Чех улстай хамтран коксын үйлдвэр барина

2015 оны 11 сарын 25

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын Епропын зарим оронд хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр энэ сарын 22-23-нд Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, Үйлдвэр худалдааны сайд Ян Маледек, “Экспорт” банкны удирдлагатай тус тус уулзжээ.

Эхний уулзалтаар хоёр сайд аж үйлдвэр эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов. Тус улсаас тоног төхөөрөмж авах, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хөрөнгө татах сонирхлоо Д.Эрдэнэбат сайд илэрхийлжээ.

Чехийн тал ч сонирхол ижил байгаа аж. Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Тиймээс энэхүү уулзалт ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой боллоо хэмээн тэд санал нэгдсэн байна.

Тэгвэл “Экспорт” банкны удирдлагуудтай уулзахдаа сайд АҮЯ-ны үйл ажиллагаа, зорилгыг танилцуулжээ. Улмаар экспотын баримжаатай аж үйлдвэрлэл болон ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж байгааг онцлов.

Үүнээс гадна Аж үйлдвэрийн сайд нүүрснээс кокс болон ширэм боловсруулдаг “Нutni prjekct fruder-mister” ХХК, “Витковец” группийн ган хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Энэ үеэр Монгол Улсын “Нью эко энержи” ХХК, Чех улсын “Нutni prjekct fruder-mister”, “ЧКД энержи” компанитай хамтран Монгол Улсад 300 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэр барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гурван жилийн хугацаанд хэрэгжих уг төсөлд 160 сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүний 130-150 сая еврог “ЧКД энержи” компани гаргах аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД