Хэн нь Хэн бэ?

2015 оны 11 сарын 11

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага

Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороодод хуваагдана.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгждэг. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг нийслэл, сум дүүрэгт Иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг хороонд Иргэдийн нийтийн хурал мөн.

УИХ болон ИТХ-ыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Сонгох журмыг УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар тогтоосон байдаг.

Сонгууль товлон зарлах

Сонгууль эхлэх, санал хураах өдрийг тогтоохыг сонгууль товлон зарлах гэж ойлгоно. УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийг Үндсэн хуульд зааснаар дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг.

Манай улсад УИХ-ын сонгуулийг санал хураах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, Ерөнхийлөгчийн сонгуулийг 60-аас доошгүй хоногийн өмнө, Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийг санал авахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана. Харин сонгууль товлон зарлах эрх зөвхөн УИХ-д хадгалагддаг.

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн гурав болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн наймдугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн есдүгээр зүйл, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 8.1, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн заалтаар УИХ-аас сонгууль, санал асуулгыг товлон зарлаж, тогтоол гаргах бөгөөд сонгууль зохион байгуулж явуулахад шаардагдах зардлын хэмжээг тогтоодог.

Сонгуулийн хууль, тогтоомжинд УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гаригт, орон нутгийн хурлын сонгуулийнх аравдугаар сарын эхний хагасын аль нэг ням гаригт, бүх нийтийн амралтын өдөр болно гэж заасан байдаг.

Хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэний улмаас сонгууль зарласан өдөр санал хураах боломжгүй болбол УИХ тэрхүү онцгой нөхцөл байдлыг намжмагц сонгуулийн хууль, тогтоомжид заасны дагуу сонгуулийг дахин товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

Урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцөл үүссэн, нэмэлт зардал хөрөнгө зарцуулах шаардлагатай болсныг онцгой нөхцөл байдал гэж тооцно.

Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд.

Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог.

Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хайсан шинэ төсөл санаачилснаа танилцуулж байна. “Хэн нь ХЭН бэ танилцуулах төсөл”-ийг “Өнөөдөр” сонин, “Zindaa.mn” сайт болон “Royal media group”, “Mongolnews.mn” сайтын тусламжтайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд УИХ-ын 26, нийслэлийн ИТХ-ын 30 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт, телевиз зэрэг мэдээллийн бүхий л сувгаар нэвтрүүлэх юм.

Нэр дэвшигчдийн мэдээллийг тэгш эрхтэйгээр хүргэх зорилготой www.songuuli2016.zindaa.mn цахим хуудсанд УИХ болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид горилогчдын нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь талаарх мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулна.

Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлсэн ч горилогч өөрөө нүүр хуудсаа бүрдүүлэх боломж өгч, нэвтрэх эрхээр хангаж буй. Цахим орчноос гадна төслийн танилцуулга, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл, нэр дэвшигч, тойргийн танилцуулгаар бэлдсэн нийтлэлүүд “Өнөөдөр” сонинд өдөр бүр нэг бүтэн нүүрээр хэвлэгдэх юм.

Энэхүү мэдээллийг дан ганц сонин, сайтаас бус телевизийн сувгаар хүлээн авахыг хүсвэл хот, суурин газруудад “Рояал” телевизийн “Хэн нь хэн бэ” шууд нэвтрүүлгийг хөдөө орон нутгийн үзэгчид “Малчин” телевизээр үзэх боломжтой.

Мөн www.mongolnews.mn сайтад өдөр бүр нийтлэх “Хэн нь хэн бэ?” цуврал нийтлэлийг ч сонирхоорой. Энэ мэтчлэн мэдээллийн бүх сувгийг ашиглан олон нийтэд хүртээмжтэй байх нь төслийн чухал зорилт учраас танд аль болохоор хүрч ажиллахыг бид хичээж байна.

Та өөрийн мэдээллийг баяжуулахыг хүсэж байгаа бол songuuli2016.zindaa.mn сайт руу орно уу.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД