СТРАТЕГИЙН БОДЛОГЫГ ТОМООХОН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДТЭЙ УЯЛДУУЛНА

2015 оны 11 сарын 24

УИХ-ын дэд дарга М.Энхболдын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дэд дарга, хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор өчигдөр хүрэлцэн ирлээ.

Тэднийг Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва нар угтан авсан юм.

Дараа нь төлөөлөгчид УИХ-ын дарга З.Энхболдод бараалхав. УИХ-ын дарга өнгөрсөн онд тус улсад айлчлах үеэр “Монголын УИХ, БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.

Энэ хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулах аж. БНХАУ ын тал уг арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч буйг хатагтай Янь Зюньчи илэрхийлэв. Талууд уулзалтын үеэр хоёр орны хөгжлийн талаар харилцан ярилцаж, стратегийн бодлого, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн уялдуулах талаар санал солилцжээ.

УИХ-ын дарга З.Энхболд “Бид БНХАУ болон хөрш орнуудтайгаа харилцахдаа илүү дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагаанаас илүү ашиг тус хүртээх бодлого баримталж буй нь Монгол, Хятадын харилцаа төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү их боломж, таатай нөхцөл бүрдүүлж байна” гэлээ.

Хоёр улсын парламент, улс төрийн намуудын төлөөлөгчдийн харилцан солилцоо хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй өрнөж ирснийг цаашид ч үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа тэр мөн илэрхийлсэн.

Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд өнөөдөр эхлэх аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД