Л.Баасанхүү: Контрабас бол миний хоёр дахь эхнэр

2015 оны 11 сарын 11

ХБК-ийн контрабас хөгжмийн багш Л.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрбээр Монголдоо энэ чиглэлийн дээд боловсролтой анхны багш төдийгүй контрабасын үндэсний сургалтыг мөн л анх нээсэн гавьяатан юм. ХБК-д 34 жил багшлахдаа олон хүүхдийг урлагийн замд хөтөлсөн бөгөөд түүний шавь нар нь гадаад, дотоодын нэр хүндтэй уралдаанд тогтмол амжилттай оролцдог.

Хамгийн ойрын амжилтаас сонирхуулахад л түүний шавь Э.Түшиг-Эрдэнэ өнгөрсөн онд АНУ-д болсон “Крешинда” олон улсын уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн бол, Г.Ичинхорол нь өнгөрсөн сард Словакад болсон Диттерсдорфийн нэрэмжит залуу хөгжимчдийн уралдааны гуравдугаар байрт шалгарсан юм.

Энэ нь багшийнх нь сурган хүмүүжүүлэх арга, авьяасыг нотлох биз ээ. “Шавь нар маань уралдаанд амжилттай оролцож буй нь ганцхан миний гавьяа биш. Тэдний хичээл зүтгэл, надад энэ хөгжмийг заасан багш нарын ач” гэж даруухан хэлэх ийм нэгэн багштай ярилцсанаа хүргэе.

-Ямар хувь тавилангаар контрабас хөгжимтэй холбогдсон бэ?

-Хөгжилтэй түүх бий. Дөрөвдүгээр ангид байхад манай ангид орос, монгол хоёр хүн орж ирсэн юм. Бидний гарыг ширээн дээр тавиуллаа. Миний хумс нэлээд ургачихсан байсан болохоор ариун цэвэр шалгах нь гэж бодоод их айж билээ.

Өнөөх хоёр хүн бидний дундуур явж үзээд хэдэн хүүхдийг самбарын өмнө гаргасан. Ингээд шараа боллоо гэж бодоод, минчийсэн амьтан зогсож байтал “Та нар 15.00 цагт Ардын дуу бүжгийн чуулга дээр очоорой, шалгана” гэсэн. Тэгэхээр нь ариун цэвэр шалгах нь гэж бодов.

Хичээлээ тараад чуулга дээр очтол биднийг төгөлдөр хууртай өрөөнд орууллаа. Би бусдыг нь сайн мэдэхгүй ч төгөлдөр хуурыг гадарладаг байсан юм. Бид гурван өдөр очиж, шалгуулсан. Говь-Алтай аймгийн хэмжээнд 300 гаруй хүүхэд шалгуулснаас би ганцаараа тэнцсэн юм билээ.

Намайг шалгаж авсан хүмүүс ээж, аавтай маань очиж уулзсан. Эцэг, эх хоёр минь малчин. Хөгжим мэдэхгүй. Тэр үед намайг шалгасан хүн хөгжмийн зохиолч Ж.Шараа гуай байсныг хожим мэдсэн. Шараа гуай аавтай уулзаад, учир явдлаа ярьж, намайг сургуульд явуулахыг гуйсан.

Аав дэмжсэн ч, ээж дургүйцээд зөвшөөрөхгүй нэлээд юм болсон. Ингэж 1968 оны намар есдүгээр сарын 1-нд анх Хөгжим бүжгийн дунд сургуульд орж байлаа. Төгөлдөр хуурын ангид л орно гэж бодтол эндүүрэл байв. Тэгээд л орос багшийн шавь болж, контрабас анх заалгаж эхэлсэн.

Би намхан болохоор багш маань хөл дор мод тавьж өглөө. Түүн дээр нь зогсож байгаад л тоглоно шүү дээ. Эхний нэг жилдээ багшийнхаа яриаг ойлгохгүй хүндрэлтэй байсан ч сүүлдээ орос хэл гадарладаг болсон уу, яасан хөгжимдөө хайртай болсон.

-Монголчууд сонгодог урлаг, тэр дундаа жааз хөгжимтэй хожуу танилцсан. Бусад хөгжмийн зэмсгээс юугаараа онцлог вэ?

-Контрабасын гүйцэтгэх үүрэг нь асар өндөр. Ямар ч симфони оркестрын суурь өнгө, бүтээлийн амин сүнс нь болж өгдөг. Нэг ёсондоо барилгатай адилтгавал суурь нь юм. Суурьгүй барилга тогтохгүй шүү дээ.

-Та яагаад хөгжимчин байхаас хөгжмийн багшийг илүүд үзсэн юм бэ?

-Дунд сургуульд байх үеэс л багшилж эхэлсэн юм. Нэг өдөр намайг сургуулийн захиргаанаас дуудаж “Чи хамгийн ахлах ангийн хүүхэд учраас хүүхдүүдэд хөгжмөө заах хэрэгтэй байна. Багшлах хичээлийг чи орос хүнээр заалгана” гэж хэлсэн.

Ямар ч туршлагагүй хүн гэнэтхэн багшлах болчихсон. Тэр үеэс хүүхдүүдтэй илүү дотно болж, багшлахын сайхныг мэдэрсэн. Багшийн ажил ирээдүйтэй юм шиг санагдаж байлаа. Дунд сургуулиа төгсөөд нэг жил Дуурийн театрт ажиллаад 1976 онд ЗХУ руу дээд сургуульд явсан.

Тэнд зургаан жил сурсан. Би их азтай хүн шүү. Москвагийн хөгжмийн дээд сургуульд хүссэн бүхэн сурдаггүй юм. 1983 онд Монголын анхны дээд мэргэжилтэй контрабасын багшаар ирж байлаа. Надаас өмнө дандаа орос мэргэжилтнүүд ажилладаг байсан юм.

Намайг ирэх үед орос мэргэжилтнүүдийг нутаг буцаасан түүхтэй. Анхны бүхэн амаргүй байдаг учраас хүндрэлтэй зүйл байсан ч сайхан нь олон.


-Тэр үеийнх шиг гар хурууг нь харж сонгодог шалгуур одоо бий юү?

-Одоо ч аль болох том гартай хүүхэд авахыг л хичээдэг. Гэхдээ сонсгол, хөгжмийн мэдрэмж чухал. Контрабас тоглодог жижигхэн гартай хүмүүс ч бий шүү.

-Та контрабасыг юутай зүйрлэх вэ?

-Контрабас бол миний хоёр дахь эхнэр шүү дээ. Магадгүй анхных ч байж болох. Эхнэр авахаасаа өмнө контрабастайгаа найзалж эхэлсэн учраас тэр. 

-Шавьтай багш ундаргатай булаг гэсэн үг байдаг. Хэчнээн хүүхдийг энэ хөгжимд дурлуулав?

-Манайх ганцаарчилсан сургалт явуулдаг. Сүүлийн үед контрабас суръя гээд хүсэл сонирхлоороо дурлаад ирэх хүүхэд ховор болж. Жилд ганц, хоёр хүүхэд л элсүүлж байна.

30 жилийн хугацаанд 40-50 шавь төрүүлжээ. Төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй өөр салбар руу явдаг хүн ч байдаг. Яг одоо 10 хүүхдэд зааж байна.

-Таныг их хуурын сургалтыг анх нээсэн гэж дуулсан.

-Их хуур бол Монголын үндэсний контрабас юм шүү дээ. 1986 онд төгсөж ирээд удаагүй байтал захирал багш “Монголд үндэсний контрабас хөгжим байдаг юм байна. Энэ хөгжмийн ангийг нээлээ. Чи давхар хичээллүүл” гэж үүрэгдсэн.

Тухайн үедээ эргэлзэж байсан ч зориглосон. Нэг нь хоёр, нөгөө нь дөрвөн утастай, хөг нь ч өөр хоёр хөгжмийг зааж чадахгүй байх гээд эргэлзэж байсан ч зориглоод эхэлсэн. Тэр үед ном сурах бичиг ч байдаггүй байлаа. Ямар ч байсан анх дөрвөн хөгжим захиалж авчруулсан юм.

Ингээд контрабасынхаа хүүхдүүдийг давхар сургаж эхэлсэн. Хэдийгээр энэ хоёр нь ялгаатай ч гэсэн адилхан зарчим бий. Хоёулаа овортой, тоглох арга барилын хувьд ч ойролцоо. Одоо их хуур, контрабасын сургалт тусдаа болсон .

-Гадаад шавь танд бий юү?

-Байлгүй яах вэ. Дэлхийд их хуур тоглож байгаа бүх хүн миний шавь нар гэж болно. Яагаад гэвэл, их хуурын сургалт зөвхөн Монголд л байдаг. Түүнд нь би багшилдаг.

Сүүлийн үед шавь нар маань Өвөрмонголд, БНХАУ-д сургалт явуулж байна. Европ контрабасаар одоо нэг оюутан магистрт сурч байна.

-Монгол хүүхдүүд энэ хөгжимд суралцахдаа хэр эв дүйтэй вэ?

-Аливаад амархан дасан зохицдог, мэдрэмжтэй байдал нь монголчуудын нэг давуу тал. Манай хүүхдүүдийг бусад орныхонтой харьцуулахад аливаад их сурамгай, авьяастай боловч маш залхуу. Багшийн заасан зүйлийг л хийдэг. Бие дааж суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэггүй.

Урлагийн хүн, ялангуяа хөгжимчин өдөрт хамгийн багадаа 4-5 цаг тогтмол хичээллэх хэрэгтэй. Европын хүүхдүүд хар багаасаа хөгжмөө өөрөө ойлгочихсон, багшгүй байсан ч давтдаг. Хэрвээ өөрийгөө бүрэн дайчлахгүй, урсгалаар хичээллэх юм бол жирийн л нэг хөгжимчин болно.

Сайн хөгжимчин болъё гэвэл бусдаас хэд дахин илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Би Москвагийн хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа өдөрт 8-10 цаг бэлтгэл хийж, давтдаг байсан. Тэгж хичээхээс ч аргагүй. Хөдөлмөрлөхгүй, давтахгүй бол шууд хасаад хаячихна шүү дээ.

Яагаад гэхээр, сургууль маань хөгжмийн сургалтаараа дэлхийд эхний тавд жагсдаг нэр хүндтэй байсан юм. Тийм учраас энэ сургуулийг төгсөхийн тулд өдөр, шөнөгүй зүтгэдэг байлаа.

Өглөө дөрвөн цагаас хойш очвол бэлтгэл хийх ангигүй болдог учир маш эрт босдог байсан даа.

-Авьяасыг зүтгэлээр тордоно гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тийм. Авьяас нэг, хөдөлмөр 99 хувь гэдэг нь ямар ч зүйлд уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөр чухал гэдгийг хэлсэн хэрэг.

-Ер нь манайд контрабасын уралдаан болдог уу?

-Манайд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит утсан хөгжмийн уралдаан болдог. Контрабас маань утсан хөгжмийн нэгэн төрөл шүү дээ. Дан контрабасын уралдаан Монголд битгий хэл дэлхийд ховор шүү дээ.

Сүүлийн жилүүдэд л гоцлоочийн түвшинд эрчтэй хөгжиж байна. Бүр сонирхогчийн түвшний утсан хөгжмийн төрлийн уралдаанууд ч бий.

-Таны шавь саяхан олон улсын уралдаанд амжилттай оролцсон. Монголын контрабасчид тэргүүлэх мөч хэр ойрхон харагдаж байна вэ?

-Г.Ичинхорол маань насанд хүрэгчдийн ангилалд анх удаа оролцоод гуравдугаар байр эзэллээ. Өөрсдийгөө хэр хэмжээнд явааг мэдэх зорилготойгоор бид хоёр зунаас бэлдсэн. Мэргэжлийн хөгжимчидтэй мэргэжлийн түвшинд, ширүүхэн өрсөлдсөн.

Техникийн хувьд дутагдалтай зүйл байгаа ч бид дэлхийн түвшинд явж байна гэсэн итгэл төрсөн. Энэ олон жил чухам юу хийгээд яваад байснаа ойлгох шиг санагдлаа.

-Олон улсын уралдаанд өөрийгөө сойж байв уу?

-Үгүй. Миний үед уралдаан маш цөөхөн болдог байлаа. Баруун Герман, Испани, Итали, Швейцарь гэсэн хэдхэн улсад болдог байсан. Нэгдүгээрт, бэлдэх цаг зав хомс, хоёрдугаарт, социализмын үе байсан шүү дээ.

-Нэгэнт идээшсэн контрабас хөгжмийг Монголд улам хөгжүүлэхэд яах ёстой бол?

-Одоо контрабасын ангид зургадугаар ангиас элсэлт авдаг. Миний бодлоор үүнийг гуравдугаар анги болговол зүйтэй гэж бодох юм. Өөрөөр хэлбэл, арай багаас нь хөгжимтэй нөхөрлүүлбэл гарах үр дүн нь илүү байх болов уу.

Ийм сургалттай орон ч бий. Цаашид өөрийгөө залгамжлах сайн багш бэлдэх хэрэгтэй байна. Мөн хамгийн чухал нь хөгжмийн зэмсэг. Өртөг өндөртэй болохоор манайхан тэр бүр худалдаж авч чаддаггүй.

-Сайхан хөгжим нь сонсогчдоо аргадаж, уярааж, догдлуулж, ухааруулж, омогшуулж байдаг юм шиг. Контрабас таныг хэр хөглөдөг вэ?

-Ямар ч хөгжим тоглож буй хүндээ сайн сайхан мэдрэмж төрүүлдэг. Би хэдэн зуун хүнтэй оркестртой тоглож байсан ч гоцолж байна гэж бодож тоглодог. Тэгж байж хөгжмийнхөө сайхан энергийг мэдэрч, таашаал авдаг.

Сонгодог урлагийн нэг онцлог нь хүнд асар хүчтэй энерги өгч чаддагт байгаа юм. Ер нь тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэх аргагүй сайхан.

-Та хүүхдээ мэргэжлээрээ явуулахыг хүсдэг үү?

-Миний эхнэр бас урлагийн хүн. Том хүүгээ контрабасын ангид сургаж байсан юм. Тэгээд цалин бага, урлагийн ажил хэцүү учраас өөр мэргэжлээр сургасан. Харин ач, зээ нар маань бидний мэргэжлийг өвлөөсэй гэж хүсдэг. Гэхдээ өөрөө сонирхож байвал шүү дээ.

Сонгодог урлагийг бид үр хүүхдэдээ сургах хэрэгтэй. Хүүхдийн төлөвшилд эергээр нөлөөлдөг ач холбогдолтой. Гадаадад бол хөгжимчний хүүхэд хөгжимчин л болдог. Гэхдээ тэнд амьдралын баталгаа өндөр учраас сайн хөгжсөн л дөө.

Хөгжимчид гадаадад хамгийн өндөр цалин авч байна шүү дээ. Харин манайд эсрэгээрээ хамгийн багыг авч байна. Гэхдээ энэ нь түр зуурынх гэж боддог. Хэзээ нэгэн цагт өөр болох байх.

-Сайн багш гэж чухам хэнийг хэлэх вэ?

-Хөгжмийн багшийн мэргэжил бусад багш нараас ихээхэн онцлогтой. Яагаад гэхээр, түүхийн багш 30 хүүхэдтэй ангид орж ирээд нэг цаг 30 минут хичээлээ заачихаад л гараад явчихдаг. Харин бид нар хүүхэд нэг бүртэй ганцаарчилж ажилладаг.

Тэгэхээр 12, 13-тайгаас нь тэр хүүхэдтэй нөхөрлөж эхэлж байна гэсэн үг. Хүмүүс багш, шавь гэсэн тусгай харилцаа үүсгэчихдэг. Харин би шавьтайгаа маш дотно нөхөрлөх хэрэгтэй гэж боддог.

Ийм харилцаан дээр суурилж сургавал илүү үр дүнтэй, хичээл маань ойлгомжтой болох юм болов уу.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД