тэрбээр нойрны эм уугаад унтсан тул ямар нэгэн сэжигтэй чимээ, тэр байтугай цагдаа нар хонх дарсныг ч сонсоогүй гэжээ.

258 тоотыг Азербайжанаас ирсэн наймаачид хөлслөн суудаг гэнэ. Оршин суугчдын тодорхойлсноор бол нэлээд шуугиантай түвэгтэй хөршүүд. Гэвч тэд хэрэг гарахаас долоо хоногийн өмнө нутаг буцсан нь тогтоогдов.

Янатай цуг сургуулийнх нь хэсэг сурагч жуулчлалаар ирсэн байжээ. Тэдний ярьснаар Яна ихэвчлэн хуучин найз нөхөд, танилуудтайгаа цагийг өнгөрөөдөг байжээ. Хамгийн сүүлд түүнийг баярын жагсаалын үеэр Андрей гэдэг хөвгүүнтэй байхыг харсан аж. Андрейг хайх хэрэг гарсангүй.

Хөвгүүн өөрөө цагдаагийн газарт ирэв. Аллага болсон өдөр тэд жагсаал үзээд, орой нь кинонд явж, дараа Яна нагацынх руугаа, Андрей эмээгийнх рүүгээ явжээ. Хөвгүүнээс усан цэргийн малгайн талаар асуухад тэрбээр юу ч мэдэхгүй, анх харж байна гэжээ.

Усан цэргийн малгай ёслолын цагаан бүрээсгүй байсан учраас эзэн нь халагдсан цэрэг байж болох юм гэсэн таамаг дэвшүүлэв. Цэргийн удирдах газрын архиваас Яков болон Якоб гэсэн нэр, овогтой, Хойд болон Балтын усан цэргийн флотод алба хааж байсан хүмүүсийг судлахад 100 гаруй нэр гарчээ. Нэгээс бусад нь хэрэг гарах үед өөр газарт байсан нь баттай нотлогдов.

1965 онд төрсөн, Хойд усан цэргийн флотод алба хааж байсан Аркадий Яковлевыг тэр даруй оллоо. Хэргийн газраас олдсон малгайг түүнд үзүүлтэл алга болгочихсон зүйлээ олдсонд учиргүй баярлан цагдаа нарт талархах нь тэр. Сэжигтний үйлдэл мөрдөгчдийг гайхашруулсан ч, түүнийг саатуулахаар шийджээ.

А.Яковлев хэрэг гардаг өдрийн 19.00 цагийн үед Большеохотинскийн гүүр орчим Хойд усан цэргийн флотын хуучин цэргүүдтэй тааралджээ. Мэдээж, удаан уулзаагүй нөхөд завшааныг тэмдэглэлгүй яах вэ. Тэгээд Яковлев ёслолын буудлага болж байсныг л санаж байлаа.

Мөн Новочеркасскийн метроны буудлын ойролцоо санамсаргүй танилцсан нэгэн бүсгүйг хүргэж өгөхөөр хоргоож байснаа бүдэг бадаг санав. Харин малгайгаа хаана хаяснаа огт мэдэхгүй, гайхав. Яковлеваас сорьц авчээ. Мөн сэжигтний гэрт хийсэн нэгжлэгээр цус болсон, усан цэргийн цамц олджээ.

Шинжилгээний хариу гартал мөрдөгчид орцны айлуудаар явж сэжигтний зургийг үзүүлжээ. Хэн ч, Катя эмээ ч Яковлевыг таньсангүй. Ганцхан 259 тоотын доцент л хэрэг гардаг шөнийн 24.00 цагийн үед орцны гадна түүнийг харсан гэж мэдүүлэв.

Цамцан дээрх цус Яковлевын өөрийнх нь байлаа. Харин талийгчийн хумсан завсар дахь бичил биетүүд түүний цамцныхтай тохирох нь тэр. Ингээд гарцаагүй нотлох баримтаар булуулсан учир Яковлев бүсгүйг алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн баримт дээр гарын үсгээ зуржээ.

Эрүүгийн хуулинд сэжигтнийг хэргийн газарт аваачиж, үйлдлийг нь давтан хийлгэж туршдаг. Гэтэл тэр туршилт мөрдөгчдийг эргэлзэхэд хүргэжээ. Шинжээчийн дүгнэлтэд “Алуурчин хохирогчийг хананд шахаж байгаад шуугаараа хоолойг нь шахаж алсан” гэж бичсэн байтал Яковлев харин Отелло Дездемонаг багалзуурддаг шиг хоёр гараараа шахаж үзүүлээд байлаа.

Дээрээс нь юу ч санахгүй болтлоо согтсон байсан тэрбээр хохирогчийг ямар ч дуу гаргахгүй болтол нь яаж барьсан байх вэ? Тэгэхээр цахилгаан шатан дотор Яковлев, Яна хоёрын хооронд юу болсон байх вэ? Хамгийн хачирхалтай нь, аллага цахилгаан шатан дотор болсон бол, яагаад хэрэгтний малгай нэг давхраас, харин цогцос таван давхраас олддог билээ?

Мөрдөн байцаах ажил дөрөв дэх сараа үргэлжилж байв. Финландын Консулын газраас ирэх дарамт улам нэмэгдсээр. Мөрдөгчид “Хэргийн газраас малгай олдоогүй байсан бол мөрдлөгийг хаанаас эхлэх байсан бэ” гэсэн асуултад хариулт олохоор шийдэв. Энэ тохиолдолд дахиад л орцноос эхэлнэ. Хамгийн түрүүнд Катя эмээтэй уулзав.

Орцны оршин суугчид Яковлевыг алуурчин биш гэж үзэж, өөрсдөө жинхэнэ алуурчныг олж тогтоохоор ажлаа эхэлсэн талаар Катя эмээ ярилаа. Тэр ажилд 259 тоотын доцент хүртэл идэвхтэй оролцож байлаа. Дронин сүүлийн үед талийгч охинтой их л нөхөрсөг харилцаатай байжээ. Тэрбээр нэг удаа Катя эмээтэй ярьж байхдаа “Хөөрхий минь дээшээ хараад хэвтэж байгаа нь одоо болтол нүдэнд харагдах юм” гэжээ. Хачирхалтай юм.

Нойрны эм уугаад, нам унтсанаас болж хаалганы хонх дуугарахыг ч мэдээгүй байсан хүн охины цогцсыг хэзээ, яаж харсан болж байна. Талийгчтай тийм нөхөрсөг харилцаатай байсан хэрнээ цагдаа нарын асуултад их л хайнга, хөндий хариулж байсан нь мөрдөгчдийн сэжгийг төрүүлэв.

Дронин хохирогч охинтой үнэхээр нөхөрсөг харилцаатай байсныг Янагийн нагац ч мэдэж байж. Тэд орцны гадаа ярьж зогсдог байжээ. Тэр байтугай Яна сэтгэл зүйн хичээлийн рефератаа Дронинд уншуулж, зөвлөгөө авчээ. Тэр рефератыг мөрдөгчид үзэв.

“Гэр бүлд хэн голлох ёстой вэ” гэсэн Яна охины наснаас ахадсан сэдэвтэй реферат ёстой л эрдэм шинжилгээний ажил болсон байлаа. Үүнд Дронины туслалцаа орсон нь гарцаагүй байв. Ингээд мөрдөгчид Вадим Дрониныг судлахаар шийдэв.

Дронин хотын нэгэн дээд сургуулийн багш нь үнэн аж. Гэрлээгүй, сайн багш, авьяастай эрдэмтэн, хамт олондоо нэр хүндтэй гэж ажлаас нь тодорхойлов. Сэжүүр олдохгүй байлаа. Гэтэл мөрдөгчийн анхаарлыг Яна охины рефератын завсар байсан халаасны хуанли татжээ.

2006 оны хуанлийн нэгдүгээр сарын 1, гуравдугаар сарын 8-ны өдрийг тэмдэглэж, зурсан байв. Шинэ жил, эмэгтэйчүүдийн баяр. Гэтэл Яна энэ өдрүүдэд Санкт-Петербургт ирээгүй байсан. Тэгэхээр энэ хуанли Янагийнх биш байх нь. Дрониных уу?

Хэрэв Дрониных бол яагаад бусад баярыг тэмдэглээгүй юм бол. Мөрдөгчдийн таамаг нэг сэжүүрээс атгуулах шиг болов. Гэхдээ тэр бүхнийг нягтлан шалгах ёстой. Тэд Дотоод яамны мэдээллийн санд хандан, хуанлид тэмдэглэсэн өдрүүдэд гарсан хэргийн бүртгэлийг хүсэв. Хэдэн зуун хэргээс 2006 оны нэгдүгээр сарын 1-нд Большевикийн өргөн чөлөөний нэг байрны орцонд 15 настай Н.Завьялова охиныг хүчиндээд, боож алсан хэрэг гарч.

Тэр оны гуравдугаар сарын 8-нд Большеохотинскийн гудамжны байрны орцонд 17 настай Т.Горскаяг мөн л хүчиндэн, боож алсан хэрэг гарсан нь сонирхол татав. Уг хэргүүдийн цөөхөн гэрчийн мэдүүлгээр сэжигтний ам зургийг гаргасан ч, түүнийг таних, мэдэх хүн гараагүй л байжээ.

Т.Горскаягийн хэргийн гэрч аллага гарсны дараахан байрны гадаа нэгэн хачин эртэй таарсан байдаг. Тэр гэрчтэй уулзахаас өмнө мөрдөгчид Дронины гэрэл зураг дээр өмнөх сэжигтнийх шиг сахал хийгээд үзүүлтэл “Байрны гадаа таарсан эр мөн гэдэгт 100 хувь итгэлтэй байна” гэж хариулжээ.

Дрониныг баривчилахад эсэргүүцэл үзүүлээгүй ч, мэдүүлэг өгөхөөс татгалзаж, хэд хонов. Тав дахь өдрөө харин “Миний хувьд энэ их эмзэг сэдэв. Ямар ч хөндлөнгийн гэрчгүйгээр, дүрс бичлэг хийхгүй бол мэдүүлэг өгөхөд бэлэн” гэв.

Дронин хүмүүжилтэй хүүхэд байж. Дунд сургуулиа онц, их сургуулийг алтан медальтай төгссөн тэрбээр цаг заваа шинжлэх ухаанд зориулсаар нэг л мэдэхэд эхнэр, хүүхэд, найз нөхөдгүй гуч гарсан зожиг эр болжээ. Тооноос өөр зүйл боддоггүй тэрбээр бүсгүйчүүдийн тал даар айдастай, өөртөө итгэлгүй болсон аж.

Жирийн хүмүүс баярт дуртай бол Дронин эсрэгээрээ. Баярын өдөр гуниглахгүйн тулд театрт жүжиг үздэг байв. Нэг удаа театрт зүс харсан бүсгүйтэй таарахад нөгөөх нь толгой дохин мэндэлжээ. Тэр бол есөн давхрын Яна Шукина-Койвисто байжээ. Жүжиг тараад, Дронин охиныг хүлээж байгаад хамт харив. Тэр уулзалт сэтгэлд нь мартагдашгүй ул мөр үлдээж, шөнө ч унтаж чадаагүй гэнэ.

Ялдамхан охины дүр харагдаад байж. Ингээд доцент өдөр бүр тэр охинтой уулзахаар тосон, хүлээдэг болжээ. Харин Яна Петербургт баярын өдрүүдээр л ирдэг байв. Баярын цөөхөн өдөр Янатай богинохон хугацаанд уулзаад өнгөрөхөд Дронины биед хачин жигтэй мэдрэмж төрдөг болжээ.

Гэтэл Яна ирэлгүй хэдэн сар болж, гоонь эр байж ядав. Бүсгүйг санахдаа анх уулзсан театр орчмоор явах болжээ. Гэтэл 2005 оны арваннэгдүгээр сарын 7-нд Октябрийн баярын өдөр тэрбээр театрын үүдэнд Янатай адилхан бүсгүйтэй таарчээ. Түүнийг Юлия Леонова гэдэг.

Энэ өдрийг Дронин халаасны өөр нэгэн хуанли дээр тэмдэглэснийг мөрдөгчид хожим гэрээс нь олсон байдаг. Дронин тэр бүсгүйг Янатай андуурч, хэсэг балмагджээ. Гэсэн ч өөрийн мэдэлгүй хойноос нь дагажээ. Юу ч мэдээгүй Евгения орц руугаа ороход доцент мөн л дагаж.

Цагийн дараа цахилгаан шатнаас хүчиндүүлж, боомилуулан амиа алдсан Юлиягийн цогцос олдох болно. “Би тэр мөчид хүсэн хүлээж байсан таашаалаа мэдэрсэн” гэж доцент мэдүүлсэн байдаг. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа тэрбээр ингэж шийджээ.

Үүнээс хойш Дронин баярын өдрийг тэсэн ядан хүлээх болжээ. Дараагийн баяр нь 2006 оны нэгдүгээр сарын 1-нд таарчээ. Очих дуртай театрынхаа хавиар холхих тэрбээр Янаг санагдуулах бүсгүйг ангуучлахаар хайж байлаа. Цуврал алуурчны дараагийн хохирогч нь 15 настай Н.Завьялова болжээ. Харин эмэгтэйчүүдийн баярын аймшигтай “бэлгээ” тэрбээр 16 настай Т.Горскаяд барьжээ.

Долдугаар сарын сүүлээр хүсэн хүлээсэн Яна нь ирэв. 28-нд Усан цэргийн флотын өдөр болов. Дронин Янаг хүлээгээд, цонхон дээрээ хэдэн цаг зогссон аж. Харанхуй болж, ёслолын буудлага болов. Шөнө дунд болж байхад ашгүй Яна ирлээ. Гэвч ганцаараа биш.

Түүнийг усан цэргийн хувцастай, согтуу нөхөр орц руу даган оров. Дронин хар хурдаараа доош гүйн, согтуу цэргийг хана мөргүүлж унагаад, айж сандарсан Янаг тайвшруулахаар тэвэрлээ.

Лифтэнд орсон хойноо хайртай бүсгүйдээ хүрсэн Дронин биеэ барьж дийлсэнгүй. Охиныг үнсэж үнгэлэн сэтгэлээ илчилжээ. Яна түүнтэй ноцолдсоор цахилгаан шатнаас гарах гэтэл нь явуулахгүйн тулд хананд шахахдаа хүчээ тооцолсонгүй аминд нь хүрчихжээ. Гэхдээ хэрэгтэн сандарч, ухаанаа алдаагүй байна.

Тэрбээр охины цогцсыг цахилгаан шатнаас гаргаад, өөрөө нэг давхар руу гүйжээ. Согтуу усан цэрэг хэдийнэ явчихсан байв. Харин малгай нь шалан дээр байх нь тэр. Энэ малгай аврал болохыг даруй тооцоолоод, бүсгүйн цогцосны хажуугаар өнгөрч, гэртээ ороод, хаалгаа түгжив.

Дрониныг хагас жил сэтгэцийн эмч, эрдэмтэд хянаж, шинжилсэн ч ухаан эрүүл, хэрэг хүлээх бүрэн чадвартай гэж оношилжээ. 2008 онд тус хотын дээд шүүх доцент Дронинд бүх насаар нь хорих ял оноосон байна.

Н.ЭНХТҮВШИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД