МЭДРЭГЧ СУЛАРСНААС “Амгалан” дулааны станцын үйл ажиллагаа гурван цаг саатав

2015 оны 11 сарын 25

Гэмтлийг засахаар аваарын цахилгаан шат оруулжээ. 2015.11.24-ний 15.00 цаг

“Амгалан” дулааны станц нэг зуухаа туршилтаар ажиллуулж, Жуковын музейгээс цааших айл өрхийг дулаанаар хангаж эхэлсэн. Гэтэл өчигдөр тус станцын үйл ажиллагаа доголдож, 16 дугаар хороолол, Ус-15, Кино үйлдвэр, Баянзүрх дүүрэг, “Сүнжин гранд” зочид буудал, Офицеруудын ордон орчмын айлууд гурван цаг гаруй халаалтгүй байлаа.

Тус хэсэгт “72”, “Хорго”, “Амгалан”, “Монгол” зэрэг хотхоноос гадна “Нарантуул” худалдааны төв орчмын амины орон сууцууд бий.

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө тус дулааны станцын зуух хэвийн ажиллаж, түгээх төвүүдэд 120 градустай халуун ус нийлүүлж байжээ. Гэвч өчигдөр өглөө 09.40 цагт зуух ажиллахаа больж, хэрэглэгчид “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хандаж эхэлсэн байна.

Зуухны үйл ажиллагаа зогссон шалтгааныг тодруулахаар Эрчим хүчний яам, ДЦС-4, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд уг дулааны станцад ажиллаж, доголдлыг засуулав.

Ингээд өчигдөр 13.00 цаг орчимд зуухыг ажиллуулж, түгээх төвүүдэд 78-80 градусын халуун ус нийлүүлж эхэлсэн юм. 

Хэдийгээр зуухыг ажиллуулж эхэлсэн ч айлуудад хангалттай дулаан очихгүй байгаа талаар хэллээ. Харин албаны хүмүүс “Зуухны ажиллагаа түр зогссон учраас түгээх төвүүд рүү 120 градусын халуун ус шууд өгөх боломжгүй. 17.00 цагийн орчимд 100 болгон нэмэгдүүлсэн. Үргэлжлүүлэн усны температурыг нэмж, хэвийн болгоно” гэсэн мэдээллийг өгөв.

Энэ талаар “Амгалан” дулааны станцын ерөнхий инженер Ч.Цогтсайханаас тодрууллаа.

-Ямар учраас зуух ажиллагаагүй болсон юм бэ?

-Хийн шахуургад (насос) доргилт авах тодорхой хэмжээ гэж бий. Тэрийг нь мэдэрдэг датчик (мэдрэгч) байдаг. Уг мэдрэгч нь суларч, шахуурга ажиллахаа больсон. Үүнээс үүдэн зуухны ажиллагаа зогслоо. Бид шаардлагатай арга хэмжээг авч 13.00 цагийн үед зуухыг хэвийн ажиллагаанд оруулсан.

-Тэгэхээр зуухны ачаалал ихэссэн гэсэн үг үү?

-77-78 орчим хувийн л ачаалалтай ажиллаж байсан. Гэнэт л сүлжээний шахуургын мэдрэгч доголдчихлоо. “Амгалан” станц гурван зуухтай. Удахгүй хоёр зуухаа ашиглалтад оруулна. Одоогоор нэг зуух үзлэгт, нэг нь бэлтгэлд байна. Ирэх сараас туршилтаар ажиллуулна.

-Цаашид ийм гэмтэл гарах магадлал хэр байгаа бол?

-Өнөөдөр (өчигдөр) л гэхэд ганц мэдрэгчээс болж станцын үйл ажиллагаа тэр чигтээ зогслоо. Энэ бол байж болохгүй зүйл. Ер нь үүн шиг асуудал олон бий. Манай бусад станцад гэхэд нэг мэдрэгч дохио өгөхөд бэлтгэлд байгаа нь 2-3 секундын дараа автоматаар залгагддаг.

Гэтэл БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар тус улсын инженер, техникчид барьж өгсөн “Амгалан” дулааны станцад ийм зүйл алга. Хятадын талаас манай тал уг станцыг хүлээж аваагүй байгаа.

Дээрээс нь хятадууд зургийг гаргаж, өөрсдийн технологийг нэвтрүүлсэн учраас бидэнд түүнийг нь өөрчлөх эрх байхгүй. Хэрэв манай тал хүлээж авах юм бол монгол инеженерүүд зарим зүйлийг нь зөв технологид оруулна.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД